COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Энхтөр: Ядуурал сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд байна

2018 оны 1 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөртэй уулзаж Улаанбаатарын гол хүндрэлтэй асуудал болоод байгаа ядуурлыг бууруулах талаар хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд болон бас нэгэн сэтгэл эмзэглүүлсэн асуудал болох хүүхэд хамгааллын асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд сүрхий хүйтэрч байна. Улаанбаатарын утаа ч улам бүр өтгөрлөө. Сүүлийн үед улстөрчид Улаанбаатарын энэ их утааг ядууралтай холбож ярьж байгаа. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Тийм ээ. Улаанбаатарын утаа бол зөвхөн хэдэн улстөрчид, дарга нарын асуудал биш энд амьдарч байгаа 1.3 сая хүний сэтгэлийг түгшээж, эрүүл мэнд амь насанд нь шууд заналхийлсэн ноцтой асуудал болчихлоо. Улам бүр өтгөрч, хортой болж байгаа утааг янз бүрээр л ярьж байна. Зарим улстөрчид ядууралтай холбон ярьж байна. Ядуурал бол улс орны нийт эдийн засгийн байдал, өрхийн амьжиргаа муудаж байгаатай л салшгүй холбоотой юм. Ажлын байргүй болж байгаа, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа нь ядуурал нэмэгдэх үндсэн гол шалтгаан юм л даа. Өнөөдрийн энэ их ажилгүйдэл, түүнийг дагасан ядуурал бол дөнгөж өнгөрсөн жил юмуу хоёр гурван жилийн өмнөөс нүүрлэчихсэн  асуудал биш шүү дээ. Өмнөх дөрвөн жил, за цаашлаад өнгөрсөн 27 жилээс алдаа дутагдлыг нь хайх ёстой. Өнөөдөр Монгол Улсын мөнгө санхүү дутагдалтай, хүнд байна. Үүнийг дагаад олон үйлдвэр, ажлын байрууд хаалгаа барьж ажилгүйдэл нэмэгдэж байна. Яг энэ шалтгаанаар ядуурал сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд хүрээд байна. Уг нь хүмүүс өөрөө өөрсдөө сайн дураараа ядуураад байгаа юм биш л дээ. Ажилтай орлоготой байж гэмээнэ ядуурал буурах нь тодорхой. Гэтэл ажил олгогч нар нь хаалгаа бариад байгаа нь гол зовлон болж байна. Мэдээж ажилгүй хүн сэтгэл тэнэгэр сайхан амьдрана гэж байхгүй. Ажлын байр бол төрийн албаны хувьд тогтоогоод өгчихсөн хэмжээ, тоо нормтой. Төр хувийн хэвшилтэйгээ хамтраад ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд том том технологийн парк барих, нисэх буудал барина ч гэдэг юмуу чадлынхаа хэрээр зүтгээд байгаа хэрнээ мэдээж бүх хүнийг ажлын байраар хангаж чадахгүй шүү дээ. Энэ бүх шалтгаанаар ажлын байр ихээхэн хумигдаж, түүнийг дагасан ажилгүйдэл, ядуурал маш их байна.
-Хувийн хэвшлүүд хаалгаа барихтай зэрэгцэн төрийн яамд хумигдаж тоогоо цөөрүүлснээр бас л баахан ажилгүй хүмүүс бий болсон байх даа?

-Мэдээж Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яамуудыг нэгтгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгоод цомхотгохоор тодорхой хүмүүс цомхотголд орж ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн л байж таарна. Өнгөрсөн хоёр жилд л гэхэд төрийн албанаас маш олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Тодорхой тоо хэлбэл биднийг ажил авч байсан 2016 онд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.4 хувьтай байсан. Бид ямар зорилт дэвшүүлээд ажиллаж байна гэвэл 2020 онд энэ үзүүлэлтийг 60 хувьд хүргэх маш том зорилт тавиад ажиллаж байгаа. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан энэ тоо бол маш өндөр тоо гэдгийг дахин хэлье. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд жилдээ дор хаяж 30 мянган ажлын байр бий болгох шаардлагатай. Бид өнгөрсөн 2017 оныхоо ажлыг дүгнээд үзэхэд нийтдээ 16400 шинэ ажлын байр бий болгосон байна. Мөн нийтийг хамарсан түр ажлын байр гэхэд 8250 гээд нийтдээ 25 мянга гаруй ажлын байр бий болгосон байна. Цаашдаа энэ тоог тогтвортой өсгөж 30 мянгад барьж байж бидний зорилго хэрэгжинэ. Гэхдээ улс орны эдийн засаг сэргэж, хөрөнгө санхүүгийн бололцоо нэмэгдвэл дагаад ажлын байр олноор бий болох нь ойлгомжтой л доо. Гэхдээ энэ том зорилтыг ганцхан төрийн байгууллагууд шийдэх биш хувийн хэвшилтэйгээ хамтарч л хэрэгжүүлнэ. Дээр нь Үйлдвэрчний эвлэл гэж хүчирхэг байгууллагын оролцоо бас их чухал.

