COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдээ сургуульд ороход нь хэрхэн бэлтгэх вэ?

2018 оны 4 сарын 10

Arslan.mn

Хүүхэд маань ирэх намар сургуульд орно . “Үсэг нүдлүүлэх юм болов уу, гар хурууг нь зүгшрүүлж хэдэн хуудас юм бичүүлэхээс” гэх эцэг эх хот хөдөөгүй тааралддаг . Цагаан толгойгоо мэддэг хүүхдэд багшийн зааж буй хичээл сонин биш , үсгээ буруу бичээд сурчихвал засаж залруулах гээд бөөн ажил болно. “ За , бэлтгэл бүлэгт хэд хоног хичээлчихсэн юм чинь ажрахгүй байлгүй” гэх эцэг эх ч бий. Тэгвэл танд хэрэг болохуйц доорх зөвлөгөөг хүргэж байна.


Сургуульд бэлтгэх олон талтай

Хүүхдийг сургуульд бэлтгэх нь тэдний хөгжлийн олон талыг хамаарна .

Хүүхэд тань сэтгэл санааны хувьд бэлэн байх, өөрийгөө бие даан авч явах, тохиолдох саад бэрхшээлийг даван туулах тэсвэртэй мөн сурах хүсэл сонирхолтой, зүтгэл чармайлт гаргахад бэлэн, айж эмээхгүйгээр санаагаа чөлөөтэй хуваалцах, бусдын ярьсныг ойлгох, тодорхой хугацаанд анхаарлаа төвлөрүүлэн барих, тогтоох, бодож сэтгэх чадвартай байх зэрэг олон зүйлийг хамаарна. Үүнд мөн хүүхдийн бие махбодийн хөгжил, эрүүл мэндийн байдал хамаарна. Хүүхдийн хараа болон сонсголын чадвар нь тэдний унших, бичих амжилттай холбогдоно.

Хүүхдэдээ хэрхэн туслах вэ ?

Хүүхэд бэлтгэгдээгүй, суралцах ерөнхий арга барил эзэмшилшүй сургуульд шууд элсэн суралцах нь багш эцэг эх болон хүүхдэд бэрхшээл учруулдаг. Иймд хүүхдээ сурагч болоход нь туслах зарим санааг дор дурдлаа .

Өөрийгөө бие даан авч явах сургуулийн сурагч болмогч цүнх, дэвтэр номдоо эзэн болохоос эхлээд хувцсаа өмсөж тайлах, бие засах гээд л бүх зүйл хүүхдийн толгой дээр ирнэ . Тиймээ та эхлээд хүүхэд маань өөрийгөө бие даан авч явахад ямар хүндрэл гарах билээ гэдгийг эрэгцүүлэн хянаж шаардлагатай зүйл дээр нь туслаарай. Жнь: хүүхэд тань гутлаа үдэж чадаж байна уу, ариун цэврийн цаас хэрэглэж чадаж байна уу? түр хугацаагаар гэрт түр орхих гэх зэргээр туршиж үзэж болох юм .

Тэвчээртэй болох хичээл дээр багш нэрийг нь дуудтал, эсвэл хонх цохих хүртэл хүүхэд хүлээх хэрэгтэй болно. Иймд хүлээж сурахаас эхлэх нь чухал. Үүний тулд хэр хэмжээнд тохирсон бага зэрэг хүлээх тохиолдлыг бодож олж дасгалжуулаарай. Мөн сурагч хүнд хийж буй зүйлээ дуусгах, тэсвэр тэвчээр шаардана. Үүний тулд эхлээд богино хугацаанд гүйцэтгэх яваандаа арай удаан хугацаанд гүйцэтгэх дасгал даалгавар хийлгээрэй.

Хичээлд оролцоход Сургуулийн анги танхимд хүүхэд өөрийнхөө зоргоороо байх боломжгүй, зөвхөн ангид явагдаж байгаа хичээлд оролцох, багшийн хэлсэн шаардсаныг биелүүлэх үүрэгтэй болно. Энэ үүрэгт дасгахын тулд гэртээ хувцасаа эмх цэгцтэй тавих, загас амьтанаа хооллох, аргал түлш оруулах гэх мэтээр ямар нэг үүрэг даалгавар хүлээлгэн биелүүлдэг дадалтай болгоорой.

