COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 10 сарын 07

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Нийслэлийн 2018 оны үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөл ээлжит бус хуралдаанаа хийж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн болон НЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцож, 2017 оны үндсэн чиглэлийн гүйцэтгэл, 2018 онд салбар бүртээ тусгасан ажлуудыг хэлэлцсэн юм.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн аравдугаар сарын 6-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Хотын дарга багш нарт баяр хүргэж, үг хэллээ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай, иргэн болж төлөвшихөд чиглэсэн хичээл, сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйланг хичээллүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх олон талт сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.  Энэ их үйлсэд хүчин зүтгэж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, ажилтан, албан хаагч, багш нартаа ажлын өндөр амжилт хүсье. Эрхэм баян-эрдэм ном дэлгэртүгэй” хэмээсэн юм.

Хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

“Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллагууд, харьяа байгууллага, зам талбай, хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл нийлбэр дүнгээрээ 97 хувьтай байна. Хот тохижилтын хувьд гэвэл 93 хувьтай. Гол нь дүүргүүдэд зам талбайн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлсэн давс, тусгай зориулалтын бодисыг нөхөн авах ажил төсвийн тодотголтой уялдаад удаашралтай байгаа. Гэхдээ бид байгаа нөхцөл бололцоондоо тулгуурлан энэ жил халтиргаа гулгааны үеэр хүндрэл гаргахгүй ажиллах бүрэн боломжтой” хэмээн ярилаа.

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү тойргийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, урт насалж удаан  жаргахыг ерөөлөө. Тэрбээр хэлсэн үгэндээ “ Улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, түүхэн цаг үеийн үүрэг хариуцлагыг бие сэтгэлдээ үүрч ирсэн, ажил амьдралын арвин их туршлагатай ахмад буурлуудаараа  бид цаг ямагт бахархаж явдаг билээ. Ахмадуудынхаа үгийг сонсоно гэдэг ямарваа нэгэн алдаа гаргахаас урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Энэ ч утгаараа ахмадуудынхаа арвин туршлага, ур чадварыг үргэлжлүүлэн  олон ажил хийж бүтээхийн төлөө ажиллах болно.”хэмээлээ.

Мөн энэ үеэр ахмадууд бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа  удирдлагууддаа  талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын ажил  хөдөлмөрт нь улам их амжилтыг хүслээ.

Новосибирск хотын захирагчийг хүлээн авч уулзлаа

ОХУ-ын Новосибирск хотын захирагч А.Е.Локоть “Энэ удаагийн миний айлчлалын гол зорилго нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын Захирагч С.Батболдыг өөрийн хотдоо айлчлахыг урих явдал байлаа. Мөн “Орос-Монголын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалтад оролцохоор ирсэн. Хоёр хот нийгмийн чиглэлээс гадна эдийн засаг, шинжлэх ухаан, агаарын зэрэг салбарт  хамтран ажиллах бүрэн боломжтой. Түүнчлэн манай хотод ОХУ-д нэгдүгээрт ордог ШУА-ийг байгуулсан. Тиймээс Монголын оюутнуудыг энэхүү академид суралцвал их баяртай байх болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд намайг нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасанд маш их баяртай байна. Энэ шагналыг надад өгснөөр хоёр хотын хамтын ажиллагаанд тодорхой хэмжээний үүрэг хариуцлагыг ногдуулж байна гэж ойлголоо” гэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нэгдсэн эмнэлгүүдийн өргөтгөлийн ажил төлөвлөгөөний дагуу явж байна

Сонгинохайрхан дүүрэгт 300 мянга гаруй иргэн амьдардаг бөгөөд эмнэлгийн хүртээмж муу байдаг. Тиймээс хотын даргын 2020 он хүртэл хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан дүүргүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд энэхүү эмнэлгийг барьж байгаа юм. Нийт 4 давхар, 200 ортой, мэс засал, төрөх, дотор, мэдрэл, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн 7 төрлийн үйлчилгээ үзүүлэх тус эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн 150 мянган иргэнд үйлчлэх боломжтой юм. Эмнэлгийг Австрийн “Вамед инженеринг” компани хоёр жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Хотын дарга ОХУ-ын Элчин сайдтай уулзлаа

Уулзалтын үеэр айлчлалын үеэр зохион байгуулагдах үзэсгэлэн, арга хэмжээнүүдийн талаар болон хоёр хотын цаашдын харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцав. Түүнчлэн Владикавказ хотын Захирагч М.Хадарцевын хүсэлтийн дагуу БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөг Улаанбаатар хотноо босгох ажил эхэлсэн тухай мэдэгдсэн байна.

