COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Номин”-гийн Баярсайхан тусгай хамгаалалттай бүсээс байшингаа хэзээ авах вэ?

2018 оны 8 сарын 14

Arslan.mn

Монголын бурхны шашин сүм хийд, лам нарыг устгах нь гуравдугаар Коммунист интернационалын гүйцэтгэх хороо, Бүх холбоотын коммунист большевикуудын намын төв хорооны чухал зорилтын нэг байсан гэдэг. Тиймдээ ч 1930-аад оны эхээр сүм хийд, лам нарт халгаатай жилүүд эхэлсэн аж. Улс орон даяар сүм, хийдүүдийг нурааж байхад огт хөндөгдөлгүй үлдсэн нь цөөн бий. Тэдгээрийн нэг нь Чойжин ламын сүм музей юм.

Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүм нь 1904-1908 онд Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн сахиусны гүдэнбэ Эрдэнэ билэгт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээгдсэн аж. Тиймээс Монгол орны төдийгүй нийт дайчин гүрний төвшний сүм хийд хэмээн соёрхогдон батламжлагдаж хааны ордонтой адилд үзэж дээдлэхийн учирт тусгай зан үйл үйлдэн ямпай буюу “Халх хаалга” хэмээн нандин шүтээнийг бүтээсэн байдаг. Энэ нь тухайн сүм хийдийн зэрэг дэв, эрх ямбыг илэрхийлэх ба аливаа аюул, саад тотгор. муу муухай бүхнээс төр, шашныг хамгаалах бэлгэдэл утгатай юм байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭС ДАВСАН ЭРХ МЭДЭЛ

Хэргийн учир, ноён Ш.Баярсайхан Чойжин ламын сүмийн хашаанд байрлах хоёр давхар байшингийн албан ёсны эзэмшигч. Хамгаалалттай бүсэд орших улаан тоосгон байшингаа тэрээр буулгах учиртайг гурван шатны шүүх тогтоожээ. Тодруулбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Чойжин ламын сүм музей” УТҮГазрын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хуримын ордны баруун талд байршилтай, нэгж талбарын 18643310399724 дугаар бүхий 20 мянган ам метр газраас хариуцагч Ш.Баярсайханы хувийн сууцыг албадан буулгаж, газар чөлөөлсүгэй гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Гэтэл шийдвэрийг эс зөвшөөрч маргасан тул нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Чойжин ламын сүм музей нэхэмжлэл гаргасан юм байна. Уг нэхэмжлэлийн дагуу шүүх шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа юм. Мэдээж хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхэд ханджээ.

Тус шүүхээс 2018 оны тавдугаар сарын 22-ны өдөр 001 /ХТ2018/00821 дугаартай тогтоол гарган “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 254 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...106 дугаар зүйлийн 106.1, 106.4 ... гэснийг 94 дүгээр зүйлийн 94.1 ... гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай” гэжээ. Ийнхүү гурван шатны шүүхээс Монгол Улсын иргэн Ш.Баярсайханыг Чойжин ламын сүм музейн эзэмшил газар дээрх хүндэтгэлийн хаалганы урд байрлах хувийн эзэмшлийн байшингаа буулгаж, газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Гэвч өнөөдрийг хүртэл хоёр давхар, шувуун оройтой байшин музейн хашаан дотор байсаар..6

ҮНЭТ ӨВ СОЁЛ БА УЛААН ТООСГОН БАЙШИН

“Чойжин ламын сүм музей”-н бэлгэдэл, утгыг нь бодон Монгол Улсын Засгийн газрын 1998 оны арванхоёрдугаар сарын 23-ны 235 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар, мөн 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-аар улсын хамгаалалтад байхаар баталгаажуулж, 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг хоёр га газар байхаар тогтоосон аж.

Гэтэл тус музейн гүн хүндэтгэл бүхий “Халх хаалга”-ыг халхлан иргэн Ш.Баярсайхан нь хувийн сууц барьсан нь Монголын уран барилга, уран баримал, уран зургийн бүтээл, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Чойжин ламын сүм музейг нийтэд үзүүлэн, судлан сурталчлах, ашиглалт хамгаалалтын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул хувийн сууцаа буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг Ш. Баярсайханд албан бичгээр хүсэлт хүргүүлсэн авч чөлөөлж өгөхгүй гэдгээ тэрээр илэрхийлжээ. Ингээд л маргаан эхэлсэн байдаг.

Ш.Баярсайхан тус газрыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшилд шилжүүлсэн байна. Тодруулбал, 2003 оны хоёрдугаар сарын 26-нд Улсын бүртгэлийн Ү-2203011483 дугаартай, 270 ам метр талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын 2000 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн А-12 тоот захирамжаар олгогдсон 3,600 ам.метр эзэмшил газрын хамтаар худалдан авчээ. Гэвч түүний худалдаж авсан гэх газрыг ашиглах эрх нь 2000 оны есдүгээр сарын 21-нд нийслэлийн Засаг даргын 311 дүгээр захирамжаар хүчингүй болсон байна.

Өөрөөр хэлбэл, улсын хамгаалалтад байдаг түүх соёлын дурсгалт газар болох Чойжин ламын сүмийн барилгын цогцолборын сүр барааг хадгалах үүднээс Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үндсэн зарчим болон Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул газар ашиглах эрх олгосон захирамжийг хүчингүй болгожээ. Тэрээр 2003 онд худалдаж авах үед тухайн газрын ашиглах эрх аль хэдийнээ хүчингүй болсон байсан гэсэн үг. Гэтэл түүнийг мэдээгүй байсан гэвэл өрөөсгөл зүйл болох биз.

Ямартай ч ноён Ш.Баярсайханы өмчлөлд бүртгэгдсэн байшин Чойжин ламын сүм музейн эзэмшил газар дээрх хүндэтгэлийн хаалганы урд байх бөгөөд тус музейн эзэмшил газрын хил зааг дотор байрласан нь кадастрын зургаар тогтоогдсоныг шүүхийн шийдвэрт тодотгосон байгаа юм. Тэгэхээр өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах их үйлсийг хөхиүлэн дэмжихгүй юм гэхэд хааж, боохгүй байх нь иргэн бүрийн үүрэг байх учиртай. Түүх соёлын дурсгалт газарт байрлах хувийн байшинг нь нураалгах “чадал” шат, шатны шүүхэд байдаггүй юм бол “Номин”-гийн Баярсайханд даруулга хэрэгтэй юмсанжээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593781
0 эможи

keyboard_arrow_up