COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн хөгжил: Өчигдөр, өнөөдөр, ирээдүй

2019 оны 10 сарын 29

Arslan.mn

Улаанбаатар хотын 380 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт ой нийслэлчүүдийн ой санамж дахь олон түүх, баримтыг сэрээлээ. Өнгөрсөн зуунаас өнөөг хүртэл явж ирсэн хөгжлийн замналаас нийслэл хот хэрхэн бүрэлдэж бий болсон нь харагддаг. Мөн энэ суурин дээр 1.5 сая хүн амтай, тэр хэрээр асуудал олонтой “баатар” хотын маань ирээдүйн төлөвлөгөө дахин шинээр зурагдаж байна. Нийслэлийн архивын газар “Хот байгуулалтын түүхэн үйл явц” сэдэвт хурлаар  эрдэмтэн, судлаачдын байр суурийг гаргаж тавьсан нь ийм байна.

Нийслэлийн захын иргэн “Хот ямар ч төлөвлөлтгүй явж ирсэн. Өнөөгийн түгжрэл, бухимдлын шалтгаан нь тэр” гэж шүүмжилдэг. Тэгвэл нийслэл 1920-оод оноос эхлэн  таван удаагийн  төлөвлөлтийн шатыг туулжээ. Нийслэлийг  хөгжүүлэх стандартыг  Монголын төр 1925 оноос ярьж 1930, 1935 онд анхны төлөвлөгөөг гаргажээ. Энэ үед эсгий гэрт  нийтийн ахуй үйлчилгээг байгуулсан байдаг. Аливаа хотыг хот болгож байгаа гол шалгуур нь нйигмийн халамжийн асуудал, өөрөөр хэлбэл иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд ийнхүү анхаарчээ.  Тухайн үед нийслэлийн хүн ам 600 мянга байв. Харин шинжлэх ухааны үндэстэй    төлөвлөлтийг  ЗХУ /тухайн үеийн нэрээр/ 1954 онд гаргаж өгсөн нь “Азийн цагаан дагина” гэж өргөмжлөгдөх их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьсан байна. 1960 онд  үе шаттай судалгаа  хийж 1975, 1980 оноос  хөгжлийн бодлогоо  хэрэгжүүлжээ. Монгол Улсыг хоцрогдсон орноос хөдөө аж ахуйн орон болгох зорилтыг хэрэгжүүлж, дараагаар нь хөдөө аж ахуй,  аж үйлдвэрийн орон болох зорилго дэвшүүлсэн энэ цаг үед    нийслэлийн хүн ам 130 мянгаар өссөн үзүүлэлттэй  гарсан байдаг. Өнөөдөр  бүх зүйл төлөвлөгөөний  дагуу явж байгаа гэх ч хууль  бусаар барьсан  баригдсан барилга байгууламжуудаас өгсүүлээд  олон асуудлыг ярьдаг. Тэгвэл НҮБ-аас  саяхан дэвшүүлсэн зорилтод “Хот бол тухайн хүний гэр юм” гэжээ. Нийслэл маань  бидний эрүүл, аюулгүй, тав тухтай амьдардаг гэр байж чадаж байгаа бил үү…

“Чадварлаг архитектор, судалгаатай төлөвлөлт дутагдаж байна”

Arslan.mn

Өнөөдөр нийслэлийг удирдаж буй  С.Амарсайханы багийнхан Улаанбаатар хотыг  2030 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөө,  2040 он хүртэлх хот төлөвлөлтийг  боловсруулж  санал авч, хэлэлцүүлэх ажлыг эхлүүлээд  байна. Үүнд судалгаатай  төлөвлөлт, зөв менежмент  чухал. Дээр нь дэвшилтэт технологийг нэвтрүүлэн дотоодын нөөц бололцоог бүрэн ашиглах хэрэгтэй. Асуудлаа эрэмбэлэх, тооцоо судалгаагаа гаргах, эрдэмтэн судлаачдаа сонсох хэрэгтэй.  Мөн бүс нутгийн хэмжээнээс хальж  дэлхийн хөгжилтэй  хөл нийлүүлэхэд юунд анхаарах вэ гэдэгт алсын хараатай  зорилт дэвшүүлсэн.Мөн ойрын хугацаанд шийдвэрлэх тулгамдсан асуудлаа шийдэх, эдийн засагтаа анхаарах, иргэдээ ажилтай орлогоотой байлгах, эрүүл аюулгүй орчинд амьдруулах төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байгаа  гэдгээ Хотын дарга энэ үеэр онцолж байв. Тэгвэл үүн  дээр нэмээд чадварлаг архитекторуудыг бэлтгэх шаардлагатай байгааг доктор Д.Хайсамбуу хэлсэн юм. Тэрээр “1954 оны Улаанбаатарын хөгжлийг өнөөдөртэй харьцуулахад өөр. Гэхдээ өнөөгийнх шиг барилгажуулах нь  гол биш. Бид зах зээлийн нийгэмд шилжиж бизнесийн удирдлагад орсноор дуртай нь өөрийн байшинг барьж сурталчлаад явдаг буруу жишиг тогтсон. Өндөр байшин олширсноор хот сайхан болчихгүй. Энд бодлого хэрэгтэй. Хотын ерөнхий төлөвлөгөөг хийхэд өмнө  нь барилгуудын  хоорондох зайг нарийн тооцдог байсан. Гэтэл өнөөдөр орон сууцны хорооллууд дотор явган хүн алхах зай  байхгүй шахам. Хаана хоосон орон зай байна, тэнд болсон болоогүй ТҮЦ барьчихдаг, хяналт байдаггүй.

