COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын тогтолцоонд тулгарч буй 6 АСУУДАЛ

2019 оны 5 сарын 10
Бидний боловсролын системд ямар нэгэн зүйл буруу байна. Юу вэ?

Бид хүүхдүүдээ нийгэмд бэлтгэх зорилгоор сургуульд явуулдаг. Гэвч нийгэм нь асар хурдацтай өөрчлөгдсөөр байхад боловсролын тогтолцоо сүүлийн зуу зуун жилүүдэд төдийлөн өөрчлөгдсөнгүй.

Одоогийн мөрдөж буй боловсролын систем нь үйлдвэрийн ажилтан бэлтгэх зорилготой систем гэдгийг ихэнх эрдэмтэд нотолдог.

“Боловсролын системийн зорилго бол хүмүүсийг үйлдвэрт ажиллах хүсэлтэй болгох” Seth Godin
“Боловсрол бол үйлдвэрлэлийн эриний ашигт нийцүүлж бүтээгдсэн зүйл” Ken Robinson.

Үйлдвэрлэлийн эриний сэтгэхүй буюу олноор үйлдвэрлэх, олноор нь хянах гэдэг сэтгэхүй одоо ч сургуулиудад гүн оршсоор байна.

Асуудал 1. Үйлдвэрлэлийн эриний үнэт зүйл:

Бид хүүхдүүдийг зэрэгцэж суулгаад хонх дуугаргаж цагийг нь удирддаг. Хүүхдүүд сургууль дээрээ өдөржин заавар дагахаас өөр зүйл хийдэггүй. Суу, номоо гарга, 40-р хуудсыг гарга, 3-р дасгалыг хий, ярихаа боль…

Багшийн зааварчилгааг сайн дагасанаараа шагнагддаг. Эдгээр нь үйлдвэрлэлийн эриний үйлдвэрийн ажилтнуудын үнэт зүйл бөгөөд зааварчилгааг ягштал мөрдсөнөөс тэдний амжилт шалтгаалдаг.

Гэвч одоогийн ертөнцөд зөвхөн зааварчилгаа дагаснаар таны амжилт хэр хол явах вэ? Орчин үед бүтээлч байж санаагаа бусдад хүргэж хамтарч ажиллаж чаддаг байх чадваруудыг үнэлдэг. Гэвч бидний хүүхдүүд энэ чадварыг үйлдвэрлэлийн эриний үнэт зүйл дээр голчилдог боловсролын системд хөгжүүлэх боломжгүй байна.

Асуудал 2. Бие даах чадвар сул

Орчин үед хүн өөрөө цагаа зохицуулдаг болсон. Та өөрөө юуг хийх, хэзээ хийхээ шийддэг.

Гэвч сургуулийн амьдрал өөр байна. Бидний хүүхдүүд сургууль дээрээ бие даах чадварт суралцах боломжгүй байна. Хүүхдийн хором минут бүр тогтолцоонд удирдагддаг.

Одоогийн тогтолцоо хүүхдэд амьдралынхаа эзэн гэдгийг ойлгуулах бус урсгалаар хөвж байхад сургаж байгаа нь аюул учруулж байна. Бие даах байдал нь хүүхдэд амин чухал чадвар юм. Хүүхдүүд маань сургуулиасаа уйдаж, идэвхигүй байдагийг гайхах зүйлгүй. Таны хорим мөч бүрийг удирдан заагаад байвал таньд ямар санагдах вэ?

Асуудал 3. Хоромхон зуурын мэдлэг

Одоогийн тогтолцооны хичээлийн агуулга бодит бус байна. Учир нь суралцахад голлох бус цээжлэхэд анхаардаг. Тодорхой хэмжээний мэдлэгийг заагаад тодорхой хугацааны дараа шалгалтын аргаар түүнийгээ хэрхэн санаж байгааг хэмждэг. Ингэж олсон мэдлэг ихэвчлэн шалгалтын дараа мартагддаг учир жинхэнэ мэдлэг болж үлддэггүйг бид мэднэ.

