COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эмээлт“ захад хонь, ямаа 110-250 мянган төгрөгийн үнэтэй байна

2019 оны 7 сарын 02

Arslan.mn

Энэ жилд махны үнэ тэнгэрт хадсан он тохиов. Одоо ч махны үнэ буугаагүй л байна. Харин баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд хонь, ямаа хамгийн эрэлттэй байдаг цаг. Малчид малаа амьдаар нь борлуулах тохиолдол ч элбэг. Иймд “Эмээлт” захад малын үнэ ямар байгаа талаар сурвалжилсан юм.

Нийслэлийн баруун бүсэд орших “Эмээлт” зах аль хэдийнээ олны хөлд дарагджээ. Хүмүүс хар захаас худалдан авалт хийх гэж буй мэт шилээ даран зогсжээ. Бид хонь, ямаа хашсан хашаа бүр дээр очиж ханшийг нь асуусан юм. Ченж нар өөр өөр үнэ хэлнэ. 

Хонь ямааны ченж О.Бямбацэрэнтэй уулзахад, “хонь, ямаа тарган туранхайгаасаа шалтгаалан 110-250 мянган төгрөгийн хооронд байна. Төлөг 120-160 мянга, хязаалан хонь 170-210 мянга, том эр хонь 180-250 мянган төгрөг. Өдөрт энд зогсоход 10 мянган төгрөгийн татвар төлдөг. Хөдөөнөөс 50 гаруй хонь, ямаатай орж ирээд зарж дуустал нь зогсдог. Худалдан авалт муу үед зарлага ихтэй.

Сүүлийн үед хятадууд мах идэх нөхцөлгүй болгож байна. Хүмүүс эрүүл ахуй аюулгүй байдлаа бодож амьд мал худалдаж авах нь элбэг болж. Худалдан авалт сайн байна. Өглөө ирснээсээ хойш дөрвөн хонь зарчихлаа” гэв. Ийн хажууханд 50 орчим насны эгч ирж “За миний дүү тэр бор халзан хонийг үзье” гэтэл. Ченж залуу хашаа руу гаа “тав” хийтэл үсэрч ороод хонио барьж аваад эргүүлж тойруулж “сайхан тарган хонь 180 мянгад ав” гэв. Үнээ хямдруулах уу гэхэд “170 мянгад ав доод үнэ шүү” гэсэн юм.

Бид цааш очиход малын ченж Д.Болор “Энэ жил Хятадын махны үйлдвэр аймгуудад байгуулагдсантай холбоотой. Тэд өнгөрсөн зун, намар хөдөөгүүр яваад мал, махаа авчихсан. Ялангуяа, Төв, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай гэсэн ойрхон аймгаар яваад авчихаар хот руу оруулж мал, махаа өгдөг малчид цөөрсөн гэсэн үг. Иймд холоос тээвэрлэж ирсэн мал үнэтэй. Түүнийгээ дагаад Улаанбаатар хотын иргэдийн хүнсэнд хэрэглэх махны үнэ өсөхөд нөлөөлсөн.

Бөөний үнэ өсөхөөр жижиглэнгийн үнэ өсдөг. Гайгүй сайхан тарга, тэвээрэгтэй хонь 180 мянган төгрөгөөс эхэлнэ. Ямаа 170-200 мянган төгрөгийн ханштай байна” гэлээ. Энэ үеэр тус захын хаалгаар хонь, ямаа ачсан портер машин орж ирэв. Ченж нар ч тэр зүгт ханарч хэдэн төгрөгт бөөндөх вэ гэхэд “хонь 100-140 мянган төгрөг, ямаа 120-140 мянган төгрөг” гэлээ. Өглөө эрт “Эмээлт” захыг зоривол малчдын гар дээрээс малаа илүү хямд авах боломж байна.

Ченж нар тухайн өдрийн өнгө аясыг харж байгаад малаа үнэд хүргэдэг байна. Баяр наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд хонь, ямааны үнэ тогтвортой байна гэдгийг худалдан авагчид хэлж байв. Харин наадмын үеэр чих сэртхийлгэсэн үнэ сонсох вий гэж олон хүн халаглах нь тодорхой. “Чоно борооноор” гэгчээр тэмдэглэлт баяр наадмын үеэр юмны үнэ тэнгэрт хаддаг жишиг ганцхан монголд бий.

