COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Газарт булсан 4.5 тэрбум буюу гараандаа гацсан дахин төлөвлөлт

2017 оны 11 сарын 14

 

Нийслэлээс гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулсан анхны төсөлт ажил нь 2013 онд эхэлсэн ч өнөөг болтол дуусаагүй, нэг ч айл төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй байгаа ажээ. Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг, Нэгдүгээр хорооллын арын дэнжид орших “Хилчин” хотхон юм. “Хархорин” захын арын дэнжийн “Хилчин” хотхон гэхээр хүмүүс андахгүй. Уг дэнжид хилийн цэргийн алба хаагчид, ахмадуудын хувийн орон сууцны хорооллыг 1999-2000 онд барьж ашиглалтад оруулжээ. Нийт 170 орчим айл өрх бүхий энэ хотхоныг дахин төлөвлөлтөд оруулан шинэчлэн зохион байгуулж төвлөрсөн шугам сүлжээ, дулаанд холбох төслийг Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга болсныхоо дараахан эхлүүлжээ. Нийслэлийн ИТХ-аас энэхүү “Хилчин” хотхоны 11 га газрыг шинэчлэн зохион байгуулж, амины орон сууц бүхий шинэ хороолол болгох шийдвэр гарсан байна. Үүнийг уг хотхоны 168 өрхийн 672 иргэн 100 хувийн саналаар дэмжжээ. Гэвч 4.5 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн ч өнөө болтол уг хотхоныхон нүүрсээ түлж, утаа үйлдвэрлэсэн хэвээр суугаа юм.

Газарт булсан 4.5 тэрбум буюу гараандаа гацсан дахин төлөвлөлт

Анхны зургаар бол "Хилчин" хотхоныг ингэж тохижуулахаар төлөвлөжээ.

Үүний учир нь уг төсөлт ажлыг гүйцэтгэсэн компанийн буруу юу, эсвэл захиалагч тал буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон яам, агентлагийн буруу гэдэгт одоо болтол хариулт алга. “Хилчин” хотхоны иргэд яам, тамгын газруудад хандаж улаа эргэтэл яваад тоймтой хариу сонсоогүй байна. Анх 2013 оны намар дахин төлөвлөлтийн ажил эхэлж, гүйцэтгэгчээр шалгарсан “Атмор” компани, тус компанийн охин компани “Монгол дайвин”-гийнхан өвлийн хүйтэн эхэлж газар хөлдөхөөс өмнө хам хумхан газар шорооны ажлаа амжуулжээ. Газар шорооны ажил гэдэг нь тус хотхоны дундуур 500 метр орчим хатуу хучилттай зам тавьж, уг замаас салаалан айлууд дундуур нарийн зам гаргах, халуун, хүйтэн ус болон бохирын магистрал шугамуудыг угсрах ажлууд байв. Уг ажлыг маш богино  хугацаанд хийсэн байна. Ингэхдээ айлуудын өмчилсөн газраас замын трасст оруулж хасах, зарим айлын хашааг зөвшөөрөлгүй буулган газар ухсан гэх мэт асуудлууд үүсч байжээ. Товчхондоо бол “Атмор”-ынхон оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр хяруутай намраар ажлаа эхлээд цасны түрүүчтэй уралдан дуусгасан юм байна. Дуусгана гэдэг нь бүрэн дүүрэн болсон гэсэн үг биш. Ирэх хавар төвлөрсөн магистрал шугамуудаасаа айл бүр рүү холболт хийгээд төвийн шугаманд холбоход л бүх юм сайхан болно гэж тухайн үед гүйцэтгэгч компанийнхан танилцуулж байжээ.   