-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Нэг өрх нэг ажлын байр” гэсэн зорилт байсан. Тэр юу болж байна?  

-Тийм. Өнгөрсөн жил батлуулсан энэ дэд хөтөлбөр бол маш чухал зорилтот хөтөлбөр байгаа юм. Бидний зүгээс нийслэлийн 9 дүүргийнхээ хороо болгоны Засаг дарга нарт энэ талаар маш нарийн судалгаа гаргах үүрэг даалгавар өгсөн. Гайгүй сайн судалгаагаа ч хийсэн. Үүний ч үр дүнд өнгөрсөн жилийн хугацаанд 25 мянга гаруй хүнийг ажлын байраар хангасан байна. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд 384 мянга гаруй өрх айл байгаа юм. Тэгээд бүр нарийвчлаад 240 мянган өрхөөс нэг өрхөд хэдэн хүн ажилгүй байна гэсэн тоо гаргаад үзэхээр тэдгээрийн 0.5 хувьд нэг өрхийн 5 хүн ажилгүй байгаа юм. Энэ нь нийтдээ 1120 орчим өрх айл болж байгаа юм. Харин нэг өрхөөс нэг хүн ажилгүй байгаа нь 37.6 хувь болж байгаа бөгөөд энэ нь нийтдээ 94 мянга орчим хүн болж байгаа юм. Энэ бол зөвхөн дээд доод хоёр хязгаар нь юм л даа. Мэдээж энэ дээр нэмэгдээд өчнөөн өрх толгойлсон эмэгтэйчүүд байна. Их дээд сургууль төгсчихөөд ажилгүй байгаа өчнөөн залуучууд байна. Нарийн угшлыг нь хөөгөөд үзвэл гуравхан сая хүнтэй Монгол Улсад энэ олон их дээд сургууль хэрэгтэй ч юмуу, үгүй ч юмуу. Нэг хувийн дээд сургууль төгсөөд “Би мэргэжил эзэмшчихсэн хүн” гээд өөрийгөө бодоод байдаг. Гэтэл яг ажил дээр гарахаараа гологдоод эхэлдэг. Тэгээд удахгүй халагддаг. Яг энэ байдал өнөөдрийн ажилгүйдэл, ядууралд хамгийн гол нөлөө үзүүлж байна. Одоо бидний зүгээс судалгаа явуулж гаргаж авсан тоо баримтынхаа үндсэн дээр Улаанбаатарын хамгийн их ядуурал ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн тодорхой хороонуудын, тодорхой айл өрхийн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нэг айлаас 5 хүн ажилгүй байгаа өрхүүдээс эхний ээлжинд ядаж нэг юмуу хоёр хүнийг нь ажилтай болгохоор ажиллаж эхлээд байна. Ядаж л эхний ээлжинд машины зогсоол дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ажилд оруулахаар холбогдох газруудтай нь яриа хэлцлүүд явагдаж байна. Гэхдээ бид энэ ажлаа маш нарийн судалгаан дээр тулгуурлаж явуулна. Яагаад гэвэл нэг айлын таван хүн ажилгүй байхад нэг айлын бүх хүн ажилд орчихож болно шүү дээ. Бид эхний ээлжинд үүнийг зохицуулна.

-Хоёр жилийн өмнө нь ч билүү дээ Сонгинохайрхан дүүрэгт Агропарк байгуулж нэлээн олон өрхийн олон хүнийг ногоо тарих ажлаар хангаж байсан. Тэр ажил юу болсон бэ?

