COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах зөвшөөрлийг цахимаар олгодог болно

2019 оны 1 сарын 22

Төрийн байгууллагуудыг авлигаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, авлига үүсгэж буй шалтгаан нөхцөлийг арилгах нэг үр дүнтэй арга нь төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх юм.

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзоригтой өнгөрсөн долоо хоногт уулзаж, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах талаар ярилцсан.

Уулзалтаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас үзүүлж буй гадаадын иргэн авч ажиллуулах зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулахаар шийдвэрлэсэн билээ.

Зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, урилга олгоход аж ахуйн нэгжүүд улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, нийгмийн даатгалын НД-7, НД-8 маягт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, иргэний лавлагаа зэрэг долоон төрлийн материалыг давхардуулж авдаг байна. Ингэснээр маш их цаас хуримтлагддаг аж. Зөвхөн 2018 онд гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах зөвшөөрлийг олгох, сунгах цуцлах болон урилга олгосон 943 боть архивын материал үүссэн буюу 235750 ширхэг цаас хуримтлагджээ.

Энэ нь тус салбарын ажилтнуудад зохиомол ажлын ачаалал үүсэх, иргэн, аж ахуйн нэгжид шат дамжлага ихтэй, хүндрэлтэй үйлчилгээ болж авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна.

Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой авлигын гэмт хэргүүд өмнө гарч байсан. Тухайлбал, тус газрын дэд дарга “Г” нь “гадаадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл гаргаж өгнө, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө” гэж амлаж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн захирлаас 130 сая төгрөгийн хахууль авсан, мөн дэд даргаар ажиллаж байсан “Ц” нь албан тушаалаа ашиглан Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн хятад ажилчдад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бичгийг зориуд хуурамчаар гарган өгч, хятад ажилчдын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаах ёстой байсан 10 сая төгрөгийг хахуульд авсан гэх хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэж байсан билээ.

Авлигатай тэмцэх газраас хийгддэг “Шударга байдлын үнэлгээ”-г гурав дахь удаагаа зохион байгуулсан. Шудрага байдлын үнэлгээний дүнгээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар нь 2015 онд 76.9 оноо, 2016 онд 72.1 оноо, 2018 онд 70.4 оноо тус тус авч жил дараалан буурч хангалтгүй үнэлэгдсэн.

Тус газарт 2018 онд газарт хийсэн авлигын эрсдлийн үнэлгээгээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар болон Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрууд авлигад өртөх эрсдэлтэй гарсан байна.

Уулзалт зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах, илгээх зөвшөөрөл олгохтой холбоотой үйлчилгээг цахимжуулах талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, тус газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хэлтсийн дарга Т.Есөнтөмөр, Мэдээллийн технологийн төвийн дарга Д.Даваажаргал, Мэдээллийн технологийн төвийн системийн дарга Б.Бат-Амгалан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Ч.Чинбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас олгож байгаа гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах болон урилга авахад бүрдүүлдэг долоон төрлийн материалийг төрийн мэдээлэл солилцооны “Хур” системтэй холбохоор болсон. Ингэснээр иргэн бүрдүүлэх материалыг давхардан гаргахгүй байх боломж бүрдэх юм. Цаасан суурьтай үйлчилгээг цахим болгосноор авлигын эрсдэл, ХХҮЕГ-ын ажилтнуудын ачаалал ч багасах юм.

Авлигатай тэмцэх газрын оролцоотойгоор хийгдэх энэхүү ажлын үр дүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг төрийн үйлчилгээг цахим болгох ажлыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлж, 2019 оны гуравдугаар улирлаас эхлэн уг үйлчилгээг цахим хэлбэрээр олгох тушаал гаргаж, ажлын хэсэг байгуулагдан шат дараатай хийж хэрэгжүүлэхээр болоод байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599552
2 эможи

keyboard_arrow_up