COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.ОЮУНХОРОЛ: Засгийн газраас 200 мянган төгрөгийг хэрхэн олгох талаар ЖУРАМ гаргана

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Хаврын чуулган эхлэхэд та "Ковид-19" цар тахлын талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Энэ тухайд...

-Халдварын тархалтын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар 10 асуулт тавьж, дэлгэрэнгүй хариулт авлаа. Хүн бүрийн дотоодод айдас төрүүлээд байгаа сэдвүүд бий. Оношилж чадах болов уу, эмчилж чадах болов уу, эм тариа, тоног төхөөрөмж бий юү гэх мэт. Энэ бүх асуултад хариулт авахын зэрэгцээ халуун цэг дээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтынхан гээд өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж байгаа хүмүүст илүү цагийн, онцгой нөхцөл байдлын нэмэгдэл хэрхэн олгох, тэдний гэр бүлийнх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс үзүүлж буй тусламж, дэмжлэг, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой болгохыг зорьсон.

Ер нь аливаа халдварт өвчнийг хязгаарлахад хамгийн чухал нь хөдөлгөөнийг хязгаарлах, нэгдсэн удирдлагатай байх, нэгдсэн арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэх явдал.

Дэлхийн өнцөг булан бүрт коронавирусийн халдвар хурдтай тэлж өдөртөө хэдэн мянгаараа халдвар авч, нас барж дэлхий даяараа барьц алдаж байна. Хамгийн гол нь хэд хүрч, хаана очиж зогсохыг таашгүй. Дэлхий даяараа сандарч байна.

-Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд хэр оновчтой байна вэ?

-Дэлхийн улс орнуудыг сөхрүүлж байгаа коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд Монгол Улсын Засгийн газар, Онцгой комисс зөв цагт оновчтой шийдвэр гаргаж, шуурхай хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд бид энэхүү аюулт тахлыг хязгаарлаж байна.

Коронавирусийн халдвар одоогоор суурин хүн амд маань тархаагүй ч зөөвөрлөж ирсэн хүний тоо нэмэгдсээр байгаа нь аюулын харанга үүд тогшсоор байгааг харуулсаар байна. "Ковид-19"-ийн тархалтыг таслан зогсоохын тулд мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох зорилгоор яаралтай тусламж үзүүлэх эрсдэлийн сан байгуулах, цахим платформ байгуулах, яаралтай үед хэрэглэх уушги орлуулах аппарат, тест, эм тарианы нөөцийг олноор бэлдэж авах хэрэгтэй байна. Түр эмнэлэг ажлуулах нөөц байрнуудыг бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Эмнэлэг, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалттай бус хэрнээ өвчтөн зөөвөрлөж ирлээ гэх шүүмжлэл нэлээд явж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Манай улс иргэдээ гадаад улс орноос татаж авч байгаа Ерөнхий сайдын байр суурийг зөв гэж үзэж байгаа. Зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэвч бид хүний нутагт суралцаж байгаа, өвчний улмаас болон амьдралаа дээшлүүлэх гэж харийг зорьсон иргэнээ эх оронд нь авч ирэх нь төрийн үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эх орондоо ирж байгаа иргэд ч Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн зэрэгцээ үүрэг, хариуцлагаа ойлгож, өөртөө тусалж байгаа төрийн албан хаагчдад хүндэтгэлтэй хандаж, зөвлөмжийг биелүүлж, шинжилгээ хийлгэж, хянуулж байж ирэхэд анхаарах хэрэгтэй байна.

Гадаад харилцааны яам МИАТ болон арилжааны нислэг үйлддэг компаниудтай хамтран Европ, Австрали, Хойд Америкийн бүсээс монгол иргэдийг татан авах талаар судалгаа хийж байгаа талаар, гадаадад байгаа иргэдээ хэрхэн дэмжиж туслах талаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран судалгаа хийж, хариу арга хэмжээг төлөвлөж байгаа тухайгаа Засгийн газраас мэдээлэл өгсөн.

-Засгийн газраас “Covid-19” цар тахалтай холбоотойгоор зургаан сарын хугацаатай ААН болон компаниудын НДШ-ийг чөлөөлөхөөр болсон. Үүнд хэчнээн байгууллага хамрагдахаар байгаа бол?

Нөхцөл байдал яаж хүндрэхээс үл хамааран бид тулгараад байгаа бэрхшээлийг даван туулах, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг аврахын тулд, эдийн засгийн хувьд тэсэж үлдэхийн төлөө шийдэмгий, зоригтой, шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээнүүдийг арч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахал улс орнуудын нийгэм, эдийн засгийг тооцоолох боломжгүй хүндрэлд оруулж байна. Улс орнууд энэ өвчний улмаас үүсч байгаа эрсдэлийг бууруулах чиглэлээр өөр өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан янз бүрийн арга хэмжээг авч байна. Улсын Их хурлаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хамаарагдах 14 арга хэмжээг тодорхойлсон тогтоол баталлаа. Үүний нэг нь ААНБ-уудыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд зургаан сарын хугацаатай НДШ-ээс чөлөөлж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд бүх ААН хамаарна. Ойролцоогоор 700 мянган иргэн хамрагдах тооцоо байсан. Дээрх хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн 1.5 тэрбумаас доош орлоготой ААНБ-ын үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй. Энэ үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар Засгийн газраас журам гарахаар зохицуулагдсан.

