COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв 2019 онд ашиглалтад орно

2018 оны 4 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэ төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд 20 мянган метр квадрат газарт 14,990 мянган метр квадрат барилга, байгууламж барьж байгаа юм. Төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний өвчтөн хүлээн авах хүчин чадалтай, хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасаг, нөхөн сэргээлтийн сургалтын төв зэргээс бүрдэх юм байна.

Төслийг гүйцэтгэгч БНХАУ-ын “Зун Юань Интернэшнл Инженеринг” компанийн мэдээлснээр тэд төслийг гүйцэтгэх явцдаа Монгол Улсын технологийн түвшинг дээшлүүлэх тал дээр анхаарч, орон нутгаас их хэмжээний бараа материал болон бүтээгдэхүүн худалдан авч байгаа гэсэн юм.

Мөн төслийн хугацаанд 120 монгол ажилтан тогтмол ажиллаж байгаа бол ачаалал ихтэй үедээ энэ тоог 260 гаруй монгол ажилтан болгон нэмэгдүүлж ажилласан, цаашдаа ачаалал ихтэй үед мөн энэ бодлогоо баримталж ажиллах юм байна.

Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Манай дүүргийн нутаг дэвсгэр дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан энэхүү ордон баригдаж байна. Өмнөх УИХ-ын үед бид энэ барилгын суурийг тавих болоод дэд бүтцэд холбох зэрэг Монголын талаас хариуцаж буй ажлуудыг хугацаанд нь хийлгэж чадсан.

Барилга ашиглалтад орсноор Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энд ирж эмчлүүлэх, сувилуулах, амрах зэрэг олон үйлчилгээг цогцоор нь авах боломжтой болно.

Дүүргийн удирдлагуудын зүгээс барилгын ажлыг саадгүй явуулах боломжоор нь хангаж байгаа учраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв цаг хугацаандаа ашиглалтад орох байх гэдэгт итгэлтэй байгаа. Мөн бид цаашид энэ төв рүү орох орц, гарц буюу замын ажилд анхаарах шаардлагатай байгаа” гэсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны өгсөн мэдээллээр Монгол Улсад 14 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас тэдний найман мянга орчим нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төржээ. Харин энэ төв ашиглалтад орсноор төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нарийн үзлэг, шинжилгээ хийдэг болох юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчлүүлэх зардал буурах бодит боломжтой болох юм байна.

Барилгын ажил гүйцэтгэгчид долоодугаар сарын 31-нээс өмнө барилгын дээврийн ажлыг дуусгаж, аравдугаар сарын эхээр гол байгууламжийн ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга барилгын ажлын явцтай танилцсаны дараа “Орон нутгийн болон нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон хүүхдүүдийн асуудал яригдаж, иргэд энэ асуудалд багагүй шүүмжлэлтэй ханддаг байсан учраас энэ төвийн үйл ажиллагааг ирж үзлээ.

Барилгын ажил 2016 онд эхэлсэн юм байна. Барилга ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны төв болох юм байна. Бидний зүгээс энэ төвд ажиллах боловсон хүчнийг сайжруулах, нэмж бэлтгэх шаардлагатай юм байна.

Мөн энэ төвийн эргэн тойрон дахь ногоон байгууламж болоод засмал замыг сайжруулах шаардлагатай харагдлаа. Цаашдаа манай улс иймэрхүү асуудлаа өөрсдөө шийдчихэж байвал зүгээр байна” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусч, 2019 оны нэгдүгээр улиралд багтан ашиглалтад орох юм байна.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55888
0 эможи
keyboard_arrow_up