Орон сууцны мэдээллийн сантай боллоо

Нийслэлийн удирдах ажилтны аравдугаар сарын 6-ны шуурхай хуралдаанд “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан”-ийн тухай Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал А.Энхманлай танилцууллаа. Мэдээллийн сан байгуулснаар орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн бодит мэдээллийг бүрдүүлэхийн зэрэгцээ иргэдийн орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг ил тод, шударга зохион байгуулахад ашиглагдах юм байна. Мөн бага дунд орлоготой иргэд болон төрийн албан хаагчдын орон сууцтай холбоотой хүсэлтийг цахим орчинд түргэн шуурхай бүртгэлжүүлэн төсөл хөтөлбөрт хамруулах, орон сууц борлуулах, түрээслэх аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг нэгтгэж холбох юм. Иргэд энэхүү мэдээллийн санд хандаж тусгай хэрэглэгч болсноор орон сууцны бодит судалгаанд суурилсан эрэлт, нийлүүлэлтийн статистик мэдээ, түрээсийн орон сууцны нэгдсэн мэдээлэл, газар, дэд бүтцийн байршлын мэдээлэл зэрэг статистик мэдээлэл гаргагч эх үүсвэрүүдээс авах боломжит мэдээллүүдийг нэгдсэн байдлаар авах боломжтой аж.

Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд шуурхай мэс заслын тасагтай боллоо

Дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний нэр төрлийг сайжруулах замаар гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал бууруулах зорилт тавьсан. Энэ онд нийслэлийн гурван дүүрэгт Мэс заслын тасаг нээхээр төлөвлөснөөс өнөөдөр хоёр нь нээлтээ хийж байна. Бид Азийн хөгжлийн банктай хамтран Сонгинохайрхан дүүрэгт жишиг Нэгдсэн эмнэлэг барьж байгаа. Энэ төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг байгуулах болно” хэмээлээ.

Цахилгаан станцууд 14-20 хоногийн нүүрсний нөөцтэй байна

Дулааны II цахилгаан станцын дэд захирал Г.Болдсайхан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил нийтдээ 92 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар 14 мянган тонн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй” хэмээв.

Төсвийн ажилчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа

Аяны хүрээнд нийслэл, дүүргийн албан хаагчид ажлын нэг өдрийг сонгон ажилдаа ирэх буцахдаа нийтийн тээврээр үйлчлүүлэхийг Нийслэлийн тээврийн газраас уриалж байгаа юм. Тус газраас нийслэлийн нутгийн захиргааны 85 байгууллагаас судалгаа санал авсан байна. “Судалгаанд хамрагдсан 59 байгууллагын 5373 албан хаагчийн 3696 нь нийтийн тээврийн цахим карттай. Нийтийн тээврээр үйлчлүүлж ажилдаа ирдэг 2671 албан хаагч байгаа бол хувийн автомашинаар ажилдаа ирдэг 2443 албан хаагч байна” хэмээн Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар тодотгож байлаа. Судалгаанд хамрагдсан байгууллагууд 7 хоногийн нэг өдрийг сонгон нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой гэж уг аяныг дэмжихээ илэрхийлж байгаа аж.

Дуудлага худалдааны анхны үнэ хэт өндөр байгаагаас оролцох хүсэлт ирсэнгүй

Дуудлага худалдааны анхны үнийг ямар ч судалгаа, үндэслэлгүй хэт өндөр тогтоосон нь дуудлага худалдаанаас төсөвт төвлөрүүлэх ажил зогсонги байдалд орж,  иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй, ил тод байдлаар газар эзэмших, ашиглах эрх авч бизнесээ өргөжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэл учруулж байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийслэлийн Газрын албанаас нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар саналаа оруулаад дуудлага худалдааны анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч БХБЯ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр хариу ирээгүй, хүлээгдэж байна. Үүнээс болж нийслэлийн төсөв тасрах эрсдэлд үүсээд байна” хэмээсэн юм.

Автобуснуудад зогсоол зарлах автомат систем суурилуулжээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 800 мянган зоргчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэл хийлээ.