Ийнхүү шугам сүлжээгээ газарт булж, хагас дутуу хатуу хучилттай зам тавьж, хотхоны нүүрэн талын хэдэн  айлын хашааг төмөр сараалжин хашаагаар сольсон атлаа “Атмор”-ынхон болон хотын захиргааныхан нийслэлд гэр хорооллыг дахин төлөвлөж, шинэчлэн зохион байгуулснаар орон сууцнаас дутахгүй тохилог аж төрөх боломж нээгдэж байна гэж хэвлэл мэдээллээр залхтал рекламдаж, зарим хэвлэлд бүр “Хилчин” хотхоныхон төвийн шугам, сүлжээнд холбогдон тав тухтай орчинд өвөлжиж байна гэж бичиж байсан гэнэ. Тэр ч бүү хэл Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа шинэ жилээр тус хотхонд ирж оршин суугчидтай баяр тэмдэглэн, дахин төлөвлөлтөө сурталчилж байж.

Газарт булсан 4.5 тэрбум буюу гараандаа гацсан дахин төлөвлөлт

Газарт булсан 4.5 тэрбум буюу гараандаа гацсан дахин төлөвлөлт

2013 оны намар, өвлийн заагаар хам хум эхэлсэн бүтээн байгуулалтын ажлын дараа яам, тамгын газрынхан ирж хотхоныхонтой шинэ жил тэмдэглэжээ.

Гэтэл 2014 оны хавар өнөөх бүтээн байгуулалт нь эхэлсэнгүй. Иргэд, оршин суугчид хэвлэл мэдээллийн хуудаснаа бичигдээд байгаа шиг үлгэрийн сайхан амьдралаа хэзээ эхлэхийг хүлээсээр байж. Тэр зун дорвитой бүтээн байгуулалт огт хийгдсэнгүй. 2015 он гараад ч сураггүй. “Атмор”-ынхон янз бүрийн шалтаг хэлсээр, аргацаасаар байж. Тухайлбал, анх төсөвлөсөн хөрөнгөөс 500 сая төгрөг дутуу байгаа, уг мөнгийг л өгчих юм бол энэхүү дахин төлөвлөлтийн ажлыг хийж дуусгана гэдэг байна. Гэхдээ яаж ч бодож тооцсон 500 сая төгрөг уг хотхоныг төвлөрсөн шугам сүлжээнд холбох, эсвэл анхны төлөвлөсний дагуу нүүрсийг шингэрүүлсэн хий болгох хийн уурын зуух барих  зэрэгт хүрэлцэхгүй нь тодорхой. Ийм шалтаг тайлбар сонссоор хотхоны иргэд цөхөрчээ. Удалгүй сонгуулийн жил ч гарах нь тэр. Энэ хугацаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат гээд албаны хүмүүс хэд хэдэн удаа ирж байдалтай танилцжээ. Гэвч шийдэл, шийдвэр л сураггүй байсаар өнөөдрийг хүрчээ.

Аргаа барсан иргэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандсан байна. Өргөдлийн байнгын хороо “Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбох асуудлаар ирүүлсэн иргэд, оршин суугчдын өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлгийг өнөөдөр 15.00 цагаас хийх гэж байна. Энэхүү хэлэлцүүлгээс ямар нэгэн нааштай шийдвэр гарна гэдэгт иргэд итгэж хүлээж байгаа юм. Шууд утгаараа газарт 4.5 тэрбум төгрөг булчихаад гараан дээрээ гацаанд орсон энэхүү бүтээн байгуулалт хэзээ “амь орж”, дөрвөн жилийн өмнө бялууртал рекламдсан шиг орон сууцнаас дутахгүй тохилог, сайхан орчин бүхий амины орон сууцны хороолол бий болох юм бол гэдэгт “Хилчин” хотхоны иргэд хариу хүлээсээр сууна.   

Газарт булсан 4.5 тэрбум буюу гараандаа гацсан дахин төлөвлөлт

       Энэ зам, хашаа болон газарт булсан шугам сүлжээ 4.5 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гэвч нэг ч айл шугам, сүлжээнд холбогдоогүй байгаа аж.

Газарт булсан 4.5 тэрбум буюу гараандаа гацсан дахин төлөвлөлт

НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат нар хотхоны байдалтай танилцсан ч тодорхой шийдвэрт хүрээгүй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49570
0 эможи
keyboard_arrow_up