COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 10 сарын 28

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Нийслэлийн 2017 оны “Шилдэг хороо”-гоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо шалгарав

Нийслэлийн “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон 9 дүүргийн 152 хорооны төлөөлөл оролцсон юм.

Хотын дарга С.Батболд “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо

БНСУ-ын Пусан хотод албан ёсны айлчлал хийж байгаа  нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд тус хотод зохион байгуулагдаж байгаа “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо.  

Пусан хотын цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа уг фестиваль нь  гадаад, дотоодын жуулчдыг татах, соёл урлагийн салбараа хөгжүүлэх, залуучууд зөв боловсрол олгоход чиглэгддэг гэдгийг  тус наадмыг зохион байгуулагчид хэлж байна.

Энэ жилийн ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ

Нийслэл хотын иргэн бүрт зам хаагуур байна түүгээр алхах эрх бий. Гэсэн ч энэ эрхийг хааж, явган хүний зам, гарц таглаж хашаа хатгаж, байшин барьсан захиргаагүй гэмээр хувь хүн, албан байгууллагатай хариуцлага тооцсон жишиг хийгээд үр дүн саяханыг хүртэл үгүй байлаа. Тэгвэл энэ эмх замбараагүй нөхцөл байдлыг засч, та бидний төлөө хотын удирдлагууд хатуу шийдвэр гаргаж, түүндээ эзэн болон ажиллаж, өнөөдөр нэлээдгүй үр дүнгээ өгсөөр байна.

Нийслэлийн  ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ Arslan.mn

’Пусан – 55” үзэсгэлэнд Монголын залуу зураачид оролцлоо

БНСУ-ын  Пусан хотын урлагийн 55 дахь наадам болж байна. Уг наадмын хүрээнд  БНСУ, Монгол Улсын  залуу зураачид  хамтарсан үзэсгэлэнгээ анх удаа  Пусан хотод гаргаж байна.  Үзэсгэлэнд  манай улсын 25 зураач,  солонгосын 33 зураач  дүрслэх  урлагийн бүтээлээ  толилуулж байгаа юм. Өнгөрсөн онд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шинэ давалгаа” үзэсгэлэнд  Солонгосын  төлөөлөл оролцож, уран зургийн  хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах санал тавьсан.   Пусан хотын   соёл урлагийн нэгдсэн холбооны дэмжлэгтэйгээр Монголын  урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн холбоо” хамтран анх удаа  энэ үзэсгэлэнг гаргажээ. 

Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна

БНСУ-ын  Пусан хотын даргын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж буй  Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр  Пусан хотын  дарга  Со Бёнсүтэй уулзаж,  хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хот руу шууд нислэг хийдэг “Air Busan” компанид хотын дарга С.Батболд зочиллоо

БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид “Air Busan” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотоос БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчдийг “Air  Busan”  компанийн ерөнхийлөгч Tae Keun Han, тэргүүн дэд ерөнхийлөгч Pan Ho Choi  болон бусад албаныхан хүлээн авав.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26586 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3078 нэгж буюу 13.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 119 үйлдэл бүртгэгдсэн нь 56 нэгж буюу 5.3 тус тус хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Төрийн албан хаагчийн сургалтын төвтэй боллоо

Энэхүү “Төрийн албан хаагчийн сургалтын төв”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн сантай хамтран байгуулсан юм. Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилчин, албан хаагчдад зориулсан богино хугацааны мэргэшүүлсэн сургалт зохион байгуулах аж.

Хотын дарга С.Батболд АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Женнифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа

Хоёр талын уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах тэр дундаа Улаанбаатар хотод хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудал болох агаар орчны бохирдол, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил дээр хоёр тал саналаа солилцсон бөгөөд АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс дэмжин ажиллахаа элчин сайд Женнифер Зимдал Галт энэ үеэр илэрхийллээ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнуудад шагнал гардууллаа

Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” 4, Нийслэлийн “Тэргүүний ажилтан” 7, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 11 хүн тус тус шагнуулав. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хлтын Захирагч С.Батболд “Энэ жил нийслэлийн 378 жилийн ойг бид бүхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Ойг тохиолдуулан нийслэлийнхээ бүтээн байгуулалтад гар бие оролцож, өөрийнхөө эрхэлсэн ажил, хөдөлмөртөө амжилт гаргасан хүмүүсийг нийслэлийн шагналаар шагнаж урамшуулж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Беларусь улсын Элчин сайд Ч.С.Владимарович, “МАЗ” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Уулзалтаар Беларусь улсын “МАЗ” компани Монгол улсад урт хугацааны зээлээр хийн түлшээр ажилладаг нийтийн тээврийн троллейбусаар парк шинэчлэлт хийх талаар санал солилцсон юм. Мөн хотын нийтийн ахуйн үйлчилгээнд хэрэглэгдэх бусад төрлийн тоног төхөөрөмж авто техникүүдийн талаар Нийслэл хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод танилцууллаа.

