7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

админ
2018 оны 11 сарын 18

Arslan.mn

Нийслэл хотод 2018 оны 11 дүгээр сарын 12-оос 11 дүгээр сарын 17-ыг хүртэл долоо хоногийн хугацаанд болсон ОНЦЛОХ үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  

НИТХ энэ сарын 29-нд хуралдахаар боллоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн өртөө, харуул, ус судлалын газар болон гравиметрийн жишилтийн полигоны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих асуудлыг хэлэлцэв. Нийтдээ 14 байршлын 55,824 ам метр талбайг улсын тусгай хэрэгжээнд авах санал ирүүлсэн юм. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд дэмжив. Мөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д байрлуулах шийдвэр гаргалаа. Мөн Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 09:00 цагт хуралдуулахаар тогтлоо.

Arslan.mn

Э.Болорчулуун: Зөвшөөрөлгүй өргөтгөл, хашаа, гараашийг буулгана

Нийтийн эзэмшлийн зам, талбай, орц гарцыг зөвшөөрөлгүй хааж барьсан хаашаа, хаалт, хайсыг буулгах ажлын хүрээнд Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр ярилцлагандаа "Иргэдээс ирүүлсэн хүсэлтүүдээс нэн тэргүүнд явган хүний зам гаргах шаардлагатай байгаа газруудын судалгааг нарийвчлан гаргаад 15 гаруй байршилд 40 гаруй хашаа, хайс, хаалт зэргийг шат дараатай буулгахаар ажлаа төлөвлөөд байна. Дипломатуудын байрны ард байрлах ГХЯ-ны нэр дээрх газрыг НЗД-ын захирамжаар хүчингүй болгосон. Энэ хашаанд ухсан барилгын нүхийг шороогоор булж, хашааг нь буулгалаа. Тухайн хэсгийн хашааг буулгаснаар маш том зай талбай гарч, үзэгдэх орчин хязгаарласан байсан нь нээгдэж тэр хэсэг саруулхан болсон. Одоо тэнд байгаа авто замыг өргөсгөж, үлдсэн талбайг тохижуулах ажил хийгдэнэ. Мөн ойрын хугацаанд II дунд сургуулийн баруун хойно байрлах II байрны явган хүний зам дээр баригдсан өргөтгөл, 52 дугаар сургуулийн зүүн хойно байрлах 33 дугаар байрны нэгдүгээр давхрын мөн явган хүний зам дээр баригдсан өргөтгөлүүдийг буулгахаар төлөвлөөд байна. Бас төрийн байгууллагууд өөрсдөө бусдад үлгэр жишээ байх ёстой гэдэг үүднээс ойр орчны хэсэгтээ явган хүний зам талбайг чөлөөлөх уриалга гаргуулахаар санаачлаад судалгааны ажлуудыг хийж байна" гэлээ. 

Arslan.mn

Нийслэлийн 527 гэрэлтүүлгийг засжээ

Нийслэлд "Гэрэлтэй хот" аяныг 2018 оны 10 дугаар сарын 31-нээс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 87 байршилд 527 гэрэлтүүлгийг засварлаж хэвийн асалттай болгожээ.

Arslan.mn

“Эко контракшн“ компанийхан олон зуух галлаж, утаа гаргаж байна гэсэн иргэний гомдлыг шийдвэрлэлээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барилгын ажил хийж байгаа “Эко констракшн” компанийнхан олон зуух галлаж утаа гаргаж байна гэсэн гомдол иргэнээс иржээ. Энэ дагуу Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран өнөөдөр хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их Монгол Улсын гудамж, “Deluxe Marshall Village”, 104-р байранд байрлах “Эко констракшн” ХХК нь тус хорооны нутаг дэвсгэр “Хүннү 2222” хорооллын чанх урд барилгын талбайд ажилчдын цайны газар, автомашины гарааш, харуулын байр зэргийг дулаанаар хангах зориулалтаар том оврын усан халаалтын зуух 1,  энгийн жижиг зуух 7 ашиглан галлаж байсан аж. Энэ нь Агаарын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.5. дахь /түүхийн нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах/ заалт, Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал/захирамжаар батлагдсан Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын 2.4.3.1 дэх /Түүхий нүүрс түлэх, бүх төрлийн шатаах зуух ашиглахыг хориглох/ заалтыг тус тус зөрчсөн тул Прокурорын зөвшөөрлийн дагуу халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоон лацдаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Arslan.mn

Олимпын гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн барилгын ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг гүүрийн ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм. Гүүрийн ажил нь өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил графикаасаа 3 хувиар давсан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хотын даргад хэлж байв.

