COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

2018 оны 6 сарын 29

Arslan.mn

Сурах сургуулиа зөв сонгох нь таны амьдралдаа гаргаж байгаа магадгүй хамгийн том, чухал шийдвэр байж болно. Олон зуун сургуулиас өөрт тань тохирсон сургуулиа сонгоход эхлээд өөрөө өөрийгөө маш сайн мэддэг байх хэрэгтэй. Иймээс таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол сургуулиа хайх биш, харин өөрөө өөрийгөө тал бүрээс нь дүгнэж, танин мэдэх явдал юм.. Ихэнх оюутнууд өөрийгөө сайн таньж мэдээгүй байж шууд сургуулиа хайж эхэлдэгээс тэдний хийсэн сонголтууд ихэвчлэн буруу байдаг. Сургуулийн танилцуулга, каталоги зэргийг үзэж эхлэхээсээ өмнө та өөрийгөө жинхэнэ оюутан хүн хэмээн төсөөлбөл илүү үр дүнтэй байх болно.
Нэгдүгээр алхам: Оюутан хүнд байх ёстой шинж чанар танд байгаа эсэх
* Идэвхтэй суралцах чадвар
* Шинэ мэдлэг олж авах чадвар, хүсэл эрмэлзэл
* Харилцааны соёл
* Биеэ даасан байдал
* Мэргэжлийн талаарх ойлголт
* Нийгмийн идэвх
* Өөрийгөө бусдад ойлгуулах чадвар
* Сургуулийн ба нийгмийн амьдралын тэнцвэр
* Суралцах орны хэлний мэдлэгийн түвшин
* Гэр бүлийн санхүүгийн байдал
* Тэтгэлэгт уралдаанд өрсөлдөх чадвар гэх мэт.
Хоёрдугаар алхам: Сургуулиа сонго
Тухайн орны буюу сургуулийн хичээлийн улирал эхлэхээс 18 сарын өмнө сургуулиа хайж эхлэх хэрэгтэй бөгөөд сургууль сонгох явц нь пирамид хэлбэртэй байна. Юуны өмнө та суралцах хүсэлтэй буюу боломжтой улс орныг сонгоод, тухайн орны талаар тодорхой ойлголттой болохын зэрэгцээ аль муж, хотод суралцахаа сонгоно. АНУ-д ойролцоогоор 3000 гаруй улсын болон хувийн коллеж, их, дээд сургууль байдаг. Ийм олон сургуулиас өөрт тохирсон ганцхан сургууль олохын тулд маш их цаг зарцуулах шаардлагатай боловч сургууль хайх тодорхой хэдэн үзүүлэлт байдаг.
Мэргэжил: Сурагч А эхлээд компьютер болон холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэг олгодог сургуулиудыг сонгоно. Ийм мэргэжлээр суралцуулдаг 1000 орчим сургууль байгаа тул дараахи үзүүлэлтийг ашиглан газарзүйн байршлаар нь ангилан үзнэ. АНУ нь газарзүйн 6-7 бүст хуваагддаг, бүс нутаг нв өөр өөрийн уур амьсгал, газар зүйн онцлог, хүн ам, амьдралын нөхцлөөр ялгаатай байдаг. Сурагч А Америкийн баруун эрэг, Нью-Йорк хотын зэргэлдээ орших мужид суралцах сонирхолтой байгаа тул судалгаа хийж нийт 170-орчим сургууль байдгийг мэдэв. Дараагийн шатанд сургуулийн сургалтын төлбөр, мөн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг эсэх талаар судалгаа хийнэ. Сурагч А нь сургалтын төлбөр харьцангуй багатай жижиг хотын сургуулиудыг сонгосон тул судалж буй сургуулийн тоо нь 50 орчим болон цөөрсөн байна. Энэхүү cургуулиудыг дараагийн шалгуураар дахин харьцуулж үзнэ. Үүнд:
* Суралцаж байгаа нийт оюутны тоо
* Олгох мэргэжил
* Оюутнуудын гарал угсаа
* Суралцах орчин
* Элсэн ороход тавигдах шаардлага
* Суралцах явцад тавигдах шаардлага
* Хотын хэмжээ
* Ажил эрхлэх боломж
Эдгээр шалгууруудыг хэрэглэснээр сурагч А-гийн судалж буй сургуулийн тоо нь 20 орчим болсон байна. Сургууль сонгох үйл явцын нэгдүгээр болон хоёрдугаар алхмуудыг хийж эхэлснээс хойш бараг хагас жил өнгөрлөө. Үлдсэн сургуулиудын гадаад оюутны асуудал хариуцсан албанд тухайн сургуульд суралцах сонирхлоо илэрхийлсэн захиа бичиж өргөдлийн маягт ирүүлэхийг хүснэ. Захиандаа санхүүгийн тэтгэлгийн талаар заавал асуугаарай! Монгол оюутан элсүүлэх сонирхолтой сургуулиудаас ирүүлсэн өргөдлийн маягт болон бусад мэдээллийг үндэслэн сургуулиудаа дахин нэг харьцуулж үзэхдээ доорхи хүснэгтийг ашиглавал зохино:
Харьцуулалтын хүснэгт
Үзүүлэлт 1-р сургууль 2-р сургууль 3-р сургууль 4-р сургууль
Байршил
Сургуулийн төрөл
(улсын, хувийн )
Сургуулийн хэмжээ
Олгох мэргэжил
Дотуур байр
Тусгай хөтөлбөр
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Спорт
Оюутнуудын
гарал угсаа
Нийгмийн амьдрал
Суралцах орчин
Нийт зардал
Санхүүгийн дэмжлэг
Хэлний бэлтгэл
Зуны сургалт
Ажил хийх боломж