Сурах гэдэг бол илүү гүн болоод бодит зүйл юм. Зөвхөн цээжлэх, тархиндаа хадгалахаас илүү зүйл. Гэвч мэдлэгийг бид зөвхөн ингэж л хэмжиж, шалгалтын дүнд л ач холбогдол өгсөөр байна. Энэ нь хүүхэд, багш, эцэг эхийн хооронд маш эрүүл бус соёлыг бүрдүүлдэг. Хүүхдүүд өдөржин томоотой сууж, удахгүй мартах, хэрэггүй зүйлсийг шөнөжин цээжлэж өнгөрүүлдэг.

Асуудал 4. Хүсэл тэмүүлэл байхгүй

Яг тодорхой зүйлийг, яг тодорхой хугацаанд, яг тодорхой байдлаар сурах маш нарийн стандартчилсан тогтолцоонд хүүхдүүд бусдын адил л сурах шаардлагатай болдог. Энэ нь хүн бүр өөрийн онцлогтой, өөр өөр гэсэн хүний үндсэн фактыг үл ойшоож буй явдал юм. Бид бүгдэд өөр сонирхол, өөр хүсэл тэмүүлэл бий. Дуртай зүйлээ олох нь амьдралдаа сэтгэл хангалуун байх түлхүүр юм. Гэвч, хүүхэд хүсэл тэмүүллээ олж, хөгжүүлэхэд нь сургуулиуд туслаж байна уу? Одоогийн боловсролын систем эдгээр чухал асуултуудад хариулахад цаг зарцуулахгүй байна.

-Би юунд сайн бэ?

-Би амьдралдаа юу хиймээр байна вэ?

Тогтолцоо үүнийг анхаарахгүй байна.

Уламжлалт боловсролын системд бүдэрсэн ч амьдралдаа амжилт гаргасан хүмүүс олон бий. Азаар тэд энэ алдаагаа даван гарч чадсан юм. Гэвч хүн бүр тэгэж чадахгүй. Хэр их авъяас, чардварыг бид одоогийн тогтолцоонд алдаж байгааг хэмжих боломж даанч байхгүй байна.

Асуудал 5. Бид хэрхэн сурдаг вэ?

Бид бүгд өөр өөр аргаар суралцдаг. Аливааг сурахад хэр их хугацаа зарцуулах, юу ашиглах, юунд үндэслэж сурвал илүү тохиромжтой гэх мэт. Гэвч одоогийн тогтолцоо үүнийг хайхрахгүй байгаа бөгөөд жишээ нь удаан сурдаг бол муу сурлагатны тоонд орно. Гэвч жоохон л хугацаа өгчихвөл гүйцчих боломж хүүхэд бүрт байдаг.

Асуудал 6. Лекц унших

Одоогийн тогтолцоонд хүүхдүүд өдөрт дунджаар доод тал нь 5 цаг лекц сонсдог байна. Гэвч энд хэдэн асуудал байна.

“Лекц бол хүмүүнлэг бус явдал. Нэг ангид, 30 хүүхэд, зөвхөн сонсож, сонссоноо хоорондоо хэлэлцэх боломжгүй, гайхаад л сууж байна ” Sal Khan Khan Academy

Анги бүрт өөр өөр түвшний ойлголттой хүүхэд байдаг. Зарим сурагчид түрүүлж ойлгосон учир лекцийн үлдсэн хугацаанд уйдаад сууж байдаг бол зарим сурагчид хоцорсон учир будилсан байдаг.

Интернэт болон дижижтал медиагийн ачаар хурууны үзүүрээр л дэлхийн бүхий л мэдээллээс хүссэн мэдээллээ олж авах боломжтой болсон билээ. Хүн бүрт хүссэн зүйлээ сурах боломжийг технологи өгсөн. Гэвч хяналтаа алдах эрсдэлээс болж энэхүү үнэлж баршгүй нөөцийг одоогийн тогтолцоо хэрэглэхгүй байна.

Үйлдвэрлэлийн эринд суурилсан бидний боловсролын тогтолцоо нь үеэ өнгөрөөж, үр дүнгүй болоод байна. Бид хүүхдээ шинэ эринд бэлдэж, үр дүнтэй бөгөөд сонирхлыг нь татсан байлгамаар байвал одоогийн боловсролын тогтолцоогоо үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болоод байна.

Эх сурвалж 6 Problems of our School System

https://medium.com/@anarbayar/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603342
1 эможи

Зочин
2020-03-03 05:58
keyboard_arrow_up