COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүл салалт 2000 оноос хойш дөрөв дахин нэмэгджээ

2018 оны 10 сарын 26

ГЭР БҮЛИЙН МАРГААНЫ ТАЛ ХУВИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН БЭРХШЭЭЛ ЭЗЭЛДЭГ

Олон жил хамт амьдарсан гэр бүл улам бат бөх болдог гэсэн ойлголт өнөөгийн нийгэмд тохирохгүй болжээ. Хосууд хоёр тийш болоход хамт амьдарсан хугацаа төдийлэн нөлөөлөхгүй байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан хосын 51.6 хувь нь 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил хамт амьдарсан байжээ.

Мөн өнгөрсөн онд салсан гэр бүлүүдийн 60 орчим хувийг 10-аас дээш жил амьдарсан хосууд эзэлсэн байна.

Монгол улс зах зээлийн эдийн засаг, ардчилсан нийгэмд шилжсэн сүүлийн 20 жилд гэр бүлүүдэд эдийн засаг, нийгмийн маш олон дарамт нэмэгдсэн. Гэр бүл салалт 20 жилийн өмнөхөөс гурав, 17 жилийн өмнөхөөс дөрөв дахин өссөнийг шинэ судалгаанд дурджээ.

Ийнхүү өрх гэрүүд салж, сарниж буйн гол шалтгааныг гэр бүлийн хүчирхийлэл, санхүүгийн бэрхшээл тэргүүлж байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын судалгаагаар гэрлэлтээ цуцлуулсан иргэдийн 41.3 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, 47.3 хувь нь санхүүгийн бэрхшээл, 26.3 хувь нь үзэл бодол таараагүй, 20 хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас шалтгаалан ийм шийдвэрт хүрсэн гэж дүгнэжээ.

Гэр бүл салах нь зөвхөн хоёр хүний асуудал биш. Салсан гэр бүлүүдийн 96 хувь нь хүүхэдтэй байгаа нь цаанаа хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөөр. Өнгөрсөн оны байдлаар Монголд 97.5 мянган өрх толгойлсон иргэд байна. Эдгээрийн 78.9 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний 58 хувь нь нэг хүүхэдтэй, 42 хувь нь хоёроос дээш хүүхэдтэй байгаа юм. 

Дангаараа өрх толгойлон амьдрахад өрхийн орлогоо ганцаараа үүрэх шаардлагатай болдог учраас хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөх, үүнээс улбаалан дэлгэцийн донтой болох, хоол тэжээлийн дутагдалд орох магадлал нь нэмэгддэг. Тиймээс төрийн зүгээс гэр бүл салсны дараа тус бүрт нь халамж, үйлчилгээ үзүүлэхээс илүү салахаас урьд­чилан сэргийлэх нь чухал байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Тухайлбал, хосууд эдийн засгийн шалтгаанаар тусдаа амьдрах нь салалтын бас нэг гол шалтгаан болсон.

Тусдаа амьдарч буй хосууд маргалдах, гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртөх, харилцаа нь хөндийрч салах магадлал хэвийн хосуудынхаас хоёр дахин өндөр байдгийг Нийгмийн бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач С.Түмэндэлгэр хэллээ.

Түүнчлэн, дахин гэрлэсэн хосууд ч мөн харилцааны хувьд эмзэг болдог байна. Ийм гэр бүлийн хувьд эцэг, эх болон хүүхэд хоорондын зөрчил, хүүхдээ үл хайхрах байдал, хардалт хэвийн гэр бүлийнхээс өндөр хувьтай байдгийг дэлхийн зөн, ГБХЗХГ-ын хамтарсан “Монгол гэр бүлүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд” судалгаанд дурджээ.

Тиймээс салах шийдвэр гаргаад өргөдлөө өгсөн хосуудад сэтгэл зүйн үйлчилгээ чухал байгааг С.Түмэндэлгэр онцолсон юм. Шүүхэд гэрлэлтээ цуцлах өргөдөл гаргасан бол эвлэрэх гурван сарын хугацаа өгдөг. гэвч энэ хугацаанд хосууд эвлэрэх нь хуруу дарам цөөн байдаг аж. Иргэд шүүхийн эвлэрүүлэн зуучлагч дээр очдог ч сэтгэл зүйн шаардлагатай үйлчилгээ авч чаддаггүй. Тусдаа амьдарч буй хосууд салах магадлал хоёр дахин өндөр

“Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө “Сэтгэл зүйн үйлчилгээг цогцоор нь хүргэх институт хэрэгтэй байна. Ядаж л салах гэж буй, дахин гэрлэж буй хосуудад зориулсан сэтгэл зүйн өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг болмоор байна. Ингэж байж л гэр бүл салалтын тоог бууруулна” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596541
0 эможи

keyboard_arrow_up