7 хоногийн тойм 24°C 1810.44₮
09 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гар утсаа ч авдаггүй “Грандлайн”-ы газрын дээрэм хэр удаан үргэлжлэх вэ

админ
2017 оны 8 сарын 15

Иргэдийн эзэмшлийн газрыг орон сууцаар солино. Энэ нь гэр хорооллын иргэдийн хувьд хамгийн чихэнд наалдацтай сонсогддог үг. Яагаад гэвэл ид өвлийн хүйтэнд гэр хороололд амьдарна гэдэг амаргүй даваа. Замын түгжрэлийг даваад   гэрийн бараа харахад хүйтэн  гэр, усгүй бидон угтах нь гэр хорооллынхны нэгэн дүр төрх. Дээрээс нь хүүхдүүд  гэр дулаацтал  бээвийж зогсох. Гадуур хувцсаа ч тайлж амжилгүй галтай “ноцолдох” гэр хорооллынхны зовлонг тоочоод байвал их. Энэ бүхнийг нимгэлэх нэг арга бол иргэдийг орон сууцтай болгох асуудал юм. Тиймээс иргэдийг тохь тухтай орон сууцаар хангах үүднээс тэдний эзэмшлийн газрыг  орон сууцаар солих явдал байв.  Иргэдэд ийм хэрэгцээ одоо ч  чухал байр суурьтай  гэдгийг тэд илэрхийлсээр буй.  Харамсалтай нь, хүсэхэд хясахын зовлонтой тохиолджээ. Тодруулбал, 2013 онд  Баянзүрх дүүргийн XII хорооны хэсэг иргэд эзэмшлийн хашааныхаа газрыг “Грандлайн” ХХК-ийнханд чөлөөлж өгөөд одоо болтол орон сууцанд орсон ч юмгүй, гудамжид хоног төөрүүлж явна.  Эхний хоёр жилийн хугацаанд тус компанийнхан  түрээсийн мөнгө гэж өгч байсан  бол  одоо гар утсаа ч авахгүй, компанийнхны байрнаас газраа чөлөөлж өгсөн иргэдийг хөөсөн  явдал ч гаргажээ. Удахгүй өвөл хаяанд ирнэ. Энэ тохиолдолд газраа чөлөөлсөн иргэд хаана амьдрах вэ. 

“Грандлайн” компанийнхан ямар учраас иргэдийг орон сууцанд оруулахгүй дөрвөн жилийг үдэв. Энэ  компани  хэнийх болоод иргэдийн эрх ашгийг хохироов. Гурван талт гэрээний үүрэг хүлээсэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар ямар хариуцлага хүлээх вэ гэх зэрэг олон асуулт гарч байна.  Энэ талаар сурвалжлахаар Гэр хорооллын дэд бүтцийн газрыг зорьсон юм. Тус газарт дээрх хохирсон иргэд ч иржээ.  Тэд болсон үйл явцын талаар ийнхүү ярилаа. 

Баянзүрх дүүргийн XII хорооны иргэн Ц.Бямба­баатар: -Миний хувьд 2013 оны есдүгээр сард гэрээний үүргийн дагуу “Гранд­­лайн” компанид газраа чө­лөөлж өгсөн.  Анх газар чөлөөлж өгөхөд “Та бүхэн удахгүй байрандаа орно” гэсэн учраас бид хашаанаасаа нэг ширхэг хадаас ч аваагүй гарч ирсэн.  Тэр үед нэг цаас өгсөн нь одоо ч бий. Нөгөө  сайхан яриад байсан байр ч үгүй, юу ч үгүй үлдчихээд байна. Эхлээд түрээсийн мөнгө гэж өгч байгаад сүүлийн хоёр жилийн хугацаанд  түрээсийн мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй. Бид энэ хугацаанд айл айлд толгой хоргодон амьдарч байна.  Одоо хаана амьдрахаа мэдэхгүй явна. Бидний газрыг авсан “Грандлайн”-ынхан хоёр жилийн өмнө барилгын суурь тавиад орхисон. Тэр нь анх ямар байсан яг тэр чигээрээ одоо байж байгаа. Бид өнөөдөр хаана хандахаа мэдэхээ болиод байна.

 

    

