COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2019 оны 7 сарын 06

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны долоодугаар сарын 01-нээс долоодугаар сарын 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын  хэмжээнд хийж хэрэгжүүлсэн гол ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Монголын анхны ХУРДНЫ ЗАМ болох Хөшигийн хөндийн замаа хүлээж авлаа

Arslan.mn

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хоёр урсгалтай, зургаан эгнээ 32.2 км хурдны авто замын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Зам барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг БНХАУ-ын "Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп" ХХК 2015 оны есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан байна. Ингээд 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ. Туслан гүйцэтгэгчээр "Бадрах Ойл" ХХК, "Эрдэнэ зам" ХХК, "Ард капитал" ХХК ажилласан байна. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Шин Хаймин  болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг байгууллаа

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төслийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахаар болж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тахаока Масато нар оролцов.

Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийсэн ажлаа тайлагнав

Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2019 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэх хурал боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба оролцож, албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийн явцыг тус албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцуулсан юм. Дараа нь дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хэрэгжилтийн талаарх товч мэдээлэл хийв.

Сонсголонгийн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээлээ

Arslan.mn

Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа хоёр эгнээ, 289.4 м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг нээлээ. Ингэснээр Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, гүүрийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп”, туслан гүйцэтгэсэн “Гангүүр” ХХК-ийнхан болон холбогдох хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Налайхын авто замын далангийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Бороо хуртай зун болж ьа бүхний ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа ч гэсэн ямар нэгэн шалтгаанаар зам барилгын ажил удаашрах ёсгүй. Мөн ажлын явцад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах нь чухал” гэдгийг онцоллоо.

Б.Индра: 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх замыг ХААНА

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын авто замыг долоодугаар сарын 01-нээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна. Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “100 айлын авто замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хэсэгчлэн хааж шийнэчлэн засварлахаар шийдвэрлээд байна. Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл хаана. Долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хаана гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад засвар шинэчлэлтийн ажил тав хоног урагшаа хойшоо болох магадлалтай” хэмээлээ.

Д.Цэнд-Аюуш: НМХГ-аас 400 орчим байцаагч баяр наадмын үеэр хяналт шалгалт хийж ажиллана

Arslan.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, НМХГ, НОБГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар хэвлэлийн хурал хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Баяр наадмын үеэр НМХГ-ын даргын баталсан А/42 тоот тушаал, баяр наадмын бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөөний дагуу 400 албан хаагч, явуулын 2 лабораторитойгоор Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн 5 газарт байнгын хяналт шалгалт хийж ажиллана.

Мал эмнэлгийн лаборатори болон НМХГ-ын Төв лабораториос шалгалтын үеэр явуулын лаборатори ажиллан дээж авч шалгана. Мөн өгсөн зөвлөмжийнхөө дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавина." гэв.

Л.Эрдэнэчулуун: ААН, байгууллагуудад ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ухамсар алга байна

Arslan.mn

НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн ээлжит хурал энэ долоо хоногт боллоо. Тус газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн ургамал ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагчид 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн байна.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Манай ААН, байгууллагуудад ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ухамсар алга. Заавал шахаж шаардуулж, торгуулж байж хэрэгжүүлдэгээ болих хэрэгтэй. Хариуцлага өндөртэй, хуулиа дагадаг зөндөө л ААН-үүд амжилттай яваад болоод байна. ААН-үүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хэрвээ биелүүлэхгүй бол хариуцлага тооц. 

Нөхөн сэргээлт хийгдээгүй газруудад арга хэмжээ ав. Арга хэмжээ авахад ирээгүй бол тусгай зөвшөөрлийг шууд цуцлах хэрэгтэй.

Өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа иргэн бүр усны төлбөрөө төлж байхад зарим аж ахуйн нэгжүүд яагаад усны төлбөрөө төлөхгүй байна вэ. Жишээ нь Ус суваг удирдлагын газрын хэрэглээний усны сүүлийн 3 жилийн байдлыг шалгаад хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол хэрэг нээж мэргэжлийн болон цагдаагийн байгууллагад шилжүүл. Та нар зөрчил илрүүлэх гэж, хариуцлага тооцох гэж очдог биз дээ. Зарим байцаагч нар дутуу ажилласан байна. Үүнийг гүйцээгээд шалга. " хэмээлээ. 

Үүнээс гадна Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 95 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар 292 зөрчил илрүүлж 25 аж ахуйн нэгж байгууллага, 22 албан тушаалтанд 29 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, илэрсэн  зөрчлүүдийг арилгуулахаар  улсын /ахлах/ байцаагчийн 27 албан шаардлага хүргүүлж,  46 зөрчлийн хэргийг хялбаршуулж, 1 зөрчлийн хэрэг үүсгэн шийдвэрлэж, албан даалгаврын биелэлтэнд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.

