COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Хотын ажилд хариуцлага, гүйцэтгэл, хяналт ус агаар шиг хэрэгтэй байна

2019 оны 9 сарын 04

Arslan.mn

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцэгч нэгэн байх учиртай билээ.  “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа ээлжит зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг урьж, ярилцлаа.

-Та Нийслэлийн Засаг дарга болоод нэлээд хугацаа өнгөрч байна. Нийгэм, улс төрийн амаргүй цаг үед энэ албанд сонгогдсон гэж боддог. Ямар зарчим барьж ажиллаж байна.  Үүнээс яриагаа эхлэх үү?

-Нийслэлчүүдийн маань ажил, амьдралд хүндрэлтэй асуудал олон байна. Болж бүтэж байгаа нь ч бий.  Гэхдээ гол зүйл нь ирээдүйд Улаанбаатар хот яаж хөгжих вэ. Иргэдийн амьдрах таатай орчин нөхцлийг хангасан, хүнээ дээдэлсэн хот болох ёстой. Энэ чиглэлд бодлогоо зөв тодорхойлж, үр дүн гаргах дээр анхаарч ажиллаж байна. Анх 500 мянган хүн амд төлөвлөж байгуулсан хотод өнөөдөр 1.5 сая хүн амьдарч байна.  Мөн орон нутаг, гадаадын иргэд гээд үндсэндээ өдөрт хоёр сая орчим хүний ажил, амьдрал хотод маань буцалж байдаг. Тэр бүх үйл ажиллагааг зохицуулахад хүндрэл бэрхшээлтэй зүйл бишгүй бий. Юуны түрүүнд агаар, орчны бохирдлыг бууруулах, амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, зам дэд бүтцийн хүртээмжтэй байдал, нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч байна. Түүнчлэн Улаанбаатар хот маань цаашдаа 2030-2040 он хүртэл яаж хөгжих вэ,  50-60 жилийн дараа өнөөдрийнхтэй адилхан олон асуудалтай сууж байхгүй юмсан гэдгийг бодолцон ажиллаж байна.

-Таныг ажлаа авсны дараа ч улс төрийн хүрээнд нэлээд эсэргүүцэл гарч байлаа. НИТХ-ын  хуралдаан дээр таныг огцруулах асуудлыг өргөн барих талаар зарим төлөөлөгч илэрхийлсэн. Ер нь улс төрийн тогтворгүй, явган хэрүүл гэмээр ийм үйл явдлууд хувь хүн болоод Хотын даргын ажилд тань яаж нөлөөлж байна вэ?

-Хотын даргын ажлыг авсан цаг үед улстөржилт нэлээд байсан. Цаг хугацааны хувьд ч сонгууль дөхсөн үе. Одоо ч улстөрийн шийдэл талаасаа цаг бага байна. Тэглээ гээд би энэ ажлыг улстөр, цаг хугацааны хэмжүүрээр хийгээгүй. Сонгууль ойртсон юм чинь болвол болоод болохгүй бол тэр биз гэсэн хандлага надад байхгүй.  Ажил авсан л бол болохгүйгээс нь болох, боломжтой бүхий л хувилбарыг хэрэгжүүлнэ. Буруу жишгийг халж, зөв зүйлийг хэвшүүлэхээр зүтгэнэ. Шат шатны байгууллагууд маань ч ажил үүргийнхээ дагуу байж, сахилга бат, дэг журамтай, сэтгэл зүтгэлтэй байж чадвал олон асуудлыг шийдэх хугацаа бас байна. Алдаа оноотой зүйлийг нь засч сайжруулна.  Мөн иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэж, төрийн албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, хүнд суртлыг багасгах гээд хийх ажил их байна.  “Тэр тэглээ, энэ ингэлээ гээд гомдоллоод явна” гэж юу байх вэ. Улстөржих завтай, бас тийм бодолтой нөхөд нь тэрнийгээ хийнэ л биз.

-Хатуу шаардлага тавьж, хариуцлага нэхэж ажиллана. Ажил албан тушаал хашиж байгаа нэртэй мөртлөө, ямар ч сэтгэлгүй, дүр эсгэгчдийн дургүй хүрэх л байх. Тэд ямар нэгэн байдлаар улстөр хийх биз. Гэхдээ би ухарч, няцахгүй.

