COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 11 сарын 11

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Хотын дарга иргэдийнхээ санал санаачилгуудыг дэмжин ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдээ хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтад Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргийн иргэд хотын даргатайгаа санал бодлоо солилцож өөрсдийн хийж бүтээсэн бүтээл болон нийслэлчүүддээ хэрэг болох шинэлэг санаа санаачилгын талаар ярилцлаа.

“ЧинЖэн” группийн ерөнхийлөгчтэй шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих талаар ярилцав

1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод олон улсын чанартай спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг Хотын дарга уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр, “Улаанбаатар хотод 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд Азийн залуучуудын спортын их наадам болно. Үүнээс өмнө 35 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэх шаардалагтай байгаа юм” хэмээв.

“Ногоон технологитой хороо” төсөлд шалгарсан хороодын батламжийг гардууллаа

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас гэр хорооллын суурьшлын бүсэд агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр иргэдээс гарсан шинэ санал, санаачилгыг дэмжиж, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зорилгоор “Ногоон технологитой хороо” төсөлд шалгарсан хороодод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд батламжийг нь гардуулан өглөө.   

Улаанбаатар, Прага хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

Уулзалтын үеэр Элчин сайд ноён Ийржи Бродский Улаанбаатар хоттой нийтийн тээвэр, байгаль орчин, ухаалаг хот зэрэг чиглэлээр голлон хамтран ажиллах саналтай байгаагаа мэдэгдсэн юм. Хоёр улсын нийслэл хотууд болох Улаанбаатар, Прага хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, ялангуяа нийтийн тээврийн салбарт туршлага солилцох нь зүйтэйг онцлов. Мөн нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудын нэг болох автомашины зогсоолын тухайд Чех улсын компаниас дэвшүүлж буй шийдлийг уулзалтын үеэр хотын даргад танилцууллаа.

Нийслэлийн иргэд ундны усны найдвартай үүсвэрээр хангагдах боломж бүрдлээ

Азийн хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд   Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан арваннэгдүгээр сарын 9-ний өдөр боллоо. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэв. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлын талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа.

Замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч, явах маршрутаа сонгон саадгүй зорчих боломжтой боллоо

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын ачааллыг бууруулах зорилгоор жолооч нарт замын хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүднээс нэгэн шинэ технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр жолооч нар явах чиглэлийнхээ зай, туулах дундаж хугацааны тооцоолол, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд мэдэх боломжтой болсон байна. Хүсвэл жолооч та өөрийн явж өнгөрөх уулзварынхаа камерын дүрсийг ч харж болно. Харин эдгээр мэдээллийг авахын тулд www.UBtraffic.mn вэбсайтаар болон өөрсдийн гар утас, таблетад UBtraffic.mn аппликейшныг Play store, App store-оос үнэ төлбөргүй татан авч суулган ашиглах боломжтой юм. 

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн арваннэгдүгээр сарын 6-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлд хэрэгжүүлсэн Авто зам, замын бүтээн байгуулалтын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр  32, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар  3, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 1, Концесс-эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2, нийт 38 төсөл, зам барилгын ажлыг хэрэгжүүллээ.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам,  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, “Өгөөж,чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзвар,  Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын  уулзваруудыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг дуусган ашиглалтад орууллаа. Харин  Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч газар чөлөөлөтийн асуудлаас шалтгаалан он дамжин хэрэгжихээр болж байна.

Албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан “Албан татвар, төлбөр хураалтын хяналтын үзлэг шалгалтын удирдамж”-ийн дагуу нийслэлийн Татварын газраас Замын цагдаагийн албатай хамтран энэ сарын 20-ны өдрөөс эхлэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ.

Нийтийн тээврийн хэрэгслийн гадна зар сурталчилгаанд шалгалт хийж, зөрчлийг арилгуулав

Нийслэлийн Тээврийн газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9/10 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуй нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгслүүдэд шалгалт явууллаа.

Тус шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар энэ оны арарвдугаар сард явуулсан юм. Шалгалтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг дагаж мөрдөөгүй 45 зөрчил илэрсэн ба тухайн зөрчлийг газар дээр нь хуулуулж, арилгуулан ажиллалаа.

Энэ онд 1700 орчим тонн бодис, 3000 орчим тонн давс нөөцлөөд байна

Нийслэлийн Хот тохижилтын газар болон 9 дүүргийн ТҮК-ууд нийт 10.6 сая м.кв нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний цаснаар нийслэл, дүүргүүдийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн, цас цэвэрлэгээний 30 гаруй машин механизм уртасгасан цагаар ажиллалаа.

Нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэж байна

Нийслэлийн Хот  тохижилтын газар ОНӨААТҮГ  2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 05.00 цагаас эхлэн  хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай  арилгах арга хэмжээг авахаар нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.   

253 ажилтан албан хаагч хуваарьт газрын цасыг цэвэрлэлээ

Багахангай дүүрэгт өнгөрсөн өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас зам, талбай мөстөж, халтиргаа гулгаа үүсэх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс  аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, эрхлэгч нарт  байгууллагын орчин болон хуваарьт газрын  цасыг бүрэн цэвэрлэж мэдээллийн бүхий л хэрэгслээр сурталчилж  ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийг хэлэлцүүллээ

Нийслэлийн Иргэний танхимд “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн 300 гаруй төлөөлөл оролцов.   

