COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дээд боловсролтой “ХАЛТУУРЧИД” буюу боловсролын чанарыг сайжруулахад ХАНДЛАГАА өөрчлөх шаардлага

2018 оны 3 сарын 30

Баяраа гэх жирийн л нэг монгол залуу. Тэр машинаараа халтуур хийж мөнгө олдог. Хэдэн жилийн өмнө Солонгост очиж гурван жил хар ажил хийснээр, гэр бүлийнхээ хамтаар орон сууцанд орох боломжтой болсон.

Гэхдээ л одоо хүртэл тогтсон ажилгүй, халтуур хийсээр. Гэрт нь бичиг баримт дунд ч юм у хаа нэгтээ түүнд дээд боловсролын диплом бий. 75-85 гэсэн үнэлгээнүүд жагсаасан түүний диплом Баярааг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй боловсрол эзэмшсэн болохыг батална. Гэвч тэр энэ дипломыг авсан цагаасаа хойш нээж ч үзээгүй бөгөөд энэ мэргэжлээрээ ажилд орно гэж боддоггүй.

Гудамжаар дүүрэн дээд боловсрол эзэмшсэн залуус байтлаа ажлын байран дээр шаардлага хангасан хүн олддоггүй, эрэлт байсаар байдгийн шалтгаан нь чухам юу вэ?Яг түүнтэй адил мянга мянган залуус дипломоо хаа нэгтээ хадгалчихаад өөр ажил хийж яваа.


 
Дээрх судалгаанаас харахад 2017 онд 11 мянга гаруй ажилгүй атлаа дээд боловсролтой иргэд бүртгэлтэй байжээ. Үүнтэй зэрэгцээд 10 мянга гаруй ажлын байрны хомсдол буюу сул орон тоо үүссэн байгаа юм.

Эдгээр тоонууд манай боловсролын тогтолцоонд маш олон асуудал байгаагийн ердөө нэг л баталгаа нь.

Салбарын асуудлыг нэг удаагийн нийтлэлээр гаргах боломжгүй тул энэ удаад сайн боловсрол эзэмшихэд учирч буй саад бэрхшээл болох ХАНДЛАГА гэх асуудлыг авч үзье.

Үүнийг мэдэхийн тулд боловсролын тулгын гурван чулуу болох оюутан, эцэг эх (нийгэм), тогтолцоо гэсэн гурван хэсгээс төлөөлөл болгон ярилцсанаа хүргэж байна.

ОЮУТАН Ч.ЧИМЭДДОЛГОР: МАШ ОЛОН ОЮУТАН ӨӨРИЙГӨӨ ХҮЧИЛДЭГГҮЙ

Юун түрүүнд асуудлыг хамгийн сайн мэдэх хүмүүс болох оюутнуудтай очиж ярилцсан юм. Тэдгээр оюутнуудын нэг болох МУИС-ийн 3-р курсын оюутан Ч.Чимэддолгортой хийсэн ярилцлагыг хүргэе.

Ихэнх төгсөгчид чадвар султай байгааг дээд боловсролтой хэрнээ ажилгүй иргэдийн тооноос харж болно. Үүний гол буруутан нь хэн болж таарах вэ?

Мэдээж хүссэн ажилдаа орж чадахгүй байгаад ажил олгогчийн талд ч асуудал бий. Гэхдээ хамгийн том асуудал бол оюутнууд өөрсдөө юм. Оюутан өөрөө хичээх юм бол хэдий Монголд байгаа ч гэсэн дэлхийн хэмжээний боловсрол эзэмшиж, хүссэн компанидаа ажил орох боломжтой. Харамсалтай нь маш олон оюутан өөрийгөө хүчилдэггүй. Магадгүй энэ нь зөвхөн багшийн өгсөн даалгаврыг л сайн хийгээд л байх юм бол би сайн оюутан болж, төгсөөд ажил хийхэд асуудалгүй гэсэн бодолтой нь холбоотой болов уу. Нэг үгээр бол оюутнуудын идэвх маш сул байна.