НХЭГ: "Ажил хийх гоё" төслийн хаалт боллоо 

Internship Compass / Ажил Хийх Гоё-н зураг.

World Learning ТББ НХЭГ хамтран зохион байгуулсан "Ажил хийх гоё" ТӨСЛИЙН ХААЛТ-ын арга хэмжээ боллоо. Төслийн багийнхан энэ өдөр "Ажил хийх гоё" төслийн үр дүн болон гарч буй дадлагажигч болон ажил олгогчдын хэрэгцэээд зориулсан "Дадлагын ажлын гарын авлага-аа танилцуулав.

Ажил хийх гоё төсөл нь 20-29 насны төгсөх курсын болон төгсөөд ажил хайж буй 20 залууг сонгон авч 21 хоногийн "Сургалт хөгжил + Дадлагын хөтөлбөр"-т хамруулсан билээ. Ингэхдээ нийт оролцогчдын 30%-с доошгүйг орон нутгаас хамруулснаараа оролцоог хангаж, хүртээмжийг нэмэгдүүлж ижил төрлийн хөтөлбөрүүдээс ялгарч чаджээ. Төслийн баг энэ хугацаанд, Архангай болон Дорнод аймгуудад 300 гаруй залуусыг хамруулсан "Ажил хийх гоё" өдөрлөгийг амжилттай зохион байгуулаад байна.

НХЭГ: Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтад урьж байна

Arslan.mn

Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд Ажилгүй иргэн, Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдийг Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтад урьж байна. Тус сургалтад  оролцох хүсэлтэй иргэд та бүхэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстээ хандана уу.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас баталсан доорх 8 мэргэжлийн II дугаар түвшины чадамжийг багцаар эзэмшүүлэхээс гадна Хандлага төлөвшил, харилцааны ур чадвар, компьютер болон санхүүгийн мэдлэгийг цогцоор нь олгох зорилготой сургалт юм.
Мэргэжлийн чиглэл:
1. Барилгын цахилгаанчин
2. Барилгын засал чимэглэлчин
3. Хөнгөн үйлдвэрлэлийн оёмол бүтээгдэхүүний оёдолчин
4. Мах боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан
5. Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан
6. Арьс, шир боловсруулалтын технологийн ажилтан
7. Эсгий, ноос, ноолуур боловсруулах анхан шатны технологийн ажилтан
8. Зочид буудлын өрөөний үйлчлэгч

НТГ-аас “Татварын багц хуулийн шинэчлэлт” сэдвээр сургалт зохион байгууллаа

Нийслэлийн татварын газар-н зураг.

Нийслэлийн татварын газраас “Нью медиа” групптэй хамтран Инноваци, бизнес хөгжлийн төвд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн татварын газрын ТУБ Б.Цогтбаатар, О.Цэнд-Аюуш нар гарааны бизнес эрхэлж буй бизнес эрхлэгч нарт “Татварын багц хуулийн шинэчлэлт”, “Татварын хяналт шалгалтанд аж ахуйн нэгжийн гаргадаг нийтлэг алдаа” сэдвүүдээр сургалт зохион байгуулж, зөвлөгөө, мэдээлэл өгч мэдээллээр ханган ажиллалаа. 

Хурдан морины уралдааныг дагадаг машинуудыг цэгцлэх тал дээр хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллана

Arslan.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Хурдан морины салбар хорооны дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Хурдан морины уралдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2015 оны долдугаар сарын 1-нд гаргасан эрлиийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулах журмын хүрээнд зохион байгуулна. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, дэг журам зэргийг анхааран ажиллана. Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан, Шүдлэн, 11-ний өдөр Азарга, Их нас, 12-нд Соёолон, даага уралдана. 13-нд уяачдын наадам болно. Эрлийз гурван нас болоод жороо морины уралдаан болно. Хурдан морь үзэхээр хүлээж буй иргэд, наадамчин олондоо зориулан морьтон монголчууд үзүүлэх тоглолт, хос морины уралдаан, шүүхрийн буултын үзүүлбэр зэргийг зохион байгуулна. Тухайн жилийн нөхцөл байдлаас хамаараад нас насны ангилалд уралдах замыг зааж өгдөг. Энэ жилийн хувьд даага 11 км, шүдлэн 15 км, хязаалан 17 км, соёолон, азарга 22 км, их нас 25 км-ээс уралдана” гэв.

