COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шүүгчийг томилдог биш, сонгодог байвал ямар вэ

2018 оны 4 сарын 25

Arslan.mn

Улс төрчдөд ард түмнээсээ асуух юм олон л байх шиг байна. Иргэдээ сонсоно гэдэг нь энэ юм байлгүй. Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар мэдээлэл хийхдээ “Авлигын эсрэг хуульд зааснаар Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхтэй. Ерөнхийлөгч энэ эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлэхээр болсон” хэмээн мэдэгдэв.

Ер нь ард түмнээсээ асуух юм үе үе гардаг бололтой юм. Үүний буруу гэж юу байхав. Гэхдээ асуух юм гэж бий, асуухгүй юм гэж бас бий. Ард түмнээсээ асуух юмаа асуухгүй хэрнээ асуух шаардлаггүй юм асуучих гээд байдаг гэм буй. Жишээ нь, Нийслэлийн Засаг даргаар хэнийг ажиллуулахаа хотын иргэд нь шийддэг байвал тун зүгээр. Тэр хүн хэн нэг том даргын өмнө бус хотынхоо нийт иргэдийн өмнө үүрэг хариуцлагаа үүрнэ. Хаана, юу хийлгэхээ иргэд нь захиална. Дороос гарсан санал санаачлага гэдэг ямагт үнэний шалгуур хангадаг, бодит амьдралын тусгал болдог утгаараа жинхэнэ үнэ цэнээ энд олох жишээтэй.

Шүүгчийг ард иргэдээрээ сонгодог нь зөвхөн Монголд байсан жишээ биш юм байна. Бидний үлгэр жишээ авах дуртай АНУ-ын зарим муж улсад иргэд сонгуулийн журмаар шүүгчээ сонгодог.

Ерөнхийлөгчийн санал болгоод байгаа шиг АТГ-ын дарга, дэд дарга нарыг  ард түмнээсээ сонгодог байхад болохгүй юмгүй. Иргэдийнхээ нүдэн дээр ил тод ажиллаж, шахаж шавдуулж байхад гэмгүй мэт.  

Гэхдээ өөр нэг санал байна. Монгол Улс социализмын үед шүүгчийг нийтээрээ сонгодог тогтолцоотой байв. Бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчидтэй хамт аймаг, дүүргийнхээ хэсгийн шүүгч нарыг сонгодог байлаа. Бүр тодруулбал, аймаг, хотын шүүхийн шүүгчийг аймаг, хотын ардын депутатын хурлаас, ардын хэсгийн шүүхийн шүүгчийг аймаг, сум, хот, хорооны иргэд нийтээрээ сонгодог байсан гэсэн үг. Энэ бол 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн заалт юм. Харин  Дээд шүүхийн шүүгчийг Ардын Их Хурлаас сонгодог байв.

Энэ тухайд судлаачид  шүүгчийг иргэд нийтээрээ сонгох нь  шүүхэд итгэх олон түмний итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчийн хараат бус байдалд  маш чухал ач холбогдолтой байсан хэмээн тэмдэглэсэн нь бий. Өөрөөр хэлбэл шүүгчид шууд иргэдийнхээ өмнө хариуцлага үүрнэ гэсэн үг. Түүнд хэн нэгэн дарга нөлөөлөх боломж үгүй.

Шүүгчийг томилж байгаа одооны энэ арга ажиллагаа олон шат дамжлагатай, олон дарга нарын оролцоотой явж байгаа нь хожим ач санаж аяганы хариу барих шалтгаан болоод байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлээд байгаа юм.

Тухайлбал, энэ талаар судлаачид “...гадны нөлөөнд автаагүй ил тод процесс нь хамгийн ур чадвартай шүүгчийг шилж сонгох боломжийг олгодог бөгөөд эцэстээ тэдгээр шүүгчид өөрсдийг нь томилсон хэн нэг улс төрийн эрх мэдэлтэн эсхүл шүүгчид өртэй үлдэхгүй” хэмээн тэмдэглэсэн байх юм.

Шүүгчийг ард иргэдээрээ сонгодог нь зөвхөн Монголд байсан жишээ биш юм байна. Бидний үлгэр жишээ авах дуртай АНУ-ын зарим муж улсад иргэд сонгуулийн журмаар шүүгчээ сонгодог. Харин тэд холбооны шүүхийн түвшинд шүүгчийг сонгох аргыг хэрэглэдэггүй. Энэ нь угтаа манай өмнөх нийгмийн үеийн тогтолцоотой адил гэсэн үг юм.

