COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАН-д шуурга сөрөх удирдагч хэрэгтэй

2017 оны 11 сарын 15

Arslan.mn

Энэ сарын 20-22-нд болох МАН-ын ээлжит 28 дахь Их хурлын хамгийн чухал шийдвэр нь намынхаа шинэ даргыг сонгох сунгаа. Уг шийдвэрийн эзэн хэн байхаас МАН-ын ч, Засгийн газрын ч хувь заяа хамаарна. Учир нь, Монгол Ардын нам өнөөдөр УИХ-д олонх байгаа ч дотоод нөхцөл байдлыг нь харвал шинэхэн байгуулсан Засгийн газраараа “тоглох” цаашлаад, УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээх ерөнхий нэг уналтын цаг үеэ туулах гэмтэй юм. Ийм л учраас МАН-д шуурга сөрөх удирдагч хэрэгтэй хэмээн тус намын гишүүд ч, олон нийт ч үзэх болжээ. Уг Их хуралд 21 аймаг, есөн дүүрэг, 330 самын намын бүх шатны байгууллага, хороо, багийн үүрүүдийн төлөөлөл болсон 1309 төлөөлөгч оролцох дотоод сунгаа өнгөрсөн өдрүүдэд болсон байгаа. Тэдний хувьд МАН-ын шинэ даргыг сонгохын зэрэгцээ Хяналтын ерөнхий хорооноос боловсруулсан дөрвөн жилийн ажлын тайлан, 27 дугаар Их хурлаас баталсан намын шинэ дүрмийн өөрчлөлтийн биелэлтийг хэлэлцэнэ. Тэгвэл өнөөдөр хэн МАН-д шуурга сөрөх вэ гэдэг гол сэдэвт уншигч таны анхаарлыг хандуулья. Үүний хамгийн анхдагч хүчин зүйл бол “Ялсан намын дарга Ерөнхий сайд болох замаар намынхаа ч, Засгийн газрын ч мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой” хэмээх албан бус дүрмийн хэрэгжилт юм. Гол нь энэхүү батлагдаагүй дүрмийг зөрчснөөс үүдсэн хохирол, ялагдлыг МАН гэлтгүй АН ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүртсэн. УИХ-ын дарга З.Энхболд тухайн үедээ Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягаас тамга гардан авахдаа хууль тогтоох засаглалдаа хэвээр үлдэхийг чухалчилж, өөрийн оронд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт гүйцэтгэх засаглалын тамгыг атгуулсан. Улмаар гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалын зөрчил даамчирч, үр дүнд нь Ардчилсан нам УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдсан. МАН-ын тухайд өнгөрсөн зун болсон Ерөнхийлөгчийн сонгуулийг санах хэрэгтэй. Хэдийгээр МАН-ын дарга М.Энхболд намаа удирдаж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан ч тэрбээр мөн л гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаас татгалзсан. Ингэхдээ тэрбээр УИХ-ын даргын албан тушаалыг МАН-ын даргын эрх мэдэлтэй хамт хамтран гүйцэтгэх нь алдаа биш гэдгийг батлахыг хүссэн байх. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга асан З.Энхболдтой харьцуулахад амжилт олно хэмээн итгэсэн байж болно. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээрээ тэрбээр “УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн намын дарга Ерөнхий сайдаар ажиллах ёстой” гэдэг дүрмийг баталж өгсөн юм. Тиймээс л сар орчмын өмнө МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн буюу 188 төлөөлөгч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах шийдвэр гаргаж, гар өргөхдөө дээрх хүчин зүйлийг бодолцсон нь тодорхой. Тэр дундаа МАН-д өнөөдөр аядуу зөөлөн гэхээс илүүтэй багцлах, удирдах, чиглүүлэх удирдагч хэрэгтэй байгаа гэдгийг ч намынх нь гишүүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа хэлэх нь бий. Наад зах нь, МАН-ын шинэ дарга болох хүн Ерөнхийлөгчийн улс төрд хориглолт хийх, бамбай болох улс төрийн туршлагатай, улстөрчийн араншинтай байх хэрэгтэй. Дээр нь, намынхаа дотоод улс төрийн зөрчлийг номхотгох, эв зүйг нь олох удирдагч юу юунаас ч илүү чухал гэдэг нь бүр ч ойлгомжтой. Ард түмэн ч, намынх нь гишүүд ч “Эв нэгдэл хэрэгтэй” хэмээн санал сэтгэгдлээ илэрхийлсээр байхад ер нь тэгээд салж явдаг, салж оддог улстөрч гэж хаа байх вэ дээ. Тэгвэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тэр бүх чанар бий юу. Үүнд хариулахын тулд 2008 оны долоодугаар сарын 1-нд үнсэн туурь болж үлдсэн МАН-ын төв байрыг санах хэрэгтэй. Тэрбээр УИХ-ын чуулганы танхимд намынхаа шатсан далбааг барьж орж ирэхдээ “Намынхаа гал голомтыг сэргээнэ” гэдэг амлалт өгч байсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар энэ үүргээ биелүүлж, Тусгаар тогтнолын ордонг өөрийн биеэр удирдаж бариулсан. Үүнийх нь төлөө МАН-ын гишүүд түүнд талархал илэрхийлдэг. Удаад нь, намынхаа МАН хэмээх ууган нэрийг сэргээхээ амласан. Цаг хугацааны хайчин гал дунд, улс төрийн шахалтаар МАХН гэж нэрээ өөрчлүүлсэн тус намын хувьд МАН бол анхных нь нэр. Тиймээс л намынхаа үнэт зүйлийг хамгаалахын тулд тэрбээр мөн л Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа МАН нэрээ эргүүлэн авсан. Энэ бүхэн түүний дайралт. Дайралт хийх чадвар. Гол нь, дайралт бүр нь үр дүнд хүрч, эцсийн бүлэгт МАН хожсон байдаг нь тус намын гишүүдийн хувьд итгэл үнэмшлийн ялалт болж үлддэг юм. Тийм л учраас МАН-д шуурга сөрөх удирдагч, гүйцэтгэх засаглалаа манаж үлдээх удирдагчийн хүлээлтэд намынх нь нөхөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг бичээд эхэлсэн нь энэ биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49660
0 эможи
keyboard_arrow_up