-Улстөржих байдал нийгэмд нэлээд байна. Үүнээс болоод ажил гацаадаг асуудал бий. Одоо НИТХ дээр ийм байдал харьцангуй намжсан гэж ойлгож болох уу?

-НИТХ маань бодлого шийдвэрээ гаргаж байх учиртай. Хотын даргын хувьд хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлээд явна.  Бидэнд ажлын хувьд асуудал байхгүй гэж ойлгож болно.  Би  өмнө нь  НИТХ-ын даргаар ажиллаж бодлого тодорхойлж байсан. Хотын даргын ажил гүйцэтгэх эрх мэдэл, хууль эрх зүйн хүрээнд ялгаатай ч ажлаа авснаас хойш гурван чиглэлд анхаарч байна. Эхний гурван сард ерөнхийдөө дотоод асуудлаа шийдвэрлэсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, харьяа газар, хэлтсүүдийн аль нь ажил үүргээ сайн гүйцэтгэж байна, алиных нь үйл ажиллагаа доголдож, давхцаж байна.  Тэр бүхнийг судалж ажил үүрэгтэй холбоотой, хариуцлага зохион байгуулалтын ажлыг хийлээ. Хоёр дахь гурван сараас буюу одоо иргэд олон нийтийн дунд илүүтэй орж, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байна. Шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг нь дор бүр нь шийдэж байгаа. Мөн нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хянаж шалгах асуудалд анхаарлаа хандуулж байна. Татвар төлөгчдийн нэг төгрөг байсан ч үр дүнтэй зарцуулагдах ёстой. “Хийж байгаа ажлууд тань урт хугацаанд олон нийтэд өгөөжөө өгөх ёстой” гэдэг шаардлагыг гүйцэтгэгч нарт тавьж байна. Ингэж асуудалд хандахгүй бол цаасан дээр нэг ажил, нэг тоо орж ирдэг. Тэр нь бодит амьдралд нийцэж буй эсэх нь ч ойлгомжгүй байхад шийдвэр гаргаж болохгүй. Цаасан дээр бичсэн тоогоор төсөв баталдаг байдал дахин гарах учиргүй. Удахгүй 2019 оны үндсэн чиглэлээ дүгнэж, 2020 оны төсвөө хэлэлцэн батална. Энэ төсөвт ирээдүйг харсан зөв бодлого, шийдэл орж ирэх учиртай.

-Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан.  Газар дээрээ байдал ямар байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа.Тухайлбал, Төв цэвэрлэх байгууламжийн асуудал байна. Зам, дэд бүтцийн ажлууд байна. Энэ жил Яармагийн гүүрэн гарцыг ашиглалтад оруулсан. Удахгүй  Замын цагдаагийн гэж нэрлэж заншсан гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээнэ. Мөн Баянзүрхийн товчоо, Налайх чиглэлийн 20.9 км автозамын ажил байна. Энэ замыг технологийн дагуу өндөр чанартайгаар гүйцэтгэж ирэх аравдугаар сарын сүүлч гэхэд ашиглалтад оруулна. Түүнчлэн Сэлбэ, Баянхошууны дэд төв ашиглалтад орох гэж байна.  Ингэснээр тэр хавийн айл өрхүүд дэд бүтцэд холбогдож, тэр хэмжээгээр барилга байгууламж, орон сууцны төсөл хөтөлбөрүүдийн ажил эрчимжинэ. Мөн нийслэлийн хэмжээнд томоохон усан хамгамжийн төвийг барьж байгуулж байгаа. Үүний зэрэгцээ бид хүүхэд, залуусынхаа бие бялдрын өв тэгш хүмүүжил, хувь хүний хөгжилд анхаарах ёстой. Тиймээс спорт цогцолборуудыг байгуулж эхэлсэн.  Мөсөн ордон, дүүрэг бүрт байгуулах хөлбөмбөгийн талбай, нийтийн эзэмшлийн биеийн тамирын талбай байгуулах ажлууд хийгдээд эхэлсэн.

Мөн олон улсын стандарт шаардлагад нийцсэн усан бассейн баригдана. Хамгийн сүүлд гэхэд шинэ цэнгэлдэх хүрээлэн барихаар зураг төслийн концепц боловсруулах уралдаан зарлаж дүгнээд, өдгөө ТЭЗҮ-г боловсруулах ажлыг эхлээд байна. Энэ мэтчилэн нийгмийн олон талын эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагыг хангасан бүтээн байгуулалтууд өрнөнө.