Эдүгээ шүүхийг тойрсон хэл ам сайн гэхээсээ илүүтэй саар талруугаа хөвөрч байна. Хууль бусаар баяжсан,  авлигын нөлөөнд орсон гэхчлэн  яригдаж байна. Тэгэхээр шүүх дээр шударга ёсны үнэлэмж буурсан гэх энэ массын санал илэрхийллийн цаана шүүгчийн ёс зүй, хариуцлагын асуудал  бий. Энэ нь шүүгчийг томилж байгаа одоогийн тогтолцоотой холбоотой юм биш биз.

Хэсгийн шүүхийн шүүгчдийг иргэд нийтээрээ сонгодог өмнөх тогтолцоог 1992 оны Үндсэн хуулиар халсан. Ингэхдээ шүүгчийг өрсөлдүүлэн шалгаруулж томилдог  болсон. Үүнийг олон улсын сайн туршлага гэж тодотгож байгаа ч төгс төгөлдөр, эсвэл улс орны дотоод онцлогт яв цав тохирно гэж ойлгож бас болохгүй.

Одоогийн практикаар шүүгчид нэр дэвшигчдээс шалгалт авч үнэлэх ажлыг Шүүхийн мэргэшлийн хороо гүйцэтгэж, тодорхой онооны босго давсан нэр дэвшигчдээс Шүүхийн ерөнхий зөвлөл нэг нэр дэвшигчийг сонгож Ерөнхийлөгчид санал болгодог тогтолцоо үйлчилж байна. Тэгэхээр энэ томилж байгааг л сонгодог болгох хувилбарын тухай л ярьж буй хэрэг. Энэ тогтолцооны сайн саар тал, давуу хийгээд дутагдлыг нь  судлаачид хуульчид ярих байх. Шүүгчийг томилж байгаа одооны энэ арга ажиллагаа олон шат дамжлагатай, олон дарга нарын  оролцоотой явж байгаа нь хожим ач санаж аяганы хариу барих шалтгаан болоод байгаа  юм биш биз гэсэн хардлага төрүүлээд байгаа юм.  

Шүүгчдийг хараат бус байлгана гээд тэднийг цалинг нэмж болно. Бусад нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж болно. Энэ бол бусадтай адил жишиг. Гэтэл шүүгчийг  насаар нь томилдог тухай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдэгдсэн. Товчхондоо бол дархан эрх олгож байгаагаас ялгаа юун. Хэн нэгэн аль нэг байгууллагад ажилд ороход  нэг жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулна. Сайн ажиллаж байна гэвэл цааш сунгана. За энэ ч яахав дээ гэвэл гэрээг сунгахгүй.  Хууль тогтоох дээд байгууллагад ард түмэн төлөөллөө 4 жилээр сонгодог. Сайн гэвэл дахиад сонгоно, саар үнэлэмж өгсөн бол баяртай л гэнэ. Энэ бол шударга зарчим.  

Гэтэл шүүгч нар энэ шударга зарчмын тойргийн гадна гишгэж, нэг л томилогдсон бол сайн ч бай, муу ч бай насаараа энэ албыг хаших баталгаа авч байна гэсэн үг. Шүүхийн шударга байдлын хэмжүүр доошлох, шүүгч нарын хараат бус байдал алдагдах, мөнөөх хариуцлага гэдэг юмаа хаяж гээх нэг шалтгаан энэ насан туршийн томилгоо болж мэдэх юм.

Ард түмнийхээ мандатаар гарч ирсэн шүүгч бол жинхэнэ утгаараа хэнээс ч хамааралгүй, эрх мэдэлтнүүдийн эрхшээлд орохгүй ажиллаж чадна. Тэдний амжилттай ажиллах баталгаа нь иргэд сонгогчид өөрсдөө юм.  Тэгэхээр шүүгчийг томилох бус сонгох нь тэднийг олон “эзэнтэй” байхаас хамгаалж чадах юм биш үү.

ЭХ СУРВАЛЖ: Г.Хантулга         ZALUU.COM

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56501
0 эможи

keyboard_arrow_up