-Ямар журмаар ААН, иргэдэд 200 мянган төгрөгийн тусламжийг олгох вэ. Хэзээнээс мөнгөн тусламж ААН, иргэдийн гар дээр хүрэх вэ?

-2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно.

200 мянган төгрөгийг хэрхэн яаж олгох талаар Засгийн газраас журам гарна. Дэлхий даяар хөл хорио тогтоох зайлшгүй шаардлага бий болсноос үүдэн олон хүн амьжиргаагаа алдаж ажилгүй орлогогүй болж, эдийн засгийн хувьд бэрхшээлтэй тулгарч, ядуурал руу гулсаж байна. Манай төр засгаас авч хэрэгжүүлж байгаа дээрх хөтөдбөрүүдэд 5.1 их наяд төгрөг зарцуулах тооцоо байсан. Энэ хэмжээний санхүүгийн дэмжлэг ард иргэд, ААН-д очиж байна гэсэн үг л дээ. Цар тахлын үед, улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих үед хэрхэн ажиллах ёстой гэдгийг төр засгийн байгууллагаасаа эхлээд иргэн хүн бүр маш сайн мэддэг байх хэрэгтэй гэдэг нь дэлхийн олон улс орны сургамжаас харагдаж байна. Иймд энэ чиглэлээрх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна.

-Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй гэлээ. Ямар хуулиудад вэ?

-Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох хуулиудад өөрчлөлт хийх, Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүссэн үед авах арга хэмжээний тухай хуультай болох хэрэгтэй байгаа. Мөн мэдээллийн солилцоог зөв урсгалтай, шуурхай зохион байгуулахад анхаарах хэрэгтэй байна. Нийгмийн сүлжээг ч хэрхэн хянаж удирдаж, иргэдээ эрсдэлээс, айдсаас хамгаалах вэ гэдгийг хуульчлах хэрэгцээ байж болох юм. Эрсдэлийн үед аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид, бизнес эрхлэгчдээ ажлын байраа хадгалсных нь төлөө дампуурлаас хамгаалах, эдийн засгийн эрсдэлийг нь бууруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой. Бусад улс орнууд ч ийм арга хэмжээнүүдийг авч хэрэжүүлж байна. Өөрөөр хэлбэл, гамшгийн үед эдийн засгаа зөв зэрэгцүүлэн удирдах хууль эрх зүйн орчин чухал байна.

Мөн нийгмийн сүлжээгээр иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч, улстөржүүлэхгүй байхад улс төрийн намууд, улстөрчид анхаарах хэрэгтэй. Нэгдмэл ойлголттой, нэгдсэн нэг санаа бодолтой байж улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Нийгмийн салбарын өөр ямар асуудлыг анхаарах шаардлагатай гэж харж байна вэ?

-Бид "Ковид-19" вирусийг анхаараад төрийн үйлчилгээнүүд болон эмнэлгийн бусад тусламж үйлчилгээгээ хэвийн авч явахад анхаарлаа сулруулж болохгүй. Хөнгөлөлттэй эм олголт, нийгмийн хамгааллын үйлчилгээ, хүүхэд хамгаалал, боловсролын салбарын тасралтгүй байдлыг хангахад шинжлэх ухааны ололт, техник технологийн дэвшлийг ашиглаж ажиллахын зэрэгцээ багш, сурагч, оюутны эргэх холбоог идэвхжүүлж, мэдлэг олгож байгаа процессыг хянадаг байх ёстой.

-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн (өчигдөр) байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Гол өөрчлөлтүүдийг дурдвал?

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг манай орны онцлог, хүн амын байршил, суурьшил, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хуульчлахаар хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Архаг хууч өвчтэй, асаргаа сувилгаа, нийгмийн халамж шаардлагатай иргэдэд зөвхөн эмнэлэгт хэвтэх үед нь бус эмнэлгээс гарсны дараа эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн зарим үйлчилгээг үзүүлэх хэрэгцээ шаардлага байнга байдаг. Эрүүл мэндийн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулан авах шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний бодит эрэлт хэрэгцээнд тохирсон цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх хуулийн үндэслэл тодорхой болж, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна.

Өмнө нь хүн амыг өвдсөний дараа эмчлэхэд илүү анхаарч байсан бол одоо урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийн багцыг боловсруулж, эрүүл мэндийн даатгалтай холбон уялдуулж өгөх зэрэг тодорхой өөрчлөлтүүд орж байгаа юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг үр дүнтэй зохион байгуулснаар хувь хүн, гэр бүлийн хувьд эрүүл мэндийн санхүүгийн дарамтаас сэргийлэхээс гадна эрүүл мэндийн байгууллагын оношилгоо, эмчилгээний ачаалал, өвчлөл, нас баралт буурч, санхүүгийн эрсдлээс хамгаалагдана.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616158
4 эможи
Д.ОЮУНХОРОЛ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up