7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 21, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Н.Шагдарсүрэн: Их, дээд сургуулийн багш нар сурах бичгийг боловсруулдаг ч хүүхдэд зориулдгаа тооцдоггүй

админ
2018 оны 2 сарын 06

Arslan.mn

“Багш, эцэг эхчүүдийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, дэд профессор Н.ШАГДАРСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Мэдлэг, боловсролтой хүн болох үндсэн суурийг ерөнхий боловсролын сургуулийн багш нар тавьдаг гэж боддог. Гэтэл сүүлийн үед нэлээд шүүмжлэл дагуулах боллоо. Ер нь тулгамдаж буй гол асуудал нь юунд байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар муудаж буй нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Жишээлбэл, одоогийн мөрдөж буй цөм хөтөлбөрийн агуулгын хүрээнд хэрэглэж байгаа сурах бичгийн төвшинд сурагчдаас шалгалт авч, үнэлгээ хийхэд тэдний 70- 80 хувь нь F авч, чанар нь тав, арван хувьд ч хүрэхгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагад төрөөс маш их анхаарч, их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ч сурлагын чанар яагаад муудаад байгаа нь гол асуудал юм.

-Сурагчдын сурлагын чанар өмнөхөөсөө муудаж буй шалтгааныг хэрхэн харж байна вэ?

-Олон шалтгаан бий. Нэгдүгээрт, боловсролын хөтөлбөр тогтворгүй байна. 1990 оноос хойш бусад улс орны боловсролын хөтөлбөрийг хэсэгчлэн хуулбарлаж, эвлүүлэх маягаар боловсруулж ирлээ. Монгол хүүхдийн онцлог, эх орныхоо орчин нөхцөлд тохирсон хөтөлбөр өнөөдрийг хүртэл боловсруулж чадсангүй. Хоёрдугаарт, тогтсон стандартгүй байна. Бүх хүүхдэд заавал эзэмшүүлэх менюм стандарт бий болгох цаг нь болсон. Гуравдугаарт, сурах бичгийн асуудал. Сүүлийн үед олон янзын сурах бичиг гарч байна. Ингэхдээ сурах бичигт заавал эзэмшүүлэх мэдлэг чадвар, сонгон суралцах агуулгад дүйцсэн материалыг хамтад нь оруулснаар маш нүсэр, хүнд агуулгатай болсон. Үүнийг хүүхэд байтугай багш ч ойлгож заахад хүндрэлтэй. Хэдэн жилийн өмнө Орос улсын боловсролын академи судалгаа явуулж, сурагчдад олон янзын хичээл зааснаас болоод хэвийн хөгжилтэй хүүхэд хоногт 26 цаг хичээллэж байж боловсролыг боломжийн хэмжээнд эзэмшинэ гэдгийг тогтоосон. Иймэрхүү төрлийн судалгааг манайд хийдэггүй мөртлөө олон янзын хичээл нэмээд байдаг. Манай агуулга Орос улсынхаас давсан, илүү хүнд болсныг бодолцох хэрэгтэй. Энэ нь сурагчдын сурлагад маш их нөлөөлж байна. Дөрөвдүгээрт, багш. Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж багагүй хөрөнгө зарцуулсан мөртлөө хөгжихгүй байгаа нь эцсийн дүндээ тэднийг үнэлэх үнэлэмж, цалин урамшуулалтай холбоотой. Нөгөө талаасаа чадвар муутай хүүхэд багш бэлтгэх сургуульд элсдэг байлаа. Одоо энэ байдал сайжирч байгаа шүү. Тавдугаарт, багш нарын ажил, сурагчдын сурлагад холбогдох байгууллагаас хөндлөнгийн үнэлгээ хийхээ больсон.

-Сурлагад нэг хэсэг нь шүүмжлэлтэй хандаж байхад нөгөө хэсэг нь хүүхэд бүр хөгжиж, сайн сурч, хүссэн их, дээд сургуульдаа элсч чадна гэх юм?

-Сурагчдын сурлагын чанар муудаж буй шалтгааныг тодорхой хэллээ. Нөхцөл байдал ийм байхад хүүхэд бүр хөгжиж, сайн сурна гэдэг өнөөгийн хэллэгээр шоу. Хүүхдийн хөгжил өргөн утгатай. Зарим талаараа хүүхэд хөгжиж байж болох ч оюун ухаан, мэдлэг чадварын төвшин үнэхээр дордсон. Тухайлбал, манай улсын хувьд хэвлэл мэдээлэл, тайз дэлгэцийнхэн хүүхдийн хөгжилд буюу үг хэллэг, үйлдэлд сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ бүгдийг хэлж байгаа юм биш. Янз бүрийн элдэв төрлийн агуулгатай мэдээллийг хэвлэл мэдээлэл, сошиал орчинд хяналтгүйгээр цацаж байгаа нь маш буруу. Нэгэн радиогийн сэтгүүлч “Архангай аймгийн нэгэн малчны үнээ гурав ихэрлэжээ. Хоёр нь эмэгтэй, нэг нь эрэгтэй тугал байна” гэж ярих жишээтэй.