Тэгвэл идэвхгүй байгаагийн гол шалтгаан нь юу юм бол?

Нэгт, өөрийн хүсэл сонирхлоороо олоогүй дээрээс нь яагаад сурах ёстойгоо ойлгоогүй юм шиг санагддаг. Үүнд эцэг эхийн буруу ч байж болох талтай. Магадгүй эцэг эхчүүд хүүхдэдээ “алдах” боломж өгдөггүй байх. Тийм болохоор аль болох идэвхтэй байлгах гэж янз бүрээр хэлж ойлгуулахыг оролддог ч оюутнууд түүнээс нь залхаж улмаар хичээл хийх сонирхол нь буурчихдаг. Сүүлдээ яагаад сураад байгаагаа ч ойлгохгүй, төөрөлдөж эхэлдэг болов уу.

Хоёрт, манай нийгэмд үлгэр дуурайл авч болохуйц хүмүүс ихээр дутагдаж байна. Цахим орчин болон зурагтаар өнөөх л улс төр, авилгаа ярьсаар байгаа болохоор манай үеийн ихэнх залуус ийм л байх ёстой, ирээдүйд ийм ч байх болно гэсэн бодолтой болчихсон юм шиг санагддаг. Уул нь нийгэм эрүүлжихэд залуу үе хамгийн чухал нөлөөтэй байдаг сан.

Яавал оюутнууд арай илүү идэвхтэй болох вэ?

Яагаад сурах ёстойгоо ойлгочихвол сурахад, өөрийгөө дайчлахад асуудалгүй болно. Тэрнээс биш хэн нэгний шахалтаар сурна гэж байхгүй шүү дээ. Наад зах нь өөрийн гэсэн зорилготой, мөрөөдөлтэй, зөв хандлагатай байх хэрэгтэй.

Оюутан өөрөө хичээх юм бол хэдий Монголд байгаа ч гэсэн дэлхийн хэмжээний боловсрол авах боломж асар их байна”

ЭЦЭГ ЭХ, НИЙГЭМ: ХҮҮХДЭЭ БУСАДТАЙ ХАРЬЦУУЛАХ НЬ БУРУУ ХАНДЛАГАТАЙ ХҮН БОЛГОДОГ

Бид оюутнуудад хандлагын асуудал байгааг харлаа. Тэгвэл дараагийн том бүлэг болох эцэг эх, нийгэм ямар бодолтой байгааг сонирхъё.

Боловсролын тогтолцоо яагаад ажилд орж чаддаггүй төгсөгчдийг бэлдээд байгаа талаар олон нийтээс тодруулга авахад ихэнх хүмүүс үүнд “нийгмийн хандлага”-ыг гол асуудал гэж хариулсан юм. Тодруулбал “Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ хүсэл сонирхлоо дагах боломж олгодоггүй болохоор оюутнуудад өөрийгөө дайчлах, хийж байгаа зүйлдээ дурладаггүй, энэ нь ирээдүйд идэвхгүй, чадваргүй төгсөгчдийг төрүүлж байна” зэргээр шүүмжлэх хүмүүс цөөнгүй байлаа.

Мөн хүүхдийг өөрөөрөө байж, дуртай зүйлээ хөгжүүлэхэд нь бус, амжилттай яваа найз нөхөдтэй нь харьцуулж, шүүмжлэх хандлага их байдаг гэнэ. Багаас нь өөртэй нь бус бусадтай харьцуулж өсгөсөн хүүхэд төлөвшилгүй, атаач иргэн болох маш өндөр магадлалтай.

Түүнчлэн ярилцсан хүмүүсийн ихэнх нь “Эцэг эхчүүд хүүхэддээ өөрөө сонголтоо хийх, түүнийхээ хариуцлагыг өөрөө үүрэх боломж олгодоггүй, хэдий өөрийнх нь төлөө ч гэсэн хүүхдийнхээ өмнөө сонголт хийж, шийдвэр гаргах нь эргээд хүүхэд нь хувьд хүн болоход сөргөөр нөлөөлдөг. Эсвэл бүр ямар ч анхаарал хандуулдаггүй эцэг эхчүүд байдаг. Энэ нь ч мөн хүүхдийн төлөвшилд сөрөг нөлөөтэй” гэж дурдсан юм.

БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО: БАГШИЙН ДААЛГАВАР ЗӨВХӨН ЧИГЛҮҮЛЭХ Л ЗОРИЛГОТОЙ

Одоо харин нийтлэлийн эхэнд дурдаж байсан гол гурван зүйлийн хамгийн сүүлийнх болох боловсролын тогтолцоо төгсөгчдөд хэрхэн нөлөөлж байгаа талаар авч үзье.

Боловсрол судлаач, Б.Батаа

Яг өнөөдрийн байдлаар манай улсын боловсролын тогтолцоо ямар байдалтай байна вэ? Үр дүнтэй байж чадаж байна уу?

Хүн, амьтныг хөгжүүлж болох хоёр арга бий. Эхнийх нь заах арга байдаг. Энэ аргаар амьтныг ч сургаж болно. Харин дараах арга нь бие дааж сурах арга бий. 

Тиймээс аль болох л бие дааж сургахыг чухалчлах хэрэгтэй.

Одоогоор бид заах аргыг түлхүү ашиглаж байна. Боловсролын салбар үүсэхдээ ч энэ аргыг ашиглаж эерэг үр дүн гаргасаар ирсэн. Гэхдээ 21-р зуун буюу аливаа юмс маш түргэн өөрчлөгдөж байгаа үед дээр дурдсан заах арга тийм ч үр дүнтэй биш. Учир нь өнөөдөр заасан зүйл маргааш хуучирчихаад байна шүү дээ. Ийм хурдацтай нийгэмд амьдарч байгаа учир хүнд хэрэгтэй бүх зүйлийг нь заая гэвэл наад зах нь цаг хугацаа болон эдийн засгийн зардал их гарна. Тиймээс аль болох л бие дааж сургахыг чухалчлах хэрэгтэй.

Мөн манай тогтолцоо одоогоор мэдлэг-чадвар-хандлага гэсэн дарааллыг баримталж байна. Дээр дурдсан шиг мэдлэг маш хурдан хуучирч байгаа 21-р зуунд энэ арга мөн л төдийлөн оновчтой биш. Мэдлэг биш чадварыг түрүүлээд сургая гэхээр зөв хандлагагүй хэрнээ чадвартай хүмүүс зөндөө болчихоод байгаа юм. Иймд хандлагыг мэдлэг, чадвараас өмнө тавих ёстой. Тэгж чадвал зөв хандлагатай, зөв сэтгэхүйтэй иргэдийг бэлтгэж чадна.

Яагаад их, дээд сургууль төгсөж байгаа залуусын ихэнх хувь нь өөрийн хүссэн ажилдаа орж чадахгүй байна вэ?

Оюутнуудын хандлагад л асуудал байна. Дан ганц оюутан ч бус түүний цаана байгаа эцэг, эх нийгэм нь хүн ер нь яах гэж сурдаг юм бэ? Боловсрол яагаад чухал вэ? зэргийн талаар зөв ойлголтгүй байгаа болохоор төгсөгчид дөрвөн жил сурсан, сураагүй хоёрын хооронд болчихоод байна.

Ахлах ангийн хүүхдээс “Та нар юу хийдэг хүн болмоор байна вэ?” гэж асуухаар ерөөсөө хэлж мэддэггүй. Харин “Юутай хүн болмоор байна вэ?” гэхээр гар утас, байр, машин гээд маш олон зүйл дурддаг.

Жишээлбэл, их сургуульд багшийн өгсөн даалгавар бол зүгээр чиглүүлэх үүрэгтэй болохоос мэдлэг олгох зорилготой биш шүү дээ. Гэтэл оюутнуудад ийм ойлголт, хандлага нь байхгүй. Тийм ч болохоор дипломтой хэрнээ мэдлэггүй төгсөгчид олон болжээ.

