COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Боловсрол нь хөгжлийг тэргүүлэх зүтгүүр байх ёстой

2019 оны 4 сарын 26

Arslan.mnХүн төрөлхтөн XXI зууны босго давсаар 10-аад жил өнгөрч байна. Энэ хугацаанд аж үйлдвэр, мэдээлэл технолoгийн салбарт гарсан үсрэнгүй хөгжлийг бид хот, хөдөөгүй нүдээр үзэж, гараар бариад байна. Үүрэн хэмээх харилцааны салбарт эрс шинэчлэл хийж орон зайн байрлалаас үл хамаарч хоорондоо ярилцах, дүрсэн мэдээлэл дамжуулах болсон. Өдөр тутам үздэг телевизүүдийн контент шинэ түвшинд гарч ядаж л үзэх гэснээ хүлээн цаг хугацаанд бригдалгүй боломжтой цагтаа үзэх болсон. Гэр ахуйн электрон бараа ч эрс шинэчлэгдэн, гараар гүйцэтгэдэг ажил эрс цөөрч цаг хугацааг хэмнэх болсон. Анагаах ухааны тоног төхөөрөмж шинэ түвшинд гарч мэс ажилбар хийх гэдэг зүсч, огтолдог байсан саяхны ойлголт хүмүүсийн ой ухааны архив руу шилжиж, компьютер дурангийн аргаар богино хугацаанд гүйцэтгэж, эдгэрэх хугацаа нь богино болоод байгааг бүгд мэдэх болсон. Хүний эрхтэнийг нэгээс нөгөөд нь шилжүүлэн суулгах гэдэг эгээ л жирийн үзэгдэл болж манай төв эмнэлгүүдэд хийдэг ердийн мэс ажилбар болоод байна. Бас дэлхий ертөнц дээр болж байгаа аливаа сайн муу явдал, шинжлэх ухааны нээлт ололтыг тухай бүр нь үзэж хардаг. Галт уул дэлбэрсэн ч, газар шилгээн хөдөлсөн ч, их ус сав, гольдролдоо багталгүй үерлэсэн ч тэр эгшинд нь хаана, хэзээ ч байсан бид үзэж хардаг болсон. Энэ бол нэг талаас мэдээлэл, учир шалтгааныг нь мэдээлэгчид ярьж хөөрдөг болохоор мэдлэг. Бас эндээс эрчимтэй хөгжлийг дагаад хорвоо ертөнц жижгэрч, хүмүүн бид томроод байгаа ч юм шиг сэтгэгдэл төрнө. Энэ бол харин дан ганц хувь хүний увидас биш. Хүмүүн төрөлхтний хамтын хичээл зүтгэлийн үр дүн. Энэ бол боловсрол.

Хүүхдийн тоглодог тоглоом, үздэг зүйл ч энэ л шинэчлэл хувьсалтай хөл нийлүүлж байгааг сүүлийн хэдхэн жилийн дотор хүүхэдтэй манай айл бүрд орж ирсэн тоглоом бэлээхэн харуулна. Компьютер тоглоомын үйлдвэрлэлд 3D цаашлаад 4, 5D болтлоо хөгжиж бодит орчинд орсон мэт сэтгэгдэл төрүүлэх боллоо. Энэ бүхэн бол нийгэм, айл гэрт орж ирээд хүүхдэд, хүүхдийн хүмүүжилд, эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаанд нөлөөлж эхлээд байгаа үзэгдэл. Өнөөдрийн хүүхэд өчигдрийн хүүхдээс эрс ялгаатай болоод байгаа нь маргашгүй үнэн. Энэ бүхний уг үндэс нь хүүхдийн хувьд ч, аав ээж, насанд хүрсэн хүний хувьд мэдээллийн эх сурвалж эрс өөрчлөгдсөн, харин ч бүр боловсролын шинжтэй агуулга их болоод байгаагийн үр дүн гэж хэлж болно. Чухам үүнийг Олон улсын мэргэшсэн байгууллага болох ЮНЕСКО аль эрт ХХ зууны 1980-аад оны дундуур албан бус буюу nonformal educamion гээд томъёолчихсон юм билээ.