-Бүтээн байгуулалт өрнөж байгаа нь сайн хэрэг ч гэлээ хариуцлагын асуудал  сул байх юм. Төсөл хөтөлбөр авдаг, цаг хугацаанд нь ашиглалтад оруулдаггүй, чанаргүй барьдаг.  Авто зам дээр гэхэд л нэг зуны борооны ая  даалгүй эвдэрч байна.  Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой юм бол?

-Би ажлаа аваад долоон сар болох гэж байна. Энэ хугацаанд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд саад болдог зүйл нь хөрөнгө мөнгө биш байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хөрөнгө мөнгийг гадна, дотнын хөрөнгө оруулалтаар шийдэж болж байна. Дэд бүтцээ хөгжүүлэх боломж ч байна. Гагцхүү албан тушаалтны хариуцлага, ажлын гүйцэтгэл, хатуу хяналт ус агаар шиг, амь амьдрал шиг хэрэгтэй байна. Хэрэв энэ гурван зүйлийг шат шатандаа хэрэгжүүлж чадвал төсвийн хөрөнгө үр өгөөжтэй зарцуулагдана. Хотын хөгжилтэй холбогдуулан гаднын хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтдаа татаж чадна. Ер нь аливаа ажилд хяналт сул болохоор л гүйцэтгэл муу  байдаг.   Автозамын ажил дээр гэхэд захиалагч нь төсвөө өгөхдөө танаж, замын өргөнөөс хасдаг.  Гүйцэтгэгч компани нь зузаанаас нь таначихдаг. Хяналт тавьж байгаа хүмүүс нь найзан дундаа орчихоод ашиг хонжоо хардаг. Ийм байдлаар чанаргүй ажил хийдэг, тэр нь олон дахин давтагддаг. Тэгээд ажлыг урт хугацааны бодлого төлөвлөлтөөр биш, өнөө маргаашаа бодсон, сонгуульд зориулсан ч юм уу, тухайн үеийн нийгмийн сэтгэлзүйн хандлага, хүмүүсийн ааш араншинд тааруулсан байдлаар хийдэг. Эдгээр нөхцөл байдлуудыг нэг талаас хариуцлагын, нөгөө талаас тогтолцооны гажуудал гэж хэлж болохоор байгаа юм.

-Нэг өрөөнд сууж, машин унасан дарга байх нь ч надад сонин биш. Өөрт оногдсон цаг хугацаандаа хууль журмын хүрээнд хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ дагуу ажилласан шиг ажиллана.

-Ер нь цаашлаад нийслэлийн гэхээс илүү улсын хэмжээний асуудал болчихлоо л доо?

-Тийм ээ. Өнөөдөр үүсээд байгаа бүхий л асуудал хариуцлагатай холбоотой байна. Хэрэв нийслэл маань зөв хөгжвөл энэ нь өөрөө Монгол Улсын хөгжлийн түүчээ, хөгжлийн илэрхийлэл, хэмжүүр болно. Бидний зөв хөгжил Монгол Улсын өнцөг булан бүрт зөв жишиг болоод явах учиртай.  Тийм ч учраас энэ хариуцлага гэдэг зүйлийг нэн тэргүүнд авч үзэх хэрэгтэй. Явсан газар болгоноос хариуцлага, зарчим нэхнэ.  Нийслэлд олон хүндрэлтэй асуудал байна.  Хотын төвөөс эхлээд зах хүртэл асуудалгүй гудамж талбай гэж алга. Энэ нь юундаа байна гэхээр ерөөсөө л алдаатай бодлого. Тэр нь явсаар шат шатны албан тушаалтнуудынх ариуцлага дээр л ирдэг. Дээр нь төрийн байгууллагуудын нэгдсэн уялдаа холбоо, нэгдмэл шийдэл байхгүй байна. Энэ бүхнийг засч, зөв жишиг тогтоохын төлөө хатуу тэмцэж ажиллана. Бүх зүйл их сайхан болж байгаа юм шиг яриад, дүр эсгээд, бие биедээ найр тавиад, аргацаагаад явах боломж байхгүй.  Энэ нь улс орон, нийслэлийн хөгжлийн төлөө юм.

