COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

2018 оны 2 сарын 16

Arslan.mn

Элэг нэгт монголчууд, нийслэлчүүддээ XVII жарны айлчлан ирж буй “Тийн унжлагат” хэмээх Шороон Нохой жилийн мэндийг хүргэе !

Улиран одож буй Тахиа жил маань нийслэлчүүд бидэнд ивээл буян жигд амжилт, ухаарлаар дүүрэн жил байлаа. Алдаж, оносон маань ч бий. Өнгөрсөн онд Нийслэлийн төсвийн нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 721.9 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 10.7 тэрбум төгрөгөөр давж биелэлээ. Гэхдээ хийж бүтээснээсээ тоочихоосоо илүү хийж бүтээхээ чухалчлан бодит ажил хэрэг болгохын төлөө ирж буй жилдээ шамдацгаая!

2018 он нийслэлчүүд бидний хувьд, их бүтээн байгуулалтыг өрнүүлсэн жил байх болно. Монгол Улсын төсөв, нийслэлийн төлөвлөлт, гадаад дотоодын зээл тусламжаар зөвхөн сургууль, цэцэрлэгийн барилга л гэхэд 100 гаруйг барина. Авто замын бүтээн байгуулалт үргэлжилж, БНХАУ-ын тусламжтайгаар “Яармагийн гүүр” төслийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулах болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд “Сервис центр”-ийг 3 байршилд барих төдийгүй он удаан жилийн хугацаанд огт шинэчлэл хийгээгүй “Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинээр барих ажил эхэлнэ. Хот, нийтийн аж ахуйн салбарт  ахиц авчирч, дүүрэг бүрт бичил цэцэрлэг барих ажлыг хийхийн зэрэгцээ, иргэдийнхээ амралт ая тухтай орчныг хангахын төлөө бид ажиллана.

 “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг  сайжруулах жил”-ийн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаагийн зэргэцээ түүнийг үр дүнд хүргэхэд иргэн та бидний хамтын  чармайлт чухал юм.    Нийслэлчүүд бид энэхүү зорилтынхоо төлөө хамтран, чинхүү сэтгэлээр өрнүүлвэл хүссэн үр дүндээ хүрч чадна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Бидэнд тийм нөөц, боломж бололцоо хангалттай бий. “Тийн унжлагат” хэмээх Шороон Нохой жил улаанбаатарчуудын хувьд урагшлан дэвжсэн, хүн зон маань эрүүл саруул байж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан,нийслэлийнхээ хөгжлийг урагшуулсан, түүхэн дурсгалтай жил байгаасай хэмээн хотын даргын хувьд хүсч байна.

Ахмадаа дээдэлж, нялхсаа асарч, айл хотлоороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53952
0 эможи
keyboard_arrow_up