Харин Монголд байдал ямар байгааг эргэцүүлэх гээд үзье. Шинэчлэгдэн хувьсаж байгаа өнөөгийн нөхцөлд сургууль, боловсролын байгууллага суурь дэвсгэр болох ёстой гэдэгтэй маргах хүн үгүй биз. Сургууль боловсролын байгууллага хийгээд багш нар саяхан болтол шинжлэх ухааны гэх үү, шинэ ул суурьтай (хүүхдийн хувьд) гэх үү мэдээллийн цорын ганц эх сурвалж байсан. Харин одоо тийм биш болоод байна. Эндээс үүдээд багш-эцэг эх, багш-хүүхэд, багш-сургалтын агуулгын хоорондын харьцаа ямар байна вэ. Ойр ойрхон өөрчлөөд байгаа агуулгын өөрчлөлт цаг үеийн шаардлагад нийцэж байна уу гэсэн асуулт л гарч ирнэ. Гэтэл энэ бүх өөрчлөлт хувьслын эх суурь болох боловсролын салбар тэргүүлэх түүчээ биш тэвхдэж хойш чангаах болоод байна. Хоцорч байгаагийн шалтгаан нь олон хүчин зүйлээс хамааралтай болж таарна.

Хоёр хүмүүжүүлэгч талуудын ялгаатай хандлага

Манай зарим төрийн захиргааны байгууллагын зүгээс ажиллуулах болсон хүүхдийн тусламжийн 108 утсанд 2018 оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл 850 дуудлага ирснээс 100 гаруй нь багшийн ёс зүй, багшийн харилцаатай холбоотой байна гэж мэдээллийн цахимд дурдсан байна. Тайлбар ойлгомжтой. Багш нар ёс зүйгүй байна гэсэн хардалт дагуулсан шүүмжлэлээр өрнөнө. Гэвч өөр өнцгөөс харж болно. Багш хүн ямагт хүүхдийн хөгжил, төлөвшлийн төлөө зүтгэдэг гэдэгт олон хүн эргэлзэхгүй байх. Өөрөөр хэлбэл, хүүхэд сурах үүргээ хэрхэн ухамсарлаж байгаад бас учир байж болох. Сурагчдыг шүүмжлэх гэсэнгүй. Орчин үеийн гэр бүлд хүүхдийн эрх тэгш, ардчилсан хэмээх тодотголтой хүмүүжлийн тог­толцоо ноёрхож, хүүхэд бол бүхнээс ч дээгүүрт хэмээн шүтэх үзэл, тэдний гэр бүлийн шийдвэр гаргахад нөлөөлөгч чухал гишүүн гэж далд ухамсартаа хүлээн зөвшөөрч, хүүхдийн гаргадаг өдөр тутмын зан аальд тавих шаардлага багасч, гэр бүлийн орчинд хөдөлмөрөөр /тухайн хүүхдийн насанд тохирсон/ хүүхдийг хүмүүжүүлэх тогтолцоо үгүй болох хандлага ажиглагдаж байна. Үүнээс үүдэн багшийн хүүхэдтэй ажиллах арга барил (харилцааны хэв шинж) эцэг эхчүүдийн хүүхэддээ хандах байдал тэнгэр газар мэт ялгаатай байдал үүсч байна. Үүнийг хүүхэд дүгнэхдээ багш ёс зүйгүй гэж хүлээн авахад хүргэж байхыг үгүйсгэхгүй юм. Учир нь сургууль, сурах үйл ажиллагаа нь хүүхдийн өмнө харилцааны шинэ сорилт, шийдвэрлэх шаардлагатай асуудал /даван туулж чадахгүйд хүрвэл хямрал болтлоо даамжирах эрсдэлтэй/, тэсвэр тэвчээр шаардсан, олон урсгалт харилцаанд орох нөхцөл болдог.

