COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 12 сарын 09

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Улаанбаатар хот 2018 онд концессын өр төлбөргүй болно

Улаанбаатар хотод концессын  80 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байсан. Хотын дарга төрийн ажил хийгээд өр, авлагатай болсон компаниудын өрийг барагдуулж, төр хүлээсэн үүргээ биелүүлэх шийдвэр гаргасан. 2018 онд концессын өрийг бүрэн барагдуулж дууссанаар хот өрийн нэг дарамтнаас салж байна.

Хотын дарга 15 иргэнд орон сууцны түлхүүр гардуулан өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

Нийслэлийн 2018 оны төсөв батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар  “Нийслэлийн  2018 оны төсөв”-ийг баталлаа. Тус хурлаар “Нийслэлийн  2018 оны төсвийн төсөл”, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн 2018 оны өмч хувьчлал”-ын асуудлыг хэлэлцлээ. Эхний хэлэлцүүлгээр төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм.  Мөн намын бүлгүүд, ажлын хороод өнгөрсөн 7 хоногийн турш төсвийн талаар хэлэлцэж, өнөөдөр нэгдсэн дүгнэлтээ хуралдаанд танилцууллаа.

Хотын удирдлагууд агаар цэвэршүүлэгч нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнтэй танилцлаа

Монгол Улсын Засгийн газрын 12 сарын 1-ний хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос cургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгуудыг агаар шүүгчээр иж бүхэн хангахад Засгийн газраас 3 тэрбум,  Нийслэлээс 1 тэрбум  төгрөгийн санхүүжилтийг  гаргахаар шийдвэрлэсэн. 

"НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУД" дэд хөтөлбөрийг батлав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, 6 асуудал хэлэлцэж баталлаа. Хуралдааны эхэнд "Нийслэлийн залуучууд" дэд хөтөлбөрийг  Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр танилцуулсан юм.  Тэрбээр “2015 оны байдлаар Монгол Улсад 15-34 насны 1.085.000 гаруй залуус бий. Тэд нийт хүн амын 35.4 хувийг эзэлж байна. Тиймээс залууст  чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж  тэднийг хот суурин газарт дагаж хэвшүүлэх дадал, нийгмийн төлөвшил зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна” гэлээ. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуустай холбоотой боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг орхигдуулалгүй  цогцоор нь тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тэргүүлэгчид онцлов.

“Нийслэлийн нийтийн тээврийн автобусанд байгалийн шатдаг хий /LNG-CNG/ нэвтрүүлэх төсөл” хэрэгжиж эхэллээ

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь Монгол Улсын Их Хурлаас 2013 онд баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” бодлогын баримт бичигт туссан төсөл хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нийслэлийн нийтийн тээврийн автобусад байгалийн шатдаг хий нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа

Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд яам, агентлаг, НИТХ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газруудын нийт 73 байгууллагаас ирүүлсэн давхардсан тоогоор 800 гаруй саналыг судлан боловсруулж, 4 бүлгийн 26 дэд бүлэгт хамаарах 500 төсөл арга хэмжээ багтаж байна.

Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо бий болгох ажлын хэсэг хуралдлаа

Газар зүйн мэдээллийн системд суурилсан хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нэгдсэн стандарт, бодлогын баримт бичиг боловсруулан, бодит цаг хугацаанд өгөгдөл, мэдээлэл солилцох нэгдсэн тогтолцоо, архитектур бүхий дэд бүтцийг бий болгох зорилготой энэхүү ажлын хэсэгт 30 байгууллагын 52 албан хаагчид оролцлоо.

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар, амбулаторийн 89588 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 3872 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.1 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн дундажтай харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нийт өвчлөгсдийн 36.5 хувийг 0-2 нас, 30.3 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна.

Мөсөн хотхон байгуулах ажил явагдаж байна

Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхоныг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа" сэдэвт ээлжит сургалтыг энэ сарын 1-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 18, 32, 52, 75 дугаар сургуулийн ахлах ангийн 308 сурагчдыг хамруулж зохион байгууллаа.

Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/605 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан  “Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг дундын мэдээллийн санд оруулах, шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирээгүй учраас цуцлагдлаа

Нийслэлийн Газрын албанаас нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар саналаа оруулаад дуудлага худалдааны анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч БХБЯ-нд хүсэлтээ хүргүүлсэн байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр хариу ирээгүй, хүлээгдэж байна. 

