COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шатахуун импортлогчдын МОНОПОЛЬ бүлэглэлийг БУТ ниргээч

2018 оны 1 сарын 23

Дөрвөн жил гаруйн өмнө яг өдийд юм даа. Тэр үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нийгмийн салбар салбарын төлөөллийнхөнтэй МУИС-ийн дугуй танхимд ээлжит уулзалт хийж байхдаа нэгэн ноцтой мэдээлэл хийснийг санаж байна. Нефть, шатахууны үнэ зохиомлоор өсөж, түүний үр дагавраар өргөн хэрэглээний бүхий л бараа материалын үнэ ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тэр үеийн Шинэчлэлийн Засгийн газраас Үнэ тогтворжуулах бодлого гээчийг хэрэгжүүлж эхэлж байсан юм. “Монголын шатахуун импортлогч тоотой хэдэн компанийн монополь хэрээс хэтэрлээ. Тэдний зүгээс энэ салбар дахь давуу эрхээ баталгаажуулж хангахын тулд Засгийн газрыг хүртэл шантаажлан, зохиомлоор хомсдол үүсгэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг болохыг та бүхэнд дуулгамаар байна. Үнэхээр хэцүү юм билээ. Эдгээр компанийн үйл ажиллагаа, лобби улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүртэл өндөр авсан байдгийг харлаа. 

Тэдний эсрэг тэмцэхэд хүчин мөхөсдөж байна. Монгол Улсад нэн ашигтай хувилбараар БНСУ, Казахстанаас асар хямд шатахуун оруулж ирье гэсэн олон гарц, боломжийг энэ монополь компаниуд шууд хааж, шинээр гарч ирсэн өрсөлдөгч нараа айлган сүрдүүлэх замаар зах зээлээс шахаж байна. Тэд Засгийн газрын нефть боловсруулах үйлдвэртэй болох бодлогыг ямагт хааж боон, эсэргүүцдэг... ” хэмээн тун ч шаналгаатай төрхөөр өгүүлж билээ.

Харамсалтай нь, тэдгээр компаниудыг нэрлээч гэсэн сэтгүүлчийн асуултад яагаад ч юм булзаад, “Та нар бараг гадарлаж байгаа шүү дээ. Тэдний төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад хүртэл байгаа” гэж хэлээд хурдхан гараад явчихсан юм даг. 

Өнөөдөр байдал ямар байгааг хар. Чөмөг царцам тас няс хүйтэрсэн өдрүүдэд шатахуун түгээх станцуудын үүдэнд сунасан автомашинуудын урт цувааны дараалалд хөлдөж үхэх шахан өдөржин зогсож буй иргэдийн бухимдал аягүй бол ШТС-уудыг дэлбэлж ч мэдэхээр хуримтлагджээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө УУХҮЯ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, шатахуун импортлогчдын төлөөлөл хамтран хэлэлцээд, зохиомол хомсдол үүсгэсэн компаниудад хариулага тооцохоор болж, нефтийн хангамжтай холбоотой асуудал үүсээгүй хэмээн мэдэгдсэн нь шал худлаа байж. “Петровис”, “Магнай трэйд”, “Шунхлай”, “Тэс петролиум” гэсэн хэдхэн компанийн монополь хэрээс хэтэрлээ. Нэгэн цагт Н.Алтанхуягийн Засгийн газрыг “базаж” өөрийг нь үг дуугарч чадахгүй болтол айлгаж асан эдгээрийн монополийг эс задлах аваас Монгол Улсын хөгжлийн тухай яриа цуурай адил замхарах вий. Яг үнэндээ Монголын эдийн засгийн тамирыг шатахуун импортлогчид шавхаж сороод барлаа. Ямар ч баялаг үйлдвэрлэдэггүй атлаа юутай их хөнгөлөлтийг эдэлдэг билээ. Дотоодын, үндэсний гэсэн тодотголтой өмгөөллийн дор зүгээр л дамын наймаа хийж, улс үндэстнээ шулсан улс төр, бизнесийн зохион байгуулалттай бүлэглэл эдгээр компанийн цаана байдаг нь нууц биш. Улс орныг хөгжүүлэх том төслүүдэд хэчнээн жил тээг болж байгааг нь сана. Монгол улс нефть боловсруулах үйлдвэртэй болно хэмээн хорь шахам жил ярилаа. Нэг байтугай нэлээд үйлдвэртэй болчих хугацаа өнгөрсөн. Нефтийг боловсруулж, ашиглах нь ганцхан бензин шатахуунтай болсноор хязгаарлагддаггүй. Энэ нь тухайн улс орныг аж үйлдвэржүүлэх үндсэн суурь нь болог. Нефть боловсруулах үйлдвэрийг даган 100 шахам нэр төрлийн бүтээгдэхүүн гарна. Химийн үйлдвэрлэл хөгжинө. Газрын тос боловсруулах үйлдвэрлэл орчин цагт нэн хялбарлагдаж, жирийн нэг цехийн хэмжээнд ч үйл ажиллагаагаа явуулж болохоор энгийн болсон гэдгийг захын инженер мэднэ. Гэтэл нөгөө хөгжлийн тухай хоосон чалхдаг эрхмүүд хийгээд нефть импортлогчдын лобби энэ бүхнийг нам дарсаар ирлээ. 

Өнөөдөр туйлдаж ядарсан ард түмний нуруун дээр зохиомол үнийн хөөрөгдлөөр дааж давшгүй дарамт үүсгэн, ягт нь тулгаж байгаа эдгээр компанийн байн байн давтдаг үгсэл, хуйвалдаан Монгол түмний эрх ашгийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг биш юм гэж үү! Энэ бүхнийг төр, засаг зохицуулж үл чадах аваас иргэд өөрсдийн эрх ашгийнхаа төлөө тэмцэж яагаад болохгүй гэж. Засгийн газрыг шантаажлахдаа тултал даварсан шатахуун импортлогчдын монополь бүлэглэлийг бут ниргээч.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52752
1 эможи
keyboard_arrow_up