Ер нь хотын төвлөрөл 1960-аад оноос эхэлсэн, Тухайн үед төр, засгаас цэргийн анги, үйлдвэр аж ахуйн газруудыг Улаанбаатарт төвлөрүүлснээр их нүүдлийн суурь тавигдаж, тэр нь одоо ч зогсохгүй байна. Төлөвлөгч нар тийм алдаатай зүйл хийхгүй. Хотын хөгжил тухайн нийгмийнхээ төрхийг илэрхийлж байдаг. 1950 онд Монгол Улсын нийгэм эдийн засаг ямар байв, 1970, 1980, 1990 онд юу болов, түүнийг дагаж бүтээн байгуулалт хийж ирсэн. Тэр жамаараа явж байгаа ч замбараагүй байдал газар авсныг хэлэхгүй өнгөрч болохгүй. Өнөөдөр дэлхий даяар үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал эхлээд  явж байна. Тэгвэл бид энэ бодлогод тохирсон, хотын хүн ам, боловсон хүчин, нутаг дэвсгэрийн хэмжээнд тохирсон төлөвлөлтийг хийх ёстой. Бүх зүйл тооцоо, судалгаатай байж төлөвлөгөөний дагуу хийгдэх учиртай.  Энэ бүхнийг гүйцэтгэх чадварлаг архитекторуудыг бэлтгэх шаардлагатай” гэв.

“Бүсчлэлийг  тодорхой болгож, стандартаа  мөрдүүлмээр байна”

Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн зөвлөх архитектор Г.Нарангэрэл хэлэхдээ “Улаанбаатар хотын  өнгөрсөн 30 жил хөгжиж ирсэн төлөвлөлтөд  шинэчлэх зүйлүүд бий. Тухайлбал  эрхзүйн орчныг сайжруулах, хот төлөвлөлтөд бүсчлэлийг нэвтрүүлэх нь ач холбогдолтой” гэв. Үүний тулд хотыг төлөвлөх, дараа нь хэрхэн  хэрэгжүүлэхээ тооцох нь чухал ажээ.  Зураг төслийн хүрээлэн 1990-2002 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гарган тухайн үеийн Засгийн газраар батлуулсан түүхтэй. 2013 онд ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хийж, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг боловсруулан  батлуулсан ч хэрэгжилт  нь хангалтгүй байгаа юм. Энэ нь  зохион байгуулалт хийх  дүрэм журам дутмагтай холбоотой. Тэгвэл бүсчлэлийн тогтолцоо нь үүнийг хэрэгжүүлэх гол баримт бичиг болдог бөгөөд  АНУ-д 2013 оноос хэрэгжжээ.Орон сууцны, үйлдвэрийн гэх мэтээр бүсийг тогтоосноор хэдэн хувийг нь барилгажуулах вэ,  тэр нь хэдэн давхар байх вэ, барилга хоорондын зай ямар байх вэ гэдгийг тодорхойлж заавал биелүүлэх стандартыг тогтоодог байна. Хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцож байгаа бүх аж ахуй нэгж, хувьд хүн үүнийг мөрдөж хэвшвэл  хот төлөвлөгөөний дагуу хөгжих бүрэн боломжтой юм. Эрдэмтэн судлаачид ийнхүү хотын хөгжлийн төлөө саналаа хэлж эхэллээ. Үүний дүнд Улаанбаатар хот шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих болно гэдгийг эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагчид тэмдэглэж байна.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ(0)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609811
0 эможи

Зочин
2019-10-29 12:17
keyboard_arrow_up