COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

Гадаадад суралцах хүсэлтэй оюутан залууст мэдээлэл өгөх зорилгоор бид 2020-2021 оны хичээлийн жилд зарлагдсан Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаа БНСУ-ын их, дээд сургуулиудад  Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах боломжтой. “QS Best Student Cities” хэмээх олон улсын томоохон судалгаагаар гадаад оюутан суралцаж амьдрахад ая тухтай, аюулгүй хотоор Montreal. Paris, London хот эхний байрт жагссан бол дөрөвдүгээрт Азийн орноос БНСУ-ын Сөүл хот шалгарсан байдаг. Сөүлд амьдрах нь ая тухтай бөгөөд европын оронтой харьцуулахад амьжиргааны зардал, сургалтын төлбөр харьцангуй боломжийн гэдгийг тус улсад суралцаж буй монгол оюутнууд хэлж байна. Ялангуяа, сүүлийн жилүүдэд Солонгост суралцах монгол оюутны тоо нэмэгдсээр байгаа. Харамсалтай нь тэдний ихэнх нь мэдээлэл хангалттай сайн аваагүй эсвэл үнэн зөв, бодит мэдээлэлгүй очсоноос болж олон бэрхшээл тулгардаг гэдгийг зарим оюутан бас хэлж байна.

Төгсөх ангийнхан, 40 хүртэлх насныханд боломж нээлттэй

2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад хоёр хонож байна. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг сонирхвол, монгол оюутнуудад тавьж буй шаардлага нь тийм ч өндөр биш юм. Энэ удаа тэтгэлэг горилогч нь өөрөө болон эцэг эх нь бүгд Монгол Улсын иргэн байх, 2020 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1980.9.1-нээс хойш төрсөн иргэн), Хөгжлийн албан ёсны дэмжлэг авдаг улсын их сургуулийн багшийн хувьд 2020 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх (1975.9.1-нээс хойш төрсөн иргэн) ёстой гэж заажээ. Мөн БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй гэдгийг анхааруулсан байна.

Боловсролын хувьд материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2020 оны наймдугаар сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байж болно. Хэрэв материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд наймдугаар сарын 31-нээс өмнө дипломоо өгнө. БНСУ-ын их, дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй. Харин тус улсад их, дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно гэжээ.

Аль ч сургуульд хэлний мэдлэгийн түвшин чухал

Солонгосын их сургуулиудын хувьд гадаад оюутан элсэн суралцахад тийм ч хэцүү биш. Гадаад оюутны тэтгэлэг сайн олгогддог гэдгээрээ бусад орны их, дээд сургуулиас ялгардаг. Мөн аль ч сургууль нь элсэлтийн журмын хувьд хэлний мэдлэгийн түвшин харж элсүүлэн авдаг юм байна. Солонгос улс нь олон улсын хэмжээнд хэлний мэдлэгийн түвшин тодорхойлох тофик буюу зургаан түвшний солонгос хэлний шалгалттай. Тэр шалгалтад дээгүүр түвшинд тэнцсэн гадаад оюутнууд их сургуульд элсэн орох эрхтэй гэдгийг оюутан залуустаа дуулгах нь зүйтэй байх. Энэ удаагийн тэтгэлэг горилогчдод дүнгийн үзүүлэлт мөн чухал. Төгссөн сургуулийн дүнгийн дундаж дараахтай адил бол материал өгөх боломжтой.  Дүнгийн хувьд 4.0 бол 3.49, 4.3 бол 3.75, 4.5 бол 3.91, 5.0 бол 4.34, 100 хувиар тооцдог бол дүнгийн үзүүлэлт 90 хувиас дээш байх ёстой. Хэрэв дүн нь дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй гэсэн. Хэлний мэдлэгийн хувьд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт TOPIK-ын таваас дээш түвшинтэй, TOEFL IBT 99, CBT 243, PBT 590, IELTS 7.5, TOEIC 855 онооноос дээш байх ёстой гэсэн байна. Бүртгэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. Энэ удаа 14 хүнийг сонгон шалгаруулж авна гэж БСШУСЯ-ны цахим хуудаст мэдээлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.4  ЛХАГВА  № 42 (6267)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614348
0 эможи

Зочин
2020-03-04 16:10
keyboard_arrow_up