COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АН “сэхээн”-ээс гарахгүй байсаар сонгуультай золгох нь

2019 оны 10 сарын 25
Arslan.mn

ОЛИГТОЙХОН Ч УЛСТӨРЖИЖ ЧАДАХАА БАЙЖЭЭ, AH

AH сураг алдарчээ.

Гуравхан жилийн өмнө засгийн эрхэнд байгаагүй юм шиг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтэй лидерүүд нь улс орны хамаг асуудлыг шийддэг, бодлого боловсруулж, удирдан чиглүүлдэг гол хүн гэж яваагүй мэт, З.Энхболд парламент даргалж, ганц зандралтаар гишүүдийн үгийг таслан, алхны тогшилтоор бүхнийг “чичрүүлж” суугаагүй юм шиг, энэ бүхэн зүүд зэрэглээ байсан мэт замхран оджээ.

Монгол Улс ардчиллын замаар замнаж, шинэ тогтолцоонд шилжсэн 30 шахам жилийн хугацаанд Монголын улс төрийн амьдрал, төр, засгийн үйл ажиллагаанд байнга нэр нь уяатай явсан, засгийн эрх ээлжлэн барьсан хоёр том намын нэг АН байгаагүй мэт, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд дараалан ялагдсаныхаа дараа шинэчлэгдэж, улам бэхжин, шинэ цагийн өнгийг тодорхойлох нам болох их итгэл найдлага гишүүддээ төрүүлээгүй мэт байгаа, үгүй нь мэдэгдэхгүй, нам гүм байна.

АН-ыг өнгөрсөн сонгуулиар дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудал авахад, замын дундаас хоёр гишүүнээ “алдаж” бүлгээ тараахад нь ч хүчтэй сөрөг хүчин байж чадна гэж гишүүд, дэмжигчид нь итгэсээр байсан.

Учир нь АН 30 шахам жилийн хугацаанд туг ч барьж, тугал ч хариулж үзсэн, төлөвшвөл төлөвшиж, бэхэжвэл бэхжихээр болсон нам билээ. Гэвч энэ найдлага талаар болов. Тэд эрх баригчдын бус, бие биенийхээ сөрөг хүчин болсон хэвээр дараагийн сонгуультай золгож байна.

2012-2016 он буюу Засгийн эрх барьсан дөрвөн жилдээ алдаа, оноотой ч ажил хийх гэж оролдсон АН УИХ-ын ээлжит сонгуулиар хэний ч төсөөлөөгүй ялагдал хүлээсэн. Дотоод эв нэгдэлгүй, фракцын зөрчлөө шийдэж чаддаггүй, ардчиллыг, намыг өмчилсөн хэдэн нөхрийн хувийн тоглолт, улс орны бус, бүлэглэлийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг эрээ цээргүй байдал нь шившигт ялагдлынх нь гол шалтгаан гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн билээ.

Гишүүд дэмжигчид нь АН-ыг бүлэглэлүүдийн нэгдэл төдий бүтэц, тэднийг албан тушаалд хүргэх шат, гишгүүр бус, нам шиг нам болохыг, хагарал, тэмцлээсээ ангижирч, нэг талдаа гарахыг, шинэчлэл шиг шинэчлэлийг, фракцуудыг зөрчилдүүлдэг биш, бодлогоор уралдуулдаг нам болохыг хүлээж буйгаа тууштай илэрхийлсний хүчинд тус нам зарим өөрчлөлт хийсэн.

Найман жилийн хугацаанд МАН хоёр ч удаа Их хурлаа хуралдуулчихаад байхад нээлттэй, ардчилалтай гэж өөрийгөө өргөмжилдөг АН нэг ч үгүй, сүүлийн хоёр дарга нь Их хурлаараа батламжлагдаагүй, “хазгар доголон” эрх зүйн чадамжтай явсаар суудлаасаа буусан.

Харин 2016 оны ялагдлынхаа “ачаар” найман жилийн дараа, гишүүдийнхээ асар их хүлээлт, шаардлагын дүнд тус нам Их хурлаа хуралдуулж, дүрмийн дагуу сонгогдсон даргаа батламжилсан билээ.

Шинээр сонгогдсон намын дарга нь “АН нээлттэй болно, бүхнийг гишүүд, дэмжигчдээсээ асууж шийднэ” хэмээсэн сайхан амлалтынхаа араас Үндэсний бодлогын хорооны гишүүд, шат шатны намын дарга нараа мөнгөөр уралдуулан сонгоод намын шинэчлэлийн ажлаа дуусгасан билээ.

Гэвч шинэчлэгдсэн АН гишүүдийнхээ хүлээлтэд хүрэхгүй, төсөөлж байгаагүй ялагдлынхаа “шок”-ноос сэргэхгүй, “сэхээн амьдруулах тасаг”-аас гарахгүй л байна.

Тэнэг хүнийг тэнгэр ивээдэг гэгчээр, АН-ынхны “азаар” эрх баригчдын ажил үйлс сайнгүй байгаа. Эрүүл мэнд, боловсрол, ядуурал, ажилгүйдэл гэх мэт төр, засгийн ажлын барометр болдог үзүүлэлтүүд улаан гэрэл асааж, түгшүүрийн дохио хангинуулсан хэвээр. Үүний хажуугаар саарал жагсаалт, шахмал түлш зэрэг цаг үеийн асуудлууд ч гарч ирсээр байна.

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтран хийсэн хамгийн сүүлийн (2018 оны) судалгаагаар хүн амын 28.4 хувь нь ядууралд өртсөн гэсэн тоо гарсан. Сүйхээтэйхэн сөрөг хүчин бол шүүрч аваад, дориухан дуугарч, өөрсдийнхөө рейтингийг өсгөн, сөрөг хүчний ажлыг ч шахаад, үр дүнд нь иргэд хожиж баймаар.

