COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газрыг буланд шахах ШАТАХУУН импортлогчдын арга

2018 оны 1 сарын 17

шатахуун зурган илэрцүүд

Ихэнх хувийн байгууллагууд энэ долоо хоногт татвар, нийгмийн даатгалын шимтгэл нь нэмэгдсэн анхны цалинг ажилчдынхаа гар дээрээ тавилаа. Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдсэн учраас хүн бүрийн цалин төдий хэмжээгээр буурсан. Тэгвэл 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүс нэлээд хэдэн төгрөгийн татвар нэмж төлсөн байж таарна. Сэтгэл зүйгээ хэдийнэ бэлдсэн ч буурсан цалингаа гар дээрээ авахад тэдэнд таатай санагдаагүй нь ойлгомжтой. Ядаж байхад Монголчуудын хувьд хоёрдугаар сар хамгийн их зардалтай. Идээ ундаа, бэлэг сэлт элбэг байвал дараа жилдээ өнгөтэй байдаг гэсэн бэлгэдэлтэй Цагаан сарын баяр тохиодог учраас тэр. Татварын нэмэгдлээр шахуулсан Монголчуудыг бууз, банштай “ноцолдож” эхлэхийн өмнө бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл отож байна. Шатахууны үнийг нэмнэ гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдэл бараа, бүтээгдэхүүний ханш өснө гэсэн хүлээлт үүсгэж орхисонд хамаг учир бий. Иргэдийг үнэ нэмэгдэх айдаст автуулсан Ерөнхий сайд маань хэрэг тарьчихаад БНСУ-д айлчилж, Улаанбаатарын утаатай тэмцэх мөнгө зээлэхээр яваад өглөө. Ирэхээр нь шатахууны үнийг нэмэх, эсэхийг эцэслэн шийднэ гэсэн мэдээлэл бидэнд ирэв.

Түүнийг эзгүй хойгуур элдэв зөрчилтэй жүжиг шиг үйл явдал шатахуун импортлогч, хэрэглэгчдийн дунд өрнөж байна. Шатахууны үнийг тогтоодог Үнийн зөвлөл хуралдаад ажлын хэсэг гаргаж, импортлогчдын  бензинээ литр тутамд 200-300 төгрөгөөр  нэмэх санал үндэслэлтэй, эсэхийг нягтлахаар өнгөрсөн долоо хоногоос  ажиллаж эхэлсэн. Гэтэл тэдний дүгнэлт гарахаас өмнө импортлогчид Аи-92 төрлийн бензинээрээ “боов”. Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны 41 хоногийн нөөцтэй гэж зарласан ч компаниуд бензин дууссан гэж худал шалтаг тоочиж буй. Төр шатахууны нөөцөө нэгэнт мэдэж байгаа учир зохиомол хомсдол гэж дүгнэхээс аргагүй. Импортлогчдийн шатахууны үнийг нэмүүлэх саналаа Засгийн газраар дэмжүүлэхээс нааш “хомсдол” арилахгүй нь бололтой. 

Импортлогчид есдүгээр сараас хойш ашиггүй ажиллаж эхэлсэн бол арваннэгдүгээр сард шатахууны импортын онцгой албан татварыг нэмснээс хойш 10 гаруй хувийн алдагдал хүлээсэн гэнэ. Тэд “Шатахууны онцгой албан татвараа тэглэ, эсвэл бид шатахууны үнийг нэмнэ” гэж Засгийн газраас шаардаж байгаа. Гэтэл ОУВС-гийнханд шатахууны онцгой албан татварыг нэмж, төсөвт 290 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гээд амлачихсан нөгөө Засгийн газар нь татвараа бууруулж чадахгүй нь. Эндээс гарах гарц нь эцэж цуцсан иргэдийнхээ нуруун дээр шатахуун импортлогчдын алдагдлыг нөхөх ачааг үүрүүлэх байлаа. Энийгээ ч Ерөнхий сайд түргэн амлаад хэлчихсэн. Тэд валютын ханшийн өсөлт, татварын нэмэгдэл, эдийн засгийн хүндрэлд ээрэгдсэн иргэдийн уур хилэнг бүрэн тооцоолсонгүй бололтой. Ингээд ацан шалаанд унав.  

Хамгийн өргөн хэрэглээтэй Аи-92 төрлийн шатахуунаа хязгаарлах нь компаниудын  гарт байгаа Засгийн газрыг шахах хамгийн шилдэг “хөзрийн мод” байлаа. Аливаа тоглоомд хэн сүйхээтэй нь хождог. Шатахуун түгээгчдийн хувьд илүү туршлагатай тоглогчид нь “Петровис”, “Шунхлай” хоёр байлаа, бусад нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт шалгуулаад эхэлчихсэн. “Магнай трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг  бүр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлчихээд байна. Зах зээлд давамгайлдаг “Петровис” компани “Манайх Аи-92”, Аи-95 төрлийн шатахуун, дизелийн түлшээ ямар нэг хязгаарлалтгүй, үнийн нэмэгдэлгүй борлуулж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн нь тэдний овсгоо байв. Үнэн байдлыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд мэдээлээд тэд тухайн станцад л Аи-92 дууссан гэж тайлбар өгч байна. Улаанбаатарт 216 шатахуун түгээх станц ажиллаж, иргэдэд үйлчилдэг. Тэдний хэд нь Аи-92 төрлийн шатахуунаа борлуулж, хэд нь шалтаг тоочин бултаж байгааг хэн ч мэдэхгүй. “Магнай трейд”-ийн хувьд “засвартай” гэсэн бичиг наан мэлзэх оролдлого нь бүтэлгүйтэв. “Сод Монгол”, “Тэс петролиум” тус компанийн карттай хүмүүст л үйлчилнэ гэсэн мөн оновчгүй аргыг сонгоод шалгаруулж байна. Дахин дурдахад энэ бол хомсдол биш, Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны 41 хоногийн нөөцтэй гэж зарласан. Үүсээд байгаа нөхцөл нь үгсэж хуйвалдсан шатахуун импортлогчдын арга заль юм.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52464
0 эможи
keyboard_arrow_up