-Тийм. Тэр ажил маш амжилттай үргэлжилж байгаа. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дээр байгуулсан тэрхүү Агропаркийн ажилд нийтдээ 600 өрхийн төлөөллүүдийг аваачиж ногоо тариулсан юм. Тэнд тог цахилгаан, усыг нь хангаж өгч бүр ногооных нь үрийг ч өгснөөр өөрсдөө ч сайн ажиллаж их сайн ургац авсан. Мэргэжлийн хүмүүсээр ногоо тарих, арчлах бүх аргачлалыг нь зааж өгч, хүмүүсийг 20:20-оор нь баг болгон ажиллуулснаар намар их сайн ургац авсныг энэ жил ч үргэжлүүлэн явуулахаар бэлтгэл ажлыг нь хангуулж байгаа. Тэнд хүлэмж хүртэл барьсан. Тэгээд намар хурааж авсан ногоогоо зарна уу, өөрсдөө хэрэглэнэ үү тэр хүмүүсийн л сонирхол болохоор иргэд ч маш идэвхтэй оролцсон. Тэнд оролцсон хүмүүс 5 сарын хугацаанд 500 мянгаас нэг сая төгрөгийн ашиг олцгоосон байна лээ. Одоо тэнд ажилласан хүмүүсээс олон хүн, өрх айлууд “Бидэнд газар өгөөч, үр өгөөч ахиухан ногоо таримаар байна” гэж байнга асууж байгаа.

-Нийгэмд хамгийн их ажилгүй байгаа залуучуудын талаар ямар нэгдсэн цогц бодлого барьж, ямар ажлууд хийж байгаа вэ?

-Яг ид хийж бүтээх, хөдөлмөрийн насны маш олон залуучууд ажилгүй байгаа нь үнэн. Бид ч энэ чиглэлд “Start АF” гээд бизнесийн санаа өгөх, гарааны бизнес эрхлэх бүлэг болгож ажлыг нь эхлүүлэх чиглэлд ажлууд хийгдэж эхлээд байна. Сая Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 9 байгуууллагыг судлаад тэднээс 6-д нь 10 саяын зээл олгосон. Тэд тэрүүгээр бизнесийнхээ эхлэлийг тавих юм. Тэгээд ашигтай байвал зээлээ төлчихөөд цааш нь үргэлжлүүлээд өөрсдөө аваад явах болзолтойгоор “Start AF”-ыг дэмжиж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг болж л өгвөл дэмжиж ажиллана. Одоогоор дээрх хөтөлбөрт 9 байгууллагаас 6 нь тэнцэж гарааны мөнгөө аваад үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Харин үлдсэн 3 нь зээлээ төлөх, цаашдаа үйл ажиллагаагаа хэвийн явуулах найдлага муу нь мэдэгдсэн болохоор цуцлагдсан. Түүнээс гадна оюутны цагийн ажлын менежментийг бий болгохын тулд идэвхтэй ажиллаж байна. Яг одоо оюутны өвлийн амралт болж байгаа үед оюутны тогтвортой ажлын байрыг олноор бий болгох, хөдөлмөрийг нь шударгаар үнэлүүлэхийн тулд ажил олгогчидтой хэл амаа ололцох гээд ажил их байна. Ингэхийн тулд оюутнуудыг тогтвортой ажлын байраар хангадаг ажил олгогчдыг нийслэлийн зүгээс бодлогоор дэмжинэ. Татварын хөнгөлөлт эдлүүлэх, янз бүрийн урамшуулал үзүүлэх зэргээр дэмжихээр хууль эрх зүйн орчноо судалж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү хандсан ямар ажлууд хийгдэж байна вэ?  

