COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

​Сурах бичгийг зах зээлд худалдаалахгүй, номын сангаар дамжин сурагчийн гарт очно гэв

2020 оны 8 сарын 20

Arslan.mn

Цар тахлаас болж он гарснаас хойш танхимаар хичээллээгүй сурагч, оюутнуудын хувьд 2020 оны хичээлийн шинэ жил онцлогтой эхлэхээр болж байна. Тухайлбал, УОК, Засгийн газрын шийдвэрээр ЕБС болон Их, дээд сургуулийн хичээл гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэнэ. Хичээлийн шинэ жилийн нээлтийг аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр шинэ менежмэнтээр зохион байгуулахыг чиглэл болгон ажиллаж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгт хоёр настай хүүхдийг бүртгэхгүй, харин таван настай хүүхдийг 100 хувь хамруулахаар тус тус шийдвэр гарсан. Мөн шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, сурах бичиг, хувийн болон улсын сургуулиудын сургалтын төлбөр эцэг эхчүүдийн санааг зовоодог билээ. Бид энэ асуудал дээр БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүдээс тодруулга авлаа.

Т.НЯМ-ОЧИР: СУМ БАГИЙН СУРАГЧДЫН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ БАРИМТЖУУЛЖ ТАВАН ӨДӨР ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОСОН

БШУЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

-Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил аль шатандаа явж байна вэ?

-Бид хэдий дотооддоо вирус алдаагүй ч тайван цагт хамгийн сайн төлөвлөлт, зохион байгуулалт хийх хэрэгтэй. ялангуяа хүүхэд багачуудаараа дамжуулаад зөв дадал хэвшлийг төлөвшүүлж чадвал магадгүй дараагийн удаа эрсдэл үүсэхэд ямар нэгэн байдлаар сандрах айх нь багасна. Тийм ч учраас бид дэлхий нийтийн туршлагыг судалж, дотооддоо судлаачид багш нараараа хэлэлцүүлж гаргасан үндсэн хувилбаруудыг боловсруулж байгаа.

-Хамгийн их ачаалалтай төвлөрөлтэй газар бол Улаанбаатар хот. Төвлөрөл ихтэй газрууддаа онцгой анхаарч ажиллаж байна уу?

-Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл гэхэд нэг саяас давдаг. Үүний 400 гаруй мянга нь боловсролын салбарт ажилладаг, хичээллэдэг. Есдүгээр сарын 1-нд сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Аймгийн төв болон нийслэлийн ЕБС-иуд танхимын болон танхимын бус хэлбэрээр хосолсон сургалт явуулна. 1-1.5 метрийн зай барихаар нэг ангид 20-25 хүүхэд хичээллэнэ. Нэг бүлэгт байх хүүхдийн тоог хязгаарласан.

-Нэг ангид 20-25 хүүхэд хичээллэнэ гэж байгаа. Бүлгийн тоо нэмэгдээд ирэхээр анги танхимын хүртээмжийн асуудал яригдана. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Үүнд бид хичээлийн үргэлжлэх цагт тодорхой хэмжээгээр зохицуулалт хийнэ. Үргэлжлэх хугацаа богиносож байгаа учраас хичээлийн тоонд ч мөн зохицуулалт хийнэ. Гэхдээ танхимын сургалт энэ маягаар явах ч зайны сургалтууд нь давхар явах менежмэнтийг мэргэжлийн багаараа зохион байгуулж байгаа.

-Он гарснаас хойш ЕБС болон их, дээд сургуулийн оюутан сурагчид цахимаар хичээлээ үзсэн. Цахим хичээлд хамрагдах боломжгүй хүүхдүүд олон байна?

-Цахим сургалтад хамрагдах боломжгүй хүүхдүүд хөдөө орон нутагт нэлээд бий. Мөн хөдөө орон нутгийн хүүхдүүдийн 30-40 хувь нь дотуур байранд амьдардаг. Тэгэхээр дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийг танхимын болон танхимын бус сургалтаар явуулна гэдэг боломжгүй зүйл. Тийм учраас сум багийн хүүхдүүдийг халдвар хамгааллын горим дэглэмээ бариад танхимаар таван өдөр хичээллэх зөвшөөрлийг нь олгосон. Харин нийслэлд теле хичээл үзэх боломжгүй, телевизгүй өдөр бүр интернэт орох боломжгүй хүүхдүүдэд тухайн сургууль эцэг эх, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс гаргасан зөвлөмжийн дагуу суралцах боломжийг нь олгох боломжтой. Харин одоо энэ чиглэлээр сургуулиуд менежмэнт хийх ёстой.

-Багш нарын ачаалал хэр нэмэгдэх вэ?

