COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ломбардууд банкнаас 40 дахин ашигтай ажилладаг

2018 оны 4 сарын 12

Arslan.mn

Автомашин, гар утас, цахилгаан бараа, жижиг бизнесийн эргэлтийн хөрөнгө зэрэг үнийн дүн багатай ч хэрэглэгч олонтой бичил зээлийн зах зээл сүүлийн жилүүдэд тэлсээр. 100 гаруй тэрбум ам.доллараар хэмжигддэг энэ зах зээлийн гол хэрэглэгчид нь азиуд. Ази тивийнхэн нийт хэрэглэгчдийн 59 хувийг дангаараа бүрдүүлдэг. Энэтхэг улсын бичил зээлийн зах зээл жилд 15 тэрбум ам.доллараар хэмжигдэж нэгдүгээрт бичигддэг бол үүний араас Вьетнам, Бангладеш, Перу, Мексик зэрэг орон жагсдаг.

Харин манай улсын өрхийн орлого, зарлагад суурилсан судалгаагаар бичил зээлийн зах зээл 1.35 их наяд төгрөг байгаа бол банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үзүүлэлт 600 тэрбум төгрөг гэсэн ялгаатай үзүүлэлт бий. Мөн бизнесийн мөчлөг дээр үндэслэсэн багтаамж нь 960 тэрбум төгрөг бол нас болон орлогын түвшинд суурилсан хэрэглэгчдийн зээл жилд нэг их наяд төгрөгт хэлбэлзэж буй судалгаа бий. Эдгээрийн дунджийг авч үзвэл, манай улсын бичил зээлийн зах зээлийн багтаамж дунджаар 900 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

107 мянган иргэн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авчээ 

2013 оноос банкуудын зээлийн нөхцөл чангарснаар иргэд өөр зээлийн эх үүсвэрт хандах нь ихэссэн. Түүнчлэн цалингийн болон орон сууцны урт хугацаатай зээл авсан бол иргэдэд дахин банкнаас зээл авах боломж нь хумигддаг. Ихэнх өрх орлогодоо тааруулж орон сууцны зээл авдаг учраас орлого нь тэлээгүй тохиолдолд банкнаас зээл авах боломж байдаггүй. Тиймд иргэд өндөр хүүтэй ч банк бус санхүүгийн байгууллагуудыг зорьсоор.

Банк бус санхүүгийн байгууллагуудын хүүг банкны салбартай харьцуулахад хоёр дахин өндөр байна. Сар тутмын зээлийн хүү нь 2016 онд дөрвөн хувьд хүрсэн бол өнгөрсөн онд 3.4 хувь болж буурсан. Харин банкны сарын дундаж хүү 1.7 хувь байгаа юм. Одоогийн байдлаар 534 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 90.3 хувь нь зээл олгож байна. 2017 онд салбарын хөрөнгийн хэмжээ нь өмнөх оныхоос 23.1 хувиар өсөж, 969.2 тэрбум төгрөгт хүрсэн. Ийнхүү хөрөнгийн чадавх сайжирч байгаа тул зээлийн нийлүүлэлт нь ч үүнийг дагаад өсжээ.

  • Банк бус санхүүгийн байгууллагын дундаж хүү банкныхаас хоёр дахин их буюу 3.4 хувьтай байна.
  • Бичил зээлийн салбарын гол тоглогчид технологийн дэвшлийг агуулсан шинэ бүтээгдэхүүнээр хэрэглэгчээ татахыг хичээх болов.
  • Өрхийн өрийн дарамт тасралтгүй нэмэгдэж, 2017 онд 63.3 хувьд хүрчээ. 

