7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
04 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Р.Эмүжин: Манай даргаас холхон байхгүй бол ална шүү, чамайг...

админ
2018 оны 1 сарын 17

Arslan.mn

Хөөрхий Ерөнхий сайд маань үмхий утаагаа үнэртүүлээд л Сөүлд газардав. Ерөнхийлөгч маань fb-ээр улс төр хийгээд ухнадаж л байна. Энэ хоёрыг маань "Манай даргаас холхон байгаарай, дахиад ойртоод үзвэл ална шүү" бүлэглэлийнхэн тойронхон шаваастай. Лу.Гантөмөрийг УИХ-ын гишүүн, Боловсролын сайд байхад болсон ийм нэг хэрэг байдаг. Хэвлэлийн ажилтан С, туслах нь болох Б нарын хоёр эмэгтэй хэд хэдэн удаа мэдээ аваад гарсан сэтгүүлч бүсгүйг нэгэн орой дуудаж байгаад үсдэж зодоод, өшиглөж гэмтээсэн явдал бий. "Чи муу манай даргаас холхон байхгүй бол ална шүү чамайг" гээд л хоёр эмэгтэй нөгөөх сэтгүүлчийг цементэн шалан дээр үсдэж чирээд, хөх няц болтол нь балбасан энэ тэнэг түүх өөр олон хувилбараар, хаа сайгүй давтагддаг нийгэмд бид амьдарч байна.

Сайдтан өөрөө энэ бодит түүхийг сонссон, үгүйг мэдэхгүй. Ямартай ч Лу.Гантөмөрийн хэнтэй уулзах, хэнтэй уулзахгүйг шийддэг туслах Б, ямар хэвлэлд ямар байдлаар гарахыг нь зохицуулан цавчаа хийдэг С нарын хувьд сайдтан бол тортой хулгана нь л байсан юм даг. Өнөө хоёрын хорионд гэрийн тэжээвэр амьтан шиг жаргасан уу, зовсон уу, өөрөө л хэлэх байх. Олонх гишүүд, сайд нарыг дагалдсан хэвлэлийн ажилтан, туслах, найз нөхөд, эсвэл хувийн бизнесийг нь гардан залгуулдаг нөхдүүд бий. Тэд бол бас нэг жижиг бүлэглэл. Гэхдээ илүү хортой бүлэглэл. Даргыгаа гаднаас эрүүл агаар орохгүй болтол нь тойрон шавж, тордож байгаад мөлждөг давхрагынхан гэсэн үг. Тэгэхгүй бол даргын мөнгө, төсөл өөр тийшээ өнхрөөд явчихна. Яасан ч цадаж ханадаггүй юм, яагаад ч өөрөөр амьдарч чаддаггүй юм, хөөрхий. Олон ч улстөрчийг ийнхүү хорионд байлгасаар "алсан". Эдүгээ Хүрэлсүхтэн маань ийм нэгэн бяцхан бүлэглэл дунд дөнгөж л толгойгоо шургуулчихаад, том том ярианд нь төөрөлдөнхөн сууж байна. С.Баярын үеэс улстөрчдийг ийм байдлаар сааж амьдарч сурсан хүмүүс эргэн тойронд нь харагдах боллоо. Зуух гэж манараад байгаагийн цаана өмнөх зуухнуудаас хангалттай ашиг унагаасан иймэрхүү нөхдүүд багаараа ажиллаж, бултаараа хооллож буй. Дахиад хоёр сар өнгөрөхөд Хүрэлсүх тойрон хүрээлэгчдийнхээ босгосон шорон дотроос " Зуухны ачаар утаагүй болчихлоо" гэж тэнэгтвэл гайхах хэрэггүй.

Баттулгыг тойрсон ийм хөхүүл хурга шиг бүлэглэлийг манайхан бараг мэднэ дээ. Лав найман айхтар эмэгтэй, хоёр эрэгтэйн сураг сонсогдоод удаж байгаа. Эвий муу Ерөнхийлөгчийг маань ядаж олигтойхон яриулаад сургачихаагүй байж яаж энэ олон жил тойрон хүрээлж, тордуулж хөлжөөд явах ёс зүйтэй байдгийг нь гайхмаар.

Тэд нь хоорондоо муу, бие биенээ барьж идэхээс буцахгүй. Арвуулаа нийлээд л атгандаа Баттулгыг хүссэнээрээ эргэлдүүлж, бодсоноороо бондогонуулна. Тэгээд 11 дэх хүн гараад ирвэл 10-уулаа нийлээд "Манай даргаас холхон байхгүй бол ална шүү" гээд бариад нүдчихнэ. Дарга аа энэ чинь тийм ийм гээд л хов зөөж хоёр нүүрлэнэ. Хэрэв хэн нэгэнд нь дарга нь арай илүү дотно хандвал дор нь есүүлээ хавсарч байгаад нөгөө муугаа нүцгэлээд тавина. Учир нь сайд дарга бол хөхүүл бүлэглэлийнхний хувьд амьдрах арга, байнга саадаг бэлэн мөнгөний машин нь.

Ядаж байхад нөгөө Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь аливаа асуудлыг өөрсдөө уншихгүй, судлахгүй...өнөө хэдэн далдаганууруудынхаа хэлсэн үгнээс цааш харахгүй. Яг үнэндээ Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг төрийн арслантай тамгыг Баттулга барьж байгаа гэж бодож байна уу. Үгүй. Хөхүүл бүлэглэлийн толгойлогчид ээлжлэн барьж, элдэвлэн наадаж буй. Хүрэлсүх одоохондоо тамганаасаа зууралдаж л байх шиг байна. Гэвч...манай Ерөнхий сайдаас холхон байхгүй бол ална шүү...бүлэглэлийнхэн аль хэдийнэ бөөрөнд нь бөндөгнөж, хавирганд нь хадаастай...

Р.Эмүжин

Эх сурвалж: zuv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
31
wow an post
8
yay an post
1
sad an post
34
ouch an post
3
confuse an post
5
angry an post
14
52465
296 эможи
keyboard_arrow_up