-Тухайн анги, дэд бүлгүүдэд хуваагдаж хичээллэх учраас хичээлийн тоо болон цагийн зохицуулалтыг хийж байгаа. Магадгүй математикийн хичээл долоо хоногт таван цаг ордог бол энэ зохицуулалтаар 2.5 цаг болгож буулгасан. Анги хоёр бүлэг болж хичээллээд долоо хоногт таван цаг судлах хичээлийг хоёр дэд бүлгээрээ 2.5, 2.5 цаг судлаад нийлбэр дүн нь ижил гарч байгаа хэрэг. Тэгэхээр илүү цаг гарахгүй гэсэн үг. Дээрээс нь багш нар нь ч дутагдахгүй.

-Жил бүр сурагчийн дүрэмт хувцасны асуудал яригддаг шүү дээ. Олдоц муугаас гадна материал хийцийн хувьд хурдан урагдах, элэгдэх асуудал их гардаг?

-Логикоороо бол гурван өдөр хичээллэхэд дүрэмт хувцас өмсөхгүй байж болно гэсэн зүйл байхгүй. Ер нь бол 2019 онд сурагчийн дүрэмт хувцсанд тавигдах шаардлага буюу стандарт батлагдчихсан. Энэ стандарт батлагдаагүй байхад Монгол Улсын хилээр маш их хэмжээний чанаргүй, хуурамч дүрэмт хувцаснууд орж ирж зах зээлд борлуулагддаг байсан. Одоо стандарт батлагдсан учраас гааль, оюуны өмчийн газар гээд мэргэжлийн байгууллагууд үүн дээр хяналт тавина. Бүх аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрууддаа чиглэл өгчихсөн, борлуулалтын цэгүүдээ гаргачихсан, тухайн үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад ажиллаж байгаа.

-Саяхан фэйсбүүк, твиттерээр ЕБС-ийн сурах бичиг хогийн цэг дээр хаягдсан зураг яваад байсан. Яагаад сурах бичгүүд хаягдаад байна вэ?

-Сурах бичиг дээд тал нь дөрвөн жил ашиглагдаад актлагддаг. Эрүүл ахуйн талаасаа ч тэр шаардлага хангахаа больдог. Сурах бичгийг актлахдаа тухайн орон нутгийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авдаг. Тэгээд нөхөн хангалтаар дараагийн сурах бичгээ авдаг журамтай. Тэр сошиал дээр яваад байгаа зурган дээрх сурах бичгүүдийн зарим нь манайхаас гаргасан сурах бичиг биш байна лээ. Энэ мэтчилэн мэдээллийг мушгин гуйвуулах зүйлүүд явж л байна. Мэдээж цоо шинэ сурах бичгийг акталж үнэгүйдүүлсэн зүйл байхгүй.

-Энэ жил ЕБС-ийн номнууд шинэчлэгдэх үү?

-Сурах бичиг хөтөлбөрөө дагаж явдаг сургалтын хэрэглэгдэхүүн. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн үндсэн баримт бичиг. Урьд нь дөрвөөс таван жилийн давтамжтай шинэчилсэн. Одоо бол бид хөтөлбөрөө шинэчлээгүй зөвхөн болохгүй байгаа зүйлийг сайжруулаад явж байгаа учраас сурах бичиг шинэчлэгдэхгүй. Энэ удаагийн Засгийн газар боловсрол дээр тогтвортой бодлогын менежмэнт хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байгаа. Мөн 2019-2020 оны хичээлийн жилээс эхлээд сурах бичгийг зах зээлд худалдаалахаа больсон. Өөрөөр хэлбэл, бүх сурах бичиг сургуулийн номын санчийн гараар дамжиж сурагчийн гар дээр очно гэсэн үг. Харин 2019-2020 оны хичээлийн жилд яагаад алдагдал гарсан бэ гэхээр ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдыг 40 хувийг зах зээлээс худалдаж ав гэсэн шаардлага тавьж байсан. Гэтэл энэ чиглэлийн бизнес эрхэлдэг хүмүүс зохиомол хомсдол үүсгэчихдэг. Хүүхдүүдэд сурах бичгийг хүргэж өгдөг борлуулалтын систем нэгдсэн зохион байгуулалт нэлээн хангалтгүй байсан. Аймгийн төв дээр сурах бичгээ ирж авах гэтэл борлуулалтын нэгдсэн сүлжээ байхгүйн улмаас зохиомол хомсдол үүсдэг. Одоо бол бүх сурах бичиг номын сангаар очно. Сурах бичгээ төлбөртэй аваад, ашигласны төлбөр буюу нийт үнийн дүнгийн 20-40 хувийг төлж ашиглачихаад номын сандаа тушаана. Тэгэхээр энэ жил сурах бичиг оройтох, хомсдох гэсэн асуудал огт гарахгүй. Нөхөн хангалтын 100 нэр төрлийн нэг сая сурах бичиг аймаг, нийслэлд хүргэгдчихсэн байгаа.

