COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголчуудын баялгийн сан

2017 оны 9 сарын 11

Arslan.mnЭрдэс баялгийн орлогоо хэрхэн зүй зохистой удирдаж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх вэ? Энэ бол газрын хэвлий дэх ашигт малтмалаа ашиглаж, үр шимийг нь хүртэж ирсэн үндэстэн болгоны өмнө тулгарсан асуулт юм. Тэдгээр улс үндэстний туулж ирсэн туршлага, алдаа онооноос дээрх асуултын хариултыг харж болно. 

Дэлхийн анхны баялгийн санг 1953 онд Кувейт улс газрын тосны орлогоосоо хуримтлал үүсгэн бүрдүүлжээ. Эдүгээ “Kuwait Investment Authority” буюу Кувейтийн хөрөнгө оруулалтын сан 592 тэрбум ам.долларын хуримтлалтай болсон байна. Энэ нь Монгол Улсын энэ жилийн төсвийг 180 нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм. Тэгвэл өнөөгийн хамгийн том баялгийн сан болох “Government Pension Fund-Global” нь 922 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. 1990 онд анх Норвегийн газрын тосны сан гэдэг нэрээр бий болсон тус сан эдүгээ “Apple”, “Microsoft”, “Nestle” зэрэг томоохон компанийн хувьцааг эзэмшиж буй.    
 
Баялгийн сан нь ихэвчлэн ашигт малтмалын орлого, төлбөрийн тэнцлийн илүүдэл болон валютын арилжаанаас олсон ашгаас эх үүсвэрээ бүрдүүлдэг. Тэгээд төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр олон улсын зах зээлд санхүүгийн хөрөнгө оруулалт хийж ажиллана. Эдүгээ байгалийн нөөц ихтэй 40 гаруй улс 60 гаруй баялгийн санг удирдаж байгаа юм. SWFI буюу Баялгийн сангийн институтын мэдээллээс үзэхэд, тэдгээр сангийн нийт хөрөнгө 7.3 их наяд ам.доллараас давжээ. Тиймээс ч энэ төрлийн сангууд олон улсын хөрөнгийн зах зээлийн хамгийн том, хамгийн хүчирхэг тоглогчид байдаг. Ийм сантай улс орнууд эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор эрдэс баялгийн бус салбарт хөрөнгө оруулах нь элбэг. 
 
Харин Монголын эрх баригчид олсныхоо хэрээр үрж ирсний гайгаар эдийн засаг маань нүүрс, зэсийн үнийн хэлбэлзлийг даган савласаар ирлээ. Үнэ өсөж, орлого ихэссэн үед төсвийн зардлаа тэлээд, бэлэн мөнгө тарааж, сонгуулийн шоу хийгээд дуусдаг. Харин үнэ унасан үед хуримтлуулсан юмгүй учраас хямралд ордог. Энэ муу зуршлаа үгүй хийхийн тулд баялгийн сантай болох талаар олон жил ярьсны эцэст хүрсэн үр дүн нь Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан хоёр юм. 
 
Тогтворжуулалтын сан
 
2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас болж зэсийн үнэ навс унасан нь Монголын эдийн засагт хүнд цохилт болсон. Удаах жил нь манай ДНБ-ий өсөлт “хасах” үзүүлэлт рүү орж, төсвийн орлого тасарч, хуримтлуулсан хөрөнгөгүй учраас Олон улсын валютын сангийн “Стэнд-бай” хөтөлбөрт хамрагдан хөнгөлөлттэй зээл авч байв. Дахиад ийм байдалд орохгүйн тулд төсвийн тогтворжуулалтын сан байгуулах хэрэг­тэйг ОУВС-гийн зүгээс зөвлөж байлаа. Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ өндөр байх үед хуримтлал бүрдүүлж, үнэ унасан хүнд, хэцүү үед түүнийгээ зарцуулах замаар төсвөө тогтвортой байлгах хэрэгтэйг гадаад, дотоодын эдийн засагчид сануулсаар ирсэн.
 
Ийнхүү эдийн засагчдын зөв­лөгөө, ОУВС-гийн шахалтын үр дүнд манай эрх баригчид 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, Тогтворжуулалтын сан байгуулсан. Гэвч энэ нь төсвийн “үрэлгэн” байдлыг бүрэн хязгаарлаж, хангалттай хэмжээний хуримтлал бий болгож чадаагүй байна. Учир нь, бодлого боловсруулагчид яаж ийгээд л (заримдаа бүр хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар) орлогоосоо давсан зарлага гаргасаар байгаа. 
 
Тухайлбал, Сангийн яамныхны өмнө нь тооцоолж байснаар Тогт­воржуулалтын сангийн хуримтлал энэ онд 1.4 их наяд төгрөгөөс давах ёстой байв. Гэвч одоогийн байдлаар уг санд бүтэн долоон жилийн турш хуримтлагдсан дүн 400 тэрбум төгрөгт ч хүрээгүй байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд уг сангийн хуримтлал ДНБ-ий таван хувиас доошгүй байх шаардлага байдгийг хэзээнээс биелүүлж эхлэх нь тодорхойгүй хэвээр. Мөн Тогтворжуулалтын сангийн хөрөнгө ДНБ-ий 10 хувиас давж байж л бид олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх, өөрөөр хэлбэл, бусад улсын баялгийн сан шиг ажиллах боломжтой болно. Гэвч одоогийнх шигээ үрэхдээ анхаарч, хуримтлуулахдаа “гар татсаар” байвал тэр боломж ирэх цаг хойшилсоор байх юм.  
 