“Эко дүүрэг – Ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүллээ

Аливаа улсын нийслэлийн 90 хувь нь ногоон байгууламж байна гэсэн олон улсын стандарт байдаг юм байна. Гэтэл манай улсын нийслэл Улаанбаатар хотын ердөө тавхан хувь нь ногоон байгууламж байдаг гэсэн харамсалтай тоо бий. Тиймээс сүүлийн жилүүдэд нийслэл, дүүрэг, хороо шат шатандаа энэ асуудалд багагүй ач холбогдол өгч байгаа.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж,  нийслэлийн өнгийг тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм. Тус ажлынхаа хүрээнд өнгөрсөн амралтын өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Мод тарих аян” өрнүүлж “Эко дүүрэг – Ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

“UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөг болно

Улаанбаатар хотын 378 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөгийг аравдугаар сарын 7-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 32 төсөл хэрэгжүүллээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 2017 онд Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам,  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, Өгөөж, чихэр боов ХХК-ийн баруун урд уулзвар,  Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын  уулзварыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг хийж, гүйцэтгэлээ. Мөн нийслэлийн 9 дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн   13 төсөл, зам, замын байгууламжийн засвар арчлалтын  23 төсөл, гүүр хоолой туннел засварын  7 багц ажил, тэмдэг тэмдэглэгээний  3 багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц ажил, замын тэмдэг, хайс тоноглолын 4 багц ажил, нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийт 32 төсөл, арга хэмжээний явц өнөөдрийн байдлаар 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 1 гэхэд бүрэн дуусна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Барилгын материал үйлдвэрлэгчид байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллана

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо. Энэхүү санамж бичиг нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын хууль бус олборлолтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, Туул голын экосистемийг хамгаалах, хяналт тавих чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах чиглэлийг тогтоож байгаа юм. Хамтын ажиллагаагаар дамжуулан барилгын материал үйлдвэрлэгчид Улаанбаатар хотын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлөх, байгаль орчинд ээлгүй үйлдвэрлэлээс татгалзаж, олборлох салбарын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Чингэлтэйн гүүрийг засварлаж дууслаа

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 18у/м гүүрийг засварлах ажлыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлж, 09 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн засварлаж, дууслаа. Уг ажлын хүрээнд 28,42м2 дам нурууны эвдрэл засварлан, тємєрбетон гүүрийн алгаслыг єргєн 14 ширхэг резинэн тулах хэсгийг сольж, нийт 28м2 тємєрбетон гүүрийн хийц элементүүдийг ган хийцээр хүчитгэж засварласан байна.

Сургуулийн өмнөх насныханд зориулсан “БИ ӨӨРӨӨ” сэтгүүл хэвлэгдэн гарлаа

2017-2018 оны хичээлийн жилд бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд нэг бүрт таниулж, багаасаа зөв дадал зуршилтай ирээдүйн иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба, “Монголын сургуулийн өмнөх боловсрол хөгжлийн төв” ТББ хамтран бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон “Би өөрөө” сэтгүүлийг 2-4 нас, 4-6 нас гэсэн ангиллаар хэвлэн гаргаж байна.

Уг сэтгүүл нь бага насны хүүхдэд танин мэдэхүйн болон замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, тэдэнд зөв дадал хэвшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээ мэдээллийг хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эрүүл мэндийн төвийн 40 ортой эмнэлгийн барилгын шав тавилаа

2012 онд Багахангай дүүргийн 10 ортой Эрүүл мэндийн төвийн барилгыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учир  НИТХ-ын төлөөлөгч  болон Дүүргийн удирдлагууд холбогдох  байгууллагад  уламжилж ажилласны үр дүнд Нийслэл дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “40 ортой эмнэлэг  барих” 3 тэрбум 39 сая төгрөгийн ажил тусгагдсан бөгөөд 2017 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум төгрөгийн барилгын ажил эхлүүлээд байна.

Уг ажлын тендэрийг 2017 оны 07–р сарын 13-нд зарлаж гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК шалгарсанаар барилгын шав тавих ёслолын ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгуулагдлаа.

Байгальд орхисон шашны эд зүйлсээ авахыг мэдэгдье

Нийслэлийн Байгаль орчны газар, бурхны шашны Тарвалин хийд хамтран ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг 2017 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулах тул шаардлагатай эд, хэрэгслээ авахыг урьдчилан анхааруулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа" сэдэвт ээлжилт сургалтыг өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн Япон-Монголын хамтарсан сургалттай ерөнхий боловсролын Номтнаран сургуулийн ахлах ангийн 50 гаруй сурагчдыг хамруулан зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгасан. Тус зорилтынхоо хүрээнд  “Хоггүй Хороо”  хоёр сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс амжилттай зохион байгуулаад явж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47870
0 эможи
keyboard_arrow_up