Бүтээгүй зүйлдээ гутрахгүй байхад

Энэ насны хүүхэд өөрийгөө хамгийн сайн нь гэж ойлгож, үргэлж тийм байхыг мөрөөддөг. Гэтэл сурагч хүнд ийм боломж байх олдоод байхгүй. Алдаа хүүхдэд чухал сургамж болдог. Тухайлбал, Хэрэв дулаан өдөр нэхий өмсөнө гэьэл өмсүүлчих, гэхдээ тохиромжтой хувцас илүү аваад яв . Хэрэв тэр халууцлаа гэж гонгиноод байвал “би чамд хэлээ биз дээ" гэж хэлхээ түр хүлээ . Түүний оронд халуун байгаа юм чинь үүнийг өмсөх үү? “ гэж асуу . Иигэсэнээр түүний өөртөө итгэх итгэл буурахгүй, бас заримдаа алдаа гаргаж болно гэдгээ мэдэрнэ .

Томоотой сууж сурахад

Сурагч болсон эхний үед ангид томоотой суух хэцүү байдаг тул хөдөлгөөнөө хорьж барихад суралцах хэрэгтэй болно. Хүүхдэд үлгэр, өгүүллэг уншиж өгөх, зурах, будах баримлаар барих, хайчлаж наах, дүрс эвлүүлэх шүр хэлхэх зэрэг үйл нь томоотой сууж бусдыг сонсож сурах үндсэн дасгал сургуулилт болно. Мөн хүүхдэд хэдийд юу хийх нь өөрөөр хэлбэл өдрийн дэглэм тодорхой, түүнийгээ баримтлаж хэвшвэл хүүхэд сургуульд ороход тохиолдох бэрхшээлийг даван туулахад тустай. Учир нь амьдларалд нь шинэ өөрчлөлт орж ирэх үед эхлээд юу хийх, дараа нв юу хийхээ мэдэж байвал хүүхэд харьцангуй тайван хүлээж авах болно .

Санаа бодлоо илэрхийлж сурахад

Хэл ярианы хөгжил сайтай хүүхдүүд өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, нөхцөл байдалд хурдан үнэлэлт, дүгнэлт өгдөг, насанд хүрэгчид шиг аливаа зүйлд ултай ханддаг бол харин үг дуу цөөтэй зарим хүүхэд бусдын царай хардаг, аливаа зүйлд амархан шантардаг, нийтэч биш байх нь ажиглагддаг. Хүүхдийг гэртээ сургууль дээрээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгоход цэцэрлэгийн багш төдийгүй эцэг эх анхаарч, эртнээс бэлтгэнэ . Таваас зургаан настай хүүхэд ярих их дуртай голдуу өөрөө санаачилж ярьдаг. Тэд шинэ соргог зүйлс, үйл явдлыг дурсан ярих болгонд орчноо танин мэдэх үйл явц тархинд улам идэвхижиж байдаг. Хүүхэд аливааг хичээн олон дурсан санана, төчнөөн удаан энэ мэдээлэл түүний тархинд хадгалагдана. Иийм учраас болсон явдлын тухай хүүхэдтэйгээ ярьж түүнийг дэмжиж яриулж байгаарай.

Ой тогтоолтыг сайжруулахад

Сургуульд ороод хүүхэд тань олон үсэг нүдлэж тогтоох хэрэгтэй болно. Бас цифр тогтооно. Тэдгээрийг ашиглаг уншиж, бичиж, бодож сурна. Үүнд хүүхдийн тогтоох чавдар багагүй шаардагдана. Хүүхдийн ой тогтоолтыг сайжруулахын тулд хийсвэрээр, хүчээр шахаж шаардаж аливааг тогтоолгох гэлгүй аль болох өдөр тутмын амьдралтайгаа холбон энгийн хүүхдэд сонирхолтой арга барил хэрэглэхийг хичээгээрэй. Энэ насны хүүхдийн ой тогтоолтыг сайжруулахын тулд ажиглуулах, харьцуулах, ангилуулах үйл орсон ажигч гярхай чанарыг хөгжүүлэх тоглоомыг түлхүү оруулна. Ширээн дээр хэсэг тоглоом тавиад ажиглуулан хэсэг аугацааны дараа ямар тоглоом алга болсон эсэх, аль эсвэл аль байр нь солигдсон эсэхийг асууж ярилцана.