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй худалдаа үйлчилгээний салбарын 69 хувь нь нийслэл хотод төвлөрч, бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт нь улсын хэмжээн дэх борлуулалттай харьцуулахад 90-95 хувийг эзэлдэг бөгөөд улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй томоохон салбар юм.

Сүхбаатар дүүргийн хог хаягдлын үйлчилгээ ухаалаг болно

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хог хаягдал үүсэх, хогийн савны өнгө үзэмж муудаж, багтаамж муутай байгаагаас хог хаягдал багтахгүй гадуур асгарах, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын тээвэрлэх хувиараас зөрж хог хаях зэрэг асуудлуудыг цэгцлэхээр эхний ээлжинд 25 байршлыг сонгон шинэчилж, 24 цагийн камертай диспетчерын хяналтанд байлгах юм.

Яармагийн шинэ гүүрийн дам нуруу угсрах ажил дууслаа

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ  гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төсөл нь Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох  Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2“ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг  сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой юм.

Залуу судлаач, эрдэмтдийг дэмжиж хамтран ажиллахаар болов

Нийт 14 илтгэл хэлэлцүүлснээс магистр Н.Батзоригийн “Моргейжийн зээлийн социал үр дагавар, зээлдэгчдэд үзүүлж буй нөлөө”, докторант Б.Дөлгөөний “Нийтийн тээврийн үйлчилгээний эдийн засагт гүйцэтгэх үүрэг, нөлөөлөх хүчин зүйл”, зэрэг илтгэлүүд сонирхол татахуйц, дэвшүүлсэн асуудлыг нарийвчлан судалж, хэрэгжүүлж болохоор давуу талтай байлаа.  Дашрамд хэлэхэд эхний хоёр байрт шалгарсан илтгэгчид БСШУСЯ-ны сайдын нэрэмжилт мөнгөн шагнал болох дөрвөн сая төгрөгөөр шагнуулж, судалгаа шинжилгээний ажилдаа зарцуулахаар болсон юм.

СӨХ-ны удирдлагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулан ажиллаж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн санаачилгаар 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/35 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээн дэх “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах ажлын хэсэг” байгуулагдан үзлэг, хяналт шалгалтын ажил хийгдээд байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт бүртгэлтэй орон сууц болон олон нийтийн барилгын 4688 ширхэг лифт байдагаас Ажлын хэсгийн үзлэг шалгалтаар нийслэлийн 8 дүүргийн нийт 2298 ширхэг буюу 50 хувьд нь үзлэг шалгалт хийгээд байгаа юм. 

Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллого явагдаж байна

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 сарын 01-нээс 11 сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж  байна.

Энэхүү татвар төлөгчийн тооллогын зорилго нь Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01, 02 дугаар албан даалгавар, Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, ”Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход оршино.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”-д болж байна

Үзэсгэлэн худалдаанд оёдлын чиглэлийн 64, ноос ноолуурын чиглэлийн 32, хүнсний чиглэлийн 31, арьс ширний 35, бэлэг дурсгал 3, гар урлал 15, гоо сайхны 6, эсгий урлалын 12, гутал үйлдвэрлэлийн 6, гоёл чимэглэлийн 8, үслэг эдлэлийн 2 нийтдээ 230 аж ахуйн нэгж, иргэд оролцож байна. Үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд энэ сарын 10, 11, 12-ны өдөр 11:00-20:00 цаг хүртэл явагдах юм байна.

“Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” төслийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалтыг  нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна.

О.Чинзориг: Mэдээллийн технологийг ашиглан иргэдэд нээлттэй хотыг бий болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй “Ухаалаг хот бий болгоно” гэсэн зорилт дэвшүүлсэн. Уг ажлын хүрээнд төрийн үйлчилгээг цахим системд нэвтрүүлэх байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулсан бөгөөд энэ талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.ЧИНЗОРИГТОЙ ярилцлаа.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанд 230 ААН оролцоно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Дэмбэрэлнямбуу, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Сургалтын албаны дарга Х.Оюунтуяа, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн мэргэжилтэн С.Золбаяр нар мэдээлэл хийлээ.

Томуу, томуу төст өвчний үед бэлэн байдлыг хангаж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа

Улирлын томуугийн эсрэг вакцинаар 1353 жирэмсэн эмэгтэй, 51 цэцэрлэгийн 18630 хүүхэд, цэцэрлэгийн 923 багш, өндөр настай 3503 хүн, алслагдсан дүүргийн архаг хууч өвчтэй, эмзэг бүлгийн хүүхэд зэрэг 439 хүнийг сайн дурын дархлаажуулалтанд хамруулсан байна.  

Сэргээгдэх эрчим хүчний шилдэг төсөл, бүтээгдэхүүний “Шинэ санаа-Шилдэг инноваци 2017” уралдаан зарлалаа

Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар “Шинэ санаа-Шилдэг инноваци 2017” сэргээгдэх эрчим хүчний шилдэг төсөл, бүтээгдэхүүний  уралдааныг зохион байгуулж байна.

Уралдааны зорилго нь нийслэл хотод тулгамдаж буй хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан шийдвэрлэх, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох,  сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжихэд оршино.

Нийслэлийн Иргэдийн спортын VI наадам өндөрлөлөө

Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмыг 2017 оны гуравдугаар сараас арваннэгдүгээр сарын 6-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Энэхүү наадам нь нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдсан. Нийслэлийн иргэдийн бие бялдарыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг онцлог шинжтэй үйл ажиллагаа боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49462
0 эможи
keyboard_arrow_up