COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах төслийн үр шимийг эхний жилд 2,982 хүн хүртэнэ

2018 оны 8 сарын 17

Arslan.mn

БСШУСЯ, Япон Улсын гадаад хэргийн яам, Хүүхдийг ивээх сан хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл”-ийн талаар Хүүхдийг ивээх сангийн боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн Ч.Пүрэв- Очиртой ярилцлаа.

-Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах урт хугацааны төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн зорилго ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг болон Өвөрхангай, Ховд аймагт гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Төсөл зорилтот дүүрэг, аймгийн төрийн өмчийн сургууль, насан туршийн боловсролын төвд суралцаж буй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд хүртээмжтэй боловсрол олгох зорилготой. Нэг үгээр хэлбэл, боловсролд тэгш хамруулах гэдэг нь суралцагсдын харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ, хэл соёл, нийгмийн гарал, эдийн засгийн хүчин зүйлсийг үл хамааран хүн бүр тэгш боловсрол эзэмших эрхийг хангах юм.

Япон улсын гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж байгаа энэхүү төсөл маань дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэгдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулиудад тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бүрдүүлнэ. Ерөнхий боловсролын сургууль тусгай болон ерөнхий гэсэн хоёр янз байдаг. Гэтэл тусгай сургуулиуд зөвхөн Улаанбаатар хотод л бавдаг учраас хөдөө орон нутагт хүрч ажиллах боломжгүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд боловсрол эзэмшихэд нь хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл туслах болно.

Хоёрдугаарт аймаг, дүүргүүдийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран хичээл завсардсан хүүхдүүдэд боловсролоо нөхөн эзэмшихэд нь туслах зорилготой юм. Өөрөөр хэлбэл, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч ажиллана. Төлөвлөж, хэрэгжүүлж байгаа эдгээр ажлаа олон нийтээр дэмжүүлэхийн тулд эцэг эх, боловсролын ажилтнуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх шаардлагатай. Эцэст нь гурван жил хийсэн ажлынхаа үр дүнг боловсруулж бодлого боловсруулагчдад зориулан зөвлөмж гаргаж, туршлагаа түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллана.

-Төслийн хүрээнд хүүхэд бүрийг тэгш боловсролд хамруулах зарчмыг дэмжиж ажиллах талаар багш, боловсролын ажилтнуудад чиглэсэн ямар ажил хийх вэ?

-Сургуулийн бага боловсролын болон насан туршийн боловсролын төвийн багш, ажилчидтай хамтран ажиллана. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн багш нарт боловсролд тэгш хамруулах мэдлэг, ойлголтыг хүргэж ур чадварыг дээшлүүлэх сургалт хийнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах аргазүй, хүүхэд тус бүрийн хөгжлийн онцлогт тохируулан заах чадвартай болоход нь туслах юм.

-Хүүхдийн хөгжлийн онцлогт тохируулан боловсрол олгохтой холбогдуулан асуухад тусгай сургуулийн хүүхдүүдтэй харилцах нөлөөллийн ажил хэр хийх вэ. Мөн тусгай сургуулиуд руу чиглэсэн ямар ажил төлөвлөж байна вэ?

-Хүүхдүүд ухамсаргүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гадуурхахгүй байх гэж бодож байна. Гэхдээ сурагчийн зөвлөл, эцэг эхийн зөвлөл зэрэг дотоод бүтцээр нь дамжуулан хүүхдүүдэд зөв хандлага бий болгож тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй нөхөрлөх, тэднийг дэмжих, туслах гэх мэт эерэг хандлагыг бий болгохыг хичээнэ. Мөн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд нэмэлт сургалтын орчинг бүрдүүлж, хэрэгцээтэй сургалтын материалаар хангана.

-Төсөлд хэчнээн хүүхэд, боловсролын ажилтан хамрагдаж үр шимийг нь хүртэх вэ?