-Кембрижийн хөтөлбөрийн талаар та ямар бодолтой байдаг вэ. Энэ хөтөлбөр манай улсын боловсролын систем болон орчин нөхцөлтэй хэр зэрэг нийцэж байна вэ?

-Кембрижийн хөтөлбөр буюу шинжлэн судлах арга барилаар хичээл зааж байгаа гэдэг ч энэ нь манай нөхцөлд тохирохгүй. Тохирох ямар ч боломжгүй. Нэг ангид 40, 50 хүүхэд суулгачихаад хичээл заана гэдэг үлгэр. Тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хэрэглэх суралцахуйн удирдамж, ажлын схем, багшийн зөвлөмжийг зөв, буруу орчуулан хэвлүүлж, түүгээр хичээл заахыг багш нарт тулгадаг. Энэ бол буруу.

-Өндөр хөгжилтэй, гаднын улс орны боловсролын хөтөлбөрийг заавал хуулбарлах шаардлагагүй биз дээ. Хөтөлбөрөө өөрсдөө боловсруулах чадвар, боломж нөөц бидэнд байхгүй гэж үү?

-Төрийн сургууль үүсээд 100 гаруй жил болж байна. Өөрөөр хэлбэл, Монголын боловсрол 100 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд сургалтын өөрийн гэсэн стандарт, хөтөлбөртэй болж, түүнийг хэрэгжүүлэх багш нарыг бэлтгэх чадвар, нөөц хангалттай бүрдүүлсэн. Гэтэл үүнийгээ ашиглахгүй дандаа гаднаас хуулбарлаж байна. Өмнө нь Орос улсынхыг тэр чигээр нь хуулбарлаж байх үед бас ч гэж үр дүнтэй байлаа. Салбар яам, тамгын газрынхан очсон газар бүрээсээ нэг зүйл хуулбарлаж түүнийгээ эвлүүлж хөтөлбөр, сурах бичиг болгодог нь ийм байдалд хүргэж байгааг дахин хэлье. Одоо бүр интернэтээс эвлүүлсэн сурах бичиг гэдэг зүйл гарч ирлээ. Мөн салбар бүр өөрийн нэрэмжит хичээл оруулах гэдэг боллоо. Тухайлбал, замын хөдөлгөөн, эрүүл ахуй, нөхөн үржихүй, экологи, эрх зүй гэх олон хичээл зааснаар хүүхэд ачааллаа дийлэхээ байлаа. Эдгээр нь хичээл бүрийн агуулгад байх ёстой. Тиймээс хичээлийн агуулгыг цомхон болгох нь чухал. Түүхийн хичээлийг заавал, сайн судлах хэрэгтэй. Гэтэл одоо үндэсний түүхийг гажуудуулан зааж байна. Жишээлбэл, октябрын социалист хувьсгал гэдэг нэршил дэлхий нийтэд одоо ч хэвээрээ. Гэтэл Монголын сурах бичигт үүнийг октябрын эргэлт гэж бичдэг болсон.

1921 оны ардын хувьсгалыг мөн өөрчилж шинэ нэршилтэй болгосон байна билээ. Энэ мэтээр уламжлалт ёс заншил, түүх соёлыг гуйвуулан устгаж байна. Нийгэм судлал гэж улстөржсөн хичээл байдаг. Үүнээс гадна мэдээлэл зүйг дунд эсвэл ахлах ангиас заасан ч болно. Мэдээлэл зүй гэхээр бид компьютер гэж ойлгодог. Угтаа бол олон төрлийн мэдээллийг хэрхэн хүлээн авч боловсруулах, яаж хэрэглэх үү гэдгийг ойлгуулах хичээл юм. Байгаль гэдэг нэг ойлголтыг хими, физик, биологи, газар зүй зэргээр хэд хэд хуваадаг. Урлагийг утга зохиол, дуу хөгжим, уран зураг гэх мэтээр мөн салгасан. Иймд энэ мэт агуулга нэгтэй хичээлийг нэгтгэж цомхон болгох нь зүйтэй.

-Энэ салбартай амьдралаа холбосон хүний хувьд монгол хүүхдэд ямар хөтөлбөр тохирно гэж та үздэг вэ?

-Юуны өмнө хичээлийн хөтөлбөрийг хүүхэд бүрт заавал эзэмшүүлэх болон сонгон суралцах гэж хоёр салгах нь зүйтэй. Үүний дагуу сурах бичгээ мөн ангилах ёстой. Одоо энэ хоёрыг хольсон учраас багш, сурагч аль алинд нь хүндрэлтэй.

-Сурагчдын ашиглаж буй сурах бичиг ойлгомжгүй, алдаа ихтэй гэж шүүмжилдэг нь үнэнд дөхөх байх. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичигт ямар дүгнэлт хийж байна вэ?