Ийн “Хүчит шонхор” “Хар хорин” захаас мах худалдаж авахаас илүүтэй амьд мал худалдаж аваад шинэ шөл уухаас эхлээд шинэ махны амт, чанар өөр байх болов уу гэсэндээ хонь авдаг нь тодорхой. Энэ үеэр мал худалдан авч буй иргэдтэй уулзсан юм. Ерөнхийдөө cap шинээс хойш нэг килограмм махны үнэ 10 мянга хол давсан нь малын ханш өсөхөд нөлөөлсөн байж мэдэхээр. Харин иргэд жижиглэнгийн мах авахаас илүү амьд мал авах нь хямд тусаж байгааг онцолж буй юм.

Э.ЖАРГАЛ: ХОНЬ, ЯМАА ӨМНӨХ ЖИЛҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ХАРЬЦАНГУЙ ҮНЭТЭЙ БАЙНА

“Энэ жил мах үнэтэй байна. Цагаан сараас хойш махны үнэ огт буурсангүй. Өнгөрсөн жил эндээс төлөг 150 мянган төгрөгөөр авч байсан. Харин одоо төлөг гэхэд 160 мянгаас буухааргүй болж. Тийм учраас хонь, ямааны үнэ өндөр сонсогдож байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй үнэтэй байна. Төлөг гэхэд л 90-120 мянган төгрөгийн ханштай байдаг байж. Өдөр өдрөөр өсөж буй мал, махны үнийг яаж бууруулахыг төр засаг л мэднэ дээ. Ард түмэн юу ч хийж чадахгүйгээс цааш харж суухаас өөр яах билээ дээ.

Г. ДОРЖГОТОВ: МАЛЧДЫН ГАР ДЭЭРЭЭС МАЛАА ХЯМД АВААД ИДЭХ БОЛОМЖ ЭНД БАЙГАА

“Малчид өөрсдөө малаа борлуулах нь элбэг болж. Бид малчдын гар дээрээс мал аваад идэх боломж байна. Тэдэнд том зах бариад өгчих хэрэгтэй. Би 200 мянган төгрөгөөр эр хонь авлаа. Айхавтар тэнгэрт хадсан үнэ биш ч гэсэн үнэтэй л санагдаж байна. Наадам хаяанд ирчихлээ. Наадмын өдрүүдэд бүр үнэд орох вий гэж айж сууна” гэв.

Ямартай ч тус захыг зорьсон хүмүүс малын үнэ өсөх вий хэмээн халаглаж байна. Ченж нар, “энэ жил мал сайхан идээшсэн, лангууны үнээс хавьгүй хямд зарж байгаа” гэдгийг онцолсон юм. Гэтэл худалдан авч буй иргэдэд үнэтэй тусч байдаг.

ХОНЬ, ЯМААНЫ АРЬС ХОГНООС ӨӨРЦГҮЙ БОЛЖЭЭ

“Эмээлт” захад нийт 100 гаруй ченж мал мах борлуулдаг юм байна. Тэд бөөний үнээр авсан хонио зарж дуустал хариулах, хашиж хамгаалах байрны түрээс, өвс, тэжээл өгөх зэргээр нэмэлт зардал гардаг учраас үндсэн үнэ дээр ийн зардал нэмэгддэг аж. “Эмээлт” зах нэг үеэ бодвол юм юм нь цогцолсон сайхан болжээ гэж ченжүүд хэлж байна. Дан ганц малын худалдаа энд явагдахгүй.

Учир нь, мал авбал муулж өгөөд гэдэс, дотрыг нь цэвэрлүүлэн авах боломж бүрдэж. Тус захаас холгүй урт цагаан байшин байрлах аж. Тэнд ялаа, батга нь шавахгүй уужуу цэлгэр зай талбай байна. Хүн бүр “мал төхөөрнө, гэдэс дотор цэвэрлэнэ” гэх бичиг барих нь барьж наах нь наажээ. Зуны аагим энэ өдрүүдэд мал муулах нь амаргүй ажил. Наад зах нь л ялаа, шумуул шавуулан суух хэцүү.

Гэтэл тэнд огт тийм дүр зураг ажиглагдсангүй. Хэсэг залуус “мал муулуулна” гэсэн хүмүүсийн малыг тэргэн дээр түрч ирээд газар тавьж хутга заазуураа ирлэн ханцуйгаа шамлан муулж гарлаа. Ердөө 20 минутын дотор гулуузыг эвдэж, гэдэс дотрыг цэвэрлэж идэхэд бэлэн болгож орхив. Цэвэр цэмцгэр тухтай орчин тэнд байна. Өөрөөр хэлбэл, та малаа муулуулаад гэдэс дотрыг нь цэвэрлүүлж авах боломж цөм бүрджээ.