Гэтэл АН байдаггүй ээ. Дүлий дүмбэ оргиод, хааяа нэг дуугарахаараа баарчихсан буу шиг байгаа онохгүй, тэрүүхэндээ бувтнаад суух юм. АН хүчтэй сөрөг хүчин байж чаддаггүй юм гэхэд олигтойхон улстөржиж ч чадахаа больжээ, хийморьгүй юм. УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн cap дутуу байна. Төрийн эрхийн төлөө өрсөлддөг намын хувьд ид бужигнуулж байх үе сэн.

АН-ЫН БАЙДАЛ ШАЛДАР, БУЛДАР, ЦАГИЙН БАЙДАЛ ОРОО БУСГАА

С.Эрдэнэ намын дарга болоод “Фракцын эрх ашигт хөтлөгдөж, хуваагдсан намаа нэг цул, гишүүдийн саналд тулгуурлаж үйл ажиллагаа нь явдаг, бодлогын нам болгох нь миний гол зорилго.

Намыг нэг цул байлгах хамгийн гол гарц нь гишүүдийн нам болох, гишүүдийн оролцоо, тэдний санал дээр тулгуурлаж аливаа шийдлээ гаргах. Шинэчлэгдсэн, гишүүдийн хүсэн хүлээж буй нам болгохын төлөө би хатуу зогсоно. Энэ зарчмаасаа алхам ч ухрахгүй. Зөв ч бай, буруу ч бай энэ зарчим дээрээ зогсож байгаад эцсийн үр дүнг харна” хэмээсэн.

Энэ талаар фракцын төлөөллүүд ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний тэмдэг гэж хэлэх хүн байдаг ч энэ удаа эсрэгээрээ. Ийн чимээгүй байгаа нь тэд намын даргынхаа хэлсэнтэй санал нэгдэж буй хэрэг биш. Урт удаан хугацааны шинэчлэлийн үйл явц, дүрмийн өөрчлөлтийн дараа аман дээрээ фракцгүй болсон гэх хэр нь ачир дээрээ тал тал тийшээ хараад суучихсан хэвээр.

Нийгмийн хүлээлт, захиалга, гишүүдийнх нь уриалга, тэр бүү хэл эрх баригчаас хэн ч биш болгосон ялагдал нь ч задалж, бас нэгтгэж чадахааргүй амь бөхтэй бүлэглэлүүд дор бүрнээ С.Эрдэнэ даргынхаа байр байдал, хандлага, чиглэлийг дор бүртээ анзааран, дараагийн нүүдлээ хэдэн хувилбараар бэлтгэж суугаа.

Тухайлбал, Э.Бат-Үүл тэргүүтнүүд Г эр хороолол хөгжлийн намаа Дээд шүүхэд бүртгүүлсэн, Н.Алтанхуяг “Нэгдмэл Монгол” хэмээх хөдөлгөөн байгуулаад, улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж буй.

АН нэг цул болж чадаагүй хэвээр байгааг, тэдний дүр эсгэсэн эвлэрлийн хугацаа дуусаж буйг Ж.Батзандан, Л.Болд нар зарлан, “бослого” гаргаж, ШИНЭ хэмээх нам байгуулсан. С.Эрдэнэ даргатайгаа арга барил, бодлого чиглэл таарахгүй бол цаашид хэрхэхээ тооцон нөөц төлөвлөгөө боловсруулж буй өөр хүмүүс ч бий гэлцэнэ. АН-ын лидерүүд намаас зохион байгуулсан олон нийтийг хамарсан ажилд оролцохгүй, намаа төлөөлөн байр суурь илэрхийлэхгүй, ажин түжин байгаагийн цаана ийн байр байдлыг харзнаж, тандсан хандлага байгаа.

С.Эрдэнэ “АН шиг том намаас гарах улстөрч бий гэдэгт итгэхгүй байна. Том модноос тасарсан навч шарладаг” хэмээн пээдийж, өөрийг нь даргаа хэмээн хүлээн зөвшөөрч, тойрч гүйгээгүй гишүүдээ ҮБХ-ноосоо хассан удаатай. Гэтэл энэ арга нь хол явахгүй, АН-ын хагарал дахин сэргэж, задрал руугаа дөтөлж мэдэхээр болсныг мэдэрсэн намын удирдлага буулт хийж эхэлсэн.

ҮБХ-ны гишүүнээс хассан Р.Амаржаргал, Х.Тэмүүжин нарыг эргүүлэн дуудаж, ҮБХ-ны гишүүнээр батламжилсан. Тэр ч бүү хэл С.Эрдэнийн ажиллах арга барилыг хүлээн зөвшөөрөхгүй, байнга шүүмжилж байсан тэднийг намын дэд дарга болгов. Мөн намаасаа гарч, МОАН фракцаа нам болгон өрх тусгаарлана хэмээн сүрдүүлсэн Г.Батхүү агсанд намын дэд даргын албан тушаал өгсөн.

Тус тусын томоохон амбицтай лидерүүд болон намдаа өөрийн дүрэм журам тогтоохыг амласан дарга нь хоёр талд гарчихаад, нэг нь нөгөөгөө буулт хийхийг хүлээж, гөжүүдлэн суусан байдал өнөө ч үргэлжилсээр, эрх мэдэл, албан тушаалын бараа харахаараа яс булаалдсан ноход шиг уралцаад, эвлэдэггүй АН гудамжинд, гуяа тэвэрч хэвтэхдээ ч эв зүйгээ ололцож чадахгүй л байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609680
0 эможи

зочин
2019-10-26 07:28
АН үнэхээр сүр сүлд үгүй болжээ.
Зочин
2019-10-25 12:28
keyboard_arrow_up