-Сүүлийн үеийн сурах бичиг боловсруулалт маш муу гэдэгтэй санал нэг байдаг. Ялангуяа цөм хөтөлбөрт дүйцүүлж боловсруулсан ахлах ангийнхны сурах бичиг шаардлага хангахгүй байна. Ихэвчлэн их, дээд сургуулийн багш нар сурах бичгийг боловсруулдаг учраас тэд хүүхдэд зориулж байгаагаа тооцдоггүй. Тиймээс өндөр агуулгатай, маш их зүйлийг багтаасан, арга зүй муутай болдог. Жишээлбэл, ахлах ангийн физик, биологийн сурах бичиг.

Үүнтэй санал нийлэхгүй байгаа хүмүүс эдгээр сурах бичгийг уншиж үзэх хэрэгтэй. Тэд элсэлтийн ерөнхий шалгалтын төвшинд сурах бичгээ боловсруулсан гэдэг. Академик агуулга ихтэй хэрнээ прагматик хэрэглээнд ойртуулах гээд ихэнх талбайд нь хүүхдийн үйлдэл харуулсан зураг оруулдаг. Мөн сурах бичгийн асуулт, даалгавар оновчгүй. Боловсролын хүрээлэн, МУБИС сурах бичгийн талаар суурь судалгаа хийхгүй байна.

-Ер нь сурах бичгийг бараг жил бүр шинэчлэх юм. Энэ асуудлыг хэрхэн цэгцлэх ёстой вэ?

-Энэ бол бизнес. Цөм хөтөлбөртэй дүйцүүлж байна гээд шинэчилсэн. Сурах бичиг заавал анги бүрээр байх шаардлагагүй. Харин 1-3, 4-5, 6-7, 8-9 болон ахлах анги гэсэн үечлэлтэй сурах бичигтэй байх нь зүйтэй. Гэхдээ үг цөөн, утга гүн гэдэг шиг маш сайн боловсруулсан, оновчтой агуулгатай байх ёстой. Ийм байдлаар сурах бичгийн тоог цөөрүүлснээр чанартай болно. Сургуулийн номын сан, агуулах хэрэглэдэггүй сурах бичгээр дүүрсэн. Орон нутагт ахлах ангийн орос хэл, бизнес судлалын сурах бичгийг ер ашигладаггүй юм билээ. Үүнийг өөрчилж, цэгцлэх шаардлагатай.

-Олон улсын жишиг дагаж боловсролын хөтөлбөртөө хэд хэдэн удаа бүр элсэн суралцах насанд хүртэл өөрчлөлт оруулсан ч сурлагын чанар сайжрахгүй улам муудаж байна. Бид юун дээр алдаад байна вэ?

-Бид дэлхийн жишиг гэж ярих дуртай. Дэлхийд тогтсон жишиг гэж байдаггүй. Зургаан настай хүүхдэд давуу тал бий. Гэхдээ энэ насныханд юуг, яаж заах уу гэдэг арга зүй маш чухал. Жишээлбэл, нэгдүгээр ангийнхан одоо бүх үсгээ үзээд дуусчихсан, гурван үетэй үг уншуулна гээд олон хуудас даалгавар өгч байгааг гайхаж байна. Хуучин бол өдийд цөөхөн үсэг л үзчихсэн байдаг. Мөн ахлах ангийн гурван жилд юу заах нь тулгамдсан асуудал болоод байна.

-Нэгдүгээр ангийнханд хичээлийг ямар байдлаар заах нь илүү үр дүнтэй бол. Бага ангийн багш нар юунд анхаарах ёстой вэ?

-Хичээлийг албан байдлаар заавал зургаан настнууд хүлээж авахгүй. Тиймээс маш энгийн, ойлгомжтой, тоглоомон хэлбэрээр заах нь зүйтэй. Тэдэнд шинжлэх ухааны цэгцтэй мэдлэг, мэдээлэл олгохоос илүүтэй эрдэм сурах арга барил, зөв хэвшил, дадал бий болгох нь чухал.

-Багш нар цалин, урамшууллаа нэмүүлэхээр нэг хэсэгтээ л жагсаал цуглаан зохион байгуулж эцэст нь талууд ойлголцолд хүрлээ. Тухайн үед та ямар бодолтой байв?

-Энэ бол багшийн ёс зүй болон тэднийг хөөргөж дэвэргэж байгаа улс төрийн хүчинтэй холбоотой. Хичээл хаяж жагсаал цуглаан зохион байгуулахыг манай төрийн бус байгууллага хувьдаа эсэргүүцдэг. Олон мянган хүүхдийн хичээлийг цалгардуулж байна. Тэмцэлийн олон хэлбэр, сонголт бий. Хэрэв, жагсаал цуглаан хийх гэж байгаа бол амралтын хугацаанд зохион байгуулж болно шүү дээ. Сурагчдад боловсрол эзэмшүүлж чадахгүй, мөн цалингаа чамлаад хичээлээ хаяж эсэргүүцэл илэрхийлээд байгаа багш нарт тэтгэмж олгоод ажлаас нь чөлөөлж болдоггүй юм байхдаа гэж бодож байлаа.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53465
0 эможи
keyboard_arrow_up