Баянзүрх дүүргийн XII хорооны иргэн Ж.Төвхөн: -Энэ төслийг 2013 оны хоёрдугаар сараас эхлээд Улаан­­баатар хотын агаарын бохирдлыг багасгах зорилгоор хэрэгжүүлсэн.  Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэг. Баянзүрх дүүрэгт  дөрвөн компани энэ тендерт  оролцсоноос “Грандлайн” компанийг сонгосон. Учир нь,   тендерт оролц­сон компаниудаас  зураг төслийн хувьд иргэдэд таа­лагдсан.  Нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгчид  Туркийн хө­рөнгө оруулалттай, япон архитектор ажиллана гэж хэлсэн.  Энэхүү төслийн хамгийн анх үзүүлсэн хувилбар   дээд тал нь 32 давхар, орчин үеийн хотхон болно гэсэн. Энэ хотхонд оруулахын тулд иргэд эхлээд сугалаа сугалсан. Тэр сугалаанаас зарим иргэд телевизор, угаалгын машин хожсон.  Ингээд “Есдүгээр сард эхний 15 айл газраа чөлөөлж өг”  гэсэн шаардлагыг тус компаниас тавьсан.  Эхний ээлжид 15 айл газраа чөлөөлж өгсөн юм. Газраа чөлөөлж өгсөн  ихэнх  айл хоёр давхар хаустай, газрын хувьд эрүүл тэгш, ногоо тарьдаг, амьдрах орчин сайтай  байсныг энд зориуд дурдмаар байна.  Ингээд гурван талт гэрээ, хоёр талт гэрээ хийсэн.  Гэрээний утга нь  түрээсийн төлбөрийн гэрээ, байранд орох гэрээ  байсан. Тэгээд эхний 15 айлтай гэрээ байгуулаад бусадтай нь гэрээ байгуулаагүй.  Яагаад гэвэл  тус компанийнхан их  ажил­тай гэсэн шалт­гаан хэлээд аман гэрээ хийгээд яваад байсан.   Тодруулж хэлбэл, 2013 оны есдүгээр сараас  2015 оны есдүгээр  сар хүртэл “Грандлайн” компани иргэдийн түрээсийн мөнгийг өгсөн. Түүнээс хойш одоо ямар ч түрээсийн мөнгө өгөөгүй, байранд ч ороогүй байна.  Үүнээс гадна бид   “Грандлайн” компанитай анх гэрээ байгуулсан юм. Гэтэл нэг мэдэхэд “Бэрэн” группийн охин компанитай биднийг гэрээ байгуул гэсэн. Энэ тухайгаа “Грандлайн” компанийн гүйцэтгэх захирал Мөнхцэцэг, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Баярмаа нар хурал хийж хэлсэн.  Энэ учрыг бид одоо хүртэл сайн ойлгоогүй яваа.  

Баянзүрх дүүргийн XII хорооны иргэн н.Батдорж: -Бид цаашдаа яах вэ. Нийслэ­лийн­хэнд харамсч байгаагаа хэл­мээр байна. НЗДТГ  гурван талт гэрээний хариуцагчаар оролцсон. Нийслэлийн мөнгө гэж байхгүй, хотын иргэдийн татвар төлөгчдийн мөнгө л гэж бий.   Хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл өнөөдөр хаана явна.  Одоо Хотын дарга хийхгүй байгаа ч Э.Бат-Үүл нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч хүн.  НЗДТГ-т хуулийн хэлтэс гэж байдаг.  Нийслэл хөрөнгө нэхэмжлэх эрхгүй ч шүүхэд хандаж нэхэмжлэл үүсгэх эрх нь бий. Яагаад энэ бүхнийг шийдэж өгөхгүй  байгаа юм бэ.  Ардчилсан нам гарч ирээд иргэдийг хохироосон.  МАН гарч ирсэн бол тэдний эхлүүлсэн ажлыг дуусгах хэрэгтэй шүү дээ. Хоёр намын дунд иргэд хохирч болохгүй. Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хууль эрх зүйн зөвлөгөө авах, өмгөөллийн зардал гаргах,  шүүхийн тэмдэгтийн хураамжийг НЗДТГ-аас гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Одоо энд хохирогч болоод явж байгаа иргэдийн олонх нь ахмад настан тэтгэврийн иргэд байна.  Иргэд МАН-д итгэж сонгосон. Тиймээс энэ бүхнийг шийдэж өгөхийг хүсч байна. 

Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Ч.Батбилэг:
-НЗДТГ-ынхан чимээгүй суугаад байгаа зүйл байхгүй.  Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Грандлайн” компанийн захи­рал Э.Бат-Үүл даргын хүү  Б.Чулуудайтай албан ёсоор холбогдож асуудлыг тодруулсан.  Бидэнтэй уулзаад энэ асуудлыг цэгцэлнэ, иргэдийг орон сууцтай болгоно гээд албан бичиг хийж өгсөн.  Иргэд та бүхэнтэй ч уулзсан.  Гэтэл сүүлийн үед тус компанийнхан гар утсаа ч авахгүй, албан бичгийн хариу ч өгөхгүй байгаа. Тиймээс бид энэ бүхнийг хуулийн байгууллагаар шалгуулахаар холбогдох албаныханд хандаад байгаа.  

