COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 11 сарын 18

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, өглөө оройн ачаалал ихтэй үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах”-ыг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг болголоо. 

Хотын дарга С.Батболд Канад улсын Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг хүлээн авч уулзлаа

Канад улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрул Улаанбаатар хотод тулгамдаад байгаа агаарын бохирдол, дэд бүтэц, шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлуудаар хотын даргатай санал бодлоо солилцож бүхий л талаар хамтран ажилахаа илэрхийллээ.

Хотын дарга С.Батболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөнтэй уулзлаа

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй НЗДТГ хамтарч ажилладаг бөгөөд олон сургалтыг зохион байгуулдаг. Нийслэл нь Монгол Улсын хүн ам, эдийн засаг зэрэг бүхий л үзүүлэлтээр 50-60 хувийг эзэлдэг. Нэг үгээр улсын доторх улс гэж хэлж болно.  Тиймээс авлигын асуудалд нэлээн анхаарал хандуулж ажилладаг. Өнгөрсөн оны сонгуулиас хойш бид бүхэн ажлаа аваад нэг жил хагасын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө олон ажлыг зохион байгуулаад байгаа билээ. 

Монголын нутгийн удирдлагын холбооноос хэлэлцүүлэг зохион байгуулав

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж буй “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА” сэдэвт хэлэлцүүлэгт  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын нутгийн улирдлагын холбооны тэргүүн С.Батболд оролцлоо.

Хотын дарга С.Батболд Владикавказ хотын дарга Хадарцев Махарбек Хазбиевичийг хүлээн авч уулзлаа

Хотын дарга С.Батболд Монгол улсын түүхэнд баатарлаг гавьяа байгуулсан БНМАУ-ын баатар, Армийн генерал Исса Александрович Плиев төдийгүй Монгол Оросын ахан дүүсийн баатарлаг гавьяатай холбоотой олон сайхан хөшөө, дурсгал түүхүүдийг мартах учиргүйг онцлоод цаашид хоёр хотын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ах дүү найрамдалт хотууд болох талаар хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

С.Батболд: Ирэх онд хот, нийтийн аж ахуйд онцгойлон анхаарна

Тэрбээр хэлэхдээ “2017 он  эдийн засаг санхүүгийн хувьд хүндрэлтэй жил байсан ч гэлээ  Улаанбаатар хот  өмнөө тавьсан нийгэм эдийн засгийн зорилтоо хангалттай хэрэгжүүлж чадлаа.   МАН  бол  зүүн төвийн   үзэл баримтлал бүхий  улс төрийн хүчин. Энэ утгаараа бид  удахгүй улирах оноо  иргэндээ  ээлтэй, аюулгүй хот болоход анхаарсан.   Уг зорилтынхоо хүрээнд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт ахиц гарахуйц ажлыг хийсэн.  Мэдээж хотын  тулгамдсан асуудал болох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг  эрчимтэй хэрэгжүүлж, гадаадын зээл тусламжаар   томоохон гүүрүүдийн  шинэчлэл, өргөтгөлийн ажлыг  эхлүүлээд байна.  

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна

Хуралдаанаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх,  Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл дэд хөтөлбөр батлах, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Исса Алескандрович Плиевийн хөшөөний нээлт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бид бүхэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөг нээхээр цугласан билээ. Тэрбээр анх 1936 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсад томилолтоор ирж, Улаанбаатар хот дахь Нэгдсэн цэргийн сургуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн түүхтэй. Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцож байсан юм. Армийн генерал И.А.Плиевийн байлдааны төгс командлал, баатарлаг ур чадварыг үнэлэн 1944 болон 1945 онд Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор хоёр удаа шагнасан байдаг. Түүнчлэн түүний байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлж  1971 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар И.А.Плиевт Монгол Улсын Баатар цол олгосон байдаг. 

