COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М.Алтансүх: Хөдөлмөрийн зах зээлд хүүхдийн эмч, нягтлан, инженерүүд эрэлттэй байна

2019 оны 5 сарын 29

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран өнгөрсөн онд Дэлхийн комиссоос батлан гаргасан “Ирээдүйн ажил мэргэжил” дэлхийн илтгэлийг танилцуулах гурван талт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын захирал М.Алтансүхтэй ярилцлаа.


-Ирээдүйн ажил мэргэжлийн тухай мэргэжлийн байгууллагууд хэлэлцэж байна. Дэлхий нийтэд одоо эрэлттэй байгаа ямар мэргэжил байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн форумаас хийсэн судалгаагаар хиймэл оюун ухаанд тулгуурласан бизнесүүд амжилттай хөгжиж байна гэж үзэж байгаа. Дижитал эрин үе, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, хиймэл оюун ухаантай холбоотой ажлын байрны эрэлт ихээхэн нэмэгдэж байна. Тэр тусмаа технологид суурилсан ажлын байрны эрэлт хамаагүй өндөр байх жишээтэй. Манайд бол өөр. Эдийн засгийн бүтцээсээ шалтгаалж бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрт ажиллах мэргэжилтнүүд эрэлттэй байна.

-Бүр цоо шинэ мэргэжил гарч ирэх нь үү?

-Бид нарын одоогийн судалгаа хязгаарлагдмал хүрээтэй. Янз бүрийн мэргэжил нийлж байгаа хандлага бол байна. Хүний ур чадвараас шалтгаалж мэргэжлийн чиг баримжаа нэлээд өөрчлөгдөж байна. Ажил олгогч талаас тавьж байгаа шаардлага ч өөрчлөгдөх болсон.

-Тэгвэл манайд одоо зонхилж байгаа ажил мэргэжил юу байна. Олон улсын чиг хандлагатай хэрхэн дүйцэж байх юм?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инсититутээс ирээдүйд богино хугацаанд Монголын хөдөлмөрийн зах зээлд ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг жил бүр судалж, оны эхэнд тайлагнадаг. 2019 оны байдлаар 69 мянга гаруй ажлын байр бий болсон. Хамгийн хэрэгцээтэй, зонхилж байгаа мэргэжил гэвэл барилгын салбар идэвхжээд засал чимэглэл, шаварчин, мужаан, боловсруулах үйлдвэрт эсгүүрчин, оёдолчин эрэлттэй байна. Дээд боловсрол шаардсан мэргэжлүүдээс нягтлан бодох, их эмч, тэр дундаа хүүхдийн эмч, эм зүйч, төрөл бүрийн инженерүүд эрэлттэй. Энэхүү судалгаа зөвхөн энэ онд бус сүүлийн таван жилд хөдөлмөрийн зах зээлд ажиглагдаж байгаа чиглэл юм.

Хэдийгээр дэлхийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа ч хөгжиж буй орны онцлогоос шалтгаалж манай хөдөлмөрийн зах зээл нэлээд ялгаатай. Дэлхийн эдийн засгийн форумаас 2022 онд гэхэд 74 мэргэжлийн хэрэгцээ багасна, цаашид алга болно гэж үзсэн. Тэр нь нягтлан, нярав, нарийн бичиг, худалдагч зэрэг мэргэжил. Харин Монголд нягтлан, няравын эрэлт байсаар байна. Гэхдээ дэлхийн эдийн засгийн өөрчлөлтийг бид баримжаалах ёстой. Жишээ нь манайд land.mn буюу хиймэл оюун ухаанд суурилсан банк бус санхүүгийн байгууллага бий болсон. Энэ бол томоохон өөрчлөлтийн эхлэл. Энэ тал дээр төлөвлөгөө гаргачихсан аж ахуйн нэгжүүд ч манайд байна. Ирээдүйд зарим нэг дэлгүүрт худалдагч хэрэггүй болно. Өөрөө өөртөө үйлчилдэг, худалдагчгүйгээр тооцоо хийгээд гарчихдаг дэлгүүрүүд Монголд нээгдэнэ.

-Манай улс хуульч, сэтгүүлч зэрэг нийгмийн ухааны чиглэлийн мэргэжлүүдийг аль арван жилийн өмнө зах зээлд илүүдэлтэй гэж зарлаж байсан. Өнөөдөр ч үүнийгээ л ярьж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлээ зөв үнэлж, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзэхэд хүргэж байна?

