ТАНИЛЦ: Х.БАТТУЛГА, СҮ.БАТБОЛД ХОЁРЫН ОФФШОРЫН 16 БАРИМТ ТАНИЛЦ: Х.БАТТУЛГА, СҮ.БАТБОЛД ХОЁРЫН ОФФШОРЫН 16 БАРИМТ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Х.БАТТУЛГА, СҮ.БАТБОЛД ХОЁРЫН ОФФШОРЫН 16 БАРИМТ

2021 оны 3 сарын 29

Arslan.mn

“Тэднийг дуудчих зүрхтэй аавын хүү Монголын хууль хяналтын байгууллагад одоогоор алга уу”

Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт. Ардчилсан Монгол Улсад хүн бүр тэгш эрхтэй шүү гэсэн агуулга юм. Харин сүүлийн жилүүдэд Монголын хууль хяналтынхан нэр нөлөө, албан тушаал, хөрөнгө бэл үл харгалзан, авлига албан тушаалын хэргүүдийг зоригтойгоор барьж авч шийддэг болсон. Олон нийт ч үүнд таатай хандаж байна.

Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд хоёртой холбоотой оффшорын хэргийг зүрхлээд шалгачих аавын хүү Монголын хууль, хяналтын байгууллагаас одоогоор тодроогүй байна. Юуны учир, яагаад вэ?!

Х.Баттулга, Сү.Батболд хоёрт ижил төстэй олон зүйл бий. Тэд Монголын толгой баячууд, бизнесмэнүүд. Монголын төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж явсан, хашиж байгаа. 2016, 2017 оноос хоёулангийнх нь оффшор хөрөнгө, дансны сүлжээ ил болсон байдаг. Хамгийн гол нь нөгөө талд нь хууль хяналтын нүд чихнээс холуур өнгөрөмгүй баримт материалууд нэгэнт ил болсон. Манай хуулийнхан аанай л таг чиг... 

Товчлоод, тус бүр НАЙМАН баримтыг энд НЭХЭН САНУУЛЪЯ.

Халтмаагийн БАТТУЛГЫН оффшорын НАЙМАН БАРИМТ:

НЭГ: Х.Баттулгын оффшор бүст байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компани. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй тэрхүү “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Сингапурын иргэн Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар ил болжээ. Өнөөдрийг хүртэл тус компанийн захирлаар Баттулгын Намуун, Деннис Лим нар ажиллаж байгаа юм. Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх энэ оффшор бүсэд бүртгэлтэй компанийн гарын үсэг зурдаг захирлаар 2007 оны 7-р сарын 31-нийг хүртэл ажиллажээ.

Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байж байгаад охиндоо шилжүүлсэн. Албан ёсны энэхүү мэдээллээр “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг нэг сая долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан байна.

ХОЁР: ТӨГРӨГ НУУРЫН ОРДЫГ 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands компанид зарсан. Энэ үйл явдлын мэдээ нь одоо ч гэсэн Хонгконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст ил байж байна. Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК-ийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75.000 га газар нутгийг хамардаг.

“Камекс” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх буюу “Ард Батсүх” 10 хувийг эзэмшиж байсан. Х.Баттулга өөрийн нэр байсан 90 хувийг 2007 оны 3-р сарын 21-ний өдөр өөрийн охин Б.Намуунд шилжүүлж, тун удалгүй 2007 оны 4-дүгээр сарын 4-нд төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэнд шилжүүлсэн байдаг.

ГУРАВ:  “Камекс” ХХК-ийн дээр толгой компани болгож “Камекс Пи-Ти-И” нэртэй Сингапурт бүртгэлтэй оффшор компанийг үүсгэсэн байдаг.

Тэрний дээр нь 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Вел Делайт Well Delight BVI, бас түүний дээр нь Бэст Стэйт Best State BVI, Сино аксес Sino Access BVI гэсэн нэртэй Британийн Виржинийн арлын оффшор бүсэд бүртгүүлсэн гурван ч компани үүсгэсэн байдаг. Таван шат дамжсаны эцэст нь оффшор бүсэд байгаа хоёр толгой компанийн хувьцаа эзмшигч нь Х.Баттулга, Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, нөгөө л Ядамсүрэнгийн Батсүх, Билли Лим Сим Пау-гийн охин Хуй Шим Лим Селестина нар байв. Үүнийг өнөөдөр ч Хонгконгийн хөрөнгийн биржийн баримт бичиг дээрээс олж үзэх боломжтой. Гэхдээ анх компанийг үүсгэн байгуулж 90 хувийг эзэмшиж байсан Х.Баттулгын нэр нь алга болсон байдаг. 90 хувиа Х.Баттулга зүгээр л энэ хүмүүст тараагаад өгөөгүй нь ойлгомжтой. Дараа нь Брейв лайон Brave Lion BVI гэсэн нэртэй бас нэг оффшор компанид толгой хоёр оффшор компаниа зарсан байдаг.

