COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зарим хичээлийн шалгалтын хугацааг сунгав

2018 оны 3 сарын 29

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Одоогоор улсын хэмжээнд бүртгэл 50 орчим хувьтай үргэлжилж байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 42 мянга орчим хүүхэд төгсөж байгаа бөгөөд бусад шалгуулагчийн тоог оролцуулаад 45 мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэж тооцоолжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 3000-аар нэмэгдэх тоо юм.

Математик, хими, физикийн шалгалтыг 100, бусдыг 80 минутад авна 

Өнгөрсөн жилүүдэд шалгуулагчид хангалттай өндөр үр дүн гаргаж чадаагүй. Тэгвэл энэ жил БСШУСЯ элсэлтийн шалгалтын оноог чанаржуулахад хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа талаар Дээд боловсролын сургалтын байгууллага, хүний нөөц, оюутны хөгжлийн бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Х. Батсайханаас тодрууллаа.

Тэрбээр “энэ жилийн элсэлтийн шалгалтад урьдын адил бэлтгэж байгаа. Харин их дээд сургуульд элсэн орох босго оноог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр элсэгчдийн шалгалтын чанар, идэвхи нэмэгдэнэ гэж үзэж байгаа.Босго оноо нэгдсэн байдлаар ирэх долоо хоногт албан ёсоор батлагдана” гэсэн юм.

Иймээс энэ жилийн хувьд их, дээд сургуулийн босго оноо 400-аас эхэлдэг байсан бол өндөрсөж, элсэгчдийн шалгуур тодорхой хэмжээгээр нэмэгдэх аж. Харин Боловсролын үнэлгээний төв их, дээд сургуульд элсэгчдэд зориулж шалгалтын системээ шинэчилж, нэг шат ахив. Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат “Манайх элсэлтийн шалгалтад чиглэж ажилладаг.

Иймээс элсэлтийн ерөнхий шалгалтын цахим хуудсанд шалгуулагчид регистрийн дугаараа хийхэд ОӨУБЕГ-т бүртгэлтэй бүх мэдээлэл гарч ирэхээр системийг шинэчилсэн. Ингэснээр батламж хуудас дээр үнэн зөв хувийн мэдээлэл бичигдэж, их, дээд сургуульд элсэн суралцахад нэмэлт бичиг баримт бүрдүүлэх давуу талтай” гэв.

Мөн тэрбээр системд бүртгүүлэх үед хувийн мэдээлэлтэй холбоотой асуудал гарвал бүртгүүлэгч төгсөж буй сургуулийнхаа сургалтын менежерээр дамжуулан боловсролын мэдээллийн нэгдсэн системийн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг дуулгасан юм.

  • Шалгуулагч регистрийн дугаараараа бүртгэлийн бүх мэдээллээ авах боломжтой.
  • Энэ жил их, дээд сургуульд элсэн орох босго оноог нэмэгдүүлнэ.
  • Монгол, Англи, Орос хэлний шалгалтын сонсох даалгаврын хугацааг уртасгаж, чөлөөтэй сэтгэх даалгаврыг нэмж оруулсан.

Харин шалгалтын бүртгэлийн хураамжид энэ жил өөрчлөлт ороогүй бөгөөд нэг шалгалтын үнэ 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг хэвээр байх юм.

Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидын хэлж буйгаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх банкны системээр болон Мобикомын Candy оноогоор шалгалтын төлбөр төлөх боломж бүрджээ. Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтын шинэчлэл үүгээр дууссангүй.

Монгол, Англи, Орос хэлний шалгалтын сонсох даалгаврын хугацааг уртасгаж, монгол хэл, бичгийн шалгалтад задгай буюу чөлөөтэй сэтгэх хэлбэрийн даалгаврыг нэмж оруулсан байна. Харин шалгалт үргэлжлэх хугацааны хувьд өөрчлөгдөөгүй. Математик, хими, физикийн хичээлийг 100, бусад хичээлийн шалгалтыг 80 минутын хугацаанд явуулахаар шийдвэрлэжээ. 

Тэгэхээр 2018-2019 оны элсэлтийн ерөнхий шалгалтын үргэлжлэх хугацаанд ямар нэг өөрчлөлт орохгүй. Шалгалт өгөх хаяг, байршлын талаарх мэдээллийг бүртгэл дууссаны дараа тавдугаар сарын 15-аас хойш Боловсролын үнэлгээний цахим хуудсанд байршуулна. Шалгуулагчид өөрсдийн бүртгэлийн дугаараар нэвтэрч шалгалт өгөх байр болон суудлын дугаарыг мэдэх боломжтой.

Нэмж дуулгахад Боловсролын үнэлгээний төв ирэх жилээс элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг газар дээр нь засаж, шалгалтын дүнг өдөрт нь гаргадаг системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад эхэлжээ. Энэхүү системийг албан ёсоор 2019 оноос бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн V, IX, XII ангийн улсын шалгалтын нээлттэй даалгаварын санг бүрдүүлж буй. Улсын шалгалтын даалгаврын санд 21 мянган даалгаврыг байршуулахаар ажиллаж байгаа бөгөөд багш, сурагчид уг даалгаврын дагуу шалгалтдаа бэлтгэнэ. Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар өмнөх оны шалгуулагчдын хуудсыг QR кодоор баталгаажуулсан байна.

Г.Оюунтөгс 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
55451
1 эможи
keyboard_arrow_up