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25574 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.8 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1000 үйлдэл бүртгэгдсэн нь 2.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулах, эцэг эх, асран хамгаалагчийг нь олж тогтоох, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон халамжийн төвд хүлээлгэн өгөх, эрх зүйн тусламж үзүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг  энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлээд байна. 

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байна

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд  хотын эдийн засгийг богино хугацаанд  тогтворжуулах, өсөлтийг нэмэгдүүлэх  бодлого хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх,  бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, хот тохижилтын асуудалд  мэдэгдэхүйц ахиц авчирах зорилт тусгаад байна.  Улаанбаатарчуудын  хамгийн  тулгамдсан, шийдэл хүлээгээд  орон сууцаар хангах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, авто замын түгжрэлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  ч  нийслэл хот өөрийн төсвийн даац болон  улсын төсөв, гадаад дотоодын  хөрөнгө оруулалтын   дэмжлэгтэйгээр зорилтот ажлуудыг хийнэ гэдгийг тодотголоо.  Төрийн үйлчилгээг  түргэн шуурхай  болгох,  гэмт хэргийг бууруулах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх  асуудлыг   онцгойлон авч үзсэн байна. 

Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус  1-р хуралдаанаар  “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа.  Үндсэн чиглэл нь  5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан  байна. 

“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл“-ийн  “Эдийн засгийн өсөлт өрх бүрт“ бүлэгт   олон жилийн турш яригдаж байгаа  Багануур, Налайх, Эмээлт дэх үйлдвэрлэл технологийн паркт байрших үйлдвэрүүдийг сонгон  шалгаруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тусгасан байна.  Тухайлбал, Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн хувьд эхний ээлжинд  10 үйлдвэрийг сонгон шалгаруулалт хийнэ.  Үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын  эхний үе шат хэрэгжсэнээр  4000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор тусгасан байна.

“Орон нутгийн шилдэг удирдагч”-ийг шалгаруулав

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Монголын нутгийн удирдлагын холбооноос “Орон нутгийн шилдэг удирдагч”-ийг шалгаруулж, шагналыг гардуулан өглөө. 

Орон нутгаа хөгжүүлэн,  хүн арддаа үйлчлэх үйлчилгээг сайжруулах, эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд олон жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны ажилтнуудыг “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгаруулсан юм байна.

“Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдааны ялагчид тодорлоо

Монгол Хятадын ард түмний найрамдлыг илэрхийлсэн “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд Монгол, Хятад орны соёлыг дэлгэрүүлэх, найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилго бүхий “Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдааны ялагчид тодорлоо. Энэхүү уралдааныг НЗДТГ, БНХАУ-ын Монгол улсад суугаа  Элчин сайдын  яам, БНХАУ Халамж Хүмүүнлэгийн Ерөнхий холбоо, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран зохион байгуулжээ. 6-12 насны 1100 хүүхэд оролцсон уг уралдааны арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр уралдаанд оролцсон сурагчидад сурлагын амжилт хүсч, хоёр орны найрамдлыг илэрхийлсэн арга хэмжээ болсныг онцлов.

Замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч, явах маршрутаа сонгон саадгүй зорчих боломжтой боллоо

Жолооч нар явах чиглэлийнхээ зай, туулах дундаж хугацааны тооцоолол, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд мэдэх боломжтой болсон байна. Хүсвэл жолооч та өөрийн явж өнгөрөх уулзварынхаа камерын дүрсийг ч харж болно. Харин эдгээр мэдээллийг авахын тулд www.UBtraffic.mn вэбсайтаар болон өөрсдийн гар утас, таблетад UBtraffic.mn аппликейшныг Play store, App store-оос үнэ төлбөргүй татан авч суулган ашиглах боломжтой юм.

