COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 9 сарын 23

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

НИТХ-ын дарга Ц.Сандуй XI хуралдааныг нээж үг хэллээ

Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг болон дараагийн шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн энэ хуралдаанд 45 төлөөлөгчөөс 44 хүрэлцэн ирсэн байна.

Улаанбаатар хот шинэ өнгө төрхтэй боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар: Аз жаргалтай хот” брэндийг танилцуулж, батлууллаа. Тус брэндийн гол зорилго нь нийслэлээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаа, хэвлэмэл материал, бэлэг дурсгал зэрэг бүхий л зүйлсэд тогтмол хадгалагдах, Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрхийг  бий болгох явдал юм. Нийслэл хотынхоо нүүр царай болох аливаа бүтээлч ажиллагаанд гар бие оролцож буй хүн бүр энэхүү брэнд хөтчийг ашиглах боломжтой.

Захын хорооллууд төвлөрсөн ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД бүрэн холбогдож эхэллээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Баянголын аманд 75600 хүн ам, 18000 айлын орон сууц, 18500 хүүхдийн сургууль, 4550 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв бүхий соёлын төв, спорт цогцолборын барилга болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг барилга байгууламжуудыг төлөвлөсөн барихаар төлөвлөсөн юм.

Ерөнхий төлөвлөгөөгөөр 198 байршил дээд орон сууцны барилга байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 174 байршил дээр барилга байгууламж баригдаж байна. Баянголын амны орон сууцны хороолол болон бусад обьектын дулаан хангамжинд 222 гкал.цаг дулаан зарцуулахаар төлөвлөгдсөн ба нийт 7.7 км дулааны шугамын угсрагджээ.

Нийтийн тээврийн салбарт Варшав хоттой хамтран ажиллана

Хотын дарга С.Батболдын 2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, Европын стандартыг Улаанбаатар хотод нутагшуулах ажлын хүрээнд Европын хотуудын удирдлагуудтай бодитой яриа хэлцэл хийх явдал байсан юм. Хотын даргын айлчлал Польшийн нийслэл Варшав хотоос эхэлж, Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзан хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтээ илэрхийлсэн. Хотын даргын энэхүү хүсэлтийг Варшав хотын дарга уриалгахан хүлээн авч, бодит ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ амлаж байв.

НИТХ-ын даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын нэрийг дэвшүүллээ

НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын дараагийн даргад нэр дэвшигчийг танилцуулав. НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсанаар МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүллээ. Харин заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлэв. 

НИТХ-ын даргад нэр дэвшигчид саналын тоогоор тэнцлээ

Санал хураалтад 44 төлөөлөгч оролцсоноос Д.Баярсайханд 17, С.Амарсайханд 17 төлөөлөгч саналаа өгсөн байна. Харин санал өгсөн төлөөлөгчдөөс 10 нь цагаан хуудас өгсөн аж. Хоёр нэр дэвшигчийн хувьд ийнхүү авсан саналын тоогоороо тэнцэж, хэн хэн нь олонхийн буюу 50+1 хувийн санал авч чадсангүй.

Аялал жуулчлалын замын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна

Аялал жуулчлалын зориулалттай  нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор бүхий  2,05 км  авто замыг барихаар төлөвлөсөн. 1975 онд барьснаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт  байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж, хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймэр гарах, түймэр унтраах машин техник орж гарах орц, гарцгүй болсон зэрэг зайлшгүй шалтгаануудын улмаас зориулалтын зам барих шийдвэрийг гаргасан юм. 

Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын газар чөлөөлөлт 100 хувь хийгдлээ

Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8га талбай өртсөн ба үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнийг 100 хувь чөлөөлж дууслаа.

Германы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар боллоо

Хотын дарга энэхүү айлчлалын үеэрээ Улаанбаатар хотын төлөвлөлт, дэд бүтэц болон бусад салбарын үйл ажиллагаанд Европын стандартыг нэвтрүүлэхэд туслахыг Берлин хотын удирдлагуудаас хүсч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцсон юм. Уг хүсэлтийг Берлин хотын албаны хүмүүс дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан бөгөөд Берлин хотын захирагч, ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоодугаар сард Улаанбаатар хотод айлчилж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан болно.

Иргэн Б.Оросоо замын хөдөлгөөний удирдлагын төвд зочиллоо

СХД-ийн 14 дүгээр хорооны иргэн Б.Оросоо ЗХУТ-ийн урилгаар тус байгууллагын үйл ажиллагаа, хөдөлгөөний нөхцөл байдлын талаар үзэж танилцлаа. Тэрээр Нийслэл хотынхоо хөгжил, цэвэр цэмцгэр байдал,  нийтийн тээврийн үйлчилгээ соёл, замын түгжрэл, төрийн албан хаагчдын харьцааны соёл зэрэгт чин сэтгэлээсээ санаа зовон суудаг, залуустаа хэлэх үг, саналаа хэлдэг нийгмийн идэвхи сайтай, санаачлагатай иргэдийн нэг төлөөлөл юм.

Эзэмшил газраа өмчлөх аян Баянзүрх дүүрэгт сарын хугацаанд явагдана

Есдүгээр сарын 4-ий өдөр эхэлсэн аян Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хороонд явагдаж энэ долоо хоногт дуусна. Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 350 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн аваад байна. Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд ирэх долоо хоногт буюу 2017 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 28-ы өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хороодод ажиллаж, иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд  2017 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 8.30 минутаас эхлэн – 2017 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 9.30 минут хүртэл  нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1000 орчим хүүхэд суралцаж байна

Нийслэлд байгууллагын дэргэдэх цэцэрлэгүүд өнгөрсөн хичээлийн жилээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2017-2018 оны хичээлийн жилд нийт 8 байгууллага дэргэдээ 710 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай төрийн өмчийн цэцэрлэгийн  28  салбар бүлгийг нээн ажиллуулж, өнөөдрийн байдлаар  987  хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. 2016-2017 оны хичээлийн жилд Гадаад харилцааны яам, МУБИС-ийн харьяа СӨБС, Тагнуулын Ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль дэргэдээ цэцэрлэг ажиллуулсан бол энэ жил Гэрлэх ёслолын ордон, Хан-Уул дүүргийн ЗДТГ, ТЭЦ-3 болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэмж дэргэдээ цэцэрлэгтэй болсноор 8 цэцэрлэгийн хүрээнд нийт 102  ажлын байр нэмэгджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47351
1 эможи
keyboard_arrow_up