COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Тамхины хяналтын хууль хэрэгжиж байна уу

2018 оны 10 сарын 11

Arslan.mn

-Хүнсний дэлгүүр, ТҮЦ-ийн худалдагч нар бүгд тамхичид болжээ-

Монгол Улс 2013 оноос хойш Тамхины хяналтын тухай хууль хэрэгжүүлж байгаа билээ. Тамхи нь утаагаар дамжуулан бусдыг хордуулдгаараа архинаас ч илүү хортой эд. Тэр утгаар нь улс орнууд хатуу тэмцэж, худалдааг нь хязгаарлаж буй. Гэхдээ аливаа зүйлийг хориход учир бий. Хуулийг хэрэгжүүлэхэд ч учир бий. Хууль гарснаас хойш зургаан жилийн дараа харахад тамхины бизнес урьдынх шигээ л цэцэглэсэн хэвээрээ байна. Автобусны буудлын хажууд гар дээрээс тамхи зардаг эгч нар ч хэвээрээ. “Тамхийг хяная” гэж санаачилсан эзэн нь хүртэл “Хүний амьдралд зайлшгүй байх ёстой юм” хэмээн хүлээн зөвшөөрөөд хуулиа зөрчсөн шиг хээвнэг хөлчүүрч суугаа бичлэг олон нийтэд цацагдсан.

Төр засаг “алга болгоно” гэж өчнөөн оролдсон ч чадахгүй байгаа ТҮЦ-үүдээс тамхи сураглалаа. Зарж байна. ТҮЦ-үүдээс тамхи авах их амархан. “Тамхи авъя” гээд л авчихаж болж байна. Задгай тамхийг халааснаасаа гаргаж ирээд өгөх юм. Өөрөө татдаг хүн болж харагдах гэж тэгдэг нь илт. Энэ маягаар бүх л ТҮЦ-ийн худалдагч нар "тамхичин" болжээ. 

Олон нийтийн эзэмшлийн талбайд тамхи татахыг хориглосон заалт хуульд бий. Гэтэл Орон сууцны орцонд дундын эзэмшлийн томоохон "үнсний сав" тавьчихсан л байх жишээтэй. Орцонд тамхи татлаа гэж гомдол гаргахад юман чинээнд үл тоох нь хуулийг хэрэгжүүлэх ухамсар суугаагүй байгааг харуулна.   

Хууль батлагдсанаас хойш иргэдийн түгээмэл татдаг тамхины хайрцаг тутмын үнэ нэр төрөл тус бүр дээрээ 1000-2000 төгрөгөөр нэмэгджээ. Монголд тамхины бизнес хамгийн ашигтай болж хувирсан байна. Гэхдээ энэ нь бидний буруу биш, тамхины эсрэг хууль баталсан бусад улс орнуудад ч яг л ийм үр дагавар гардаг.

Хойд хөрш ОХУ манайхтай адил 2013 оноос хойш тамхины эсрэг хуулийг хэрэгжүүлсэн. Худалдааг хязгаарлаж, татварыг нь нэмж ирсэн. Ингэснээр тамхины эрэлт багасах нь тодорхой баймаар. Гэвч хууль батлагдсан даруйд тамхины худалдаа, үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ өсч эхэлсэн байх юм. Учир нь их энгийн. ОХУ хүн амаа тамхидалтаас хамгаалахаас гадна тамхины зах зээлийнх нь 90 хувийг хянадаг British American Tobacco, Imperial Tobacco, Japan Tobacco, Philip Morris зэрэг гадны компаниудыг хөөн зайлуулах зорилготой заалтуудыг олноор оруулж өгсөн юм байна. Ер нь тамхины эсрэг хууль эрүүл мэндийг хамгаалах гэхээсээ илүү эдийн засгийн ашиг сонирхлоос үүдэлтэйгээр батлагддагийг энэ жишээ харуулж байгаа юм. Манайд ч ялгаагүй.

Тамхитай тэмцэж байсан түүх

-Европ тивд тамхидалттай тэмцэж байсан анхны тохиолдол XV зууны сүүлчээр тэмдэглэгджээ. Х.Колумбийн хөлгийн багийн гишүүн, усан цэрэг Родриго де Херез гэгчийг “Зөвхөн чөтгөр л хамраасаа утаа гаргаж чадна” гэсэн үндэслэлээр шоронд хорьсон байна.     

-1575 онд Испанийн котолик шашны сүмүүд тамхи татахыг хориглох шийдвэр гаргаж байжээ.

-XVII зууны эхээр баруун Европод тамхидалтын талаар асар хүчтэй суртал ухуулга явагдаж, улс болоод үйлдвэрлэгчдэд маш их ашиг өгдөг болсон байна. Энэ үед ганцхан Хаант Орос улс л тамхийг хориглох шийдвэр гаргаж байжээ. Гэвч 80 гаруй жилийн дараа буюу 1685 онд Агуу Петр хаан Англо Виржинийн тамхины компаниас их хэмжээний мөнгөн шагнал авсныхаа дараа энэхүү шийдвэрийг цуцалсан байна. 

-1624 онд хамба лам Наймдугаар Урбан бүх католик шашинтнуудад тамхи татахыг хориглох шийдвэр гаргасан. Үүнээс хоёр жилийн дараа Грекийн үнэн алдартны шашны тэргүүн мөн энэ арга хэмжээг авчээ.

-1761 онд англи эмч Жон Хилл тамхины нөлөөг судалж үзээд эрүүл мэндэд хортой болохыг нь анх удаа тогтоосон байна.

-1828 онд Германы химич Людвиг Реманн, Вильгельм Поссельт нар тамхинаас никотиныг ялгаж авчээ.

-1830 оноос АНУ-д тамхины эсрэг олныг хамарсан тэмцэл эхэлжээ.

-1860-аад оноос эхлэн тамхийг олон нийтэд зориулан их хэмжээгээр үйлдвэрлэх болжээ. Үүнээс өмнө анагаах ухаанд уушигны хорт хавдар гэж ойлголт байгаагүй бөгөөд одоо бол бүх хорт хавдрын 60 хувь нь уушигных болоод байгаа ажээ.

-1934 онд Нацист Германд тамхины эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнөж эхэлжээ.

-2005 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхитай тэмцэх олон улсын конвенцийг баталжээ.

Эх сурвалж: EAGLE.MN          ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595880
0 эможи

keyboard_arrow_up