Гуравдугаар алхам: Хэлний шалгалт
Бакалаврын зэрэгт суралцахад өөрт чинь заавал Англи хэлний мэдлэгийн шалгалт (TOEFL)-ын дүн хэрэгтэй болно. АНУ-ын ихэнх коллеж, их дээд сургууль гадаад оюутнаас 500- 550, болон түүнээс дээш оноо авсан байхыг шаарддаг. Энэ шалгалтыг Улаанбаатар хотод ТИС-ийн Технологи дамжуулах төв дээр тодорхой хуваарийн дагуу жилд 5 удаа авдаг тул шалгалтанд урьдчилан бүртгүүлж, сайн бэлдэх хэрэгтэй. Өргөдлийн маягтыг сургууль руу явуулах үед хэлний шалгалтын дүн хэрэгтэй болно гэдгийг тооцоолон шалгалт өгөх хугацаагаа төлөвлөх хэрэгтэй гэдгийг анхаараарай! Шалгалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг манай төвийн TOEFL шалгалтын тухай товч мэдээлэл нэр бүхийн гарын авлагаас олж болно.
Дөрөвдүгээр алхам: Өргөдлийн маягт
Сургуулийн элсэлтийн өргөдлийн маягтыг бөглөх үед өргөдөл хүлээж авах төлбөр төлөх ёстой болно гэдгийг бодолцож, сургуулиудаа дахин шүүж үзэх хэрэгтэй. Сургууль бүрийн бүртгэлийн төлбөрийн хэмжээ ялгаатай бөгөөд 10-70 ам.доллар байдаг. Сургууль хайж буй хүмүүс голдуу 2-6 сургуульд өргөдлийн маягт явуулдаг. Өргөдлийн маягтыг хичээл эхлэхээс 10-12 сарын өмнө бөглөж явуулах хэрэгтэй. Эрт явуулах нь 1-рт өргөдөл хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө амжина; 2-рт хэрэв дутуу материал байвал гүйцээж өгөх боломжтой; 3-рт санхүүгийн тусламж авах оюутнуудын тоонд багтах илүү боломжтой байдаг. Сургуулийн шаардлагыг хангасан, санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн бол таньд тухайн сургуулиас суралцуулахыг зөвшөөрсөн захидал болон бусад холбогдох бичиг баримт ирүүлнэ. Хэрэв 1-ээс дээш сургуульд тэнцсэн бол бусад сургууиудад суралцахгүй гэдгээ заавал мэдэгдэх шаардлагатай!
Тавдугаар алхам: Сургуульд явахаас өмнө
Одоо танд хувийн бэлтгэлээ базаах, тухайн орны оюутны визийн мэдүүлэгт орох, онгоц буюу галт тэрэгний билетээ захиалах л үлдлээ. Гадаадад сургуульд явахад анхаарах зүйл сэдэвт зөвлөгөөг манай төвөөс авч болох бөгөөд үүний тулд та дээр дурдсаны дагуу бага ч болов хөдөлмөрлөхийн зэрэгцээ урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

Эх сурвалж: Боловсролын зөвөлгөө мэдээллийн төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
59104
1 эможи

keyboard_arrow_up