COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2019 оны 11 сарын 17

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.11.11-2019.11.17/ Нийслэлээс олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

Сургуулийн автобусууд бяцхан зорчигчидоо тээвэрлэж эхэллээ

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг энэ сарын  15-аас явуулж эхэллээ. Улсын ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй сурагчдыг аюулгүй, шуурхай тээвэрлэж эхэлсэн. Сургуулийн автобус болгонд хүүхэд зохицуулагч ажиллаж байгаа бөгөөд өдөр хоёр ээлжээр сургуульд хүргэж, орой тарахад нь гэр рүү хүргэж өгөх юм байна.  Сурагчдад үйлчилж буй нийт 40 автобусанд байршил тогтоогч суулгасан бөгөөд эцэг, эхчүүдэд байршлын мэдээллийг тогтмол мэдээллэж байх аж. Нийслэлийн зүгээс цаашид автобусны тоо, чиглэлийг нэмэх тал дээр анхаарна гэлээ. Эхний ээлжинд гарч буй бүх зардлыг нийслэлийн санхүүжилтээр шийдсэн аж. Эцэг эхчүүдийн цагийг хэмнэж, ажлаа амжуулах боломж олгохоос гадна бяцхан сурагчдыг аюулгүй зорчих боломжийг бүрдүүлсэнд олон нийт талархалтай байгаа юм байна. 

Хотын стандартыг тогтоох талаар нутгийн захиргааны байгууллагуудтай зөвлөлдөв

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн Монголын Хүүхдийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнийг  нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байгаа  бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцлоо. 

Хотын Захирагч “U-money” цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох асуудлыг судалж ажиллав

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудын хамт үйл ажиллагааг нь нөхцөл байдалд нь очиж шалгаж ажиллалаа. Хотын Захирагчийг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Сөүл хотын оролцоот “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа, “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав.

Гэр хороолын 220 айл бие даасан ТӨВИЙН ШУГАМТАЙ боллоо

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн VII хороонд гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбох "Сервис центр" буюу "Дэд бүтцийн төв" төсөл нээлтээ хийлээ. Арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг болон бусад албаны хүмүүс оролцлоо. "Дэд бүтцийн төв" төслийн хамгийн эхний байршил нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 221 нэгж талбарыг хамран, 14 га газарт амжилттай хэрэгжиж ийнхүү ашиглалтад орж байна. Дэд бүтцийн төв төсөл хэрэгжүүлэгчээр  Рутан Термо мастер ХХК-ийн түншлэл шалгарч, хэрэгжүүллээ. Одоогийн байдлаар Хувьсгалчдын 11-15-р гудамжны 220 айл өрх инженерийн шугам сүлжэээ, халаалт дулаан, цэвэр бохир усны шугаманд холбогдож, үйл ажиллагаа нь  жигдрээд байна. 

НОСК: 24 байршилд гэр хорооллын иргэд газраа орон сууцаар солих боломжтой

Arslan.mn

“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-иас газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлэх орон сууцжуулах төслийг танилцуулан мэдээлэл хийлээ.Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй газарт газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн 6-н дэд төв, Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан барилгажуулах төслийн  19-н байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт өртөх иргэд дээрх төсөлд хамрагдах боломжтой гэв. 

Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой шахмал түлшээр зөв галлахыг онцгойлон анхааруулж байна

Arslan.mn

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 12 өрхийн 35 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөөг авсан. Өмнөх амралтын өдрүүдийг бодвол угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багасаж байна. Гэр хорооллын цахилгааны тарифыг арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны ачаалал обьектын гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Тийм учраас иргэд шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелийг хэрэглэж, өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна” гэв.

Баянзүрх дүүрэгт спорт цогцолбор баригдаж байна

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1,8 га газарт хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын талбай, үзэгчдийн суудал, зүлэг ногоо, мод бут бүхий цэцэрлэгжилттэй спорт цогцолбор байгуулахаар зураг төслийг боловсруулсан боловч өдийг хүртэл хийгдэхгүй байсныг Хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 09-ний өдөр тухайн газар дээр очиж ажиллан, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт зураг төслийг яаралтай батлуулж, Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшлийн асуудлыг спорт цогцолбор барихад зориулан яаралтай шийдвэрлэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг тус тус өгсөний дагуу ажил есдүгээр сарын 20-ны өдөр эхэлж, эрчимтэй хийгдэж байна.

Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжлээ

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага”–ын баримт бичигт нийцүүлэн боловсруулагдсан Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналууд дэмжигдэн НИТХ-д хэлэлцүүлэгдэхээр болов.Түүнчлэн улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах, нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарах улсын тусгай хэрэгцээний 551 га газарт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан 565.88 га газрын хэмжээ, хилийн цэсийн өөрчлөлтийн саналыг Засгийн газрын  2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу НИТХ-ын-д өргөн барьж тогтоол гаргуулах санал оруулав. Мөн “Монгол наадам” цогцолборт аж ахуйн зориулалтаар 10 га газрыг олгосноос 6.28 га газар нь улсын тусгай хэрэгцээний  газрыг хилийн цэсийн гадна байрладаг тул тус газрыг тусгай хэрэгцээнд авч газар дээрхи давхцлыг арилгах, улсын тусгай хэрэгцээний газартай давхцал үүссэн Төв аймгийн Аргалант сумын 372 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газрын байршлыг шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн 2020 оны төсөвт тусгуулах зэрэг саналуудыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албанаас өргөн барьсныг Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Өгөөмөр захын барьсан хууль бус хаалт, хашааг буулгахаар боллоо 

Arslan.mn

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн байна. Дээрхи нөхцөл байдлыг нийслэлийн удирдлагууд газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад гурван чиглэлийн замыг богино хугацаанд нээж  ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Иргэдийн гаргасан гомдол саналыг нийслэлээс богино хугацаанд шийдвэрлэхээр боллоо. Харин одоо иргэд оршин суугчид амьдарч буй орчныхоо гаднах талбайг тохижуулж, ногоон байгууламж бүхий стандартад нийцсэн орчинтой болгож дэмжихийг нийслэлийн зүгээс хүслээ. 

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ. Тус багийнхан өнөөдөр дүүргийн дөрөвдүгээр хорооны таван айлын ханан пийшинд засвар үйлчилгээг газар нь очиж хийж ажиллалаа. Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21000 гаруй өрх байдаг бөгөөд эдгээрээс 741 өрхийн зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй гэх судалгаа гарсан. Үүнээс хамгийн эрсдэл өндөртэй 190 гаруй айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг  тогтоож, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээг газар дээр нь буюу гэрт нь очиж засварлаж эхэллээ.   Эхний байдлаар эрсдэл бүхий 190 айлын ханан пийшин, зуух, янданг нь засварлан, ажиллах тус засварын баг галлагааны улирал дуустал ажиллаж, иргэдийг угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.

Сэлбэ дэд төвд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа

Arslan.mn

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чанар стандартын дагуу цаг хугацаанд ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгч байгаа гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ зам ашиглалтад орсноор зуслангийн замын түгжрэлийг бууруулах, Дарь эх, Зуун айл, Дамбадаржаа гэсэн чиглэлүүд рүү замын хөдөлгөөнийг эрчимжүүлэх боломж бүрдэж байна. Мөн 7 буудал, Чингэлтэйн чиглэлийн замын ачааллыг бууруулах ач холбогдолтой” хэмээн ярилаа. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэйн үерийн хамгаалалтын суваг дээр баригдаж буй 60 метр, 30 метр, 24 метр урттай зэргэлдээ гурван гүүрийн ажил хийгдэж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 60 метр гүүрийн барилга угсралтын ажил бүрэн дуусч, 24 метр гүүрийн ажил 80 хувьтай, 30 метр гүүрийн ажил 65 хувьтай хэрэгжиж байна. Цаашид уг гүүрнүүдийг холбосон 6.6км урт авто замын ажил хийгдэнэ. Сэлбэ дэд төвд эдгээр гүүр, авто замын ажлууд дуусч ашиглалтад орсноор 7 буудал орчим болон зуслангийн замын ачаалал 30-40 хувьтай буурна. Дээрх ажлуудыг 2020 оны III улирал гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610596
0 эможи

keyboard_arrow_up