ДӨРӨВ: Х.Баттулга өөрөө УИХ-ын гишүүний хувьд бас л албан ажлаар аялахдаа ашиглах ёстой дипломат паспортыг ашиглан Сингапурт аж ахуйн нэгжтэй холбоотой бүртгэл хийлгэж байсан нь ч ил боллоо.

Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа 2007 оныг хүртэл захирлыг нь хийж байсан, саяхныг хүртэл охиноороо дамжин хувьцааг нь эзэмшиж байсан “Женко Холдингс Пи-Ти-И” гэх оффшор компани нь түүний дипломат паспортаар бүртгэгджээ.

Х.Баттулга нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа өөрийн албан хэрэгцээний дипломат Д0001046 дугаар бүхий паспорт дээрээ үүнээс гадна хэд хэдэн компани байгуулжээ. Түүний дипломат паспортоор “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И” компани бүртгэлтэй байсан бөгөөд УИХ-ын гишүүн байхдаа тус компанийн хувьцаа эзэмшигч байжээ.

ТАВ: УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг хашиж байхдаа “Финсланд Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байжээ.

ЗУРГАА:  УИХ-ын гишүүн байхдаа буюу 2007 оны зургадугаар сарын 13-ныг хүртэл Сингапурын оффшорт үүсгэн байгуулсан “Атом Индастриз Энтерпрайз Пи-Ти-И” компанийн захирлаар ажиллажээ. Энэ түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдэж байгаагүй.

Х.Баттулга 2011 он гэхэд “Биз-Интегрэйшн Пи-Ти-И” гэх компанийн хувьцаа эзэмшигчээр байсаар л байжээ. “Ассет Профешионал Сервисес Пи-Ти-И” гэсэн компанийг мөн л өөрийн нэр дээр үүсгэн байгуулж байсан байна.

ДОЛОО: “Түмэн Хишигтэн” ХХК-ийн 51 хувийг түүний туслах асан Ш.Эрдэнэтуяа, 20 хувийг түүний охин Б.Намуун, Б.Номин нар, 9 хувийг мөн өөрийн туслах, Бен Моёлын эхнэр ИБУИНВУ-ын иргэн Отгонжаргал Моёл нарт эзэмшүүлсэн байсан. Энэ компанийг олон нийтэд таниулахдаа түүх дурсгалын ажил эрхэлнэ гэж ард түмнээс хөрөнгө мөнгө цуглуулж байсан. Татварын тайландаа 160 сая төгрөгийн орлого, 800 сая төгрөгийн зарлагатай алдагдалтай ажилласан гэх “Түмэн Хишигтэн” ХХК 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын Ниагара гудамжны 822 тоотод байрлах 2000 метр квадрат талбай бүхий 86,200 ам.долларын зах зээлийн үнэлгээтэй агуулахын барилгыг 350 мянган ам.доллар буюу 1.0 тэрбум гаруй төгрөгөөр “Ниагара 822” компаниар дамжуулан “MATC Инкорпорэйтэд” компаниас худалдан авчээ. Үүнийг тухайн өдөртөө яг тэр үнэлгээгээр нь гурав дамжуулан худалдаж, дахин “Түмэн Хишигтэн” ХХК-д худалдсан байдаг.

Уг газрыг 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Түмэн Хишигтэн” ХХК нь мөн 350 мянган ам.доллараар “Niagara 822” компанид эгүүлэн худалдсан байдаг. Зөвхөн энэхүү 250 орчим сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө дээр нийт 4 тэрбум гаруй төгрөгийн гүйлгээг бэлэн мөнгөөр олон дахин давтах байдлаар хийж, мөн тийм хэмжээний хөрөнгийг Монгол Улсаас гаргасан байдаг. Мөн Ниагара хотын Ниагара гудамжны 818 тоотод байх оффисын зориулалттай 63,200 ам.доллар зах зээлийн үнэлгээтэй байрыг Жон Бартоломей гэгч нь 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр “Ниагара 818” компанид 350 мянган ам.доллараар худалдаж, дахин “MATC Инкорпорэйтэд” компаниар дамжуулан хэд хэдэн удаа худалдан борлуулсаны дараа “Түмэн Хишигтэн” ХХК-д 350 мянган ам.доллараар бэлэн мөнгөөр худалдсан.

Ийнхүү 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хэд хэдэн удаагийн үйлдлээр 2.8 сая ам.долларын гүйлгээ АНУ-д хийгджээ.