Автобусны бариулд санамж байршууллаа

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс нийтийн тээврийн төлбөр төлөлтийг картаар хийх ажлын хүрээнд нийт 365 тээврийн хэрэгслийн орох хаалганы хажуу талын цонхонд “Зөвхөн картаар үйлчилнэ” гэсэн санамж байршууллаа. Мөн өвлийн улирал болж халтиргаа гулгаа ихэсч байгаа тул нийтийн тээврээр зорчигчдын  аюулгүй байдлыг хангах үүднээс автобусанд холбогдох санамжуудыг байршуулсан. Санамж байшуулснаар  санал гомдол болон автобусны зааланд зорчигч унаж бэртэх зөрчлүүд буурсан байна. Цаашид автобусны бариулд   санамж, зөвлөмжийг нэмж байршуулах юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хотууд нэгдэж байна

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэн орсон талуудын бага хурал буюу КОП23 ХБНГУ-ын Бонн хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн талуудын бага хурлаар Парисын хэлэлцээрийн дүрмийг илүү нарийвчлан тодорхойлох, санхүүжилтийн механизм, талуудын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зэрэг асуудлуудыг түлхүү хэлэлцэж буй бөгөөд конвенцид нэгдэн орсон улсуудын төлөөллөөс гадна орон нутгийн засаг захиргаадын оролцоог нэмэгдүүлснээрээ өмнөх хурлуудаас онцлог болж байна. "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг орон нутгийн болон бүсийн манлайлал" сэдвийн дор 330 хотын дарга нар, 1000 гаруй хотын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт хариуцсан төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хотууд хэрхэн нэгдэн ажиллахаа хэлэлцэж байгаа юм.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын санхүүжилтээр өөрийн бизнес санаагаа бодит болгох хүсэл, эрмэлзэлтэй залуучуудад зориулан "Startup Weekend Ulaanbaatar | Metropolis Edition” арга хэмжээг “Шинэ эхлэх цэг” ТББ, “Нью Гранд Адвенс”,  “Жи Эс Эй эс “ХХК-тай хамтран зохион байгуулахад бэлэн болоод байна.

30 байршлын 160 га газрыг дуудлагаар худалдана

Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь  бэлэн газрыг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай юм.

НИТХ есөн Тэргүүлэгчээ батламжлав

Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын хуралдаанаар есөн Тэргүүлэгчийг батламжиллаа. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж томиллоо. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, томилох эрх нээлттэй үлдэж буй юм.

Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд барьж эхэлнэ

Одоогийн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг арилгах, тоног төхөөрөмж, барилгын байдалд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, цаашид хэрхэх талаар судлах зэргийг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор Улаанбаатар хотод амьдарч байгаа сая гаруй хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, хүрээлэн буй орчны бохирдол буурна гэж Засгийн газар үзлээ.

Газар өмчлөлийн аяныг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ

Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян өнөөдрөөс Чингэлтэй дүүрэгт эхэллээ. Аянд тус дүүргийн  8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209 айл хамрагдана. Судалгаанд хамрагдсан 209 айлуудад хорооны хэсгийн ахлагч болон дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдээр дамжуулан урьдчилан мэдээлэл хүргүүлсэн байгаа юм. Арван нэгдүгээр сарын 16-наас нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан айл бүрт очиж газрын зөрчилтэй бол зөрчлийг арилгаж, холбогдох материалыг бүрдүүлэн авна. Аян Чингэлтэй дүүрэгт 22-ыг дуустал явагдаж, хуваарийн дагуу Сүхбаатар дүүрэгт үргэлжилнэ.

Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц шийдэл зөвлөгөөн боллоо

Тус зөвлөгөөнд Чингэлтэй дүүргээс оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 170 гаруй иргэн аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо. Салбарын хөгжил дэвшил, тулгамдсан асуудал, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг цаг үеийн байдлаар мэдээ мэдээлэл солилцож, санал сэтгэгдлээ уламжиллаа.

