COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга: Сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга

админ
2020 оны 4 сарын 06

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулганы нээлт яг одоо болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлтийн үеэр үг хэлж байна.

Тэрбээр “Энэ удаагийн хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэлтэй цаг үед нээгдэж байна. Титэмт вирусийн халдвар нэг саяыг давжээ. Нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс миний бие саяхан гаргасан уриалгаа дахин сэргээн, тайлбарлаж ойлгуулах нөхцөл үүслээ.

Цар тахал Монголыг тойрохгүй, дайрах нь тодорхой болж байгаа тул төрөөс хямралыг давах цогц арга хэмжээг яаралтай батлах санал гаргасан.

Сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл шийдвэр бөгөөд нэг хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлэх нь хэмээн таамаглаж байгаа хүмүүсийг хуулиа уншихыг зөвлөж байна. Ийм нөхцөлд эрх мэдэл УИХ-д очно гэдэг нь тодорхой заасан.

УИХ-ын сонгуулийг ард нийтийнхээ эрүүл мэндээс дээгүүрт тавьж чухалчлан үзэх нь үндэсний эрх ашгаас урвасан хэрэг. УИХ-ын сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна.

Иргэд төр, хувийн хэвшлийн алинд ажиллаж байгаагаас үл хамааруулан цалин, орлогыг нь Төр хамгаалах, тогтвортой байлгах бүхий л бололцоог эрэлхийлэх хэрэгтэй

Одоогоор зарлаад байгаа зээл хойшлуулах, ажлын байранд татаас өгөх шийдвэрүүд амьдрал дээр үл ойлголцол үүсгэж, бухимдлыг өдөөж байгааг анхааралдаа авна биз ээ. Иргэд төр, хувийн хэвшлийн алинд ажиллаж байгаагаас үл хамааруулан цалин, орлогыг нь Төр хамгаалах, тогтвортой байлгах бүхий л бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна. Боломж байгаа, боломжийг бий болгох ч ёстой. Энэ бол УИХ-ын хэнтэй ч хуваалцах ёсгүй үүрэг юм.

Дөрөв. Нийт иргэдийн амьжиргааны түвшин, ялангуяа хүүхдийн орчин нөхцөлийг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах. Дэлхийн улс орнууд эм болон хүнсний нэн чухал нөөцүүдээ хамгаалах үүднээс экспортоо зогсоох, хумих байдалд шилжиж байгаа нь эмийн болон эмнэлгийн хэрэгслийн импортоос ихээхэн хамааралтай манай улсын хувьд хүндрэл учрах төлөв үүслээ. Улаан буудай болон нэн шаардлагатай эмийн хангамжийн нөөц бүрдүүлэх шийдэл, шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас гаргаасай хэмээн уриалж байна. Бүхний түрүүнд, бүхний төвд монгол хүнийг тавьж, улс төрийн хийрхэл, сөргөлдөөнөө хойш тавьж ажиллахыг дахин уриалж байна.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал гэх бүтцээс титэмт вирусний хямралыг даван туулахад нь зориулж хөгжиж байгаа орнуудад 2.5 их наяд долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох, хугацаа тулгамдсан зээлээ дарахад нь туслах санаачилгыг гаргасан байна. Үүнээс Монгол Улс авах хэрэгтэй, мөн шаардлагатай байна. 

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг бүтцийг нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргаж, нөөц, чадавхыг оновчтой зарцуулах, үргүй зардал, давхцлыг арилгах, онцгой нөхцөлийг далимдуулан шамшигдуулах байдлыг таслан зогсоохын тулд нэгдмэл удирдлага бүхий бүтэц байгуулахаас өөр зам харагдахгүй байна. 

Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг оновчлох, төвлөрүүлэх нь түүхийн урт хугацаанд шалгарсан арга болохоос дарангуйлал тогтоох хэрэгсэл огтхон ч биш юм. Гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухайд эдгээр санал, шаардлагуудыг дэвшүүлж байна.

Хямралыг эрсдэл багатайгаар даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, нийт нэгэн хүчийг нийлүүлэн, гүн бат ойлголцолтойгоор хамтран ажиллах явдал мөн. Эрсдэлт нөхцөлд хардлага сэрдлэгийг гол болгон, эсэргүүцэл тэмцлээр түрий барих, улс төрийн ашиг хонжоог урьтал болгох гэж оролдвол үүнээс үүдэн гарах хохирол, эрсдэл нь хэмжээлшгүй хүнд тусах болно.

УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн 4 дүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрбээр “эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан...”  гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ.

Улсын Их Хурлын гишүүн, сайд асан Б. Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье.

Улсын Их Хурлын гишүүд ээ,

Монголчууд аа, ард иргэд ээ,

Хүнд бэрх цаг үе дэлхий дахиныг, Та биднийг нөмрөн ирлээ. Бид аюул, хямралыг тойроод гарч чадахгүй. Хамтдаа даван туулах, сөрөн шийдэхээс өөр гарц үгүй. Бид чадна аа.

Монголчууд бид бүхий л түүхийнхээ туршид эв санааны нэгдэл, хамтын зүтгэлээр хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн билээ.

Нэг ч монгол хүн аюулт тахалд амиа алдах ёсгүй, үүний төлөө үндэстнээрээ нэгдэн нягтрах, эв санааны хүчээр даван туулах цаг бидний өмнө тулгаран ирлээ. Эрүүл саруул байхад бусад бүх зүйл бүтэх, дэвших хөгжихийн үндэс бидэнд бий.

Энэхүү цар тахалтай нүүр тулан өдөр, шөнөгүй ажиллаж байгаа Улсын онцгой комисс, бусад албад, мөн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын ард түмэн эрүүл энх, элэг бүтэн, аз жаргал дүүрэн амьдрах болтугай!" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
2
angry an post
2
615693
57 эможи
keyboard_arrow_up