COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Индра: Зөвхөн 100 айлын гаднах аж ахуйн нэгжээс нүүлгэн шилжүүлнэ

2019 оны 7 сарын 02

Arslan.mn

Улаанбаатар хотод 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажил хийх болсон тухай нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Уг замыг 100 айлын 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбоотойгоор хаах гэнэ. Үүнд, 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км замыг хаасан бөгөөд долоодугаар сарын 10 хүртэл, Хангай хотхоноос УБЕГ хуртэл 0.6 км замыг долоодугаар сарын 15-28 хүртэл, УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэл 0.7 км авто замыг долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 15 хүртэл тус тус хааж, зам засварын ажил хийхээр төлөвлөжээ. Иймд тус чиглэлийн авто замаар зорчихдоо ажлаа төлөвлөхийг холбогдох газраас анхааруулж байна.

Замын ажлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.

-100 айлын авто замын ажлын төсөвт өртөг хэд байгаа вэ?

-Тус 1.6 км замын төсөвт өртөг нь 3.4 тэрбум төгрөг байгаа. Үүнд зөвхөн замын ажил бус бүтээн байгуулалтын ажлыг цогцоор нь хийхээр төлөвлөсөн. Замын доорх инженерийн шугам сүлжээний ажлаас эхлээд шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, туннелийн системд оруулах гээд далд ажлуудад хөрөнгө нэлээд зардаг. Ингэж хөрөнгө зарцуулж байгаа учраас дахин шугам сүлжээний ажил хийхэд замаа эвдэж хуулахгүйгээр шууд засах боломжтой байхаар хийж байна.

Түүнчлэн усархаг бороо ороход зам дээр ус тогтдог байдал шинээр тавих замд гарахгүй. Ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн дөрвөн байршилд авто зогсоол байгуулах зэрэг ажлыг цогцоор шийднэ.

-Автозамын чанар хэр байх бол?

-Үндсэндээ авто зам нь долоон см зузаантай байгаа. Зорчих хэсгийн өргөн 12 метр, ногоон байгууламж хоёр талдаа нэг метр, явган хүний зам хоёр талдаа 2.25 метр, хөвөө хоёр талдаа 0.5 метр, дугуйн зам нэг талдаа 1.5 метр байхаар ажлыг төлөвлөж байна. Мөн гэрэлтүүлгийг ч гэсэн замын хоёр талаар хийнэ.

-Авто замын ажлын хүрээнд нүүлгэн, шилжүүлэлт хийх үү?

-Хотын удирдлагуудаас стандартын шаардлага хангасан, иж бүрэн авто зам барихыг үүрэгдэж байгаа. Ганцхан жилийн хугацаанд л хагарч, хугардаг зам байж болохгүй. Тийм учраас 100 айлын авто замын бүтээн байгуулалтад нэлээд анхаарч ажиллаж байна. Иргэдийн дунд 100 айлд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн, шилжүүлнэ гэсэн ташаа мэдээлэл байна.

Зөвхөн гадна талбайд тоосжилт ихтэй аж ахуйн нэгж байгууллагыг Налайхын үйлдвэр технологийн парк руу нүүлгэж байгаа. Үүнээс бусдаар дотор худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийг хөөсөн асуудал байхгүй.

-Нийслэлд дугуйн зам хүрэлцээ муу байдаг. Энэ жилийн хувьд нэмж хэчнээн зам тавихаар төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар хотыг автомашингүй хот болгохын тулд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, дугуйн замыг нэмэх хэрэгтэй. Өмнө нь дугуйн замын зөвхөн тэмдэглэгээ хийдэг байсан бол энэ жилээс тусгай, хатуу хучилттай дугуйн зам тавихаар 500 сая төгрөг төсөвлөөд байна. Дугуй унахыг хүссэн иргэдийн унах боломжит газар бүрт дугуйн зам тавихыг хүсэж байгаа боловч нийслэлийн Авто замын сангийн төсөв хүрэлцдэггүй.

-Налайхаас хот руу ажилдаа ирж, очдог иргэдэд замын асуудал хүндрэлтэй байна. Тус замын ажлын явц нь хэр байна вэ?

-Налайхын зам барилгын ажил төлөвлөсөн хугацаагаараа явж байна. Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай тогтмол хуралдаж, мэдээлэл солилцож байгаа. Уг зам барилгын ажлыг ирэх аравдугаар сарын дундуур нээхийг зорьж байгаа. Дараа жилээс нь тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. Одоогоор Налайхын замд авто замын далангийн болон инженерийн шугам сүлжээний ажлууд явагдаж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605472
0 эможи

keyboard_arrow_up