Сурагч болоход бас

Минии хүү охин удахгүй сургуульд орно, энэ чиний орох сургууль сайхан гэх мэтээр “сургууль” гэсэн сэдвийг хэдэн сарын өмнөөс хөндөж байвал зүгээр. Гэхдээ өдөр бүр энэ тухай яриа өрнөвөл тэд бас залхах болно. Цүнх ном дэвтэр, хувцас хунарыг нь бэлтгэхэд тэд баяртай байдаг. Сургуулиар дагуулж орох, сургуулийн талаар ярилцах нь тэдэнд таатай сэтгэгдэл, сургуульд яарах хүсэл төрүүлнэ. Хүүхэд тань цэцэрлэгт явдаггүй бол сургуульд элсэхийн өмнөх жил нь та хүүхдээ богино хугацаагаар ч болов цэцэрлэг явуулахыг хичээгээрэй. Энэ нь түүнд сургач болоход тулгарах олон бэрхшээлээс ангижирхад туслана.

Уншуулж, бичүүлж сургах нь зөв үү?

Судалгаанаас үзэхэд нэгдүгээр ангид уншиж, бичдэг, бүр арвын дотор бодож сурсан хүүхэд ч мэр сэр орж ирдэг ажээ. Зарим эцэг эх хүүхдээ хэнээс ч дутахгүй хүн байлгах, хурдан том хүн болох, хүүхдийнхээ юу сурч, хийж чаддагийг харах, бас сургуульд ороод онц сураасай гэсэн хүсэл эрмэлзэлдээ автан эрт уншуулж, бичүүлж сургадаг. Хүүхэд 3-5 насандаа уншиж сурах чадвартай байдаг. Гэвч уншуулж, бичүүлэх нь зөв үү гэдэг асуултыг энэ сэдэвт хөндөж байна .

Манай эцэг эхчүүд бусдаас түрүүлээд уншаад, бичээд сурчихвал хүүхэд нь сургуульд ороод хоцрогдолгүй сурах байх гэсэн өрөөсгөл ойлголттой явдаг ажээ. Тэд уншиж сурсан хүүхдээрээ бахархаж сургуульд ороод сайн сурна гэж итгэл дүүрэн байдаг. Гэтэл түрүүлж уншиж, бичиж сурсан хүүхдэд сургуульд орсны дараа олон асуудал, бэрхшээл үүсдэг байна .

Хүүхдийг цагаан толгойд тайлах, уншуулж бичүүлж, бодуулж сургах ажил нь сурган хүмүүжүүлэх ухааны үндэстэй, тусгай арга технологийн дагуу явагддаг, сурагч ба мэргэжлийн багшийн хамтын үйл юм . Уншиж, бичиж сураад сургуульд орж буй хүүхдүүдэд үүсэх зарим бэрхшээл, зөрчлийн талаар бага ангийн туршлагатай мэргэжилтэн, багш нар дараах дүгнэлт, саналтай байдаг ажээ.

Буруу уншиж сурсан хүүхдийг зөв арга барилд сургах нь шинээр сурахаас илүү хэцүү

Анхнаасаа буруу уншаад сурасан хүүхдийг зөв арга барилд сургах нь шинээр сургахаас илүү бэрхшээл үүсгэдэг. Зөвхөн цагаан толгой сургадаг арав гаруй нарийн арга технологи байлаг аж. Эцэг эх нь бага ангийн багш биш л бол үүнийг хэрэгжүүлэх боломжгүй. Гэтэл сургуульд багш үгийг үеийн аргаар таниулж холбуулдаг. Х-А-М-А-Р гэвэл буруу ХА-МАР гэвэл зөв байна . Тэд дармалаар бичээд сурчихсан байдаг. Гэтэл сургуульд том үсгийг дармал бичмэл, мөн жижиг үсгийг дармал, бичмэл гэх мэтээр нэг үсэг дээр 4 дүрсийг зэрэг сургадаг. Үсэг хоорондын холболтыг тэд огт буруу бичиж сурсан байдаг .

Бичүүлэх арга барил эзэмших нь мөн нарийн зүйл. Үсэг бүрийг бичих дэс дараалал, технологи байдаг, бас хоорондоо ялгаатай. Үсгийг гараа салгахгүйгээр бичнэ, дэвтрийн шугаманд тохируулж бичүүлэх тусгай техник бий. Бичих үед багш хүүхэд бүртэй тулж ажиллана. Гэтэл буруу бичээд түрүүлж уншаад сурсан хүүхдийн буруу арга техникийг засах нь шинээр сурахаас илүү хүндрэлтэй, багшаас тэдэнтэй ажиллах өөр арга барил шаардсан ажил болдог. Шинээр сурч буй хүүхдүүд зөв техникээр уншиж, бичиж сурч байхад нөгөө “их мэдэгч" хүүхдийн буруу арга барил нь бараг засраагүй үлдэж хоцрох нь түгээмэл.