Сургууль нийгмийн шалгаралд идэвхтэй орж байна

Сургууль нь хүүхдэд нийгмийн туршлагыг хуримтлуулж, түүнийг зүй зохистой хэрэглэх онцгой орчин гэж бодвол өнөөдөр ямар байгаа талаар товч эргэцүүлэхийг оролдъё. Сургууль өнөөдөр нийгмийн шалгаралд идэвхтэй орж байна гэж хэлэхэд огт дэгсдэхгүй болов уу. Нэг талаас нийгмийн өмнө хүлээсэн өндөр хариуцлага, хойч ирээдүйг хөгжүүлэх бэлтгэн гаргах уурхай ч гэж уянгалуулан ишлэх ч тохиолдол гарч байдаг. Бас заримдаа сургууль нь хүүхдийг хэдэн цаг аргацаах газар гэж хэлэх нэг хэсэг байсаар байна. Өнгөрсөн жил багш нарын ажил хаялт явагдаж байх үед эцэг эхчүүд, зарим мэдээллийн хэрэгслээр үүнтэй холбоотойгоор хүүхэд өдрийн цагаар эзгүйдэж, эцэг эх, асран хамгаалагчийн хувьд хүүхдээ ажил албандаа дагуулж явах, гэрт нь цоожлох, хүүхдийг харах хүнгүй үлдээх нөхцлийг бий болгож байна. Энэ нь хүүхдийн асран хамгаалал, аюулгүй байдал, тэдний дээд эрх ашиг болон хөгжих эрх зөрчигдөж байна гэж идэвхтэй сурталчилгаат шүүмжлэлийг харуулсан. Үүний гаргалгааг харахад сургууль нь хүүхдүүдийг аюулгүй орчинд түр харах үйлчилгээний байгууллага мэт харагдаж байна.

Нөгөөтэйгүүр хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх тэдний тэмцэл нь сургуулиудын өрсөлдөөнийг бий болгож байна. Хүүхэд нь зургаан нас хүрэхээр ямар сургуульд оруулах вэ гэдэг эрэл хайгуулыг идэвхтэй хийж эхэлнэ. Ихэвчлэн сурагчдын ЭЕШ-д үзүүлсэн амжилт, гадаад хэлний мэдлэгийг хэрхэн сайн олгож бай­гаагаар нь үнэлж, дүгнэдэг. Тэр сургуулийн сургалт нь сайн, төгсөг­чид нь гадаад, дотоодын улсын их сургуу­лиудад амжилттай элсдэг гэх албан бус эх сурвалжуудад тулгуурлана. Ийнхүү эцэг эхчүүд харьяалал үл хамааран хүүхдээ оруулах сайн сургууль сонгохоор ямар багшид өгөх вэ гэдэг дараагийн судалгааг хийж эхэлдэг. Мэдээж ямар багшийн анги шалгалтад амжилттай дүн үзүүлдэг, ямар багш олимпиадад амжилттай бэлт­гэж оруулдаг гээд шалгуур олон. Эдгээр нь багш нарын дунд нууцхан өрсөлдөөн гэхээсээ илүү атаар­хал, хардалт зэрэг нийгмийн сөрөг хандлагыг ч дэлгэрүүлдэг байх магад­лалтай юм. Тиймээс багш нарын нийг­мийн үүрэг, хариуцлага өмнө бай­гаа­гүй­гээр ихсэж байна. Үүний нэг жишээ нь хүүхэд-эцэг эхийг хооронд нь холбож өгч, тэднийг хүүхдийнхээ бие хүний хөгжил, сурах үйл ажиллагаан дахь оролцоог бодитой болгоход соён гэгээрүүлэх, арга зүйн чиглүүлэх ажлыг давхар хийх шаардлагатай тулгараад байна.

