COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 9 сарын 30

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

ИРЭХ ЖИЛИЙН ТЕНДЕРИЙГ ОНЫ ЭХЭНД ЗАРЛАНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ирэх онд хийгдэх ажлын тендерийг 2018 оны 1 дүгээр сард зарлан, зохион байгуулахаа мэдэгдлээ. Тэрбээр тухайн оны тендер 2, 3 дугаар сард зарлагдаж, хугацаа алддагаас ажил удааширч байгаа тул ийнхүү шийдвэрлэснээ хэллээ. Хотын даргын гаргасан уг шийдвэрийн дагуу тендер эрт зарлагдсанаар ирэх оны  бүтээн байгуулалт илүү эрчтэй, хурдацтай явагдах боломж бүрдэх юм. 2017 онд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нийт 343 тендер зарласан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИТХ ДАВАА ГАРАГТ ХУРАЛДАНА

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх даваа гарагт буюу 10 дугаар сарын 2-ны өдөр хуралдана. Тус хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ТАВАН ИРГЭН ДЭМЖЛЭГ АВЛАА

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас төлүүлэн, тохилог орон сууцаар хангагдах явдал юм. “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас анхны дэмжлэгийг 2017 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Одончимэг авч орон сууцандаа орж байсан бол дахин дөрвөн иргэн Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ хотын даргаас өнөөдөр гардан авлаа. 

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтад НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, ЕСБХБ-ны Нидерланд, Монгол, Македон, Армени болон Хятад улсыг төлөөлсөн захирал Франс Вийкерс, ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Ирина Кравченко болон бусад албаныхан байлцав. Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийн талаар онцлон ярилцсан юм.

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Хуралдаанаар Хотын гэрэлтүүлгийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлын тухай, “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний  хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Нийслэлийн шилдэг менежменттэй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмын талаар хэлэлцлээ.

БАГА НАРАНГААС НАРАНГИЙН ГОЛЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАНА

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний  эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд хүрээнд  Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх   авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны 23.00 цагаас 10 дугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн  хучилт хийнэ. 

“ХАНГАРДИ” ОРДОНЫ АВТО ЗОГСООЛЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойд зориулж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас Хангарди ордоны гаднах авто зогсоолын зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд автомашины ил зогсоолыг стандартын дагуу тохижуулж, 64 авто машины зогсоолтой байсныг нэмж 89 авто машины зогсоол болгосны дотор хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан хоёр зогсоол хийсэн байна. Мөн 71 авто зогсоолд дугуй цохигч, 20 у/м хашлага шинээр тавьж, явган хүний замыг рамптай буюу авто замын түвшинд чацуулж, налуу байдлаар хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн шинээр 78м2 явган хүний зам, 8у/м хурд сааруулагч тавьж, нийт 205м2 талбайд зогсоолын тэмдэглэгээний ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ИЛҮҮ ОЙРТЛОО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдэд учирдаг хүндрэл, чирэгдлийг арилгах захирамж гаргасан билээ. Тодруулбал, Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудад тус тус үүрэг болгосон юм.

 "УЛААНБААТАР ХОТЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ" СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны урьдчилсан тайланг танилцуулах семинарыг есөн сарын 22-нд зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар, нийслэлийн харьяа байгууллага, инженерийн шугам сүлжээний байгууллага, олон улсын болон банк санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл урилгаар оролцсон. Тус судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт гүйцэтгэж байгаа юм.