Харин эцэг эх нь сургалтыг төлбөрийг нь төлчихөөд бусдыг нь багш зохицуулна гэж боддог. Үнэндээ хүүхдэд эцэг эхийн анхаарал их чухал.

Ахин нэг жишээг ЕБС-ийн хүрээнд авъя. Ахлах ангийн хүүхдээс “Та нар юу хийдэг хүн болмоор байна вэ?” гэж асуухаар ерөөсөө хэлж мэддэггүй. Харин “Юутай хүн болмоор байна вэ?” гэхээр гар утас, байр, машин гээд маш олон зүйл дурддаг. Үүнээс дүгнэвэл бид юуг хэрэглэх талаараа л боддог болохоос биш юуг бүтээх талаараа ер боддоггүй.

Сургуулиа төгсөөд юу хийж, бүтээхээ мэдэхгүй байгаа юм чинь яагаад сурах ёстойгоо ойлгохгүй. Яагаад сурах ёстойгоо ойлгохгүй юм чинь идэвх зүтгэл гаргахгүй нь тодорхой.

Тэгвэл бид хамгийн эхлээд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?

Манай нийгэм хийж, бүтээх гэдгийг төдийлөн ойлгохгүй, хэрэглээндээ л анхаараад байгаа учраас хувь хүмүүс нь ч гэсэн ийм байдалтай байна. Нийгмээ өөрчилье гэвэл хувь хүнээ өөрчлөх хэрэгтэй, иймд хүүхдийг багаас нь зөв хандлагатай болгож төлөвшүүлэх нь зүйтэй.

“Нийгэм маань хандлагаа өөрчилчихвөл боловсролын тогтолцоонд өөрчлөлт аяндаа бий болж бид зөв замдаа орох нь гарцаагүй.“

Хувийн туршлагаасаа харахад миний амьдралдаа хийж байсан ажлуудын хамгийн хэцүү нь сурах байсан. Сурлаа гээд хэн ч бидэнд мөнгө өгөхгүй, харин бид мөнгөө өгдөг шүү дээ. Энэ хэцүү хөдөлмөрийг хийхийн тулд яагаад үүнийг хийх ёстойгоо мэдэж байх ёстой. Гэтэл эцэг эхчүүд сурахыг “хүнд хэцүү хөдөлмөр” гэж авч үздэггүй. Оюутан залуус ч гэсэн сурахад төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Учир нь боловсрол яагаад чухлыг ойлгохгүй байгаа юм. Магадгүй ардчиллын эхэн үед боловсролтой, боловсролгүй аж амьдралаа аваад явчихдаг байсан байж болно. Гэхдээ бид маш хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд амьдарч байгаа гэдгээ санах хэрэгтэй.

Тэгэхээр энэ бол хүмүүсийн хандлагын л асуудал. Тэрнээс биш үүнд сайд дарга, багш, эцэг эх, сургууль, тогтолцоо эсвэл сурагчдын аль нэгэнд нь буруу өгөх оновчгүй. Нийгэм маань хандлагаа өөрчилчихвөл боловсролын тогтолцоонд өөрчлөлт аяндаа бий болж бид зөв замаараа орох нь гарцаагүй.

Эцэст нь хэлэхэд хандлагаа өөрчилж, юу хэрэглэхдээ бус юуг бүтээхдээ анхаардаг болж чадахгүй бол манай нийгмийг маш бүрхэг ирээдүйг хүлээж байна. 

Оюутан, эцэг эх, боловсрол судлаачаас гэсэн гурван өөр бүлгийн төлөөллөөс манай улсын боловсрол чанаргүй байгаад хандлага ямар нөлөөтэйг асуухад ийнхүү тайлбарлалаа.

Боловсролын чанараа нэмэгдүүлэх маш олон арга бий. Гэвч хамгийн эхний арга нь нийтээрээ хандлагаа өөрчлөх байж болох юм.

Д.Түшигт-Эрдэнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55515
1 эможи
keyboard_arrow_up