НАЙМ: Х.Баттулга өөрийн төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэгээр дамжуулан АНУ-ын Виржиния мужийн Вашингтон хотын 42574 Стратфорд Ландинг Ди ар, Брамблетон, ВиЭй 20148-7650 хаягт байрлах 756,780 ам.доллар буюу 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий байрны мэдээг нийтэд мэдээлэл зардаг truthfinder.com сайт дээр ил нийтлэгдсэн байна. Голын эрэг рүү харсан цонх, өөрийн эзэмшлийн талбайтай, 3 давхар, тансаг зэрэглэлийн амины орон сууцыг тэд худалдан авсан байгаа юм. Одоо ч энэ өмч нь тэдний нэр дээр бүртгэлтэй байна.

Arslan.mn

Сүхбаатарын БАТБОЛДЫН оффшорын НАЙМАН БАРИМТ:

НЭГ: Сү.Батболд Британийн Виржинийн аралд “Premier Edge Limited” (Premier Edge) оффшор компанийг ганцаараа 2005 оны 8-р сарын 5-нд байгуулсан байдаг. Энэ компанийг 2006 оны 4-р сарын 25 хүртэл Сү.Батболд ганцаараа эзэмшиж байжээ.Энэхүү оффшор компани 2006 оны 2-р сард “Knightsbridge Apartment” хэмээх ихээхэн үнэ цэнэтэй харш худалдан авчээ. Сү.Батболд нь оффшор компаниа нуух зорилгоор 2006 оны 3-р сард “Quantum Lake Trast” итгэлцлийн компанийг байгуулах үедээ өөрийн дипломат паспортын хуулбарыг баталгааны хамт өгч байсан баримт нь ил болжээ.

 ХОЁР: 2006 оны 4-р сард Сү.Батболд дээр дурдсан “Premier Edge” компанийнхаа хувьцааг Британийн Виржинийн арлуудад байдаг “Regula Limited” (Regula) компанид нэр заан шилжүүлжээ. Дараа нь 2015 оны 6-р сарын16-нд “Premier Edge” компанийн хувьцааг эзэмших эрх “Regula” компаниас Сү.Батболдын хүү Баттүшигт шилжжээ.

ГУРАВ: 2015 оны 10-р сарын 6-нд “Premier Edge” компани нэмж хувьцаа гаргасан бөгөөд түүнийг С.Баттүшиг, түүний дүү Б. Саманд нар хамтран эзэмшигч болжээ.

2016 оны 9-р сарын 8-нд Сү.Батболдын хүүхдүүд “Premier Edge” компанийнхаа хувьцааг Чёон Чү Ён-д буюу түүний “Lorsch” хэмээх өөр нэг оффшор компанид худалджээ. 2017оны 11-р сард “Knightsbridge Apartment” харшаа нэр үл мэдэгдэх компанид 1,85 сая стерлингийн фунт буюу 2,5 сая доллараар заржээ.

ДӨРӨВ: “Winrock Invest Limited” нэртэй компани Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд 2006 оны 7-р сарын 4-нд бүртгүүлжээ. Сү.Батболд 2006 оны 9-р сарын 6-аас 11-р сарын 1-ний хооронд энэ оффшор компанийн 100 хувь эзэмшигч бөгөөд захирал нь байжээ.

ТАВ: Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд “Grandcastle Assets Ink” компанийг 2006оны 9-р сарын 8-нд байгуулжээ. Энэ компанийг дангаар эзэмшигч бөгөөд захирлаар С.Баттүшиг томилогджээ.

ЗУРГАА: 2010 оны 11-р сард Чёон Чү Ён “Genetrade” компани оффшор байгуулжээ. Ингээд Чёон Чү Ён “Genetrade” болон “Grandcastle” компанийн хувьцааг дангаар эзэмшигч болжээ. 2009 оны 7-р сарын 26-нд Виржинийн арлуудад “Elmbridge Assets Limited” компани бүртгүүлэв. Сү.Батболд энэ компанийн цорын ганц эцсийн өмчлөгч байсныг шүүх саяхан нотолжээ.

ДОЛОО: Сү.Батболд, Чёон Чү Ён нарын хариуцагчтай олон улсын шүүхийн маргаанууд Их Британи, Хонгконг, Сингапур, Жерси арал, Их Британийн Виржинийн арлууд, Нью-Йоркод явагдаж байна.

Тодруулбал, Их Британийн Шударга ёсны дээд шүүх дэх Англи, Уэльсийн хатан хааны шүүх танхимын шийдвэр 2020 оны 11-р сарын 18-нд гарсан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Сү.Батболд, Cheong Choo Young-той холбоотой, компани дээр нь бүртгэлтэй 59.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах зэргийг хязгаарласан байна.

