COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Японд бага сургууль сурагчдаасаа арван нас хүртэл нь шалгалт авдаггүй

2017 оны 12 сарын 21

Arslan.mn

Японы бага сургуулиуд сурагчдаасаа арван нас хүртэл нь шалгалт авдаггүй. Учир нь, тэд бага насны хүүхдүүдэд ном зааснаас, зөв хүн болгох нь илүү чухал гэж үздэг байна. Тиймээс Японы бага боловсролын системд хичээлээр дамжуулан амьтдыг асрах, хүмүүсийг хүндлэх, байгалийг хайрлахаас эхлээд өөрийгөө хянах, хариуцлагатай, шударга байхын үнэ цэнийг ойлгуулдаг байна. Япончуудын баримталдаг хоёр гол зарчим бий. Энэ нь хариуцлагатай бөгөөд цэвэрч байдал юм. Тэд хүн болгон дор бүрнээ орчноо тордвол, бүгд сайхан орчинд амьдарч чадна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, цэвэрлэгээ бол хүн болгоны хийх ёстой хариуцлагын асуудал гэж тэд үздэг байна. 

Хүүхдүүд сургууль дээрээ үдийн хоолоо идсэний дараа ширээгээ цэвэрлэж, ус, ундаа, сүүнийхээ савыг дахин боловсруулах цэгт хүргэх ёстой. Мөн багш, шавийн харилцааг ойртуулахын тулд тэд үдийн цайгаа хамт идэхийг эрхэмлэдэг. Хүүхдүүд ангийнхаа ханыг будах, зүлэг тэгшлэх ажлыг ч хийнэ. Багаасаа багаар ажиллаж, байгаль орчноо хайрлаж сурснаар, энэ дадал нь насан туршид нь хадгалагдах учиртай.

Зарим сургуулиудад сурагчид хүнсэндээ хэрэглэх ногоогоо тарьж, хурааж, өөртөө зориулан эрүүл хоол бэлтгэж иддэг байна. Ийнхүү хүүхдүүдийг ажилд сургаснаар тэд биеэ даах, хариуцлагатай байх, ажлын этиктэй болж төлөвшдөг. Учир нь боловсрол гэдэг бол зөвхөн оюун ухааныг хөгжүүлэх биш, харин хэрэгтэй хүн болгохыг хэлнэ. Харин сургууль бол шинэ чадвар эзэмших, зөв дадал зуршилтай болох сайхан боломж.

Цэвэрлэгээ хийснээр хүүхдүүд орчноо цэвэрхэн байлгахаас гадна хамтарч ажиллаж сурдаг. Энэ үед хүүхдүүд хоорондоо ярилцах боломжтой болдог тул уйдна гэж байхгүй. Японы нэгэн сургуулийн англи хэлний багш Майкл Ауслин "Сургууль бол зөвхөн номноос заах газар биш. Энд хүүхдийг нийгмийн гишүүн болгон бэлтгэдэг" гэжээ. Мэдээж хүүхдээ шал цэвэрлээд зогсож байхыг харах сайхан байхгүй. Гэхдээ япон эцэг эхчүүдийн хувьд ийм хичээлийг ойлгож, ач холбогдлыг нь үнэлдэг байна. Тэд хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхээс гадна хүн чанар, нигүүлсэнгүй сэтгэлтэй болгохыг хүсдэг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51385
0 эможи
keyboard_arrow_up