-Номын санчаар дамжаад очиж байгаа сурах бичиг дутвал яах вэ?

-Боловсролын салбарын мэдээллийн систем статистик мэдээгээ үнэн зөв оруулсан л бол дутахгүй. Сурагчдынхаа гар дээр сурах бичиггүй бол сургууль хариуцлага хүлээнэ.

-Хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн асуудлыг хэрхэн яаж төлөх талаар тодорхой ярихгүй юу?

-Энэ бол тухайн сургууль эцэг эх хоорондын байгуулсан гэрээгээр зохицуулагдах асуудал. Тухайлбал, УОК шийдвэр гаргаад хичээл сургуулийг зогсоовол танай сургууль цахим шилжилтэд бэлэн үү, ялгаагүй байдлаар хүүхдүүдийг зайнаас сургаж чадах уу, ингэж чадаагүй тохиолдолд төлбөр мөнгөн дээрээ ямар зохицуулалт хийх вэ гэдгээ гэрээн дээрээ сайн тусгаж өгөх хэрэгтэй. Ер нь бол Боловсрол, Шинжлэх ухааны яам хувийн сургууль, цэцэрлэгтэй уулзаад уян хатан байж, сар улирлаар нь төлөх боломжийг олгоорой гэсэн хүсэлт тавьчихсан байгаа.

-Үдийн цай хөтөлбөр үргэлжилнэ, үргэлжлэхгүй л гэх юм. Тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Үдийн цайг өгнө. Үдийн цай маш олон асуудлыг шийддэг шүү дээ. Амьжиргааны түвшин муу айлын хүүхэд өдөрт авах шим тэжээлийнхээ тодорхой хувийг нь зөвхөн үдийн цай хөтөлбөрөөс авч байна шүү дээ. Тийм учраас энэ жилийн үдийн цай хөтөлбөрт дархлаа дэмжих, эрүүл мэндэд ач тустай, чанартай хоол хүнсээр үйлчлэх зөвлөмжийг сургуулиудад өгч байгаа.

Ж.МЯГМАРСҮРЭН: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН СУЛ ОРОН ЗАЙГ АШИГЛАНА

БШУЯ-ны сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэл ажил хэр хангагдсан талаар тодрууллаа. Тэрбээр “Наймдугаар сарын 12-13-ны өдрүүдэд аймаг нийслэлийн бодлогын газрын удирдлагуудаа цуглуулж нэг бүрчлэн уулзсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед нэлээд хязгаарлалттай цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа шүү дээ. Сургуулийн өмнөх боловсролд хоёр настай хүүхдүүдийг авахгүй байх, нэг ангид байх хүүхдийн тоог 20-25 байлгахаар тогтсон. Таван настай хүүхдүүдээ зуун хувь хамруулж, орон нутагт гарч болох хүндрэлүүд буюу бүлэг цөөтэй хүн амын нягтрал өндөртэй цэцэрлэгүүд дээр хүүхдүүдээ хуваахаар анги бүлэг нь хүрэх үү гэсэн асуудал гарч байгаа. Тэгэхээр бид ойрын өдрүүдэд анги танхимын хүрэлцээ, ялангуяа бүлэг дүүргэлт ихтэй цэцэрлэгүүдэд хүндрэл үүсч байна уу гэсэн нарийвчилсан судалгаа хийсэн. Судалгаанаас үндэслээд хамгийн эхний авч байгаа арга хэмжээ бол төрийн бус өмчийн ашиглагддаггүй зай талбайг ашиглана. Тухайн цэцэрлэг дөрвөн бүлэгтэй бол хоёр бүлэгт нь хүүхэд аваад хоёр бүлэгт хүүхэд авдаггүй. Тэр сул орон зайг төрийн өмчийн хүүхдийн зардлаар оруулахаар болсон. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн холбоодтой сайд уулзаж энэ талаарх хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилнэ. Өмнөх жилүүдэд ч бид 3000 хүүхдийг яг энэ гэрээний дагуу авдаг байсан. Мөн үйл ажиллагааны чанартай холбогдуулан төлсөн төлбөрөө буцаан авах хүсэлтэй эцэг эхчүүд нэлээдгүй байсан. Тийм учраас иргэн цэцэрлэгийн байгууллага хоёрын гэрээнд төрийн байгууллага хөндлөнгөөс оролцох боломжгүй юм л даа. Энэ жил аль болох эцэг эхчүүдэд дарамт болохгүйгээр улирлаар хэсэгчлээд төлбөрүүдээ авах чиглэлийг хувийн цэцэрлэгийн байгууллагууддаа уриалсан. Өчигдрөөс эхлээд цэцэрлэгийн бүртгэл эхэллээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаа учраас аль болох эрсдэлээ тооцоод тухайн хүүхдэд хэрэглэх хичээлийн хэрэглэл болон ариун цэврийн хэрэгслийг эхний гурван сараар бэлдүүлэхээр болсон. Үүнээс гадна гуравдугаар сард гарсан сайдын тушаалаар өнгөрсөн хичээлийн жилд хэрэглэгдээгүй хичээлийн хэрэгслийг эцэг эхчүүдэд нь буцаах даалгавар өгчихсөн” гэлээ.

