COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

1044 га газарт шинээр ГАЗАР ЭЗЭМШИХ зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг гаргалаа

2018 оны 12 сарын 07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 онд ажлаа авсан даруйдаа Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ.

1044 га газарт шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг гаргалаа.  

Энэхүү захирамж хэрэгжсэнээр нийтийн эзэмшлийн талбайд болон сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн талбайд цаашид замбараагүй баригдах барилга, байгууламжийг хязгаарлах ажил эхэлж, Улаанбаатар хотын төлөвлөлтийг Ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх бодлого хэрэгжиж эхэлсэн юм. Мөн нийслэлийн “Газрын реформ”-ын хүрээнд нийтийн эзэмшлийн болон сургууль, цэцэрлэгийн талбайд талбайд хууль бусаар олгогдсон газруудыг хуулийн дагуу цуцалж, ногоон байгууламж, амралт зугаалга, спорт цогцолбор байгуулах ажил үргэлжилж байна.

Хотын дарга өчигдөр дахин нэгэн захирамж гаргалаа. Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”-ийн 2.14-т заасан хүн амын тооцоот нягтрал 1 га газарт 450 байх хязгаарыг давсан нийслэлийн 6 дүүргийн 111 байршил, 1044 га газарт цаашид инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг гаргалаа. 

Энэхүү шийдвэрийн дагуу Баянгол дүүрэгт 36, Баянзүрх дүүрэгт 31, Сүхбаатар дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 15, Сонгинохайрхан дүүрэгт 10 байршилд тус тус шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй юм байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөний уулзвараас урагш Сангийн хорооны гудамж орчмын 7.2 га талбайд хүн ам, барилгажилтын нягтралыг тооцож үзэхэд нягтрал 500-600 хүн/га байна.

Энэхүү захирамж хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын дээр дурьдсан тодорхой хэсгүүдэд байшин барилга бус, ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн бүхий хот төлөвлөлтийн шинэ жишиг бий болох юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597941
0 эможи

keyboard_arrow_up