-Хатуу шаардлага, хяналт тавиад ажиллахаар эргээд дайрдаг.  Ямар нэгэн байдлаар унагах гэж оролддог хандлага бий.  Та ч тэр шуурганд өртөж яваа.  Тийм үү?

-Ер нь хатуу шаардлага тавьж, хариуцлага нэхэж ажиллана. Цаашдаа ч энэ зарчмаасаа ухрахгүй. Ажил албан тушаал хашиж байгаа нэртэй мөртлөө, ямар ч сэтгэлгүй, дүр эсгэгчдийн дургүй хүрэх л байх. Тэд ямар нэгэн байдлаар улстөр хийх биз. Гэхдээ би хийж байгаа ажлаасаа ухарч, няцахгүй. Хотын дарга байх хугацаандаа эрүүл жишгийг тогтоохын төлөө ажиллана. 1990 оноос хойш гарсан  бодлогын алдаанууд  нийслэлд дахин давтагдах ёсгүй гэж үздэг. Миний хувьд хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүст таалагдах гэж энэ ажлыг хийгээгүй.  Нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.  Нэг өрөөнд сууж, машин унасан дарга байх нь ч надад сонин биш. Өөрт оногдсон цаг хугацаандаа хууль журмын хүрээнд хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ дагуу ажилласан шиг ажиллана. Хариуд нь миний гэр бүл, удам угсаа, найз нөхөдтэй холбоотой гүтгэлэг доромжлолыг зохион байгуулалттайгаар тараах явдал ч гарсан.  Гэхдээ тэр бүхэн хотын Захирагчийн хувьд хийх ёстой ажлаас минь ухрааж, няцаах хүчин зүйл болж чадахгүй.

-Үе үеийн хотын дарга нар өөрс­дийн гэсэн онцлог, арга барилтай. Хийж бүтээсэн зүйлээрээ яригддаг. Та өө­рийн түүхээ хэрхэн бүтээж байгаа вэ?

-Өмнөх Хотын дарга нар олон бүтээлч ажлыг эхлүүлсэн, хийсэн, санаачилсан байдаг. Зөв ажлууд нь зөв жишиг тогтоож байна. Тухайн цаг үе болгон нь хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, нийгмийн байдал гээд ялгаатай. Би  сэтгэлийн хөөрлөөр ч юм уу, биелэх боломжгүй зүйлийг уриа лоозон болгох дургүй. Мөн өмнөх дарга ингэж байсан. Би түүнээс өөр зүйл хийж, давж гарах ёстой гэсэн байдлаар асуудалд ханддаггүй. Өнөөдрийн нийгэмд хамгийн тэргүүн хийх ёстой, бодит, биелэх боломжтой, ирээдүйд хотын хөгжлийг тодорхойлох ямар ажил, ямар асуудлууд  байна. Түүн дээр төвлөрч ажиллахыг эрхэм болгож байна. Төрийн алба бол нээлттэй, шударга ил тод, иргэддээ үйлчилдэг байх ёстой гэж  ярьдаг. Гэтэл бодит байдал дээр учир дутагдалтай зүйл олон байдаг. Байгаа цаг хугацаандаа хариуцлагын асуудлыг байнга ярьж, төгөлдөржүүлнэ гэдгээ дахин хэлье.  Дээр нь иргэдийнхээ үүрэг оролцоог нэмэгдүүлнэ. Иргэд маань ч төр л бүхнийг хийх ёстой гэсэн хандлагаасаа салах хэрэгтэй. Төр нь төр шиг ажлаа хийдэг, аж ахуйн нэгж нь нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, иргэд нь ч  эрх үүргээ мэддэг, ийм л эрүүл нийгэм биднийг хөгжилд хөтөлнө.

-Нэг ажлыг эхлүүлдэг.  Удалгүй олон нийт дургүй байна гээд больдог.  Энэ харилцааг яаж зохицуулах ёстой юм бол. Тухайлбал, саяхан автозамын бүсчлэлийн асуудлыг цуцаллаа?