Налайх дүүргийн Засаг дарга 2017 оны ажлаараа “хангалттай” үнэлэгдлээ

Налайх дүүргийн ИТХ-ын 6 дугаар хуралдаан 80 гаруй хувийн ирцтэй хуралдаж, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг авч хэлэлцлээ.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар илтгэл тавьж, 2017 онд улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

Газартай холбоотой өргөдлийн шийдвэрлэлтийг иргэд гар утсаараа авдаг болно

Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг веб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой боллоо.
Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд менежер программыг 21 аймаг, 330 сумын интернетийн нэгдсэн системд нэвтрүүлэн түлхүүрийг  Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт хүлээлгэж өгөх ёслол боллоо.

Тоон гарын үсгийн сургалт зохион байгууллаа

2017 онд 731 албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ, э-токен төхөөрөмж олгохоор төлөвлөн, тус газраас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмжийг  шинээр авах 50 гаруй байгууллагуудыг хамруулан лабораторийн сургалт зохион байгууллаа.

Аялал жуулчлалын салбарынхан дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай танилцаж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай хамтран дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт сургалтыг 2017 оны арванхоёрдугаар сарын 5-7-ны хооронд зохион байгууллаа.  

Төв талбайн сүлд модыг чимэглэх ажил энэ сарын 15-нд дуусна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан байна.

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК засч байгаа ба энэ сарын 15 гэхэд дуусгах аж.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 26 дахь жилдээ  тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ачлалт хүүхдүүд” ТББ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг, арга хэмжээг зохион байгууллаа.

200 ажилтан, алба хаагчдад гар утас бэлэглэв

Нийгмийн хариуцлагыг дээдлэгч Мобиком корпораци, Дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Huawei” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар “Huawei mechnologies” компани нйигмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдийн ая тух, эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалдаг Замын цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Түргэн тусламжийн төв-103, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг төрийн байгууллагуудын 200 ажилтан, алба хаагчдад ажлын шуурхай байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 ширхэг “Huawei Y3” маркийн ухаалаг гар утас бэлэглэлээ.

Өсвөрийн хийлчид аваргаа шалгарууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2 жилд нэг удаа зохиогддог “Өсвөрийн хийлчдийн Олон улсын уралдаан” ЕБС-ын сонгодог хөгжим сонирхон тоглогч хүүхэд багачуудын дунд энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. 
Тус уралдаанд Монгол, Япон, Австрали ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудын нийт 85 авьяаслаг сурагчид оролцсоноос 23-р сургуулийн сурагч М.Мөрөн Гранпири шагналын эзэн болсон байна. 
Бага насны ангилалд 1-р байранд Н.Урангоо /5настай/ шалгарсан бол Б.Насанжаргал /4настай/ 2-р байр, А.Энгүүн /7 настай /3-р байрыг тус тус эзэлжээ. 

Жолооч шалгагч нар томуугийн вакцинд хамрагдлаа

“Зорчигч тээврийн нэгтгэл”, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хамтран нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг жолооч, шалгагч, инженер техникийн ажилтнуудыг ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрууллаа. Томуугийн вакцинд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 540 ажилтан хамрагдсан юм. Насны хувьд 25-49 насны 386, 50-64 насны 121, 16-24 насны 30 ажилтан вакцин хийлгэсэн. Ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд жил бүр ажилчдыг хамруулдаг бөгөөд энэ жил Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Б.Очинхорлоо эмчтэй баг вакциныг хийлээ.

Ахмад уурхайчдад хүндэтгэл үзүүллээ

Энэ онд Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсний 102, Налайхын Их уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ой тохиож байна. Ойг 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд Уурхайчдын өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөн дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэ хүрээнд Налайхын их уурхайд ажиллаж байсан 70-аас дээш насны 148 ахмад уурхайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ЗДТГ-аас дүүргийн төр, захиргааны 28 байгууллагад даалгасны дагуу дүүргийн төрийн байгууллагууд 12 сарын 04, 05-ны өдөр  ахмад уурхайчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50899
0 эможи
keyboard_arrow_up