COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлээ нийслэл шиг болгох хуулийг хурдлуулъя

2018 оны 1 сарын 16

Arslan.mn

Цагаан морин жил гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн 1990 он гарч, нийгэм өөрчлөгдсөнөөс хойш Монгол Улсын иргэд оршин суух газраа өөрсдөө сонгох эрхтэй болсон юм. Түүнээс өмнө иргэд оршин суух, ажиплаж амьдрах орон нутгаа нам, засгийн томилолтоор шийдүүлдэг байв. Төрийн бодлогоор боловсон хүчнээ улс орны аль шаардлагатай, захиалгатай бүс нутагт томилон ажиллуулж, шилжилт хөдөлгөөнийг нь мөн л бодлогоор шийддэг байжээ.

Үүний зэрэгцээ улсын нийслэлдээ хүн амынхаа харьцангуй чадамж бүхий хэсгийг шигшин үлдээдэг, эсхүл татан авчирдаг бодлого хэрэгждэг байсан нь нууц биш. Аль ч улс орны нийслэл хотод хүн амын хамгийн бүтээмж бүхий, чадамж бүхий хэсэг нь төвлөрөн суурьшдаг нь зарчим. Тэгэхдээ үүнийг төрийн захиргааны аргаар биш өрсөлдөөний аргаар шийдсээр ирсэндээ л ялгаа оршдог.

Харин Монгол Улсад хүн ам оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй болсонтой зэрэгцээд эдийн засгийн шилжилтэд хөл алдсан хөдөөгийнхөн ажлын байр, амьдрах орчин, зах зээл хайж хот суурин газар, тэр дундаа нийслэл Улаанбаатар руу нүүдэл хийх үйл явц эхэлсэн юм. Их нүүдэл хотыг нөмрөн авч, 500 мянган хүндээ таарч тохироод байсан инженерийн болоод нийгмийн дэд бүтэц, байгаль экологийн тэнцвэр гээд бүх зүйл алдагдлаа. Лав гучин жил үргэлжилж буй энэхүү хотжих үйл явцыг ямар ч бэлтгэлгүй байсан нийслэл Улаанбаатар хот тэсч чадахгүй болов. Утаа, түгжрэл, эмнэлэг, сургууль, цахилгаан, дулааны хомсдол ,улмаар ажилгүйдэл, ядуурал гэх аль бэрх асуудал болгон нийслэлийг нөмрөн авав. Шийдлийг нь олох гэсэн арга зам бүхэн маш өндөр өртөг шаардахын зэрэгцээ өртөг зардлыг нь зөвхөн мөнгөөр төлж барагдуулах аргагүй болж, амь нас, эрүүл мэнд гээд үнэтэй бүхнээрээ төлбөр хийгээд эхэлчихлээ.

Нийслэл хот нэг талаараа хөгжиж, нөгөө талаараа цөхөрч байх зуур дээр, дооргүй л шийдэл хайсаар ирсэн мөртлөө Нийслэл гэж юу юм бэ, тэнд оршин суухын тулд бид яах ёстой юм бэ гэдэг хамтын амьдралын хууль, дүрмээ шинэчлэлгүй 24 жил өнгөрсөн нь хамгийн гайхмаар. Нийслэлийн захын нэг дүүрэг нь дөрөв, таван аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээнд хүрчихээд байхад засаг захиргааны нэгжийн хувьд сумын статустай ижил хэмжээнд явсаар хорь гаруй жил болчихсон гэсэн үг. Энэ мэтчилэн хууль, эрхзүйн орчныг нь хөгжилтэй нь уялдуулалгүй хаяснаас болоод 1.5 сая хүн амтай нийслэл хот маань нэг мэдсэн хүн амьдрахад бэрх болтлоо холион бантан болчихжээ.

Хотын даргаа хамгийн сүүлд 2016 онд шинээр сонгосноос хойш жил хагасын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хотын мээр С.Батболд чухам юу хийсэн бэ гэж үү? Өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлуудаас нь магадгүй хамгийн дорвитой нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх төсөл боловсруулсан, УИХ-д өргөн мэдүүлсэн явдал байх.