Цэлийсэн том цагаан контейнерт хүн бүр жижигхэн бизнес эрхэлж байна. Хэсэг ойр орчмоор нь холхиж үйлчилгээний үнэ ханшийг сонирхоход өвчүү, толгой, шийр хуйхлахад нь 5,000 төгрөг.

Харин гэдэс дотрыг цэвэрлэж амталгаа хийхэд 15 мянган төгрөгийн ханштай байв. Үүгээр үйлчлүүлэх хүмүүс ч их байсан юм. Сайны хажуугаар саар гэгчээр “Эмээлт” захад хонь ямааны арьс хогноос өөрцгүй болсон харагдлаа. Учир нь хүмүүс хонь, ямаагаа муулуулмагц арьсыг нь хэдэн төгрөгөөр ч хамаагүй борлуулах сонирхолтой байх аж. Тэнд арьс, шир худалдан авах цэг байхгүй гэдгийг цехийн ажилчид хэлж байв.

Энэ их арьс, ширийг хэрхэх вэ хэмээн асуухад хонь муулж байсан эрэгтэй “Ингээд бөөгнүүлээд тавьчихдаг юм. Үүнийг чинь Хятадууд ирээд авчихдаг” гэлээ. Том машины тэвшин дээр овоолсон арьс, ширийг ийн үнэгүйдүүлж байгаа нь дэндүү хайран санагдав. Малын буян хишгийг уландаа гишгэж дээ гэмээр. Тэнд арьс, ширийг нь худалдан авах цэг үгүйлэгдэж байна. Ийн арьс, ширний үнэ унасан нь эцэстээ хог дээр хаягдахад хүрэв үү.

Хэдийгээр тус захад машины зогсоол, малын хашаа, усалгааны цэг, мал төхөөрөх хэсэг, хогийн цэг, агуулах, мал эмнэлэг, хоолны газар зэргээр энд худалдаа эрхлэгчдэд шаардлагатай бүхий л асуудлыг цогцоор нь шийдсэн ч малын арьс шир үнэгүйдэж хаягдаж байгаа нь монголчууд малынхаа буян хишгийг хүртэж чадахгүйтэй ялгаагүй. Ноолуур, арьс, ширээ хятадуудад алдана.

“Эмээлт” захад Хятадууд эзэн суух нь. Тус захад Хятад эзэнтэй махны үйлдвэрээс их юм үгүй болж. Монгол малын мах, арьс, шир, ноос ноолуурыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй хүмүүс Хятадууд. Max боловсруулах нэг үйлдвэрт ойролцоогоор 14 хятад ажилладаг байна. 

Ингээд бодвол “Эмээлт” зах хятад ажилчдаар хүрээгээ тэлж гэж хэлэхэд хол зөрөхгүй бололтой. Харин үүнд хараа хяналт зохицуулалт өгүүлэгдэж байгаа нь илт байна. Ядаж “Эмээлт зах”-д үйл ажиллагаа явуулдаг малын цехүүдийг цөөлөх шаардлагатай байна. Тэнд эрүүл ахуйн горим бүрэн утгаараа алдагдаж монгол хүний эрүүл мэндэд аюул занал учирч болзошгүй орчин бүрджээ.

Хятадууд махыг химийн аргаар бордож өнгө будганд оруулж цааш дамнан зарж байгаа нь жигшмээр үзэгдэл. Мөн малын арьс, шир зүгээр л хаягдал хог болж. Ядаж арьс, ширийг нь худалдаж авах цэг бий болгож дотооддоо нөөц бололцоогоо ашиглаж малынхаа буянаар сайхан амьдрах боломж бололцоо бидэнд байна. Иймд холбогдох сайд дарга нар энэ асуудалд ач холбогдол өгч дорвитой арга хэмжээ авч ажиллаасай.

Эс тэгвээс малын буян хишгийг монголчууд бид хүртэж чадахгүйд хүрэх нь байна. “Эмээлт” зах орчмын бизнес хятадуудын мэдэлд шилжсэн байгаа нь гашуун үнэнг тэндээ л харж болохоор байлаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605471
1 эможи

keyboard_arrow_up