Орчин бол сургалтын чанарын нэг үзүүлэлт

Сургалтын эрүүл аюулгүй, таатай нөхцлийг бүрдүүлэгч нэг хүчин зүйл нь сургуулийн материаллаг болон орон зай-архитекторын орчин болоод байна. Архитектор орчин нь хүүхдүүдийн сэтгэл санааны байдал, тэдний зан төлөвт шууд утгаараа нөлөөлөх бодит хүчин зүйлийн нэг мөн болохыг эрдэмтэд төрөл бүрийн судалгаагаар нотолсоор байгаа. Үүнийг интерьер дизайны салбар эрчимтэй хөгжүүлсээр байна. Одоогоос 100 жилийн өмнө нэрт эрдэмтэн Жон Дью сургууль бол боловсролыг шууд олгодоггүй харин орчныг нь арга хэрэгсэл болгох замаар онцгой нийгмийн орчинд байгаа төрөл бүрийн хүчин зүйлсийн тэнцвэрийг хангах, хувь хүнийг өөрийн төрсөн нийгмийн бүлгийн хязгаарлагдмал орон зайд баригдалгүйгээр өргөн хүрээнд харилцах боломж олгох газар байх ёстой хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс сургуулийн орчинг илүү интерактив, тэднийг идэвхтэй байдалд уриалсан, сургуулийн хаана ч гэсэн чөлөөт цагаа найзуудтайгаа хамт өнгөрөөх, хамтран суралцах  сэдлийг өдөөхөд чиглэсэн байхыг шаардсаар байна. Самбар нь хуруугаар мэдрэх, видео цахим материалыг чөлөөтэй ашиглах ухаалаг дэлгэцээр сургалт явуулах анги танхимын тохижилт хүүх­дүүдийн сонирхлыг татаж, таатай байдлыг бүрдүүлэх хэрэгцээг нэмэгдүүлсээр байна. Үүнийг бий болгох тал дээр мөн л хувийн хэвшлийн сургуулиуд тэргүүлсээр байна.

Сургалтын технолгийн идэвхтэй эрэл хайгуулын цаг үед тулж ирээд байна

Сурах үйл ажиллагааг багш мэдээ­лэл дамжуулж, шууд удирддаг байсан тогтолцоогоор төсөөлөхөө больсон энэ үед тэдэнтэй ажиллах, харил­цах, тэдний сурах арга барилыг оновчтой удирдан, зохион байгуулахын тулд орчин үеийн хүүхдийн мэдлэг эзэмших арга барилыг судалгааны үндсэн дээр олж илрүүлэн, тэдэнд тохирох арга зүйг олон хүчин зүйлт тогтолцооны үүднээс сэдэж, боловсруулах хэрэгцээ бий болж байна. Өнөөдөр хүүхдийн идэвхтэй байдлыг өдөөх хүчин зүйлүүд мэдээлэл харилцааны технологид суурилан улам бүр төвөгтэй болж байгааг нийгмээрээ хүлээн зөвшөөрсөөр байгаа. Сайны хажуугаар саар гэгчээр цахим хэрэглэгдэхүүн эрчимтэй хөгжихийн хэрээр хүүхдийн сэтгэцийн хөгжилд нөлөөлөх сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна. Үнэндээ цахим сургалтын үйл ажил­лагааг эрчимтэй хэрэглэснээс ч биш зөвхөн цахим тоглоомыг олон цагаар тоглож байгаад л хамаг учир байгаа. Гэтэл тоглоом зөвхөн сөрөг үр дагавартай юу гэвэл бас үгүй. Түүгээр дам­жуулж хүүхдэд сэтгэлгээний хурд, мэдээ­лэл авах чадвар нэмэгдэж байна. Гагцхүү үүнийг сургалтын үйл ажиллагаатай оновчтой уялдуулж мультимэдиа онлайн, цахим сургалт, видео, нийгмийн хамарсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, блог, интерактив хэлбэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн сургалтад нэвтрүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах нь чухал болоод байна. Багш нар тулгамдаж буй асуудлаа шийдүүлэхийн тулд жагсаал цуглаан хийж, хэд хэдэн удаа өргөн хэмжээнд ажил хаялт зохион байгуулсан. Гол төлөв нийг­мийн асуудлаа шийдүүлэхийг шаард­сан. Үүнийг дэмжих нэгэн байхад буруутгах хүн ч байсан. Өөр аргагүй бай­далд хүрсэндээ манай улсад өмнө нь байгаагүй, бараг үгсийн санд ч байгаагүй ажил хаялт хэмээх ажиллагааг манай багш нар анх удаа улсын хэмжээнд зохион байгуулсан.

Б.МЯГМАРЖАВ  Боловсролын сэтгэл судлаач

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.26 № 87 (6054) 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602700
2 эможи

Зочин
2019-04-26 09:19
bayarlalaa goe medeelel bailaa
keyboard_arrow_up