-Төслийн үр шимийг шууд хүртэгч нь эхний жилд 2,982 хүн байна гэж тооцож байгаа. Төсөлд сургуулийн удирдах ажилтнаас эхлээд эцэг эхийн зөвлөлийн гишүүд гээд олон талыг хамруулахыг зорьж байна. Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд төсөлд хамрагдах хүний тоо 5,930 хүн болж нэмэгдэнэ. Харин шууд бусаар 13,942 хүн төслийн үр дүнд мэдлэг, чадвар, хандлагаа өөрчлөх бол эхний жил 3,490 хүн байна гэж үзэж байгаа.

-Монголын боловсролын салбарт хувь нэмэр оруулахуйц, ялангуяа хүүхдүүд рүү чиглэсэн энэхүү томоохон төслийн багийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төслийн хүрээнд таван хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулсан. Төслийн багийнхан маань насан туршийн боловсролын төв, эцэг эхчүүд, олон нийттэй харилцах зэргээр тус тусынхаа чиглэлийг хариуцан ажиллах юм. Бид төслөө амжилттай үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллана.

-Монголын боловсролын салбар, Монгол хүүхдүүдэд оруулах хувь нэмэр гурван жилийн дараа ямар байх бол. Төслөөс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Зорилтот найман сургуулийн бага боловсролын 196 багш, ажилтанд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн талаар мэдлэг олгож, аргазүйд сургаж, хүүхэд тус бүрийн хөгжлийн онцлогт тохируулан заах чадвартай болгоно. Цаашлаад насан туршийн найман боловсролын төвийг сонгож бага боловсролын 46 багш, ажилтны тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлнэ.

Янз бүрийн шалтгааны улмаас хичээл завсардсан, ердийн сургуульд шууд орох боломжгүй, боловсролоо нөхөх шаардлагатай, насны ялгаатай хүүхдүүд холимог ангийг бүрдүүлдэг. Багш нар ийм ангид хичээл заах аргазүйтэй болж, бэлтгэл нь хангагдсан хүүхдүүдийг ердийн сургуульд эргүүлэн хамруулж, дэмжлэг үзүүлж чаддаг болно. Мөн эцэг эхчүүдийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, тэгш хамруулан сургах боловсролын ач холбогдлыг ойлгуулах юм. 

БСШУЯ, МУБИС, Насан туршийн боловсролын төв зэрэг байгууллагуудын хүүхэд нэг бүрийг боловсролд тэгш хамруулах ажлыг дэмжиж ажиллана. Уг төслөөр дамжуулан янз бүрийн шалтгааны улмаас сургуульд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг хүлээн авч байгаа байгууллага болон сургуулиудын тогтолцоог бэхжүүлснээр боловсролын салбарын нийгмийн суурь үйлчилгээг бэхжүүлэхэд нэмэр болно гэж үзэж байгаа.

Монгол Улсын Засгийн газар тусгай сургуулийг нэмэгдүүлэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх чиглэл барьж байгаа. Ердийн ангид эдгээр хүүхдүүдийг хүлээн зөвшөөрөхүйц тэгш хамруулан сургах боловсролыг дэмжих шаардлагатай байна. Харин энэхүү төсөл нь энэ зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт Хүүхдийг ивээх сан итгэл төгс байна.

-Хүүхдийг ивээх сан өмнө нь ийм төрлийн төсөл хэрэгжүүлж байсан уу?

-Хүүхдийг ивээх сан нь Монгол Улсад 1994 оноос ажиллаж эхэлсэн. Боловсрол, Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал, Хүүхдийн ядуурлыг бууруулах, Эрүүл Мэнд, Хүмүүнлэгийн яаралтай тусламж гэсэн хөтөлбөрүүдтэй. Улаанбаатар хот, Дорнод, Архангай, Өвөрхангай аймгуудад салбараа тогтвортой ажиллуулж байгаа. 

Энэ хугацаанд боловсролын төрлийн олон төсөл хэрэгжүүлж үр дүнг нь үзсэн. Төслүүд маань хэрэгжих нийгэм, цаг үеийнхээ хувьд ялгаатай байсан боловч зарчмын хувьд нэг байсан юм. Тиймээс энэ удаагийн төсөл амжилттай хэрэгжиж зорьсон үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593926
0 эможи

keyboard_arrow_up