Г.БАТНЭМЭХ: ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛЬД СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭЖ БАЙГАА ОЮУТНУУД 501-ЭЭС ДЭЭШ ОНООТОЙ БОЛ ТӨРӨӨС 100 ХУВЬ СУРГАЛТЫНТӨЛБӨРИЙГ НЬ ДААНА

Мөн бид Их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэхээс тодруулсан юм.

-Энэ жил гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цахимаар хичээллэхэд оюутан залуусын ихэнх нь үр дүнгүй байна гэх шүүмжлэл дагуулсан?

-ЕБС-д өмнө нь онлайн хичээл явагдаж байгаагүй. Харин их, дээр сургууль коллежуудын хувьд онлайн сургалтуудыг тодорхой хэмжээнд явуулж байсан. Өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар улирал бүхэлдээ онлайнаар явсан. Хичээл дууссаны дараа сургууль болгоны дотоод чанарын баталгаажуулалтын алба нь судалгаа явуулсан. Үүнээс комисс гаргаж олон зүйл дээр үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр дунджаар 82 хувь хангалттай гэж гарсан. Мөн оюутнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авсан. 85 хувь нь сэтгэл ханамж өндөр байна гэсэн хариу гарсан. Ерөнхийдөө онлайн хичээл их, дээд сургуулийн хэмжээнд боломжийн явагдаж байгаа гэж үзэж болно.

-Нийт их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орсон уу?

-Ямар нэгэн онцгой өөрчлөлт ороогүй. Гэхдээ бид сургалтын чанарыг сайжруулахын тулд олон ажлууд хийж байгаа.

-Оюутнууд “Zoom” аппликэйшний тусламжтайгаар онлайн хичээлийн дараагаар ойлгоогүй зүйлээ дахин лавлаж баймаар байна гэсэн санал их байна лээ?

-Үүнд зохицуулалт хийх бүрэн боломжтой. Лекц бол онлайнаар орно. Лаборатори, семинар танхимаар орно. Ингээд танхимаар ороод эхэлсэн тохиолдолд багштайгаа уулзаад ойлгоогүй зүйлээ асуух бүрэн боломжтой. Ер нь багш нар танхимаар лекц ордог байснаас ч ачаалал ихэссэн.

-Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдсэн эсвэл хасагдсан зүйл бий юү?

-Оюутны эцэг эх асран хамгаалагчид ямар нэгэн төлбөрийн дарамт учруулахгүйгээр улирлаар буюу гэрээнд зааснаар уян хатан нөхцөлтэй байх зохицуулалтыг тусгасан.

-Төрийн сангийн зээл тусламж ямар хэлбэрээр оюутнуудад хүрэх вэ?

-Боловсролын зээлийн сангаар оюутны хөгжлийн зээл олгож байгаа. Мөн буцалтгүй тусламж бий. Үүнд бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй мөн эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл байвал бакалаврын сургалтын төлбөрийг даадаг. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг. Нэг өрхийн гурван хүүхэд нь зэрэг сурч байгаа тохиолдолд нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг зохицуулалтууд бий. Энэ жилийн хувьд нэг онцлог нь эрүүл мэндийн салбарт сувилагч мэргэжилтнүүд дутмаг байна гэсэн судалгаа гарсан. Үүний үндсэн дээр бид 2020 оны гуравдугаар сард Засгийн газарт хандаж уг асуудлыг шийдвэрлүүлсэн. Тэгэхээр төрийн өмчийн сургуульд сувилагч мэргэжлээр элсэж байгаа оюутнууд 501-ээс дээш оноотой бол төр 100 хувь сургалтын төлбөрийг даана. Дараагийн улирлаас голч дүнгээс хамаараад явна. 2.5-аас гурвын хооронд байвал 70 хувийг, гурваас дээш голч дүнтэй суралцвал 100 хувь төрөөс даана. Мөн багш мэргэжлээр сурч байгаа оюутнуудад хөнгөлөлт үзүүлнэ. 650-750 оноотой байвал 70 хувийг, 750-аас дээш оноотой бол 100 хувь төрөөс дааж байгаа. Дараагийн улиралд гурваас дээш голчтой бол мөн 100 хувь төрөөс даагаад явна.

С.ЛХАМСҮРЭН

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619311
0 эможи

Зочин
2020-08-20 16:54
Зочин
2020-08-20 11:36
keyboard_arrow_up