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда” гардуулах ёслол болно

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2017” ёслолын арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр Улаанбаатар зочид буудалд болно. Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд  их хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, өнгө нэмсэн компаниудыг 5 номинациар тодруулах юм.   

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2017”-ын эзнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч  П. Баярхүү ахалж байна.

Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр “БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨВ"-ийн үйл ажиллагаатай танилцлаа

БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сан, Нийслэлийн төр захиргаа, “Хөгжлийн Шийдэл” ТББ, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, “Голомт” банк болон “Голомт Секюритиз” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй гурван жилийн хугацаатай хэрэгжих туршилтын төсөл юм. 

Нийслэл өнгө нэмсээр байна

Нийслэлийн 378 жилийн ой аравдугаар сарын 29-нд болно. Ойн өдрийг угтсан арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хувь нэмрийг оруулж, идэвхтэй оролцож байна. Тухайлбал, “Жэй Си Дэко Монголиа” компанийн залуус нийслэлийн гудамж талбайд байрлах мэдээллийн самбар болон автобусны буудлууд дахь сурталчилгааны самбараар дамжуулан нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Уг ажлыг тэд өөрсдийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн юм байна. Нийслэлчүүддээ гэнэтийн бэлэг барьсан “Жэй Си Дэко Монголиа” компанийн залуус нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан зураг, төсвийн дагуу өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар сүүдрэвч, мэдээллийн байгууламж, сандал, хогийн сав бүхий 143 автобусны буудлыг олон улсын стандарт шаардлага хангасан түвшинд тохижуулж, ашиглалтад оруулж байсан билээ. 

Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км замыг бүрэн ашиглалтанд орууллаа

Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байна. Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй тус замын шинэчлэл, засварын ажил өнөөдөр дуусч 3.6 км урт, 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14 метр, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялгатай, 42 метр болон 38 метр урт хоёр том гүүр, гэрэлтүүлэгтэй иж бүрэн замыг бүрэн ашиглалтанд хүлээлгэн өглөө. Замын ажлыг “Тотал инж” ХХК гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.

Нийслэл хот шөнийн гэрэлтүүлгээр өнгө нэмлээ

Нийслэл хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг болох нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 4-6 метрийн өндөртэй шилмүүст модыг гэрэлтүүлэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Шөнийн Улаанбаатар хотод шинэ дүр төрх нэмсэн энэхүү гэрэлтүүлгүүд нь нийслэлчүүдийн эрүүл аюулгүй, таатай орчинг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

2017 оны “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХ ”-үүд шалгарлаа

Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжилдөг. 1995 оноос хойш 22 дахь жилдээ зохион байгуулж 143 өрхийг шалгаруулаад байна.

Нийтийн тээврийн Ч:61а, Ч:61б чиглэлийг өөрчилж байна

Ч:61а “Мишээл Экспо” -“Говь” үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол, Ч:61б “Мишээл Экспо”-“Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кино театр” чиглэлийг нэгтгэн Ч:61 “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо” болгон өөрчилж үйлчилгээг энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөсөн. 

Ч:61 “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо” чиглэл нь 10 тээврийн хэрэгслээр 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээ үзүүлэх болно.

Гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас хүйтний улирал эхэлж айл, өрхийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын  2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлж нэгдсэн арга хэмжээг нийслэлийн 9 дүүргийн гэр хорооллын хороодод зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Налайх дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн ажиллагааг нээлээ.

Энэхүү иж бүрэн сургуулийг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өмнө нь 2009, 2013 онуудад зохион байгуулж байсан байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2 өдөр үргэлжлэх бөгөөд нэгдсэн жагсаал, аранзны үзлэгээр эхэлсэн бол маргааш нүүлгэн шилжүүлэлт явуулах үзүүлэх сургууль, уул уурхайн нурангаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах үзүүлэх сургууль, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх үзүүлэх сургууль, ой хээрийн түймэр унтраах үзүүлэх сургууль, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх, хойшлуулашгүй сэргээн босгох үеийн үзүүлэх сургуулиуд зохион байгуулагдах юм.

Нийслэлийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид тангараг өргөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо. 

ХСҮТ-ийн гадна талбайн тохижилтын ажил дууслаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгүүдийн гадна зам талбайг тохижуулах ажлыг шат дараатайгаар хийж, эмнэлгийн гадна зам талбайд үүсдэг авто машины түгжрэлийг бууруулж, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд таатай орчин бүрдүүлж байна.