-Хөдөлмөрийн зах зээл дээр тодорхой мэргэжил илүүдэлтэйгээс гадна ажил олоход бэрхшээлтэй мэргэжил ч байдаг юм. Үүнийг бодлогын түвшинд авч үзэхээс илүү олон нийтэд мэдээллийг шуурхай хүргэхэд гол учир байна. Ирээдүйн чиг хандлага яаж өөрчлөгдөхөөс гадна мэргэжил сонгоход зөвлөдөг аав, ээж, ах, эгч нарыг мэдээллээр хангах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр анхнаасаа нийтлэг хэдхэн мэргэжил сонгох биш, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийг баримжаалсан, хувь хүний мэдлэг чадвар дээр суурилсан мэргэжлийг сонгох нь зүйтэй юм. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлгээр бодлого боловсруулагчид хөдөлмөрийн харилцаанд гарах өөрчлөлтүүдийг баримжаалах боломж олдож байна. Бид хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг хэм, хэмжээ, дүрэм журамдаа ямар өөрчлөлтийг оруулах вэ, ирээдүйд бид энэ харилцаанд бэлэн байгаа эсэхээ мэдэх шаардлагатай юм.

-Хөдөлмөрийн зах зээлийн нэг чухал хэсэг нь ажил олгогчид. Сүүлийн үед ажил горилогчид ажлын байрандаа тэнцэхгүй тохиолдол хавтгайрсан гэж шүүмжилдэг. Ажил олгогчид энэ тал дээр юу гэж хэлэх юм?

-Ажил олгогчдын ажилтанд тавьж байгаа шаардлагыг харахад зөөлөн ур чадварыг чухалчилдаг болжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд зөв хүн, зөв хандлагатай, байгууллагын соёлд дасан зохицож чаддаг, өөрөө өөрийгөө илэрхийлж үзэл бодлоо хамгаалж чаддаг хүнийг ажиллуулах сонирхолтой болсон. Мэргэжлийн ур чадварыг ажлын байран дээр давтан сургах хэлбэрээр сайжруулах боломжтой гэж тэд үздэг байгаа.

-Уг нь ажил мэргэжилдээ чадвартай хүн байх ёстой биз. Гэтэл мэдлэг боловсролоо хойш тавиад хувь хүнийг төлөвшүүлэхэд анхаарч байна гэдэг нь чамлалттай байна уу даа?

-Бид судалгаан дээр үндэслээд сургалтын хөтөлбөрт тодорхой өөрчлөлтүүд оруулахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, мэргэжил олгохоос гадна зөөлөн ур чадварыг яаж зөв зүйтэй төлөвшүүлэх вэ. Энэ бол дан ганц их сургуулийн дөрвөн жил, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн гурван жилд бэлддэг зүйл биш. Насан туршдаа, магадгүй хүүхэд байхад нь эхлэх ёстой хөтөлбөр юм.

-Хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүй иргэд маш олон байсаар байна. Ажилгүйдэл буурахгүй байгааг нэг талаас та бүхний үйл ажиллагаатай холбож тайлбарлаж болно. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Салбарын яамны зүгээс бид жил бүр судалгааныхаа зөвлөмжийг хэлэлцдэг. Эхний ээлжинд шийдэх ёстой асуудал бол ажилгүйчүүдийн бүртгэл. Өнөөдөр яг үнэндээ 105 мянган ажилгүй иргэн байна. Гэтэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар дээр очоод бүртгүүлж байгаа нь 24 мянга л байна шүү дээ. Хэлэлцүүлгийн явцад Ажил олгогчдын нэгдсэн холбооны хүмүүс хэлж байна. Ажлын байран дээр ажиллах хүний хомсдол их байна гэж. Өөрөөр хэлбэл, ажилгүй иргэн их байна гэдэг ч ажил хайгаад ирж байгаа нь цөөн байна гэж тэд гомдоллож байна. Тиймээс бид нэг талаас үүн дээр шинжилгээ хийх ёстой. Ялангуяа ажилгүйчүүдийн дунд томоохон байр суурь эзэлж байгаа залуучуудыг бүртгэх ажил хангалтгүй байгаа. Энэ тал дээр анхаарч ажиллаж байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид тун удахгүй мэргэжил сонголтоо хийнэ. Мэргэжлийн хүний хувьд та тэдэнд эрэлттэй байгаа ямар мэргэжлийг зөвлөх вэ?

-Хамгийн сүүлийн судалгаагаар үзэхэд дээд боловсрол шаардаж байгаа ажил мэргэжил гэвэл дээр хэлсэнчлэн уул уурхай, барилгын бүх төрлийн инженер байна. Нөгөөтэйгүүр их эмч, эм зүйчид, нягтлан, менежерийн ч эрэлт буурахгүй байгааг онцлох хэрэгтэй. Хөдөлмөрийн зах зээл дээр эдгээр мэргэжлийн эрэлт байхаас илүүтэй тухайн хүн өөрийнхөө онцлог, ур чадварт тулгуурласан мэргэжлийг сонгох нь зүйтэй гэж зөвлөе.

Б.ЭНХЗАЯА

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604096
0 эможи

keyboard_arrow_up