"СӨҮЛИЙН САЙН ДУРЫНХНЫ ТӨВ"-ИЙНХНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Уулзалтад Сөүлийн сайн дурынхны тавийн менежер Ким Ён Хый, Пёнтек их сургуулийн профессор Ким Бом Сү, “Let’s Ko&Mong” байгууллагын дэд тэргүүн Ч.Мядагмаа зэрэг  хүмүүс оролцов. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, төрийн албан хаагчдад зориулсан сайн дурын ажлын талаарх сургалт зохион байгуулсан танай байгууллагын хамт олонд болон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сургалтад НЗДТГ, ННХГ болон 9 дүүргийн нийгмийн халамж, сайн дурын чиглэлээр ажилладаг ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд их үр дүнтэй болсон гэж сонссон. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье” хэмээсэн юм. Тэд нийгмийн халамж, сайн дурын ажил хийх ач холбогдлын талаар болон Улаанбаатар хот энэ чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СХД-ИЙН 30-Р ХОРООНЫ БАРИЛГААС 31-Р ХОРООНЫ ЗАМ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН АЖИЛ 35 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны барилгаас 31 дүгээр хорооны зам хүртэлх авто замын барилгын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Зорчих хэсгийн өргөн нь 6м, хоёр талаараа 1 метрийн өргөн явган хүний зам, ус зайлуулах хоолой бүхий  1,035 км урттай  замын ажлыг  “Норов зам” ХХК гүйцэтгэж байгаа юм.  Замын ажлыг аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд дуусгах гэрээтэй ажиллаж байна. Тус зам нь цаашаа 31 дүгээр хорооноос Гэмтлийн эмнэлэг хүртэл баригдаж байгаа байгалийн чулуун замтай холбогдох юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 

АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР ХУРААХ АЖИЛ 89 ХУВЬТАЙ БАЙНА

Ерөнхий менежер Т.Гантөмөр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн Татварын газрын удирдлагуудад даалгалаа. Мөн байгууллагууд хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, 2018 оны татвар төлбөр хураалтын ажлын зохион байгуулалтыг сайжруулах, онлайн төлөлтийг туршиж нэвтрүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжоор хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар болгов гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

МОРИНГИЙН ДАВАА ОРЧМЫН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ЦУЦЛАГДЛАА

Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/316 дугаар захирамжаар 10 хорооны нутаг дэвсгэр Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлсэн байна. Харин Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан, нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн, мал амьтны гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, Онцгой комиссын гишүүдийг хорио цээрийн дэглэм тогтоосон бүсүүдэд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, удирдлагаар хангах шуурхай штабыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс байгуулан 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХНЫ ДУНД БОЛЗОЛТ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг зарлаж байна. Тус уралдаан 2017 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч үндсэн чиглэлийн 21 аж ахуйн нэгж байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгж байгууллага хамрагдана.

ГЭРЛИЙН ШОН ДЭЭР ХУУЛЬ БУС ЗАР НААСАН ИРГЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЛОО

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран автозам, замын байгууламжийн дагуух гэрлийн шон, түүний хамгаалалтын бүрээс дээр массаж болон бусад үйлчилгээний талаарх сурталчилгааны зарыг шөнийн цагаар байнга нааж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

1700 ГАРУЙ ИРГЭН ХАМРАГДААД БАЙСАН ШҮЛХИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ЦУЦАЛЛАА

Хорио цээрийн  бүсэд 851 өрхийн 1712 иргэн, 19 өрхийн 2170 толгой мал, 1 цэцэрлэг, 1 сургууль, 8 хүнсний дэлгүүр, 2 гүний худаг байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/316 дугаар захирамжаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭЗЭМШИЛ ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭХ АЯН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЭХЭЛЛЭЭ

Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн  найман хорооны 406 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байгаа юм. Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 28 өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хороодод ажиллаж, иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. 

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ЗӨРЧИЛ, САНАЛ ГОМДЛЫГ БУУРУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Хөдөлмөр зохион байгуулалт, сахилга дэг журам, дотоод хяналт, санхүүгийн үргүй зардлыг багасгаснаар   700 –гаад сая төгрөгийн алдагдлыг бууруулсан. Хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай бууруулснаар татварын өрийг 220 сая төгрөгөөр багасгаж, татвар нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болсон юм. Энэ оны эхний найман сарын дүнгээр НТГ-тай байгуулсан гэрээг 91 %-иас дээш хувиар биелүүлснээр бүрэн хангалттай үнэлгээ авч “Нийтийн тээврийн шилдэг байгууллага”-аар шалгарсан. Техник ашиглалтын саатлыг 65%-иар, үйлчлүүлэгчдийн санал гомдлыг 29%, зам тээврийн осол зөрчлийг 37%-иар буурууллаа.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47601
0 эможи
keyboard_arrow_up