Багахангай дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Багахангай нь нийслэл хотын хэтийн бодлого төлөвлөлт, хүн амын төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтойн дээр дэд бүтцийн хөгжил сайтай, газар нутаг, зам харилцааны хувьд өргөн боломжтой дүүрэг билээ.

2017 онд нийслэлийн 9 дүүргийн өрсөлдөх чадварын судалгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Азийн сан, Нийслэлийн ЗДТГ-аас хамтран  хийсэн бөгөөд тэрхүү өрсөлдөх чадварын судалгаагаар Багахангай дүүргийн ард иргэд ирээдүйдээ итгэх итгэлтэй, өсөн дэвших өндөр хүсэл тэмүүлэлтэй байгаагаараа давуу гэж гарсан нь үүнийг баталж байгаа юм.

“УЛААНБААТАР ХОТЫН ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ”- хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 3.3.3 Дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө боловсруулах ажил хийгдэж байна. Цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө гүйцэтгэх ажилд шалгарсан “Нью урбанизм” ХХК 2017 есдүгээр сарын 19-нд нийслэлийн Байгаль орчны газартай гэрээ байгуулсан.  

“Хүүхэд хамгаалал-Хамтын ажиллагаа” нээлттэй хаалганы өдөрлөг

Өдөрлөгт хүүхэд хамгааллын асуудал эрхэлсэн төрийн анхан шатны үйлчилгээний байгууллага, гүйцэтгэх болон бодлогын түвшний тогтолцоонд ажиллаж байгаа төлөөллөөс оролцож, хүүхэд хамгааллын чиглэлээр өнөөгийн тулгамдаж буй асуудал, хараа хяналтгүй, эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд үзүүлэх нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ, салбар дундын ажлын уялдаа холбоо, зохицуулалтын талаар санал мэдээлэл солилцож, зохих зөв гарц шийдвэрүүдийг хэлэлцсэн үр дүнтэй ажил боллоо.

Ойрын зайн унадаг дугуйн аялал зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон “Merida Ulaanbaatar”  унадаг дугуйн клуб хамтран 2017 оны аравдугаар сарын 22-ны өдөр 42 км-ийн дугуйн аялал зохион байгууллаа.  Дугуйчид “Дүнжингарав” худалдааны төвөөс Баянзүрхийн товчоон дээр очиж, Богдхан уулын хойд энгэр дагасан шороон замаар Хөлийн голын хөндий өгсөж, Бумбатын амнаас “Скай Резорт” цанын бааз хүрч, цааш Маршалын гүүр хүртэл явж аяллаа өндөрлөв.

Оюутнууд хотын үйлдвэр соёлын газруудтай танилцана

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аяллыг аравдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус аялалд их дээд сургуулийн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 120 гаруй оюутан хамрагдана. Аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчнүүд болох тус оюутнууд нь гадаад улсуудаас хүрэлцэн ирэх жуулчидтай хамгийн түрүүнд уулзаж эх орныхоо түүх соёл, ард түмний зан заншлын талаар танилцуулдаг учир сонгон авсан байна.

“Хоггүй хороо-Хоггүй гудамж” уралдааны шилдгүүд тодров

Улаанбаатар хотын хог хаягдлын менжментийн хэрэгжилтийг сайжруулах, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг зарласан. Болзолт уралдааныг дүгнэх ажлын хэсэг 5 сарын турш дүүргийн хог тээвэрлэгч, зам талбайн цэвэрлэгээний мэргэжлийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, хийж хэрэгжүүлсэн ажил, ажлын чанар бүтээмжийг шалгуур үзүүлэлт бүрээр үнэлэн байр удирдамжийн дагуу эзлүүллээ.

Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр энэ сарын 29-нд тохионо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригийг Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд “ЗӨВЛӨЕ, ДЭМЖЬЕ, ХАМТРАЯ” уриатайгаар зохион байгуулагдана. Тус арга хэмжээ энэ сарын 29-ны өдөр “Имарт” Бүрэн барааны хайпермаркетын 3 дугаар хорооллын салбарт болно.

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” сургалтыг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эрдэнэ тав баг” ТББ-тай хамтран "Нийслэлийн иргэний зөв арван дадал" сургалтыг зохион байгуулсаар байгаа билээ. Тэгвэл энэ сарын 24, 27-ны өдрүүдэд Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 300 гаруй оюутан залуучуудын оролцоотойгоор тус сургалтыг зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48725
0 эможи
keyboard_arrow_up