-Энэ өвлийн хүйтэнд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээрээ юм оёх, зарим нэг нь уран дархны ажил хийх гээд янз бүрийн аргаар л боломжийн хэрээр орлогоо нэмэгдүүлж байна. Одоо хороонууд дээр яг энэ чиглэлээр дэмжлэг үзүүлдэг Хадгаламж зээлийн хоршоод бий болсон. Тэдгээр Хадгаламж зээлийн хоршоод нь ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сард 1.2 хувийн хүүтэй 5 сая төгрөгийн зээл өгч байгаа. Өрхүүдэд өгч байгаа энэ зээлийн систем хэрэгжээд 2 жил болж байна. Одоо бидний зүгээс энэ зээлийн гэрээг сунгаад үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн үед “100 сая төгрөгийн дүрмийн сантай Хадгаламж зээлийн хоршооны мөнгийг 20 гэр бүл хуваагаад авчихаад байна” гэсэн хэл ам гараад байгаа тул энэ зээлийн системийг цааш нь сунгаад ажиллуулахаар болж байгаа. Энэ зээлд хамрагдсан нэг гэр бүл 6 сараас 2 жилийн хугацаатайгаар 5 сая төгрөг аваад дараагийнх нь авах ёстой юм. Гэтэл энэ мөнгө сүүлдээ дутагдаад эхэлсэн. Тэгэхээр одоо бид Хадгаламж зээлийн хоршооны тоог нэмэх, мөнгөн дүнг нь өсгөх шаардлагатай болж байна. Жилийн 14 гаруй хувийн хүүтэй энэ зээлд хамрагдсан өрх гэр бүлүүд ноосон тавчиг, улавч өөр бусад олон зүйл урлан зарж борлуулаад тодорхой хуримтлал үүсгэж чадаж байгаа. Хийсэн эдлэлүүдийг нь бүр Швед, Норвеги гээд Скандиновын орнуудад хүртэл гаргаж борлуулдаг сүлжээ бий болсон гэж сонсогдсон. Бидний зүгээс дээрх 5 сая төгрөгийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, мөнгөн дүнг нь ч ахиулах санаатай байна.

-Сүүлийн үед хүүхэд хамгааллын асуудал бас нэлээн хурцаар тавигдах боллоо. Энд тэнд муухай харгис, хэрцгий хэрэг гарах боллоо. Та яг энэ асуудлыг хариуцсан хүний хувьд ямар бодлого барьж, юу хийж байна?

-Тийм. Энэ бол сэтгэл зовоосон их том асуудал. Хотын хэмжээнд “Хүүхэд хамгаалал, хөгжлийн Үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд зуны цагт хүүхдийн зуслангуудтай нэлээн сайн тулж ажиллаж байна. Одоогоор Улаанбаатарыг тойроод 24 орчим пионерийн зуслан үйл ажиллагаа явуулж байгаа. Хамгийн гол нь эдгээр зуслангийн ахуй нөхцөл, байр сав, багш ажилчдын бүрэлдэхүүн, хоол ундны амт чанар гээд байнга эргэж тойрч шалгаж судлах ажил их байдаг. Эдгээр зуслангууд бараг бүгд хувьд шилжчихсэн. Тэгэхээр тэд давын өмнө орлого хөөцөлдөх нь ойлгомжтой. Тэгэхээр ялангуяа хотын захын хорооллын амьдралын боломж муу айлын хүүхдүүд зусланд хамрагдаж чадаж байна уу, тэдгээр зуслангууд зун ямар программаар хүүхдүүдтэй ажиллаж байна, багш нарынх нь мэдлэг боловсрол өнөөгийн шаардлагыг хангаж чадаж байна уу гээд манай Хүүхэд залуучуудын газрынхан байнгын судалж, шалгаад ажилладаг. Энэ зунаас зуслангуудад тавих хяналт шалгалтыг нэлээн сайн явуулна гэж төлөвлөж байгаа. Ноднин бол багагүй зөрчил илэрч байсан.