Ирээдүйн өв сан
 
Монголчууд энэ жилээс өөрийн гэсэн, “жинхэнэ” баялгийн сантай болж байгаа. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2011 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачилгаар бо­ловс­­­руулс­ныг  өнгөрсөн жил баталж, энэ оны эхний сараас хэрэгжүүлж эхэлсэн. Сайн мэдээ гэвэл, хагас жил хүрэхгүй хугацаанд Ирээдүйн өв санд 165 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ (Нэгдсэн төсвийн 2017 оны эхний таван сарын гүйцэтгэлээс харав). Муу мэдээ гэвэл, баялгийн сангийн хөрөнгөд тодорхой хуримтлал бүрдтэл хэн ч гар дүрэлгүй хав дарах ёстой байтал тэгэхээргүй байна. Тодруулбал, Ирээдүйн өв сан нь Хүний хөгжил сангийн нэг их наяд орчим төгрөгийн өрийг дарах үүрэг хүлээж байгаа юм (Ирээдүйн өв сан байгуулагдсанаар Хүний хөгжил сан үгүй болсон)
 
Ирээдүйн өв сангийн тухай хуулиас үзэхэд, эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор тус санг байгуулсан. Өөрөөр хэлбэл, олсныхоо хэрээр үрдэг төрийн муу зуршлыг хязгаарлаж, эрдэс баялгийн орлогоо үндэсний санхүүгийн хуримтлал болгон хөрвүүлэх нь Ирээдүйн өв сангийн зорилго. Гэвч “сайхан зорилго” байлаа гээд үйл ажиллагаа нь буруу байвал сайн юманд хүрдэггүйг бидэнд Хүний хөгжил сангийн туршлага харуулсан. 
 
Хүний хөгжил сан нь ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилготой байсан. Тус сан ашигт малтмалын үнэ өндөр байх 2010-2012 онд нийт 921.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байв. Харамсалтай нь, улстөрчид сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд тус санг хоослоод зогсохгүй асар их өрөнд оруулсан. Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгохтой холбоотойгоор Хүний хөгжил сангаас бараг хоёр их наяд төгрөгийн зарлага гаргасан бөгөөд сангийн алдагдал нэг их наяд төгрөгөөс давсан байдаг. Одоо тэр “үйлийн үр”-ийг Ирээдүйн өв сан үүрэхээр байгаа юм. 
 
Уг нь Ирээдүйн өв сангийн хөрөнгөд 2030  он хүртэл хэн ч “гар дүрэхгүй” байхаар хуульчилсан. Гэвч тус сан орлогоороо Хүний хөгжил сангийн өр, төлбөрийг төлсөөр байгаад 2022 оноос л дөнгөж хуримтлал бүрдүүлж эхлэхээр байгааг судлаач П.Хишигбаяр тооцоолжээ (Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн орлогын төсөлд хийсэн тойм дүгнэлт). Үүнээс үзэхэд, бид баялгийн сантай болсон ч тэр нь чухам хэзээнээс бусад орны сайн туршлагын дагуу жинхэнэ хуримтлалтай болж, түүнийгээ өсгөж, арвижуулах нь тодорхойгүй хэвээр байна. 
 
Санхүүгийн менежмент
 
Тогтворжуулалтын сангийн хөрөнгө чамламаар, Ирээдүйн өв сангийн өр төлбөр сэтгэл өвтгөмөөр боловч энэ хоёр сан бий болсон нь монголчууд бидний өнөөдөр хүрсэн амжилт юм. Олсныхоо хэрээр үрдэг төрийн муу зуршлыг бүр биш ч гэлээ тодорхой хэмжээгээр хязгаарлах нөхцөл бүрдсэн байна. Мөн эрдэс баялгийн орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо нь бий болчихлоо. Хуримтлал нь одоогоор бага боловч хэзээ нэгэн цагт хангалттай их болж л таарна. Тиймээс баялгийн сангийн хөрөнгийг хэрхэн зүй зохистой удирдах, арвижуулах, эрсдэлээс сэргийлэх вэ гэдэгтээ бид одооноос анхаарах хэрэгтэй болов уу.  Энэ ажлыг хийх санхүүгийн менежерүүд монголчуудын үндэсний хуримтлалыг удирдах учраас асар их үүрэг, хариуцлага хүлээнэ. Тэр хэрээр асар их мэдлэг, туршлагатай байх ёстой. Гэтэл Монголд тийм хүмүүс бий бил үү? Энэ асуултад хариулахын тулд томоохон судалгаа хийх хэрэгтэй болов уу. 
 
Мөн Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сангийн хуримтлал тодорхой төвшинд хүртэл хөрөнгө оруулалт хийх боломжгүй ч одоо байгаа хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, ханшийн эрсдэлээс сэргийлэх бодлого, тогтолцоо яах аргагүй үгүйлэгдэж байна. 2013 онд 383.5 тэрбум төгрөгт хүрээд байсан Тогтворжуулалтын сангийн хөрөнгө 2014 онд яагаад буурав. Эдгээр сангийн хөрөнгийн мэдээллийг ил тод байлгахыг олон нийтийн зүгээс шаардаж, хяналт тавих хэрэгтэй байна. Учир нь, Тогтворжуулалын сан, Ирээдүйн өв сан нь та бидний, та бидний үр хүүхдийн баялгийн сан билээ.
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46856
1 эможи
keyboard_arrow_up