Arslan.mn

Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй сэтэлсэн иргэн, ААН-д арга хэмжээ авч байна

Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд иргэдээс ирсэн мэдээлэл, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллийн мөрөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран зөвшөөрөлгүйгээр авто зам сэтэлсэн, орц гарц гаргасан, зам замын байгууламж эвдсэн, 22 иргэн аж ахуйн нэгжийг газар дээр нь шалгаж 70 сая төгрөгний торгууль ноогдуулсан байна. Үүнд: Зөвшөөрөлгүй авто зам сэтэлсэн 8 хуулийн этгээд тус бүр 5,0 сая төгрөг, нийт 40 сая, 6 иргэнд тус бүр 500,0 мянга, нийт 3,0 сая төгрөгийн мөнгөн торгуулийг зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Зөвшөөрөлгүй орц, гарц гаргасан 3 хуулийн этгээд тус бүрийг 5,0 сая төгрөгийн мөнгөн торгуулийг зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Үлдсэн мөнгөн торгуулийг иргэд эзэлж байна.

Arslan.mn

Э.ЭРДЭНЭСУВД: Үзвэр үйлчилгээний бүхий л газрууд сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй

Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Э.Эрдэнэсувд үзвэр, үйлчилгээний газруудын и-баримт олголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. тэрээр ярилцлагандаа "Нийслэлийн татварын газар Нийслэлийн соёл урлагийн газартай НӨАТ-ын тухай хуулийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн тоглолт зохион байгуулж буй хувь хүн, хуулийн этгээдийг цахим төлбөрийн системд холбуулах, татвар төлөгчөөр бүртгүүлээгүй байсан зарим иргэдийг татварын албанд бүртгэх, орлогыг тодорхойлж, татварт бүрэн хамруулах, соёл урлагийн тоглолт үзэж буй иргэн бүрт сугалааны дугаартай, QR код бүхий стандартын шаардлага хангасан төлбөрийн баримт хэвлэн өгдөг болгох тал дээр нэлээд ажлуудыг зохион байгуулж, үр дүн ахицтай байна" хэмээлээ. 

Arslan.mn

Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр болж Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа.Энэ удаагийн дуудлага худалдаанд 5 дүүргийн нийт 24 байршлын газрыг худалдахаар зарлагдсанаас Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд худалдаа, үйлчилгээний зориулалттай 0.8 га газрыг 197.736.472 төгрөгөөр худалдлаа. 2018 онд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар 5 дүүргийн 42 байршил батлагдаж, 13.7 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тусгагдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар газрын эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 4 удаа зохион байгуулж, нийт 6 байршилд 6.3 га газрыг худалдан 910 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлээд байна. 

Arslan.mn

Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна

Нийслэлийн Засаг даргын А/997 дугаар захирамжаар дүүргүүдийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангитай хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтын дагуу дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулж, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Arslan.mn

Баганхангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байраа хүлээн авлаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байртай болж, өнөөдөр хүлээн нээлтээ хийлээ. Тус барилгыг улсын төсвийн хөрөнгөөр 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан. Гал унтраах зориулалт бүхий 4 автомашины зогсоолтой, ажилчдын өрөө, бялдаржуулах танхим бүхий 1399 м/кв хоёр давхар иж бүрэн цогцолбор юм. Багахангай дүүрэг он гарсаар нийт 17 удаагийн гамшиг ослын дуудлагаар ажиллаж, 12 хүний амь насыг аварч, байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн 13.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшгаас авран хамгаалжээ. 

Arslan.mn

Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн шинэ байртай боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрт нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын барилгыг үе шаттайгаар шинэчлэх ажил тусгагдан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр НЭМГ-ын харьяа Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 40 ортой шинэ  байртай боллоо.  Нийслэл хотоос 90 км алслагдсан зайд орших тус эрүүл мэндийн төвийн барилга  нь ашиглалтын шаардлага хангахгүй болсноос гадна зөвхөн Багахангай дүүргийн иргэд төдийгүй отрын малчид, зэргэлдээ сумдын хүн амд эрүүл мэндийн болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдгээс орны хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн төсвөөс 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, 2017 оны есдүгээр сард тус төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлэн өнөөдөр ашиглалтад өгч байна. Шинэ эмнэлгийн барилгын нийт талбай 2392,6 м2 бөгөөд Дотрын тасаг, Хүүхдийн тасаг, Төрөх тасаг, Уламжлалт эмчилгээний тасаг бүхий нийт 40 ортой эмнэлэг болон өргөжжээ.

Arslan.mn

Агаар бохирдуулж буй зөрчлийг 70128012 дугаарт мэдээлж, хамтран ажиллахыг хүслээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Газарт Агаарын чанарын хяналтын хэлтсийгМонгол Улсын Засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын A/32 тушаалаар 13 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Үүний дагуу агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороо хариуцсан 152 ахлах улсын байцаагчийг НМХГ-ын даргын тушаалаар томилж, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалтыг хийж байгаа ба шалгалтын явцад гарсан үр дүнгээ танилцууллаа. "Хяналтаар Агаарын тухай хууль, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулахаар 6,502 мэдэгдэх хуудас, зөрчлийг арилгах улсын байцаагчийн 1,146 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийт 88 сая 140 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 123 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбох ажилд хяналт тавьж, 33 халаалтын зууханд үнс баригч баригч тавиулж, 1,478 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1,501 обьектын энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулснаар жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9,500-10,600 тонноор бууруулж ажиллалаа" гэж мэдээлэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597266
1 эможи

keyboard_arrow_up