Нийслэлд оршин суугч ямар эрх, үүрэгтэй байхаас эхлүүлээд Засаг дарга, удирдлага нь ямар зарчимтай ажиллах, юу хийх, нийслэл хотын нийтийн тээвэр нь ямар стандарттай байх, хамгийн гол нь эдийн засгаа хэрхэн авч явах концепцийг хүртэл хуульчлахаар төсөлд тусгажээ. УИХ-ын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Тэр дундаа сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногт Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. УИХ хуулийн төслийг улам бүр боловсронгуй болгох байх. УИХ-ын гишүүдийн зүгээс дүрэм, журмаар зохицуулах асуудлуудыг хуульд тусгасан гэх шүүмжлэлийг хэлж байгаа. Гэхдээ хууль хэт ерөнхий байх тусмаа хэрэгждэггүй, ялангуяа Монголын нөхцөлд ямар сайхан дүрэм хуулиас давж хэрэгждэггүй, зүгээр л тунхаг болоод үлддэгийг санууштай. Хуулиа ч ягштал мөрддөггүй монголчуудад дүрэм мөрдөх гэдэг нь үлгэр. Тийм болохоор бодит нөхцөл, сэтгэлгээний бодит хөрсөндөө нийцсэн арга хэмжээг аваад явах нь үр дүнгээр илүү байх болов уу.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэ төсөлд тусгагдсан зарим концепци иргэдэд таалагдахааргүй байгааг ч анхнаас нь ил тод хэлэх хэрэгтэй. Нийслэл хот албан татвартай байх, оршин суугч хуульд заасан албан татвар, хураамж, төлбөр төлөх зэрэг үүргийг хуульчилж байгааг эсэргүүцэх хүмүүс захаас аван гарна. Түүнчлэн нийслэлийг хөгжүүлэх ажилд идэвхтэй оролцох, нийтийн эзэмшлийн эл зүйлийг зохистой ашиглах, амьдарч багаа орчноо цэвэр байлгах зэрэг захиргааны шинжтэй үүргийг ч ногдуулахаар байгаа юм. Хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагаас зайлсхийвэл холбогдох хуулиар хариуцлага тооцохыг ч зүйлчилжээ. Үүнтэй зэрэгцээд Нийслэлийн удирдлагад иргэдийн эрүүл аюулгүй орчныг хангах, эдийн засгийг хөгжүүлэх үүргийг ч хатуу хуульчилж, үүнийг хэрэгжүүлэхэд нь санхүү, эдийн засгийн эрх чөлөөг нь олгох эрхзүйн нөхцөлүүдийг ч тусгасан байна. Тухайлбал, хот өөрийн үл хөдлөх хөрөнгө, өмчит үйлдвэрийн газруудаа хувьчлах, эргэлтэд оруулах, бие дааж бонд гаргах замаар зээл, хөрөнгө оруулалт татах эрх мэдлийг нийслэлд өгөхөөр хуульчилжээ.

Нийслэл хотод амьдрах нь эрх чөлөөний сонголт боловч хамтын амьдралын дүрмийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Дэд бүтэц, зам тээвэр, зах зээл гээд нийслэлийн бололцоо бүхнийг ашиглахын тулд иргэд нь үүрэг хүлээх ёстой. Ядаж татвар төлөх ёстой. Эдийн засгийн зохицуулалт бий болгож байж нийслэлээ нийслэл шиг эмхлэхгүй бол энэ хот асуудалдаа дарагдсаар аваарын дохио улалзуулсаар аюулын ирмэгт ирчихлээ.

Жич: Монгол Улсын хүн амын нягтшил нэг хавтгай дөрвөлжин километрт хоёр хүн оногдохоор байгаа ч нийслэл Улаанбаатар хотод нэг хавтгай дөрвөлжин километрт оногдох хүний тоо 255 байна. Энэ нийт хүн амын 40 гаруй хувь нь нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзэлж буй Улаанбаатарт амьдарч байна гэсэн үг.

З.БОРГИЛМАА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52426
0 эможи
keyboard_arrow_up