Хонгконгод С.Батболд, Чёон Чү Ён нарын хамаарал бүхий есөн оффшор компанитай холбоотой шүүхийн шийдвэр 2020 оны 11-р сарын 23-нд гарчээ. Шүүхийн шийдвэрийн дагуу 234 сая хонгконг доллартай (85.5 тэрбум төгрөг) тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг аливаа хэлбэрээр захиран зарцуулах, эрхлэн удирдах, эсвэл үнэлгээг бууруулахыг хязгаарлажээ. Дээрх оффшор компаниудын эзэмшиж байгаа 2 үл хөдлөх хөрөнгө шүүхийн хэлэлцүүлгийн үед дурдагдсан бөгөөд тус улсын төвд байрлах, тансаг зэрэглэлийн орон сууцнууд аж.

Сингапур улсын дээд шүүх 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний аливаа хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулахыг хориглосон байна.

Жерси аралд Cheong Choo Young, Kim Hak Seon нарын хамаарал бүхий 2 оффшор компанитай холбоотой шийдвэр гарчээ. Эдгээр компаниуд нь Тайландын Пукет аралд 5 үл хөдлөх эзэмшдэг аж ахуйн нэгж юм байна. 2 байр нь тус бүр 2 сая ам.долларын үнэтэй бол 3 байр нь тус бүр нь 1.8 сая ам.долларын үнэтэй юм байна. Жерсийн арлын шүүхээс эдгээр үл хөдлөхийг захиран зарцуулах зэрэг бүх хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Британийн Виржинийн арлуудын Дээд шүүхээс мөн л С.Батболд, Чёон Чү Ён нартай холбоотой шүүхийн шийдвэр гарчээ. Эдгээр компаниудын үл хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгийг эрхлэн удирдах, бусдад шилжүүлэхийг хязгаарласан байна. Нью-Йоркийн шүүхээс одоогоор аливаа нэг үл хөдлөх, эсвэл мөнгөн хөрөнгийг хязгаарлах шийдвэр гараагүй байна.

НАЙМ:  Гадаадын улсуудын шүүхүүд дэх хэрэг маргаанд С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нартай холбоотой доорхи үл хөдлөх хөрөнгүүд байна.

  1. Хонконгд 7.6 сая $ буюу 21 тэрбумын үнэтэй Дуплекс загварын байр
  2. Хонконгд 5.1 сая $ буюу 14,2 тэрбумын үнэтэй Дуплекс загварын байр
  3. ОХУ-д Арбатын гудамжинд 2.1 сая $ буюу 5.8 тэрбумын үнэтэй байр
  4. Тайландад 5 сая $ буюу 14 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө тус бүр 2 ширхэг
  5. Тайландад 1.8 сая $ буюу 5 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө тус бүр 3 ширхэГ
  6. Лондонд 13 сая $ буюу 36.4 тэрбумын үнэтэй орон сууц
  7. Лондонд 2.4 сая $ буюу 6,7 тэрбумын үнэтэй орон сууц /2018 онд бүртгэл өөрчлөгдсөн/
  8. АНУ-ын Манхаттенд 9.9 сая $ буюу 27.7 тэрбумын үнэтэй орон сууц
  9. АНУ-ын Манхаттенд 3.2 сая $ буюу 8.9 тэрбумын үнэтэй орон сууц
  10. АНУ-ын Бостонд 1.5 сая $ буюу 4.2 тэрбумын үнэтэй орон сууц
Нийлээд 57.1 сая ам.долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгө Сү.Батболдын хамаарал бүхий компаниудын нэр дээр бүртгэлтэй гэсэн үг.

Манай Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан. Энэ олон зуун сая ам.долларын “сураг” байтугай, 100 хүрэхгүй мянган төгрөгийн дансны гүйлгээ, “хаялга” нэхсэн ганц мессэжнээс болоод л албан тушаалтнууд баларч байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд хоёрт хууль хүрч чадаагүй л байна. Тиймээс Монгол Улсын иргээд өөрсдөө шахаж, шаардаж байгаад энэ хоёр эрхмийг оффшорын баримтыг нь тэврүүлээд хуулийн өмнө хамтад нь дуудъя.

Үргэлжлэл бий...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624870
1 эможи

Зочин
2021-03-29 23:12
Сүг.Батболдын булхай хулгай хөдөлбөргүй болох тусам өөр хүмүүсийн талаар үнэн худал юм гаргаж ирээд бүдэгрүүлээд байна.МАН хулгайч Сүг.Батболддоо хариуцлага тооцох асуудлыг хамгийн түрзүнд шийд.Сүгийн асуудлыг босголоо гэж Баттулга руу бүх улс төрч бүх намууд дайрч байна.МАН Сүг-ээ татаж хариуцлага тооцохгүй бол ард түмэн та нарыг хүчээр унагана шүү.Занданшатар та сайндаа бус АН арчаагүй байснаас олонхи болсноо ихэд бүү бод.
keyboard_arrow_up