-Асуудал шийдэх гэхээр юу юуны духандгүй шүүмжлээд эхэлдэг, шийдэхгүй болохоор ажил хийсэнгүй гэж буруутгадаг хандлага манайд бий. Тэгээд хамтраад хийе гэхээр амь амиа бодоод өрөө өрөөндөө ороод суучихдаг. Автозамын бүсчлэлийн асуудал бол манайх шиг хотод хэрэгжүүлэх л ёстой зүйл.Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрыг бодлогоо гарга.  Иргэдэд сурталчлан таниулах ажлыг сайн хий. Түүний дараа хэрэгжүүлье гэж хэлсэн. Төр бодлого гаргаж байгаа л  бол түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Түүний хажуугаар иргэдээ мэдээллээр хангах, санал бодлыг нь сонсох, алдаа оноог нь засах ёстой. Гагцхүү хэрэгжүүлэхээсээ өмнө хаасан байгаа зам, гүүрнийхээ асуудлыг шийдвэрлэнэ. Хөдөлгөөний орц, гарцыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал бий. Явж  явж бүгдээрээ түгжрээд, ажил амьдралаа зохицуулж чадахгүй зам дээрээ бухимдаад зогсч байх уу. Эсвэл үүргээ ухамсарлаж, төлөвлөлтэйгөөр авто замын хөдөлгөөнд оролцох, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, бухимдал стрессгүй байх уу гэдэг асуудалд хот ойрын хугацаанд бодлогоо гаргана.

-Манай хотын гол алдаа буюу хаягдсан зүйл нь стандарт юм байна. Хүн нийгмийн харилцааны хамгийн чухал зүйл хэм хэмжээ, стандарт байдаг. Гэтэл энэ бүхэн алдагдсан учраас өнөөдөр юу нь хаана, ямар хэмжээнд байгаагаа ч мэдэхгүй, хөл толгойгоо алдсан байна.

-Өмнөх Засаг даргын үед Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан.  Энэ ажил хэрхэн үргэлжлэх вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль УИХ дээр хэлэлцэгдээд явж байна.  Үндсэн хуулийн төсөл орж ирсэн учраас түр хойшилсон байгаа.  Ер нь батлах талд нь бид анхаарч байна.  Ажлын хэсэг гарсан.  Энэ хуулиар зарим ойлгомжгүй байгаа эрх зүй, эдийн засаг, иргэдийн оролцоотой холбоотой асуудлыг нэг талд нь гаргана. Өнөөдөр бид нийслэлийн асуудлыг УИХ, Засгийн газрын оролцоогүйгээр шийдэх ямар ч боломжгүй. Тийм учраас Засгийн газар, УИХ-ын гишүүдтэйгээ нягт хамтын ажиллагаатай байна. Цаашлаад Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нутаг дэвсгэр, засаг захиргааны тухай хууль зэрэг олон хуулийн давхцал болоод бие биетэйгээ зөрчилддөг тодорхойгүй зүйл заалтуудыг тодорхой болгож ажиллана.

-Дэлхийн зарим хот тусгай тат­вар­тай, мөн тодорхой хэмжээний бие даа­сан эрх мэдэлтэй байж хөгждөг гэдэг юм билээ.  Манайд хууль эрх зүйн хувьд ийм боломж байдаггүй юм уу?

-Нийслэлийн татвар гээд тодорхой хэсгүүдэд бий. Бууны, нохойны гэдэг ч юм уу жижиг татварууд байна.Түүнчлэн үйлчилгээний газруудаас нэг хувийн татварыг нийслэлд төвлөрүүлдэг.  Гэхдээ хотууд өөрсдийн асуудлыг шийдвэрлэх, эдийн засгаа чадавхижуулах үүднээс цуглуулсан орлогоо Улсын төсөвт төвлөрүүлэх биш өөрсдөө захиран зарцуулах зохицуулалтыг хийж  өгсөн байдаг.  Иргэдийнхээ ая тухтай орчныг бий болгож, иргэд нь эргээд татвараа төлдөг тогтолцоог олон хот хэрэгжүүлж байна. Өргөн бариад байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд татвартай холбоотой зарим сайжруулалт орсон нь сайшаалтай.  Цаашид нийслэл маань татвартай байхын зэрэгцээ, өөрийн өмч хөрөнгийг үнэ цэнэтэй болгох дээр ч анхаарч ажиллана.