Баянзүрх дүүргийн XII хорооны иргэн н.Цэндсүрэн: -Би энд нэг зүйлийг хэлмээр байна. Намайг газраа чөлөөлж өгч байх үед “Монгол” телевизийнхэн надаас ярилцлага авахад би хэлж байсан. Хотынхоо хөгжил цэцэглэлтэд нэмэр болох юм бол газраа чөлөөлж өгөхөд бэлэн байгаа. Гэхдээ хуучин хадгаламж зээлийн хоршоод шиг иргэдээ хуурахгүй юм байгаа биз гэж асуусан. Гэтэл  тийм зүйл байхгүй ээ, энд нэг компани биш хотын захиргаа хамт оролцож байгаа болохоор та итгэх хэрэгтэй гэсэн. Би итгэсээр дөрвөн жил боллоо.  Газрыг маань чөлөөлүүлсэн компаниас түрээсийн мөнгөө авах гээд очихоор биднийг үүднээсээ хөөж гаргадаг болсон. “Грандлайн” компанид хуулийн зөвлөхөөр ажилладаг Сүх-Очир манай хүүг зодохыг оролдсон. Ингэж иргэдээ доромжилж болох уу.  Манайх хашаандаа үйл ажиллагаа эрхэлдэг байсан болохоор нэг сардаа гурван сая төгрөгийн орлоготой байсан. Гэтэл өнөөдөр төр, хувийн компанийн дунд золиос болоод явж байна.  Түрээсийн мөнгөө нэхэхээр төрөөс мөнгө орж ирээгүй байна гээд компанийн гүйцэтгэх захирал Мөнхцэцэг нь уурладаг. Албан ёсны шаардлага тавьсан бичиг баримт өгөхөөр ширээнийхээ өнцөг рүү шидэж орхидог.  Иргэдийг та нар ингэж хохироож болохгүй гэхээр Мөнхцэцэг захирал, “Одоогийн Хотын дарга манай Э.Бат-Үүл даргыг “хорлож” та бүхний мөнгийг өгүүлэхгүй байгаа юм” гэдэг. Энэ эмэгтэйн ар талд ямар улстөрчид нуугдаад байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод гаргаад өгөөч. Энгийн иргэдийн эрх ашгийг өнөөдөр хэн дуртай нь зөрчиж болдог юм уу. Хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсч байна. 

Гэр хорооллын дэд бүт­цийн газрын орлогч дарга Ч.Батбилэг: -НЗДТГ, Барил­га хот байгуулалтын яам хамт­раад гэр хорооллын дахин тө­лөвлөлтийн бүх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байна. Одоогийн байдлаар дэд бүтэц дээр дутуу байсан бүх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн. “Гранд­лайн” компанийн  хувьд 11 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Үүнээс есөн тэрбум төгрөгийг аваад ажлаа эхлүүлсэн. Гэхдээ энэ нь ямар нэгэн тендерт ороогүй, давуу эрхээр авсан дэд бүтцийн ажил юм. Барилгын компаниуд 100 сая төгрөгийн тендер авах гэж их ажил болдог. Энэ хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлт  ажлын явцад аудитын шалгалт оруулсан. “Грандлайн” компани амласан амлалтаасаа буцах аргагүй. Төрийн захиргааны байгууллага, иргэд итгэл үнэмшлээрээ ажлаа эхлүүлэх шаардлагатай гэж хэлсэн.   Барилгын үйл ажиллагааг албан ёсоор ямар нэгэн компанид шилжүүлсэн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл,  “Бэрэн” групп хариуцлага хүлээхгүй, хууль ёсны хариуцагч нь “Грандлайн” компани юм.

Төр, иргэн хоёр ийнхүү  хамтарч хуулийн байгууллагад хандахаар болоод байгаа нь энэ аж. Эдгээр иргэн дараах шаардлагыг “Грандлайн” ХХК-ийнханд тавьж байна.  Нэгдүгээрт, иргэдийн чөлөөлсөн  газрыг  өнөөдрийг  хүртэл ашиглаагүй учраас буцааж эздэд нь өгөх, хэрвээ орон сууцанд оруулна гэвэл том  хэмжээтэй орон сууц өгөх, иргэдийн орлогыг та­ван жил хаасан учраас нөхөн төлбөрийг төрөөс гаргуулах  зэрэг саналуудыг хэлж байсан юм.  Хэрвээ дээрх нөхцөлийг биелүүлэхгүй бол “Грандлайн” компанийг цагдаагийн бай­гууллагад өгч шалгуулах хэ­рэгтэй гэж үзэж байлаа.  Харин Гэр хорооллын дэд бүтцийн газрын  удирдлагуудын зүгээс тайлбарлахдаа, “Бид  энэ асууд­лыг  олон удаа ярилцаж, уулзалт зохион байгуулсан. “Грандлайн” компанийнханд шаард­лага хүр­гүүлсэн. Ямар ч байсан иргэдийг хохиролгүй болгохоор ажиллаж байгаа.  Энд  яригдаад байгаа 14 иргэ­ний асуудал биш, цаашлаад Баян­зүрх дүүргийн  XII хорооны иргэдийн эрх ашгийг давхар хамгаалж ажиллана. “Грандлайн” компанийн  гэрээг албан ёсоор цуцалж,  иргэдээ хохиролгүй болгохын тулд шүүх цагдаагийн байгууллагад хан­дана” гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45991
0 эможи
keyboard_arrow_up