Түүнээс гадна ер нь хүүхэд бүрийг хараа хяналттай байлгахын тулд одоо хороо болгон дээр Хамтарсан баг ажиллаж байгаа. Тэнд Хороон дарга, цагдаа, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн ахлагч нар нэгдээд нэг баг болж ажиллаж багагүй үүрэг гүйцэтгэж эхлээд байна. Энэ жил бид Нийслэлийн цагдаагийн байгууллагатай хамтраад тэдэнд тусгай сургалт явуулсан. Одоо хороо, хэсэг бүр дээр ийм Хамтарсан баг ажиллаж байгаа болохоор ер нь л аль айлд хүүхэд хүчирхийлэлд өртөж байна, хаана хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй вэ гэдгийг мэддэг болсон. Энэ талд байдал хуучнаа бодвол нэлээн сайжирсан гэж хэлж болно. Мөн Нийслэлийн болон дүүргүүдийн Засаг даргын дэргэд Хүүхдийн салбар зөвлөлүүд ажиллаж байгаа. Мэдээж Монголын төр давын өмнө хүүхдүүдийнхээ төлөө анхаарал тавих ёстой. Хүүхэд хамгааллын чиглэлд энэ жил Нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ахлуулсан салбар дундын байнгын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Энд мөн миний бие ч хамрагддаг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 476 мянган 18 хүртэлх насны хүүхэд байна. Энэ нь Монгол Улсын энэ насны хүүхдийн 46 хувь нь болж байгаа юм. Энэ 46 мянган хүүхдийн 11500 нь хагас өнчин байгаа бол бүтэн өнчин хүүхэд 1520 байх жишээтэй. Эдгээрээс яг эцэг эхийн асрамжинд байдаг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 844 хүүхэд байна. Одоо Улаанбаатарт өрх толгойлсон эмэгтэй гэхэд л 20500 байгаа нь бас л их тоо шүү. Улаанбаатарт жилдээ 8210 гэр бүл шинээр бий болж байхад 2510 гэр бүл салж байна. Гэр бүлийн хүчирхийллийн болон Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээр 831 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бол хүнд хэлбэрээр хохирсон хүүхэд 34 байх жишээтэй.

-Хүүхдүүд хараа хяналтгүй болох, хичээлдээ дургүй болоход цахим тоглоомын газрууд гол үүрэг гүйцэтгэж байгаа. Ер нь хотын хэмжээнд байгаа эдгээр цахим тоглоомын газруудыг нягтлах, шалгах чиглэлд ямар ажил хийж байна?  

-Бидний зүгээс оны сүүлээр Нийслэлийн цагдаагийн газартай хамтраад цахим тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийсэн. Одоогоор надад тэдгээрийн тухай тоо баримт хараахан ирээгүй байна. Ноднин шалгалтаар явж байхад цахим тоглоомын газрууд хүүхдүүдээ дүүргээд гаднаас нь цоожлоод хонуулдаг нийтлэг аргатай нь мэдэгдсэн. Одоо тэдний арга улам нарийсч байна. Яаж байна гэхээр бүр хэсэг бүлгээр нь нийлүүлээд, нэг анги хамт олон шиг болгочихсон байхтай ч таарч л байлаа. Томчууд нь буюу 16-18 настайчууд нь эр эмгүй нийлээд бүр мансуурдаг болсон гэсэн мэдээлэл ирсэн тул бид гэнэтийн шалгалт хийсэн. Одоогоор энэ шалгалтын дүн мэдээ хараахан ирээгүй байгаа тул дэлгэрүүлж ярих боломжгүй байна.

-Улаанбаатарын бас нэг томоохон сөрөг асуудал бол зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй дэн буудлууд байгаа. Энэ талаарх тоо барим юу байна?   

-Тийм. Эдгээр олон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй дэн буудлуудад мансуурах, хүчиндэх гээд маш олон гэмт хэрэг гарч байна. Эдгээр буудлуудад ихэвчлэн ажил сургуульгүй, хөдөө гадаанаас яваа хүмүүс хоног төөрүүлж архидаж, мансуурч гэмт хэрэг үйлдэж байна. Хэдийгээр шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байгаа ч өнгөрсөн жилийн байдлаар гэхэд л 6000 гаруй хүн ямар ч зөвшөөрөлгүй Улаанбаатарт орж ирсэн байгаа юм. Бичиг баримтгүй эдгээр хүмүүс ихэвчлэн дэн буудлаар л хоног төөрүүлж байгаа. Өнөөдөр Улаанбаатарын хэмжээнд 484 буудал ажиллаж байгаагаас 209 зочид буудал, 275 дэн буудал байна. Тэгвэл эдгээрээс албан ёсны зөвшөөрөлтэй нь ердөө л 178 байгаа бол 306 нь ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж янз бүрийн гэмт хэргийн уурхай болж байна. Бидний зүгээс удахгүй Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран дээрх ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 306 дэн буудлын үйл ажиллагааг албан ёсоор зогсооно. Хамгийн олон зөвшөөрөлгүй дэн буудал ажиллуулж байгаа Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн. Удахгүй араас нь тууштай явах болно.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: 24tsag.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52200
0 эможи
keyboard_arrow_up