Сурлагаар хоцрогдох

Энэ бүхэн нь угтаа түрүүлж яваа биш, харин ч шинээр сурсан сурагчидаас хэдэн алхам хойно байна гэсэн үг. Хүүхэд анхлан сурч байгаа ангийнхаа нөхдөөс сурлагаар хоцрогддог. Учир нь би чадна гээд онгирдог, тайвширдаг, сүүлрүүгээ хичээлээс залхаж сонирхол нь буурч эхлэнэ, их зүйлийг сурна гээд орж ирсэн сурагчид маань мэддэг зүйлийг нь нэг хэсэгтээ давтаад байхаар уйтгартай болно, мөн чаддаг юмыг заагаад байна гээд сургуульдаа, цаашилбал багшдаа дургүй болж магадгүй. Нэг ангид байх хүүхдийн тоо олноос шалтгаалан багшид тэрхүү түрүүлээд сурчихсан хүүхдийг цааш нь ганцаарчилан ажиллаад аваад явчих боломж хомс. Ийнхүү мэднэ гэж тайвширсаар бусад хүүхэд сураад мэдлэг чадвар нь зэрэгцээд ирэх үед тэднээс хоцорч эхэлдэг байна. Энэ үед эцэг эхчүүд манай хүүхэд уншиж сураад орсон, гэтэл та ажилласангүй гэж багшид буруу өгөх зөрчил ч гардаг .

Хичээллэх явцад бэрхшээл учруулдаг

Тэд багшийн сурагчдаас асуух асуултын хариултыг мэддэг учраас түрүүлж хэлээд бусдадаа саад болох гээд байдаг. Хэрвээ түүнийг хориглох аяс гаргавал гомддог. Гэтэл багш тэднийг биш шинээр сурч байгаа сурагчдаар хэлүүлэхийг хичээнэ. Ихэнх багш ийм хүүхдийг хамгийн арын ширээнд суулгаад хуулан бичлэг хийлгэх, үлгэрийн ном уншуулах, зурга зуруулах гэх мэтээр өөр зүйл хийлгэж хичээлийн цагийг өнгөрүүлдэг. Энэ нь сургах биш харин саатуулах төдий үйл ажиллагаа юм. Ингэснээр тэр хүүхэд цаашаа хөгжих боломж, цагаа алдаад байна гэсэн үг .

Хамт олны дунд байр сууриа эзэлэхэд нөлөөлдөг

Тэд нилээд зүйлийг сурсан гэдгээ мэдрч, би мундаг гэж бодсоор ирнэ. Сургуулийн эхний хэд хоног додигор байна. Гэтэл багш анхаарал хандуулаагүйгээс зөрчил үүснэ. Өөрт нь хандаагүйн төлөө гомдол үүсэж зовлон гуниг ч болж магадгүй. Жишээ нь, мэддэг зүйлээ хариулж гараа өргөөд хэлмээр санагдана, гэтэл багш нь түүнийг огт тоохггүй байгаа мэт сэтгэгдэл төрнө. Мөн бусад сурагчидтай харилцах, тэдгээр сурагчид өөртэй нь хаирлцах харилцаанд ч зөрчил үүсэх тал бий. Өөр өөр орчинд өсөж хүмүүжсэн хүүхдүүд анх нэг ангийн хамт олон болж төлөвших үе шат амаргүй билээ. Ангийн хүүхдүүдийн харилцаанд зөрчил үүсэж, сондгойроод байх тал бий. Мөн эд нар мэдэхгүй, чадахгүй байна гэж үзээд өөрийгөө дөвийлгөж үзэх хандлага ч гарна. Энэ нь шинээр сурагч болж буй хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн зарим хүүхэд өөрийгөө түүнтэй харьцуулж, өөрийгөө голох хандлага гаргах, атаархах тал ч ажиглагддаг.

