COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: 90 медалиас 57 медалийг нь хүртэн ой тогтоолтын дэлхийн аварга боллоо

2017 оны 12 сарын 08

Arslan.mn

Энэ сарын 1-ээс 3-ны хооронд Индонези улсын нийслэл Жакарта хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн зохиогдлоо.

Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй ялалт байгууллаа.

Мөн насанд хүрэгчдийн ангилалд "Олон багц хөзөр" төрөлд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, "Нэр-зүс царай" болон “Зураг” төрөлд ОУ-ын Их Мастер В.Янжаа, өсвөр насанд "Түүхэн үйл явдал", "Хурдны хөзөр", “Хоёртын тоолол” болон “Олон багц хөзөр” төрлүүдэд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам нар дэлхийн 7 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба Олон Улсын Их Мастерын болзлыг Б.Намуун, С.Марал, Н.Намуундарь Д.Сайханбилэг Б.Ариунбилэг, М.Уянга нар хангаж цол хүртсэн бол Н.Мөнхшүр, Н.Энхшүр, В.Янжаа нар ОУ-ын Их Мастерын зэргээ ахиуллаа.

Тус тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны #1, ОУ-ын Их Мастер, Америкийн тамирчин Alex Mullen 9055 оноогоор Дэлхийн аварга болж дэд байранд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7880 оноо, гутгаар байранд ОУ-ын Их Мастер В.Янжаа 7425 оноогоор тус тус шалгарлаа.

Өсвөр насанд нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 6959 оноогоор тэргүүлсэн бол дэд байранд ОУ-ын Их Мастер М.Уянга 5552 оноо, гутгаар байранд ОУ-ын Их Мастер Б.Намуун 5302 оноогоор удаах байруудыг эзэллээ.

Бага насанд нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Б.Ариунбилэг 4176 оноогоор Дэлхийн аварга болсон бол дэд байранд Ш.Наранбат 3846 оноо, гутгаар байранд Т.Үжин 3327 оноогоор удаах байруудыг эзэллээ.

Мөн ОУ-ын Их Мастер, Өсвөрийн Дэлхийн аварга, Азийн аварга Н.Мөнхшүр "Азийн хамгийн шилдэг тамирчин - 2017" цомын эзэн боллоо. Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 45 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Энэ удаагийн Монголын шигшээ багт Дархан-Уул, Хөвсгөл болон Орхон аймгийн тамирчид багтаж дэлхийн аваргаас медаль хүртсэнд нь онцгойлон баяр хүргэж байна. Цаг зав, сэтгэл зүрхээ зориулан тамирчдаа маш амжилттай бэлтгэж дасгалжуулсан ахлах дасгалжуулагч, багш Б.Баасандорж, ахлах багш Ө.Сэнгэсамдан, багш Б.Баярмаа, багш М.Уранбилэг, багш Н.Наранцэцэг нартаа цааш цаашдын сурган хүмүүжүүлэх ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээндээ амжилттай оролцсон багийн бүх тамирчдадаа дахин баяр хүргэе! Та нар бүгд эх орноо олон улсад амжилттай сурталчилсан "ШИЛДЭГҮҮД" шүү.

Манай баг тамирчдын энэ өндөр амжилт гаргах үндэс нь болсон академийн хамт олон, амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50843
27 эможи
keyboard_arrow_up