-Дагуул хот байгуулах, нийслэлийг нүүлгэх, Хотын захиргааны байрыг шилжүүлэх гээд суурьшилтай холбоотой асуудалд танай баг ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Хотын Захиргааг нүүлгэх асуудал удахгүй эцэслэн шийдэгдэнэ. Засгийн газар дээр асуудлыг ярьж байна.  Хотын захиргааг шилжүүлж болно.  Гэхдээ  ямар цаг үед ямар хүрээнд энэ бүхнийг шийдэх вэ гэдгийг сайн төлөвлөх хэрэгтэй.  Түүнчлэн хотыг өөр тийш нь нүүлгэх тухай яриад байдаг.  Гэтэл энэ нь хүн бүхний ажил амьдрал, хүч хөдөлмөр,  хөрөнгө мөнгөтэй холбогдож байдаг.  Тэгэхээр хотыг тэр чигээр нь нүүлгээд шинэ нийслэл байгуулчихна гэж дур зоргоороо яриад байж болохгүй. Аливаа асуудлыг шийдэх тал дээр тогтож ажиллахгүй, асуудлаас зугатсанаараа шийднэ гэж байхгүй. 1.5 сая хүний ажил амьдрал шүү дээ. Дараагийн нэг асуудал нь оюутнуудыг хотоос гаргая гээд яриад байдаг. Тэгвэл үлдэж байгаа хүмүүс нь яах вэ. Бизнес эрхлэгчид дагаад нүүх юм уу. Энэ хотын эдийн засгийг хэн авч явах юм.  Ер нь сургуулиудыг нүүлгэх асуудлыг судалж байна.  Гэхдээ нүүлгэсэн ч аль тойрогт нь байлгах юм гэдгийг сайн төлөвлөх нь чухал. Дэд төвүүдийг түшиглэн дагуул хотуудыг бий болгоно. Аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгчидтэйгээ нийлээд 30-40 мянган хүн амтай, жишиг хотыг байгуулахаар төлөвлөж байна. Цаашлаад дэд төвүүдээ түшиглээд 7-8 дагуул хотын байгуулах боломжтой гэж харж байна.  “Айэросити”, “Майдар“ хот байна.  Түүнчлэн Налайх дүүргийг аялал жуулчлал, үйлдвэрлэлийн тусгай бүс болгон хөгжүүлэх ёстой. Шинэ болон хуучин нисэх буудлыг түшиглэсэн эдийн засгийн бүсийг ч байгуулах боломжтой.Мөн томоохон захуудыг хотын зах руугаа гаргах, суурьшил, үйлдвэр, үйлчилгээний бүсээ ялгаж салгах гээд хотын төлөвлөлтэй холбоотой асуудал олон байна.

Би сэтгэлийн хөөрлөөр ч юм уу, биелэх боломжгүй зүйлийг уриа лоозон болгох дургүй. Мөн өмнөх дарга ингэж байсан би түүнээс өөр зүйл хийж, давж гарах ёстой гэсэн байдлаар асуудалд ханддаггүй. Өнөөдрийн нийгэмд хамгийн нэн тэргүүний хийх ёстой, бодит, биелэх боломжтой, ирээдүйд хотын хөгжлийг тодорхойлох ямар ажил, ямар асуудлууд байна. Түүн дээр төвлөрч ажиллана.

-Аливаа асуудалд стандарт чухал байдаг.  Гэвч стандартаа барьж ажиллаж байгаа газар, аж ахуйн нэгж цөөхөн байна. Та  стандарттай холбоотой агентлаг байгуулсан.  Хэр үр дүнтэй байна вэ?

-Манай хотын гол алдаа буюу хаягдсан зүйл нь стандарт юм байна.  Ер нь хүн нийгмийн харилцааны хамгийн чухал зүйл хэм хэмжээ, стандарт байдаг.  Гэтэл энэ бүхэн алдагдсан учраас өнөөдөр юу нь хаана, ямар хэмжээнд байгаагаа ч мэдэхгүй, хөл толгойгоо алдсан байна. Яаж зохицуулах гарц гаргалгаагаа ч мэдэхгүй, ойлголцож чадахгүй байдалд хүрчээ. Газар олгоод л байдаг эргээд харахад автомашин явах битгий хэл, хүн алхах ч газаргүй болсон байх жишээний. Тэгээд эргээд төр нь авна гэж байна. Хэрэв анхнаасаа газар олгоогүй бол хэн ч дураараа тэнд очиж барилга байшин барихгүй шүү дээ.  Энэ бол стандартын л асуудал.  Түүнчлэн автозамын ажлууд, явган хүний зам, барилгууд, гэр хорооллын хашаа байна. Энэ бүхнийг зохицуулах үүднээс Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газар гэж анх удаа  байгуулсан.  Тэр хэрээр өндөр ач холбогдол өгч, шаардлага тавьж ажиллаж байна.

