COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 9 сарын 16

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг хэлэлцэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр уламжлал ёсоор Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж, хэлэлцэв. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын мэдээлснээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 4286 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 517 нэгж буюу 13.7 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2064 үйлдэл бүртгэгдсэн нь 219 нэгж буюу 11.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийг дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 721 гэмт хэрэг бүртгэгджээ.

НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 22-нд болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 9 дүгээр сарын 14-ий өдөр НЗДТГ-ын А зааланд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан зарлах тухай хэлэлцсэн юм. Тэргүүлэгчдийн санал хураалтаар НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 22-нд хийхээр боллоо.

Хотын дарга Баянзүрх дүүргийн ИТХ-д хариу хүргүүллээ

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН-ын болон АН-ын бүлэг тус тусдаа хуралдан өөр, өөрийн намаас нэр дэвшигчдийг Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлээд байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өөрийн орлогч Д.Энхтөрийг бие төлөөлөгчөөрөө томилон, төрийн ажлыг ямар нэг гацаа, чирэгдэлгүй явуулах үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 01/3049 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хариу хүргүүлсэн байна. 

Хотын дарга 73 дугаар сургуулийн нээлтэд оролцлоо

Нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслол  9 дүгээр сарын 15-ны өдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Ундраа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцов. 73 дугаар сургууль нь 60 жилийн насжилттай 470 хүүхдийн суудалтай байсан бол шинэ байр нь 960 хүүхдийн суудалтай болж томорсон байна.

Нийтийн тээврийнхний өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаныхан нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, үүрэг даалгавар өгөв.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 9 дүгээр сарын 11-ий өдөр боллоо. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэж ажлын явцыг танилцууллаа. Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байна. 

Хориглосон бүсээс 3000 орчим толгой малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлжээ

Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг 9 дүгээр сарын 13-ны өдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” ажлын явцын талаар хэлэлцлээ.

Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар ажлын хэсэг нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрийн 600 гаруй малчидтай уулзсан байна. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нийслэлийн албан хаагчдын саналыг авч эхэллээ

Нийслэлийн ЗДТГ-ын  Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “УИХ-ын 2017 оны 39 тоот тогтоолын дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүх албан хаагчдын дунд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Монгол Улсын нийт иргэдээс авсан саналыг Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгах юм байна.

ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, нээлтээ хийлээ

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны үүс оролцов. Тухайн уулзвар нь 3 эгнээ байсныг бүх талд нь 5 эгнээ болгон өргөтгөж, байнга баруун эргэх боломжтой болгон шинэчлэсэн байна. Өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар Зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гэрээт хугацаандаа хийж гүйцэтгэлээ.

Халаасанд багтах нийтийн тээврийн хөтөч бий боллоо

Их хотын завгүй амьдралд нийтийн тээврийн тухай мэдээллийг хялбархан авч хэрэглэхэд танд туслах “UB Smart Bus” аппликэйшны дараагийн хувилбарыг “Улаанбаатар смарт карт” компаниас гаргаад байна. Та тус аппликэйшнээс нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг,  U money карт цэнэглэх борлуулах цэгүүдийн байршлын мэдээллийг авах боломжтой. Энэхүү аппликэйшн нь Android болон IOS систем дээр ашиглах боломжтой учир бүх смарт утсанд суулгаж болно. "UB Smart Bus" аппликэйшныг гар утасныхаа AppStore-оос татан авч нийтийн тээврээр зорчихдоо ашиглаарай.

932 иргэнийг ажлын байранд зуучиллаа

Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс “Халамжаас-Хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт ажил олгогч байгууллагууд, дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон ажил идэвхтэй хайж буй иргэд оролцов.  

2017 оны эхний 8 сарын байдлаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг хүссэн 207 төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 190, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн 38 төгсөгчийн төсөл, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөрт 23, жижиг зээлд 39, нийтийг хамарсан ажилд 270 иргэн хамрагдаж өөрөө өөртөө ажлын байр бий болгон төсөл хэрэгжүүлж, түр ажлын байраар хангагдсан байна. 

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглолыг угааж өнгө үзэмжийг сайжрууллаа

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглол буюу хогийн сав, сандал, авто замын хязгаарлах зурвасын хайш хашлагуудын арчлалт, цэвэрлэгээг хариуцан ажиллаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглолыг нойтон угаалга, цэвэрлэгээг  14 хоног тутамд хийж байна.  

2017 оны есдүгээр сарын 12-нд  “Бөмбөгөр” худалдааны төв, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамжинд байрлах хогийн сав, автобусны буудлуудын сандал болон Нарны гүүрний шат, Нарны гүүр /Барс захын ар/, Геологийн лаборатороос 21-р хороолол хүртэлх замын хязгаарлах зурвасын хайш хайшлагуудыг угааж, өнгө үзэмжийг сайжруулав.

“Хүүхдийн автобус”–нд үзлэг, шалгалт хийж, холбогдох үүрэг чиглэл өгөв

Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалтыг 2017 оны наймдугаар сарын 28-30-нд явууллаа.

2016-2017 оны хичээлийн жилд 52 сургууль, 4 цэцэрлэгийн нийт 107 хүүхдийн автобус бүртгэлтэй байгаагаас шалгалтад нийслэлийн 8 дүүргийн 44 сургууль,1 цэцэрлэг, 1 сургалтын төвийн нийт 82 автобус хамрагдсан байна.

“ICT-ЕХРО-2017” үзэсгэлэн болж байна

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 15-17-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “ICT-Expo-2017” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

11 дэх удаагаа зохиож буй уг үзэсгэлэн энэ жил  “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор болж байгаа бөгөөд өдөрлөгт нийслэлийн Мэдээллийн технологийн газраас оролцож буй юм. 

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсээс “Цэцэн хуульч” хууль зүйн нөхөрлөлтэй хамтран энэ сарын 16-нд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 15-нд буюу баасан гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын байранд 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов.

Нийслэлчүүд авто худалдааны төвүүдийг хотоос нүүлгэхийг дэмжиж байна

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын 2020 хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагааны хүрээнд Авто худалдааны нэгдсэн төвийн байгуулах ажил бөгөөд энэ үйл ажиллагаа ч хэрэгжиж эхлээд байгаа.

Меркадо агентлаг авто худалдааны төвүүд, захуудыг хотоос нүүлгэж нэгдсэн төвд төвлөрүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн 7 дүүрэгт судалгаа хийсэн байна. 

Нийслэлийн иргэд спорт явган аялалаар өрсөлдлөө

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А333 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмыг спортын 8 төрлөөр, хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар 2017 оны дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сарын 10-ны хооронд зохион байгууллаа.

Энэхүү наадам нь ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт хүргэх” уриатайгаар Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, Нийслэлийн иргэдийг хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, нийтийн биеийн тамирын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Ногоон бүсэд зөгийн аж ахуй эрхлэхийг уриалж байна

Манай орны хувьд 1959 оноос балт зөгийг үржүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 10100 гаруй бүл зөгийгөөс жилд дунджаар 150-200 тонн бал авч байна.

Зөгийн аж ахуй эрхлэх нь өрхийн амьжиргааг дээшлүүлэх бодит боломжийг олгодгоос гадна зөгий нь цэцэгт ургамалд тоос хүртээх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэгтэй оролцдог юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47102
0 эможи
keyboard_arrow_up