Зээлдэгчдийн 81 хувийг иргэд, үлдсэн 19 хувийг байгууллагууд эзэлж буй. Өнгөрсөн онд эдгээр байгууллагаас 107 мянга орчим хүн зээл авчээ. Санхүүгийн зохицуулах хорооны тооцсоноор нэг зээлдэгч дунджаар 5.9 сая төгрөгийн зээл авсан байна. Хөдөө орон нутгийн нэг иргэн дунджаар 3.3 сая төгрөг, нийслэлчүүд дунджаар 6.1 сая төгрөгийн зээл авсан байна. Зээл авч буй иргэдийг насаар нь ангилбал, 46.8 хувь буюу тал орчим нь 18-35 насны залуучууд байгаа юм. Нийтээр нь харвал 18-64 настай иргэдийн 18 хүн тутмын нэг нь ийм төрлийн байгууллагаас зээл авсан гэсэн судалгаа байна. Гэхдээ банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлийн хэмжээ өссөөр байгаа. 2013 онд чанаргүй зээлийн хэмжээ 3.8 хувь байсан бол 2016 онд 12.4, 2017 онд 12.7 хувь болж өссөнөөр эрдэл нь нэмэгдээд буй.

Бичил зээлийн зах зээлийн бас нэг том салбар нь хадгаламж зээлийн хоршоод. 2017 оны байдлаар ийм төрлийн 290 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа аж. Зээлийн хэмжээг нь өнгөрсөн онтой харьцуулахад 26.1 хувиар буюу 21.7 тэрбум төгрөгөөр өсөж, 105.2 тэрбум төгрөгт хүрсэн нь сүүлийн есөн жилийн хугацаанд гараагүй өндөр үзүүлэлт.

Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 1500 гаруй ломбард болон өдрөөр зээл олгогчид ч энэ зах зээлийн нэг хэсэг. Ломбардны долоо хоногийн хүү 3.5-15 хувийн хооронд хэлбэлздэг.

Чанаргүй зээлийн хэмжээ 12.7 хувь болж, эрсдэл нь нэмэгджээ

Үүнийг сараар тооцож, банкны хүүтэй харьцуулбал ломбардууд банкнаас 40 дахин ашигтай ажиллаж байгаа дүр зураг харагдана. Одоогоор энэ далд зах зээлд хэдэн төгрөг эргэлддэг нь тодорхойгүй.

Гэхдээ эдийн засаг сайжирч, иргэдийн орлого нэмэгдвэл ломбард, өдрийн зээл олгогчдоос иргэд татгалзаж эхэлдэг учраас ирэх жилүүдэд үйлчлүүлэгчдийн тоо нь буурах найдвар бий.

Бичил зээлийн зах зээлийн гол тоглогчдын болон хэрэглэгчийн тоо өсөж байна. Технологийн дэвшлийг агуулсан шинэ бүтээгдэхүүнүүд гаргаж, хэрэглэгчээ татсаар. Хэдийгээр энэ нь иргэдийн цагийг хэмнэж, хэрэгцээтэй үед нь зээлээр хангаж буй ч өрхийн дарамтыг нэмдэг сул талтай. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн өрийн дарамт 2011 оноос хойш огцом өсжээ.

2011 онд нэг өрхөд ногдож буй өр, зээлийн хэмжээ хоёр сая орчим төгрөг байсан бол 2017 оны байдлаар долоон саяд хүрсэн. Нэг өрхөд ногдох иргэдийн зээл болон өрхийн жилийн дундаж орлогын харьцааг хэмжихэд 2017 оны байдлаар өрхийн өрийн дарамт 63.3 хувьтай гарчээ. Үүнд орон сууцны зээлээс гадна өндөр хүүтэй бичил зээл ихээхэн нөлөө үзүүлж байна. “Хэрэглэгчдийн итгэлийн индекс” судалгаанаас харахад, нийт хэрэглэгчдийн 19.9 хувь нь зээл авах төлөвлөгөөтэй байна. Бичил зээл нь өрхийн хэрэглээг урамшуулдаг. Энэ нь инфляц өсөхөд голлох нөлөө үзүүлж байна. 

Б.Баярмаа

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55979
0 эможи
keyboard_arrow_up