ШУА-ийнхан НЗДТГ-т хамтран ажиллах судалгаа шинжилгээний санал, төлөвлөгөөгөө танилцууллаа

Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад холбогдох албаныхан ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ШУА, нийслэлийн ЗДТГ 2010-2017 оны хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, санамж бичгийн хүрээнд хийсэн ажлуудын товч танилцуулга, ШУА болон НЗДТГ хооронд хамтран ажиллахаар 2018 онд байгуулсан санамж бичгийг үргэлжлүүлэн 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцсэн юм. Мөн ШУА, ЗТХЯ, НЗДТГ, ХБНГУ-ын Сансар судлалын төвтэй хамтран “Ухаалаг хотууд тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал хурал”-ыг хамтран зохион байгуулах тухай, Хүрээлэн буй орчинд ээлтэй цас хайлуулах бэлдмэл, Улаанбаатар хотын халиа, хөрсний усны судалгаа, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгааг хийж, бохирдлыг бууруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх арга зүй, технологийн судалгаа зэрэг сэдвээр ШУА-иас хийсэн төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх асуудлуудаар хоёр тал санал солилцов.

Наадмын тасалбарыг 8, 9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүдээр худалдана

Arslan.mn

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна.

Наадмын тасалбарыг долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд борлуулна. Ард иргэдэд 6,000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3,000 тасалбар олгоно.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16,000, 24,000 төгрөг гэсэн хоёр янз байх юм.
Өнгөрсөн жил жуулчдад 2,500 тасалбар худалдан борлуулсан бол өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3,000 тасалбар борлуулахаар төлөвлөөд байна. 

НМХГ: НААДМААР зөвшөөрөгдсөн 610 цэгт 400 улсын байцаагч ХЯНАЛТ тавьж ажиллана

Arslan.mn

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор хуушуурын 160, худалдааны 50 цэг, төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэгийг хамруулан нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт нэгдсэн хяналт шалгалт хийж ажиллахаар болжээ.

НМХГ-ын даргын баталсан А/42 тоот тушаал, баяр наадмын бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөөний дагуу 400 албан хаагч, явуулын 2 лабораторитойгоор Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн 5 газарт 2019.07.10-13-ны өдрүүдэд лабораторийн шинжилгээтэй байнгын хяналт хийх юм байна. 

Авто тээврийн товчоодоор 377 тонн ТҮҮХИЙ НҮҮРС зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлжээ

Arslan.mn

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод авто тээврийн шалган нэвтрүүлэх 3 товчоо болон хяналтын 4 цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. 
Шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгсэлээр 377 тонн түүхий нүүрс Агаарын чанарыг сайжруулах бүс рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлэн буцаах арга хэмжээ авчээ.
Мөн Өмнөговь аймгийн Эрдэнэс Таван толгой ХК-аас Төв аймгийн Баянчандмань сум руу Лел метал ХХК-наас 10 тээврийн хэрэгсэлээр 331,5 тн нүүрс тээвэрлэсэн, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэх явцад хяналт тавьж ажилласан байна.
Өлзийт дэх автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2073 тээврийн хэрэгслээр 103 мянган тонн “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох угаасан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи ресурс” ХХК-иас Улаанбаатар хотруу тээвэрлэснийг шалгаж нэвтрүүлж ажиллажээ. 

Налайхчууд өөрсдийн нөөц бололцоогоор сар хүрэхгүйн хугацаанд шинэ Цэнгэлдэх хүрээлэн байгууллаа

Налайх дүүргийн иргэд, оршин суугчид болон аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд хамтран өөрсдийн нөөц бололцоогоор хандив цуглуулан сар хүрэхгүйн хугацаанд шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” байгуулах ажлыг өрнүүлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус дүүрэгт ажиллах үеэрээ энэхүү бүтээн байгуулалтыг үзэж сонирхон, дүүрэгтээ баригдсан олон улсын хөнгөн атлетикийн тартан замыг түшиглэн Цэнгэлдэх хүрээлэн байгуулаад буй налайхчуудад амжилт хүслээ. 

Цэвэрлэгээ угаалгын зориулалтын төхөөрөмжөөр хотын гудамж талбайг цэвэрлэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хот тохижилтийн газарт ажилах үеэрээ цаашдаа хот тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээ, угаалгын зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авч үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгийг хэлж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч байсан юм. Үүний дагуу нийслэлийн Хот тохижилтын газрынхан шуурхай ажиллан зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, тус тендерт  “ДАЛУ” ХХК шалгарч, 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний  төхөөрөмжийг богино хугацаанд нийлүүлсэн байна.

Гэрлэн чимэглэл бүхий гудамж нэгээр нэмэгдлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 4-6 метрийн өндөртэй том оврын нарс модыг нийт 54 байршилд 7225 нарс, 1482 гацуур модыг тарьсан.

Эдгээрээс 4500 модыг өвөрмөц шийдэл бүхий ногоон лэд гэрлээр гэрэлтүүлж хотын өнгө төрх, ногоон шийдэл бүхий олны талархлыг хүлээсэн ажил болсон билээ. Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүй тойрог хүртэл замын хойд талаараа 1278ш, урд талаар 1080 ш нарс модыг тарьсныг ногоон лед гэрлээр гэрэлтүүллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605675
0 эможи

keyboard_arrow_up