Багшид тэдэнтэй ажиллах боломж хомс

Багш тэдгээр уншиж, бичиж сурсан хүүхдүүдийг ангид зүгээр суулгахгүйн тулд өөр нэмэлт хичээл бэлтгэж өгч ажиллуулах хэрэгтэй болдог. Гэтэл багш бүрт ийм боломж тааруу. Багш тусгайлан ажиллах нэмэлт даалгаварыг хичээл бүрээр төлөвлөж, бэлтгэж амждаггүй. Ер нь нэгдүгээр ангийн багш нар их ачаалалтай ажилладаг. Багш нэмэлт хичээл бэлтгэхээс гадна буруу арга техникийг засах өөр аргачлал бэлтгэх зөвлөх болно. Ингэснээр бусад сурагчидтай ажиллах багшийн цаг нь багасна гэсэн үг. Ангийн бүх сурагч нэг жигд зэрэгцэн сурахгүй тул хоцорч байгаа сурагчидтай тусгайлан ажиллах цаг багшид бас хэрэгтэй.

Эцэг эхийн анхаарах зүйл

1. Харандааг зөв бариулж сургах, зуруулж, будуулж сургах нь сургуулийн өмнөх чухал бэлтгэл болно. Энэ нь үзэг барьж сурах анхны алхам болдог. Үзгээ анхнаасаа буруу бариад сурсан хүүхэд тэр чигээрээ л буруу дадалтай болдог. Үзэг буруу барих дадлыг зөв болгоход багш нарт багагүй бэрхшээл тулгардаг.

2. Тоо тооллын хувьд эд зүйлийг оноож тоолуулж сургана. Тоогоор нь харьцуулах , дараалуулах, нэг нэгээр нь нэмэгдүүлэх, хорогдуулах, дасгал хийлгэж болно. Харин бодуулж сургах нь нарийн технологи шаарддаг тул түүнийг шимтэн хийлгэх гэсний хэрэггүй.

3. Хүүхдэдээ багаас нь үлгэр домог ярьж өгч, ардын аман зохиолоор хүмүүжүүлэх насанд нь зохицсон ном уншиж өгч, зураг дээр ярилцаж байх. Хялбар оньсого, таавар хэлж өгөх, цээжлүүлэх

4. Эргэн тойронд нь байгаа амьтан, ургамал, эд зүлйиг нэрлүүлэх, онцлогийг нь таниулах, шинж чанараар нь ялгуулах

5. Тоглоомоор дамжуулж өнгө, хэлбэр дүрстэй танилцуулах

6. Хүүхэдтэй чөлөөтэй ярьж, хэл яриаг нь хөгжүүлэх. Зураг дээр ярилцаж, тоо ширхэг, хэмжээ, өнгө зэрэг наад захын зүйлсийг ялгуулж хэлүүлэх, зохиож яриулах

7. Мөн монгол ёс заншлаас өөрсдийнх нь хэмжээнд зааж сургах

Эцэст нь хэлэхэд

Зөв уншуулж , бичүүлж сургана гэдэг нь маш нарийн чимхлүүр ажил юм. Иймд буруу сурснаас анхнаасаа уншуулахгүй сургуульд оруулбал хялбар байна. Гэхдээ сургуульд орохоос өмнө уншуулж, бичүүлж сургахыг огт үгүйсгэж болохгүй. Сүүлийн үед гадуур энэ чиглэлийн сургалт олон болжээ. Ийм сургалтад голдуу мэргэжлийн багш нар заадаг тул багшид бэрхшээл бага учирна. Гэхдээ дээр дурдсан зөрчилүүд арилна гэсэн үг биш. Анхны үсэг заасан багшдаа хүүхэд дассан байдаг. Мөн багш бүр өөрийн онцлог арга барилтай тул хүүхдийн сурах арга барил нэгдүгээр ангийн багшаас өөрөөр төлөвшиж болно. Иймээс надад ингэж заагаагүй, багш буруу зааж байна гэж үзээд сургуулийнхаа багштай зөрчилдөж мэднэ. Ер нь бага насны хүүхдэд анхны багш нь илүү сэтгэгдэл үлдээдэг тал бий. Үүнээс болж багшийг голох хандлага гарч магадгүй. Хүүхэд багшаа хүндлэхгүй бол цаашид түүнээс эрдэм ном сурах сэдэл үүсэхэд төвөгтэй. Иймд хүүхдээ сургуульд орохын өмнөх бэлтгэлийг эцэг эхчүүд зөвөөр ухаарч, сургуулийн бэлтгэл болсон наад захын дадал, чадварт хүүхдээ сургахад анзаарсан нь дээр.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55908
1 эможи
keyboard_arrow_up