-Удахгүй нийслэл хотын маань 380 жилийн ой тохиох гэж байна. Засаг дарга байх үед тань тэгш ой тохиож байгаа нь бэлгэдэлтэй юм.  Ойн арга хэмжээг ямар байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Улаанбаатар хотынхоо 380 жилийн түүхэн дэх өв соёл, уламжлалыг хамгаалах, сэргээхэд анхаарна.  Түүхээ өв уламжлалаа мэддэг ард олны төрт ёс нь өндөр байдаг.  Төрт ёс нь өндөр улс орны хөгжил дэвшил улам өөдөө дэвждэг.  Гэтэл бид байрнаасаа ухарсан, зогсонги байдлаар цааш явж болохгүй. Энэ агуулгаар 380 жилийн ойг тэмдэглэнэ.  Манай хотын 70 орчим хувь нь залуучууд байна. Тэгэхээр хүүхэд, багачууддаа түүхэн уламжлал, өв соёлоо сурталчлан таниулах ажлыг хийнэ.  Мөн нийслэлийн хэмжээнд төрөл бүрийн бүтээлч ажлуудыг өрнүүлж байна. Бид жил бүр Даншиг наадам хийж үргүй зардал гаргадаг байсан. Тиймээс бид одоо тэр мөнгөөр Гандантэгчэнлин хийдийг нь тохижуулъя  гэж байна. Даншиг наадам хийвэл жуулчны компаниудад хариуцаад хийсэн шиг хийх хэрэгтэй. Гандан хийд маань жуулчны компаниудтайгаа нягт уялдаатай ажиллаж, хөтөлбөрөө гаргаад хийх нь зөв. Түүнээс биш төсвөөс 200, 300 сая төгрөг гаргаж зохион байгуулах нь үр дүнтэй биш байна. Өөрсдөө үүнийгээ бизнес боломж гэж ойлгоод хийсэн шиг хийгээд орлогоо өөрсдөө олдог зарчмаар ажиллах шаардлага тавьж байгаа. Мөн нийслэлд хэд хэдэн шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Бид нийтийн тээвэр гэхээр автобусаа яриад яваад байж таарахгүй.  Метро барих талаар ярьдаг.  Яг үнэндээ манайх шиг хүн ам цөөн, төлөвлөлтгүй баахан газар олгочихсон хотод метро тохирохгүй.  Асар их зардал, цаг хугацаа орно. Улаанбаатар хотод байгаа 1.5 сая хүн бүгдээрээ  метрогоор зорчлоо ч гэсэн анхны хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй. Дэлхийн бусад хотууд шиг хажуудаа хэдэн сая хүнтэй том суурин газар манайд алга. Мөн хотын баруунаас зүүн чиглэлд цахилгаан соронзон агаарын тээврийг нэвтрүүлэхээр судалж байна. Мөн автобус унаа очих боломжгүй гэр хорооллын чиглэлд агаарын дүүжин тээвэр, зарим газар богино эргэлттэй тээвэр гээд таван төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Улс төрийн хүрээнд Үндсэн хуу­лийн төслийн хэлэлцүүлэг өрнөж бай­на. Энэ асуудалд Хотын даргын хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ өөрчлөлтөөр буруу явж ирсэн зарим асуудал цэгцэрнэ гэж найдаж хүлээж байна. Ер нь бол өөрчлөх цаг үе нь ирсэн. Мөн нийслэлийн хүн амтай холбоотойгоор тэднийг төлөөлөх гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатарт ажиллаж амьдардаг энэ нөхцөлд УИХ, Засгийн газрын хэмжээнд  асуудлыг ярих гишүүдийн тоо цөөдөж байгаа асуудал бий.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607597
0 эможи

keyboard_arrow_up