Энэхүү зөвлөгөөний хүрээнд Оёдлын салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оёмол бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх боломж, чанарын удирдлагын тогтолцоо, мөн оёдлын үйлдвэрлэлийг хөгжүүлж байсан туршлага зэргийг ярилцан хэлэлцэж цаашид хэрэгжүүлж болохуйц шинэлэг бүтээмжтэй асуудлуудаар хэлэлцсэн юм.

35 дэн буудалд хяналт, шалгалт явуулав

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дэн буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудыг шалгах, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх зорилгоор Засаг даргын захирамж гарсан билээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулан Нийслэлийн аялал жуулчлалын газар, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан 2017 оны 11 дүгээр сарын 6-наас 10-ны өдрийг хүртэл дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудад хяналт шалгалт хийлээ.

Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажил өнөөдөр эхэллээ. Дээрх ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, ХӨСҮТ, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. Арван нэгдүгээр сарын 17-ны байдлаар орон гэргүй, тэнэмэл амьдралтай 111 иргэнийг илрүүлж, дотор, сүрьеэ, ДБЗХӨ-ний үзлэгт хамруулан, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ. Дээрх иргэдэд дүүргийн ЗДТГ, Улаан загалмайн нийгэмлэгээс өвлийн дулаан хувцас олгож, халуун хоолоор үйлчиллээ. Бүртгэлжүүлэх ажил хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дүүргийн харьяалалтай 30 иргэнийг бичиг баримжуулах ажлыг мөн зохион байгуулна 

“Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг” хүргэх өдрийг зохион байгууллаа

Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улсын хувьд “Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх” өдрийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэлин хийд, “Сүүн гол зам” ТББ болон Монголын Land cruiser клубтэй хамтран 4 дэх жилдээ Хүсээгүй дайныг зогсооё” нэгдсэн уриан дор зохион байгуулж байна.

Зам тээврийн ослоор дэлхийд жилд дунджаар 1.3 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа бөгөөд 10-15 насны өсвөр насныхан болон 15-24 насны залуучуудын үхлийн тэргүүлэх шалтгаан болж, өдөр бүр 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. 2016 онд Манай улсад  нийт 107559 осол гэмтлийн тохиодол бүртгэгдснээс   17197  буюу 16 хувь нь зам тээврийн ослоос шалтгаалсан байх бөгөөд энэ нь  нийт осол гэмтлийн шалтгааны хоёрдугаарт орсоор байна.

Олимпийн гудамж дахь моднуудыг тайрсан талаарх мэдээлэлд тайлбар өглөө

Тус Ажлын хэсгээс олон нийтийн сүлжээгээр тархсан “Олимпийн гудамжны бүх модыг тайрчээ” гэсэн ташаа мэдээлэлд хариу тайлбар өглөө.

Гүүрэн гарц нь үндсэн гүүр, 2 эгнээ зам, туслах замаас бүрдэх бөгөөд туслах замын трасст Олимпийн гудамж дахь 157 мод орсон байна.  Үүнээс 107  модыг 10 дугаар сараас эхлэн зөөж,  Бээжингийн гудамж, Хот тохижилтын газрын Мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгасан бөгөөд насжилт өндөртэй, үндэс нь гүн суусан, шилжүүлэн суулгах боломжгүй 50 модыг энэ сарын 16-17–ны өдөр тайрч авсан талаар  “Хот тохижилтын газар” ОНӨҮГ-ын орлогч дарга Н.Пүрэвжав мэдээлэл өгөв.

Ажлын хэсгийн өргөтгөсөн хурал боллоо

Хуралдаанаар Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр улс, нийслэлийн хэмжээнд хийгдсэн ажлуудын танилцуулга хийгдэв. Мөн нутгийн захиргааны байгууллагуудад тоон гарын үсгийг нэвтрүүлэх, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй нийслэлийн үйлчилгээний системийг уялдуулах, операторын үйлчилгээний системийг бий болгох зэрэг олон асуудлаар санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49867
0 эможи
keyboard_arrow_up